Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01085

 

 

Ж.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалтай,

Ж.Баасанжавын нэхэмжлэлтэй,

С.Цэрэнболдод холбогдох,

16,662,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Баасанжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Завхан аймгийн Түдэвтэй сумын төвд амьдардаг билээ. 2017 оны 10 дугаар сарын дундуур Сантмаргац сумын иргэн С.Цэрэнболд утасдаад ямааны наймаа хийх мөнгө байна уу хамтарч хийе гэсэн. Мөнгө зээлээр бол олдоно гэсэн чинь тэгвэл хийе зээлийн хүү бол асуудалгүй ашигтай наймаа гээд байхаар нь хоёулаа тохирч зээл авахаар болж наймаагаа дуусгаад зээлээ хүүгийн хамт төлөөд цэвэр ашгийг 30% Цэрэнболдод өгөхөөр тохирч 2017.10.20-ны өдрөөс 2018.3.08-ны өдрийг хүртэл Хаан банкны мобайлаар 56,500,000 төгрөгийг Цэрэнболдын дансанд шилжүүлсэн болно. Ингээд ямаа 35,000-65,000 төгрөгийн хооронд авч эхэлсэн бөгөөд мөн махтайгаа цуг арьс сүүлдээ борлонгийн арьс зуданд хорогдсон ямааны арьс авч байхдаа махаа хот руу явуулж борлуулж байсан юм. Тэгэхээр нь би чинь мах ширнийхээ ашиг орлогоо тооцоод надад хэлээч гэхээр би тэгж тооцдоггүй, айх зүйлгүй мөнгөө л олж явуул гээд байхаар нь итгээд мөнгө шилжүүлж байсан. Хэд хоногийн дараа би танайд очиж хэд хоноё гэхээр хэрэггүй харин хот явж эндээс явуулсан ачааг зарж борлуул гэсний дагуу хот явж махыг нь борлуулж 270800 төгрөгийг Цэрэнболдын дансанд шилжүүлж 2009300 төгрөгийг тээврийн хөлс 2 жолоочид шилжүүлсэн. Ингээд 03-р сарын 08-нд ачиж явуулсан ачаа нь дутуу ачуулсан байхаар асуусан чинь би ашгаа авсан надад өөр авсан зүйл байхгүй гээд утсаа таслаад аваагүй. Тэгэхээр нь зээлээр хотод өгсөн арьс сүүлд ирсэн 550 ямаа 200 борлон зэргийг Цэрэнболдтой утсаар ярьж 42664,0 төгрөг болгоод зээл хүүгээ төлсөн чинь үндсэн мөнгөнөөс 16,662,00 төгрөг дутаж байна. Энэ талаар Цэрэнболдод хэлэхэд хотод байгаа хамгийн өндөр ханшаар тооцсон. Одоо өгөх мөнгө болсон. Би ч гэсэн адилхан шатсан гээд байна... Иймд 16,662,000 төгрөгийг иргэн С.Цэрэнболдоос гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч С.Цэрэнболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ж.Баасанжав надад 56,500,000 төгрөгийг мобайлаар шилжүүлж түүхий эд болон мах авхуулсан юм. Энэ мөнгөнд нь би ачааг нь явуулж, өөрөө борлуулалтыг нь хийсэн. Энэ хүн маань надаас 16,662,000 төгрөг нэхэмжилжээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би өөрөөс нь ажлын хөлс авна. Би харин энэ хүнд ачаа бараа явуулаагүй мөнгийг нь ашигласан бол хариуцлага хүлээнэ. Энэ хүн маань борлуулалт хийхэд надад дутна гэхээр би хариуцна чи дуугай бай гэж хэлнэ. Зарим барааны үнэ энэ тооцоонд ороогүй. Жишээ нь доод тал нь өлөнгийн мөнгө аваагүй гэж хэлдэг юм. Өөрөө мэдэж байгаа. Энэ арьсыг Баасанжав гуай өөрөө хүлээж авалгүй өөр хүнийг хүлээж ав гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь 300 ш арьс солигдон миний ачуулсан 300ш ноолуур арьсыг солигдон зарсан Банкны мөнгө хийх гэж байна түргэн ачуул гээд байхаар нь би өөрөө машинаараа Сонгино сум оруулж ачуулсан гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баасанжавын нэхэмжлэлтэй С.Цэрэнболдоос хамтран ажиллах гэрээний үүрэгт 16.662.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.260 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ж.Баасанжавын давж заалдах гомдлыг хүлээн авч, Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 24 дугаар магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан миний бие 2020.01.06-ны өдөр хүлээн аваад хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Баасанжав хэрэг маргааны зүйл чухам юу байхыг, ямар нотлох баримт гаргах, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй. Шүүхийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зөвхөн зохигчийн мэдүүлсэн асуудлыг л шүүх харгалзан үзэх ёстой, өөрөөр хэлбэл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй, хөндлөнгийн байр сууринаас оролцох ёстой байдаг. Гэтэл Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримт, маргааны зүйлийг тогтоож, тодорхойлж чадаагүй гэж дүгнэлт хийж байгаа байдал нь шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэдгийг зөрчиж хэргийг тал бүрээс нарийн нягталж шалгалгүй, хэтэрхий нэг талыг барьсан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн магадлал гаргасан гэж үзэж байна. Мөн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасны дагуу хариуцагч С.Цэрэнболд нь шүүхэд итгэмжлэл хийсэн байгаа тул хариуцагч С.Цэрэнболд нь шүүхийн өмнө өөрийн биеэр хүрэлцэн очих шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ...хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хангалттай мэтгэлцэх боломжоор хангаж чадаагүй байна гэж үзсэн нь хуульд нийцэхгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 24 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.29-ний өдрийн 426 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Баасанжав нь С.Цэрэнболдод холбогдуулан 16,662,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ ...2017 оны 10 сард С.Цэрэнболд надтай хамтран ажиллах санал тавьсан. ...түүний данс руу нийт 56,500,000 төгрөг шилжүүлсэн. ...миний үндсэн мөнгөнөөс нийт 16,600,000 гаруй мөнгө дутаж байна гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Ж.Баасанжав надад 56,000,000 төгрөгийг шилжүүлж түүхий эд болох мах авахуулсан. ...Энэ хүн борлуулалт хийхдээ дандаа дутаадаг, хэлэхээр би хариуцна, чи дуугүй бай гэдэг, ...зарим барааны үнэ тооцоонд ороогүй байна. ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцжээ. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, ямар баримтад үндэслэж нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж ерөнхийд нь дүгнэсэн боловч хуульд зааснаар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зорилго, талуудын хүлээх эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах журмыг тодорхойлоогүй, гэрээгээр хүлээсэн үүргээ аль тал хэрхэн зөрчсөн, үүнээс үүсэх хохирлыг хэн хариуцах талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар зөв дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх магадлалд заасанчлан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, зохигчийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН