| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0298/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 89
Г.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0298/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Уянга
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан хийж
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын Т-д холбогдох, 2018000000324 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, урьд нь :
- 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.,
- 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- 2019 оны 03 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 09 дүгээр сарын 10-нд хугацаа дуусаж суллагдсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ын Т-.
Шүүгдэгч Г.Т- нь архи ууж согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэр Хадан хошууны орчим хамтран амьдрагч Ч.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Г-ын Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.д заасныг журамлан шүүгдэгч Г.Т-г 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3.т тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Г.Т- нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Б- давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо Г.Т-д 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон. Г.Т- нь шүүх хуралд орохоосоо өмнө “ гомдол саналгүй гэж хэлж өгөөч дахин би ийм алдаа гаргахгүй, хоёулаа 2 хүүхдээ бодъё, одоо би хөдөө явж ажил хийж ирээд хохиролгүй болгож эмчилгээний чинь зардал мөнгийг чинь өгнөө “ гэж надаас удаа дараа гуйгаад байхаар нь түүнд итгэж шүүх хурал дээр гомдол санал байхгүй гэж хэлсэн.
Ингээд Г.Т-д итгэж ажил хийж хохирол төлбөр, эмчилгээний зардал өгөх байх гэж бодож хүлээж байтал миний эрүүл мэнд, эмчилгээний талаар огтхон ч санаа тавилгүй энд тэнд элдэв хүүхнүүдтэй архи ууж, зугаа цэнгэл хөөж явж байсан байна.
Би 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр гадуур явж байгаад Г.Т-тэй тааралдахад нэг хүүхэнтэй согтуу цуг байсан бөгөөд “чи ажил хийж, мөнгө олж эмчилгээ хийлгэж өгнө гэсэн яасан бэ ажил хийж байгаа юм уу” гэхэд тэр хүүхэнтэйгээ нийлэн намайг элдэв үг хэл амаар доромжилж мөрөн тус газар цохиж зайл гэж хөөсөн. Г.Т-д холбогдуулан зодуулсан талаар би дахин цагдаад гомдол гаргасан байна.
Энэ байдлаас харахад Г.Т- нь намайг эмчлүүлэх талаар огт санаа тавиагүй, буруугаа ухамсарлаж ойлгоогүй, засрахгүй хүн гэдэг нь ойлгомжтой ба хөнгөн ял шийтгэл авахын тулд намайг хууран мэхэлж гомдолгүй гэж хэлж өг гэж ятгасан байна. Би түүнд маш их гомдолтой байна.
Иймд гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахын тулд анхан шатны шүүхэд хэргийг буцааж дахин хэлэлцүүлж өгнө үү. Мөн хохирол төлбөрийг минь төлүүлж хохирогч миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Хохирогч анхан шатны шүүх хуралдаан дээр гомдол, хохиролгүй гэж мэдүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хохирогч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдал болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэр “Хадан хошуу” гэх газрын орчим голын эрэг дээр шүүгдэгч Г.Т-, түүний хамтран амьдрагч Ч.Б-, Х- түүний эхнэр Э.Д-, Э.Д-, Н- нар хамт архи уусан бөгөөд буцах замдаа Г.Т- Э.Д-г үүрэхэд Ч.Б- уурлаж тэдний хооронд маргаан гарч, шүүгдэгч Г.Т- түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Т-гийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч өөрөө үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ч.Б-, гэрч Э.Д-, Э.Д- нарын мэдүүлэг., Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-07-24-ны өдрийн 603 дугаартай Ч.Б-ийн биед 2 талын нүдний ухархай, баруун хоншоорын урд хана зүүн хоншоорын гадна хана, тагнай, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдсон., бөгөөд энэ нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл..., гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.
Харин хохирогч Ч.Б-ийн эмчилгээ хийлгэсэн эсхүл эмчилгээ, эм тариа хийлгэх шаардлагатай гэсэн мөн хохирол нэхэмжилсэн талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байх тул шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад ...бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй... болохыг тодорхой тусгасан байна.
Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар болон гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгаан, хохирогчийн үйлдэл зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.
Иймд хохирогч Ч.Б- ... Г.Т- хоёулаа 2 хүүхдээ бодъё, одоо би хөдөө явж ажил хийж ирээд хохиролгүй болгож эмчилгээний чинь зардал мөнгийг чинь өгнөө “...гэж хэлсэн боловч одоо хүртэл эмчилгээний зардал өгөөгүй,. энд тэнд элдэв хүүхнүүдтэй архи ууж, зугаа цэнгэл хөөж явж байна.., түүнд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгөн үү., мөн миний хохирол төлбөрийг гаргаж өгнө үү., гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүх шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсгийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 4 дүгээр заалтыг :
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1., 7.1.д заасныг журамлан шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1., 2.5.., 3.3.т тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай гэж.,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5., 7.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г.Т- нь нь тэнссэн хугацаанд энэ шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн хязгаарлалт зөрчсөн, үүргийг биелүүлээгүй., мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй гэж., тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Т-д тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт нэмж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Хохирогч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА