Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 140/ШШ2022/00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/-од холбогдох

16.662.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сард Сантмаргаз сумын иргэн С.******* над руу утсаар ярьж хоёулаа хамтран наймаа хийе ашигтай наймаа байна гэсэн санал гаргасан. Ингэхдээ мөнгийг та ол, зээл ав ашгаасаа мөнгөө төлнө, тэгээд хоёулаа ашгаа 70 хувь, 30 хувиар хувааж авъя гэсэн. Тэгээд би мөнгө зээлж авсан. Би мөнгөө С.******* руу 2017 оны 10 сард  шилжүүлсэн. С.******* ямаа авна гэж байсан. Тэр үед ямаа 35.000 төгрөгөөс 60.000 төгрөгийн хооронд байсан. Сүүлдээ бид хоёрын наймаа мах, арьс руу орсон. Би С.******* руу нийт давхардсан тоогоор 82.580.250 гаруй төгрөг шилжүүлсэн байсан.

Эхний ачааг Улаанбаатар хот руу борлуулах гэтэл С.******* та Улаанбаатар хот явахгүй бол болохгүй та яв гэсэн учраас би Улаанбаатар хот явсан. Эхний явуулсан махыг Улаанбаатар хотод зарж борлуулаад мөнгөө эргэлтэд оруулахын тулд С.******* руу 26.080.250 төгрөгийг буцааж шилжүүлсэн. С.*******оос над руу тухайн үеийн Улаанбаатарт борлуулсан ханшаар 26.080.250 төгрөгийн бараа материалыг оролцуулаад 73.163.200 төгрөгийн бараа материал явуулсан. Тэр үед С.******* бид хоёр хоорондоо утсаар яриад үнэ ханшийг нь ярилцаад өгч авалцаж байсан. Тэр үед цагаан сар 2 сарын 15-нд болох байсан гэтэл 2 сарын 11-нд Улаанбаатар хотод ачаа ирсэн байсан учраас тэнд мах авдаг ченж буюу авдаг хүмүүс нь байхгүй болчхоод нэг ченжид зээлээр бараагаа өгсөн. Ингээд нийт ирсэн барааг тухайн үеийн Улаанбаатар хотод борлуулсан ханшаар 73.163.200 төгрөгийн бараа материалаас 26.080.250 төгрөгийг С.******* руу дахин эргэлтэд зориулж шилжүүлээд үүнээс тээврийн хөлсөнд 6.718.300 төгрөгийг өгсөн. Тэгээд 40.364.650 төгрөг надад үлдсэн.

Би нийт 56.500.000 төгрөгийг С.******* руу шилжүүлсэн байдаг. Нийт шилжүүлсэн мөнгө болох 56.500.000 төгрөгөөсөө надад үлдсэн 40.364.650 төгрөгийг хасахаар 16.135.350 төгрөг үлдсэн учраас би 16.135.350 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.******* бид хоёрын наймаа ашигтай байсан, хамгийн гол нь С.******* сүүлийн наймаа дээрээ асуудал гаргасан гэв.

Хариуцагч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2017 онд болсон ногоон алт төслийн сургалтад төлөөлөгчөөр оролцохоор сумаасаа ирээд Болоржин зочид буудалд байрлаж байхад Ж.******* гэдэг хүн орж ирээд хамт хоёр хоносон. Би түүнээс биш Ж.*******ыг танихгүй, мэддэггүй байсан. Тэгээд хамт хоёр хоночхоод 2 тийшээ салаад явсан. Гэтэл намар нь утас дуугарахаар нь утсаа авсан чинь Ж.******* миний дүү ахад нь хэдэн төгрөг байна аа, чи түүхий эд аваад нийлүүлээд байгаач гэсэн. Тэгэхээр нь ахаа манай сум зам дагуу учраас түүхий эд жаахан үнэтэй байдаг, тэр хамаагүй гэх юм бол би танд түүхий эд авч өгч явуулж болно гэж хэлсэн.

Тэгээд Ж.******* би чамд ашгийнхаа 30 хувийг өгнө, би өөрөө 70 хувийг нь авна, ачаа тээврийн зардлыг би борлуулсан мөнгөнөөсөө өгнө чи миний явуулсан мөнгөнд түүхий эд явуул, ачааны мөнгө олддог бол ачаагаа түргэн шуурхай ачуулаад хоёулаа мөнгөө түргэн эргэлтэд оруулъя гэж хэлсэн.  Тэгэхээр нь би за болно гэж хэлсэн. Тэгээд 1, 2, 3 дахин ачаа ачуулсан. 3 дахь ачааны дараа би за ахаа таны ашиг орлого юу болж байна, танд ашиг байна уу гэхэд ашигтай ажиллаж байгаа, ашигтай ажиллаж байгаа талаарх ярих юм алга, миний дүү ахынхаа явуулсан мөнгөөр түргэн түүхий эд аваад ачуулаад бай гэж хэлсэн. Тэгээд 4 дэх ачаагаа авахаар Ж.******* өөрөө Улиастай сумаас ачаа ачуулахаар гэдэг жолоочийг явуулсан байсан.  Ж.*******аас миний данс руу 56.500.000 төгрөг орж ирсэн үү гэвэл орж ирсэн. Би орж ирээгүй гэж хэлэхгүй.

Ж.******* шилжүүлсэн 56.500.000 төгрөгөөсөө өөрөө 2.500.000 төгрөгийг, дараа нь 700.000 төгрөгийг нь буцааж авсан. Тэгээд таны ашиг юу болж байна аа гэхэд аан ах нь 1, 2 дугаар ачаанаасаа банкны мөнгөө төлчихлөө, одоо ахынхаа явуулсан мөнгөнд түүхий эдээ аваад явуулаад байгаарай гэж хэлсэн. Ж.******* надтай хамтарч ачаа аччихаад надад ашгийнхаа 30 хувь битгий хэл 300 төгрөг ч өгөөгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******оос 16.662.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргажээ.

Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 126-131/

Нэхэмжлэгч Ж.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ж.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ. /хх-ийн 150-154/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/001085 дугаартай тогтоолоор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх-ийн 172-175/

Тус шүүх нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч С.*******од холбогдох иргэний хэргийг 2021 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Нэхэмжлэгч Ж.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 16.135.350 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч С.******* нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “... би нийт шилжүүлсэн 56.500.000 төгрөгөөсөө надад үлдсэн 40.364.650 төгрөгийг хасахаар 16.135.350 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байгаа ... С.******* өөрөө эхэлж хамтран ажиллах санал надад тавьсан ... тэгээд би мөнгө байхгүй гэсэн чинь та мөнгө зээлчих, мөнгө ол гэж хэлсэн ... С.******* зээлийн хүү хамаагүй, хоёулаа зээлээ төлнө гэж хэлсэн учраас би банкнаас мөнгө зээлсэн ... Би С.*******оос хүлээж авсан бараагаа худалдан борлуулаад зээлийн хүү, зээлээ төлчихсөн ... С.******* бид хоёрын хийж байсан ажил ашигтай байсан уу гэвэл ашигтай байсан ... олсон ашгийнхаа 70 хувийг би авахаар, 30 хувийг С.******* авахаар тохирсон байсан ...” гэж тайлбарлаж байна.

,Хариуцагч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “ ... Миний дансаар 56.500.000 төгрөг орж ирсэн үү гэвэл орж ирсэн ... Ж.******* шилжүүлсэн 56.500.000 төгрөгөөсөө нэг удаа 2.500.000 төгрөг, дахиад 700.000 төгрөгийг нь өөрөө буцааж авсан ... би 53.000.000 төгрөг Ж.*******аас авсан ... би Ж.*******ын өгсөн 53.000.000 төгрөгийг 96.000.000 төгрөгийн бараа болгож өгсөн ... олсон ашгийнхаа 30 хувийг би авна, 70 хувийг Ж.******* авна гэж тохирсон ... Ж.******* олсон ашгийнхаа 30 хувийг өгнө гэсэн боловч 300 төгрөг ч надад өгөөгүй ... Ж.******* ачааны зардлыг хариуцна гэж байсан ... би зөвхөн түүхий эд олоод ачиж хүргүүлэх үүрэгтэй байсан ...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь төлбөр мөнгө гаргах, хариуцагч С.******* нь мах, түүхий эд худалдан авч нэхэмжлэгч Ж.*******т хүргүүлэх, талууд олсон ашгаасаа нэхэмжлэгч Ж.******* 70 хувиар, хариуцагч С.******* 30 хувиар тооцож хувааж авахаар харилцан тохирсон талаараа тайлбарлаж, энэ талаар маргахгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нарын хамтын үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн, олсон ашгаа тохирсон хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон боловч мөнгөний тооцоотой холбоотой маргаан талуудын хооронд үүсэж, үүний улмаас итгэлцлийн харилцаа үгүй болж цаашид хамтран ажиллахаас татгалзаж гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн талаараа маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******ыг нийт 5 удаа мах, түүхий эд ачиж ирүүлснийг хүлээж авсан гэж, хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ж.*******т нийт 6 удаагийн мах, түүхий эдийг ачиж хүргүүлсэн гэж хүргүүлсэн, хүлээн авсан ачааны тоог зөрүүтэй тайлбарлаж, мөн түүнчлэн ачиж хүргүүлсэн болон хүлээн авсан мах, түүхий эдийн тоо, ширхэг, үнийн дүнгийн талаар  маргаж байна.

Мөн нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******од нийт давхардсан тоогоор 82.580.250 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагч С.******* нь 82.580.250 төгрөг миний данс руу ороогүй, 56.500.000 төгрөг орж ирснээс Ж.******* өөрөө нэг удаа 2.500.000 төгрөг, дахиад 700.000 төгрөг буцааж авсан гэж тайлбарлан маргаж байна.

Талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж гэрээний гол нөхцлийн талаар тохирсон байх тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хуулийн этгээд байгуулахгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хамтарч ашиг олох зорилгоор мах, түүхий эдийн наймаа хийж, 

нэхэмжлэгч Ж.******* нь мах, түүхий эд худалдаж авах төлбөр мөнгийг хариуцан гаргах, мөн ирүүлсэн мах, түүхий эдийг Улаанбаатар хотод худалдан борлуулах үүрэгтэйгээр, хариуцагч С.******* нь Завхан аймгийн сумаас мах, түүхий эдийг худалдан авч, ачуулж нэхэмжлэгч Ж.*******т хүргүүлэх үүрэгтэйгээр, талууд олсон ашгаасаа нэхэмжлэгч Ж.******* 70 хувийг, хариуцагч С.******* 30 хувийг тус тус хувааж авахаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч талууд ашиг олох тодорхой зорилготой, ашиг олохын тулд хэн, хэн нь ямар байдлаар оролцох ёстойгоо тохирсон, үйл ажиллагаанаас олсон ашгаа хэрхэн хуваах талаар ярилцаж тохиролцсон байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж хуульчилжээ.

Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байна, мөн хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тодорхой хугацаа заагаагүй байх тул тодорхой бус хугацаатай гэрээ байгуулсан байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээндээ хураамжийн хэмжээг тодорхойлон тохирсон хэмжээгээр хариуцан, өөр өөрсдийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр харилцан тохирсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.******* нь хамтран ажиллах гэрээний хураамжийг мөнгөн хэлбэрээр төлсөн, хариуцагч С.******* нь мах, түүхий эдийг худалдаж авах, ачих, хүргүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн байх тул хураамжаа тэнцүү хэмжээгээр оруулсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хамтран ажиллахаар гэрээг байгуулахдаа гэрээний хугацааг тохиолцоогүй байсан бөгөөд илгээсэн ачаа, мөнгөний тооцооноос шалтгаалан цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээс татгалзсанаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар талууд гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би С.*******оос нийт 5 удаагийн мах, түүхий эдийн ачаа хүлээж авсан,

  1. 2018 оны 0 сарын 12-ны өдөр Базаа жолоочоор,
  2. 2018 оны 0 сарын 29-ний өдөр Базаа жолоочоор,
  3. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Доржханд жолоочоор,
  4. 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Цанжид жолоочоор,
  5. 2018 оны ******* сарын 11-ний өдөр жолоочоор тус тус ачаа ирүүлсэн ... би С.*******оос авсан бараагаа үнээр нь тооцож үзээгүй ... Улаанбаатар хотод зарж борлуулсан үнээр тооцож үзсэн ... С.*******ын явуулсан ачааг Улаанбаатар хотын үнэ ханшаар бодохоор 74.890.300 төгрөг болж байгаа ... С..*******ын явуулсан түүхий эдийг худалдан борлуулаад буцаагаад С.******* руу 26.080.250 төгрөгийг шилжүүлсэн ...” гэж тайлбарлаж байна,

Хариуцагч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Ж.*******т нийт 6 удаагийн мах, түүхий эдийг ачиж хүргүүлсэн,

  1. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Азаа /Увсын, апугийн/ жолоочоор,
  2. 2018 оны 0 сарын 22-ний өдөр Базаргүр жолоочоор,
  3. 2018 оны 0 сарын 29-ний өдөр Базаргүр жолоочоор,
  4. 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Цанжид жолоочоор,
  5. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Доржханд, /Доржцэмбэ/ жолоочоор,
  6. 2018 оны ******* сарын 11-ний өдөр жолоочоор тус тус хүргүүлсэн ...” гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******од мах, түүхий эд авхуулахаар шилжүүлсэн нийт 82.580.250 төгрөгөөс 26.080.250 төгрөг нь ирүүлсэн мах, түүхий эдийг хүлээж аваад худалдан борлуулаад буцааж С.*******ын данс руу /82.580.250 - 26.080.250 = 56.500.000 / 56.500.000 төгрөгийг түүхий эд авахаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Гэтэл нэхэмжлэгч Ж.******* нь Хаан банкин дахь өөрийн данснаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны ******* сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 60 удаагийн үйлдлээр 83.889.550 төгрөгийг хариуцагч С.*******од шилжүүлсэн гэж дансны хуулга болон тайлбараа гаргаж байжээ.   /хх-ийн 8-23 болон 156/

Нэхэмжлэгч Ж.*******ын Хаан банкин дахь харилцах данснаас хариуцагч С.*******од 60 удаагийн үйлдлээр шилжүүлсэн 83.889.550 төгрөгийн хэдэн төгрөгийг нь мах, түүхий эд худалдаж авхуулахаар шилжүүлсэн эсэх, хэдэн төгрөг нь өөрт нь ирүүлсэн мах, түүхий эдийг худалдаж борлуулаад мөнгийг нь буцаагаад С.*******од дахин шилжүүлсэн эсэх,  хэдэн төгрөгийг тээврийн зардалд хэн нь төлсөн эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй байна.  

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хамтран ажиллах хугацаандаа данс бүртгэл хөтлөөгүй, тооцоо нийлээгүй, илгээсэн мах, түүхий эдийг тухай бүр тоо ширхгээр нь хүлээлцээгүй, мөн нэхэмжлэгч Ж.******* нь мах түүхий эдийг хүлээн авч худалдан борлуулсан мөнгөө дахин дансаараа шилжүүлж байгаа нь талуудын хоорондох тооцоог улам ойлгомжгүй болгосон байна гэж үзэхээр байна.  

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хамтран ажиллах гэрээ байгуулахдаа мах, түүхий эд худалдан борлуулж олсон ашгаа 70 хувь, 30 хувиар тооцож хуваана гэж харилцан тохирсон боловч эрсдэл, алдагдал, хохирол гарвал асуудлыг яаж шийдвэрлэх талаар тохиролцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Ж.******* нь хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлыг хариуцагч С.*******оос нэхэмжлэх эрхгүй байна гэж үзлээ.

            Учир нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний хураамжийг нэхэмжлэгч Ж.******* нь мөнгөн хэлбэрээр төлсөн, хариуцагч С.******* нь мах, түүхий эдийг худалдаж авах, ачих, хүргүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн тул тэдний төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болохоор байна.  

Хамтран ажиллах гэрээний талуудын дундаа өмчлөх хөрөнгийг гэрээний аль нэг талын учирсан хохирол байна гэж үзэх боломжгүй юм.

Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний улмаас нэхэмжлэгч Ж.*******т хохирол учирсан байна гэж үзэх боломжгүй, хохирол учирсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.*******ын “хамтран ажиллахад зарцуулсан 56.500.000 төгрөгийн үлдэгдэл болох 16.135.350 төгрөгийн нэхэмжилж байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.  

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч Ж.*******т 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, хариуцагч С.*******од 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2021 оны 12 дугаар сарын    27-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 27, 180/

Гэвч нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, түүний өгсөн тайлбар нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэсэн хуулиар хүлээсэн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах өмгөөлөгч нарыг сонгон хууль зүйн туслалцаа, зөвлөгөөг авч байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.******* нар нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх санал хүсэлт байхгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн   40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагч С.*******оос хамтран ажиллахад зарцуулсан 56.500.000 төгрөгийн үлдэгдэл болох 16.135.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус  зааснаар хариуцагч овгийн *******гийн ******* /РД:*******/-од холбогдох  

хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 16.135.350 төгрөг гаргуулах тухай тайж овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт баримтаар хавсаргаж ирүүлсэн цайвар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтрийг нэхэмжлэгч Ж.*******т буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.           

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ