Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2022/00005

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй  

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Түдэвтэй сумын 3 дугаар багт оршин суух *******ы тайж овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух овгийн гийн ******* /РД:*******/-од холбогдох 16.662.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.******* Говь-Алтай аймгаас ZOOM/-р нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 16.135.350 төгрөг гаргуулах тухай 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа:

2017 оны 10 дугаар сард Сантмаргаз сумын иргэн С.******* над руу утсаар ярьж хоёулаа хамтран наймаа хийе ашигтай наймаа байна гэсэн санал гаргасан. Ингээд хоёулаа ашгаа 70 хувь, 30 хувиар хувааж авъя гэсэн. Тэгээд би мөнгө зээлж авсан. Би мөнгөө С.******* руу 2017 оны 10 сард шилжүүлсэн. С.******* ямаа авна гэж байсан. Тэр үед ямаа 35.000 төгрөгөөс 60.000 төгрөгийн хооронд байсан. Сүүлдээ бид хоёрын наймаа мах, арьс руу орсон. Би С.******* руу нийт давхардсан тоогоор 82.580.250 гаруй төгрөг шилжүүлсэн байсан.

Эхний явуулсан махыг Улаанбаатар хотод зарж борлуулаад мөнгөө эргэлтэд оруулахын тулд С.******* руу 26.080.250 төгрөгийг буцааж шилжүүлсэн. С.*******оос над руу тухайн үеийн Улаанбаатарт борлуулсан ханшаар 26.080.250 төгрөгийн махны үнийг оролцуулаад 73.163.200 төгрөгийн бараа материал явуулсан. Тэр үед С.******* бид хоёр хоорондоо утсаар яриад үнэ ханшийг нь ярилцаад өгч авалцаж байсан. Тэр үед цагаан сар 2 дугаар сарын 15-нд болох байсан. Гэтэл 2 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод ачаа ирсэн байсан учраас мах авдаг ченж буюу авдаг хүмүүс нь байхгүй болчхоод нэг ченжид зээлээр бараагаа өгсөн. Ингээд нийт ирсэн барааг тухайн үеийн Улаанбаатар хотод борлуулсан ханшаар 73.163.200 төгрөгийн бараа материалаас 26.080.250 төгрөгийг С.******* руу дахин эргэлтэд зориулж шилжүүлээд үүнээс тээврийн хөлсөнд 6.718.300 төгрөгийг өгсөн. Тэгээд 40.364.650 төгрөг надад үлдсэн.

Би нийт 56.500.000 төгрөгийг С.******* руу шилжүүлсэн байдаг. Нийт шилжүүлсэн мөнгө болох 56.500.000 төгрөгөөсөө надад үлдсэн 40.364.650 төгрөгийг хасахаар 16.135.350 төгрөг үлдсэн учраас би 16.135.350 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.******* бид хоёрын наймаа ашигтай байсан, хамгийн гол нь С.******* сүүлийн наймаа дээрээ асуудал гаргасан гэв.

Хариуцагч С.******* хариу тайлбартаа:

... Миний дансаар Ж.******* 56.500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд эхний удаа 2.500.000 төгрөг, дахиад 700.000 төгрөгийг нь өөрөө буцааж авсан. Ингээд 53.000.000 төгрөг Ж.*******аас авсан. 53.000.000 төгрөгийг 96.000.000 төгрөгийн бараа болгож өгсөн. Бид олсон ашгийнхаа 30 хувийг би авна, 70 хувийг Ж.******* авна гэж тохирсон. Ж.******* олсон ашгийнхаа 30 хувийг өгнө гэсэн боловч 300 төгрөг ч надад өгөөгүй. Ж.******* ачааны зардлыг хариуцна гэж байсан ... би зөвхөн түүхий эд олоод ачиж хүргүүлэх үүрэгтэй байсан. Ийм учраас 16.135.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч тал татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа,

... Миний дансаар 56.500.000 төгрөг орж ирсэн үү гэвэл орж ирсэн ... Ж.******* шилжүүлсэн 56.500.000 төгрөгөөсөө нэг удаа 2.500.000 төгрөг, дахиад 700.000 төгрөгийг нь өөрөө буцааж авсан ... би 53.000.000 төгрөг Ж.*******аас авсан ... би Ж.*******ын өгсөн 53.000.000 төгрөгийг 96.000.000 төгрөгийн бараа болгож өгсөн ... олсон ашгийнхаа 30 хувийг би авна, 70 хувийг Ж.******* авна гэж тохирсон ... Ж.******* олсон ашгийнхаа 30 хувийг өгнө гэсэн боловч 300 төгрөг ч надад өгөөгүй ... Ж.******* ачааны зардлыг хариуцна гэж байсан ... би зөвхөн түүхий эд олоод ачиж хүргүүлэх үүрэгтэй байсан. Иймд надаас 16.135.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус зааснаар хариуцагч овгийн гийн ******* /РД:*******/-од холбогдох хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 16.135.350 төгрөг гаргуулах тухай тайж овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт баримтаар хавсаргаж ирүүлсэн цайвар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтрийг нэхэмжлэгч Ж.*******т буцаан олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Ж.******* нь иргэн С.*******оос хамтран ажиллах гэрээний хохиролд 16.135.350 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Анхан шатны шүүх Ж.*******, С.******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч Ж.*******т хохирол учраагүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 140/ШШ2021/00023 дугаартай шүүхийн шийдвэрийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах гомдолд тайлбар хийхдээ,

Иргэн Ж.*******ын энэ иргэний хэрэг 2018 оны 03 сараас хойш явж байгаа. Үнэ, ханшийг нь нэхэмжлэгч нь анхан шатны шүүх дээр гаргаж байсан тайлбараасаа давж заалдах шатны шүүх дээр өөр тайлбар гаргаад байна. Энэ 2 хүний наймаа дундаасаа ашигтай байсан нь тодорхой байгаа юм. Энэ 2 хүн 4 жилийн хугацаанд огт тооцоо нийлж байгаагүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа одоо болтол тодруулж чадахгүй байгаа зэргийг харгалзан үзэх хэрэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Ж.*******ын нэхэмжлэлтэй С.*******од холбогдох 16.662.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.*******ынг гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******од холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 16.662.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 16.135.350 төгрөг болгож багасгажээ.

Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа, 2017 оны 10 дугаар сард С.******* над руу утсаар ярьж, ашигтай наймаа хийх санал гаргасан. Та мөнгө ол, зээл ав, ашгаасаа мөнгөө төлнө, тэгээд хоёулаа ашгаа 70 хувь, 30 хувиар нь хувааж авъя гэсэн. Тэгээд би мөнгө зээлж авсан. Мөнгөө С.******* руу 2017 оны 10 сард шилжүүлсэн. С.******* ямаа авна гэж байсан. Сүүлдээ бид хоёрын наймаа мах, арьс руу орсон. Би С.******* руу нийт давхардсан тоогоор 82.580.250 гаруй төгрөг шилжүүлсэн.С.******* бид хоёр утсаар хоорондоо яриад үнэ ханшаа ярилцаж, өгч авалцаж байсан. Ингээд нийт ирсэн бараа материалаас 26.080.250 төгрөгийг С.******* дахин эргэлтэнд оруулж, шилжүүлээд үүнээс тээврийн хөлсөнд 6.718.300 төгрөгийг өгсөн. Тэгээд 40.364.650 төгрөг надад үлдсэн, би нийт 56.500.000 төгрөгийг С.******* руу шилжүүлсэн байдаг. Нийт шилжүүлсэн мөнгө болох 56.500.000 төгрөгнөөс 40.364.650 төгрөгийг хасахаар 16.135.350 төгрөгийг С.*******оос нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.******* хариу татгалзалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа, ... Ж.******* ...ахад нь хэдэн төгрөг байна. Чи түүхий эд авч өгөөч гэхэд нь би манай тэнд түүхий эд жаахан үнэтэй байдаг. Та хамаагүй гэх юм бол би таньд түүхий эд авч өгч болно гэж хэлсэн.

Тэгээд Ж.******* би чамд ашгийнхаа 30 хувийг өгнө, би өөрөө 70 хувийг нь авна, ачаа тээврийн зардлыг би борлуулсан мөнгөнөөсөө өгнө, чи миний явуулсан мөнгөнд түүхий эд явуул, ачааны мөнгө олддог бол ачаагаа түргэн шуурхай ачуулаад хоёулаа мөнгөө түргэн эргэлтэнд оруульё гэж хэлсэн Тэгэхээр нт би зөвшөөрсөн. Тэгээд 1, 2, 3 дахин ачаа ачуулсан. 3 дахь ачааны дараа би за ахаа таны таны ашиг орлого юу болж байна танд ашиг байна уу гэхэд ашигтай ажиллаж байгаа, ярих юм алга миний дүү ахынхаа явуулсан мөнгөөр түргэн түүхий эд аваад ачуулаад бай гэж хэлсэн. Тэгээд 4 дэх ачаагаа авахаар Ж.******* өөрөө Улиастай сумаас ачаа ачуулахаар *******ий гэдэг жолоочийг явуулсан байсан. Ж.*******аас миний данс руу 56.500.000 төгрөг орж ирсэн үү гэвэл орж ирсэн. Ж.******* шилжүүлсэн 56.500.000 төгрөгнөөс өөрөө 2.500.000 төгрөгийг, дараа нь 700.000 төгрөгийг буцааж авсан. Таны ашиг юу болж байна аа гэхэд аан ах нь 1, 2 дугаар ачаанаасаа банкны мөнгөө төлчихлөө, одоо ахынхаа явуулсан мөнгөнд түүхий эдээ аваад явуулаад байгаарай гэж хэлсэн. Ж.******* надтай хамтарч ачаа аччихаад надад ашгийнхаа 30 хувь битгий хэл 300 төгрөг ч өгөөгүй гэжээ.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Ж.******* мөнгө гаргаж хариуцагч С.*******од өгч, С.******* нь орон нутагаасаа түүхий эд авч Ж.*******т хүргүүлж, Ж.******* худалдан борлуулж ашиг олсноор ашгийн 30 хувийг С.*******, 70 хувийг Ж.******* авахаар харилцан тохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******од нийт давхардсан тоогоор 82.580.250 төгрөг шилжүүлсэн гэж, С.******* нь 56.500.000 төгрөг дансанд орж ирснээс 2.500.000 төгрөг, 700.000 төгрөгийг буцааж авсан гэж, мөн нэхэмжлэгч Ж.******* хариуцагч С.*******ыг нийт 5 удаа мах түүхий эд ачиж ирүүлснийг хүлээн авсан гэж, хариуцагч С.******* нь Ж.*******т нийт 6 удаагийн мах түүхий эдийг ачиж хүргүүлсэн гэж мөн ачиж хүргүүлсэн болон хүлээн авсан мах, түүхий эдийн тоо, ширхэг, үнийн дүнгийн талаар талууд маргаж байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь С.*******оос нийт 5 удаагийн мах түүхий эдийн ачаа хүлээж авсан, Улаанбаатар хотод зарж борлуулсан үнэ ханшаар бодоход 74.890.300 төгрөг болж байгаа. С.*******ын явуулсан түүхий эдийн худалдан борлуулаад буцаагаад С.******* руу 26.080.250 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Харин С.******* нь би Ж.*******т нийт 6 удаа мах түүхий эдийг ачиж хүргүүлсэн гэж маргаж байгаа боловч хэдэн удаа мах түүхий эд бэлтгэж, Ж.*******т хүргүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь шаардлагаа, хариуцагч нь татгалзалаа уялдаа холбоотой тайлбарлаж, хэн аль нь тайлбараа шүүхэд нотлож чадахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагч нар хамтран ажиллахдаа илгээсэн мах, түүхий эдийг нэг бүрчлэн тоо ширхэгээр нь хүлээлцээгүй, нэг удаагийн татан авалтаар хэдэн төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүн татан авсан, хэдэн удаа татан авсан, түүнийг борлуулснаас хэдэн төгрөгний ашиг, орлого олсон эсэхийг нарийн тооцож тэмдэглэж хөтлөөгүйгээс хэн хэдэн төгрөг нийлүүлсэн, ямар ашиг орлоготой ажилласан нь тодорхой бус тооцох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн хувьд нэхэмжилж буй 16.135.350 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэдэгээ шүүхэд нотлох ёстой.

Нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч Ж.******* нь Хаан банкны өөрийн данснаас 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 60 удаагийн үйлдлээр 83.889.550 төгрөг шилжүүлсэн энэ нь давхардсан тоогоор гэж тайлбарлаж, дансын хуулга гаргаж өгсөн боловч энэ шилжүүлсэн гэх мөнгө нь анх хэдэн төгрөгний мах ,түүхий эд, бүтээгдэхүүн аваад хэдийг нь хэдэн төгрөгөр худалдан борлуулаад, хэдэн төгрөгийг нь дахин шилжүүлсэн, хэдийг нь тээврийн зардалд шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ мөнгөнөөс шүүх тооцоо хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.******* нь 16.135.350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тооцож гаргаж ирсэн нь баримтанд үндэслээгүй, шүүхэд гаргасан тайлбараа нотолж чадаагүй байна гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлож чадаагүй талаар үндэслэл бүхий ойлгомжтой дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242000 төгрөгийг улсын орлого болгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ 

Б.АРИУНБАЯР