Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1168

 

 

 

 

 

 

     2020            9             10                                      2020/ДШМ/1168

 

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Серикжан,

шүүгдэгч Г.Ө өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Ө-д холбогдох 1803 0088 00026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Ө нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их тэнгэрийн баруун талын хадан хошууны урд замд “Мерседес бенз” загварын 27-59УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, “Хьюндай старекс” загварын 65-32УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ө-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Г.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Г.Ө-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт Г.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б, Б.Б, иргэний нэхэмжлэгч Д.А, Г.Б нарын хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

  Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж 0.66 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа эсрэг урсгалд зорчиж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг ослын улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Монгол Банкны эзэмшлийн ”Хьюндай старекс” загварын 65-32УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохиролд нийт 12.265.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх ба бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, хохирлын уршиг бүрэн арилаагүй, түүнчлэн шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх төрлийн гэмт хэргийг үйлдсэн байдлыг шүүх харгалзан үзэхгүйгээр түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас түүнийг чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна. Тодруулбал: согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн буюу шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

  Прокурор Т.Серикжан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч Г.Ө нь тухайн өдөр зам тээврийн осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй, эсрэг урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийн 3 заалтыг зөрчсөн. Уг ослын улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлбөрөө барагдуулсан гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирол маргаантай байсан. Мөн хохирогч нарын мэдүүлгүүдийг үндэслээд хор уршгийн шинж чанар бүрэн гүйцэд арилсан уу гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь хамаарахгүй ч гэсэн хувийн байдалд нь хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүх энэ зүйлээр нь шийдвэрлэсэн боловч ерөнхий ангийг журамлаагүй. Хэрвээ хуучин хуулийг хэрэглэх бол хөөн хэлэлцэх хугацаа яригдахаар байгаа. Гэтэл анхан шатны шүүх хүлээж аваагүй. Прокурорын шатанд ч, шүүхийн шатанд ч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхээс согтуу байсан болохыг ч дүгнэсэн, бусад гэмт хэргийн шинжийг ч дүгнээд гэм буруутайд тооцсон. Энэ хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Учир нь, санаатай үйлдэл биш, болгоомжгүй үйлдэл байгаа. Хор уршиг арилаагүй гэж прокурор хэллээ. Яг одоо хохирогч нарын биеийн байдал ямар байгаа гэдэг дээр прокурор дүгнэлтээ гаргаж, нотолж чадаагүй. Б-ын эмчилгээнд 50.000.000 төгрөг, Б-д 5.000.000 төгрөг өгсөн. Монгол банкинд 10.000.000 төгрөг өгсөн. Нийт 84.000.000 төгрөгийг хохирогч нарт өгсөн болохыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэсэн байгаа. Болгоомжгүй үйлдэл гэдэг нь гарч ирж буй хор уршигтаа санаатай биш буюу хүсэж үйлдээгүй байдаг. Шүүгдэгч Г.Ө нь 3 хүүхэдтэйгээ ганцаараа үлдсэн, эхнэр нь хилээр гарч явсан гэх баримтыг гаргаж өгч байна. Гурван бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийх нь төрсний гэрчилгээ нь хавтас хэрэгт авагдсан. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зүйл яриагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэсний дараа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:              

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Г.Өд холбогдох хэргийн нотлох баримтыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Г.Ө нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их тэнгэрийн баруун талын хадан хошууны урд замд “Мерседес бенз” загварын 27-59УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, “Хьюндай старекс” загварын 65-32УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б-ын: “...Ө-ы машинд суугаад Зайсан чиглэлтэй яваад Маршалын гүүр гарч баруун эргээд зүүнээсээ баруун зүгт ойролцоогоор 120 км/цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед урд сууж явсан болохоор км-ийг нь харж байсан юм. Тэгээд миний санахад автомашины гэрэл өөдөөс туссан, тухайн зам тойруу харагдах орчин муутай байсан. ...Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Виски, пиво уусан байсан. ...” /1 хх 63/,

            хохирогч Б.Б-ын: “...Тэгээд харьцгаах гээд Зайсанруу чиглэлтэй Маршалын гүүр даваад баруун зүгт эргээд явж байсан ба гэнэт түс тас гээд л явчихсан. Нэг мэдэхэд Ө автомашины хаалга онгойлгоод намайг гаргаж байсан. Би ч машинаас буугаад С-г машинаас гаргасан. Тэр үед С-ийн толгойноос цус гарч байсан ба би замын хажууд суулгасан. ...” /1 хх 87/,

гэрч А.Ядамсүрэнгийн: “...2017 оны 5 дугаар сарын 27-ны өглөө үүрээр 05 цагийн орчим санагдаж байна. Монголбанкны тусгай ажил үүрэг гүйцэтгэчихээд буцаж явахдаа захирал Эрдэнэтуяа, эдийн засагч А нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Монголбанкны эзэмшлийн “Хьюндай старекс” загварын 65-32УНП дугаартай автомашинтай, автомашиныг би өөрөө жолоодоод Хан-Уул дүүргийн нутаг, Зайсангийн уулын замаар Маршалын гүүрний баруун урд замаар баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 20-30 км/цагийн хурдтай явж байтал тойрог дээр урдаас хурдтай автомашин ороод ирсэн. Тэгэхээр нь жолоогоо баруун гар талруугаа дартал тухайн автомашин манай машины зүүн хойд талруу маш хүчтэй мөргөсөн. Манай машин чигээрээ явж байгаад баруун гар талруу налж унасан. ...Бенз загварын автомашинтай манай автомашин миний явж байсан урсгалд мөргөлдсөн. ...” /1 хх 99/,

            гэрч П.Эрдэнэтуяагийн: “...2017 оны 5 дугаар сарын 28-ны үүрээр нисэхээс гэр рүүгээ хүргүүлэхээр Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар Монголбанкны эзэмшлийн “Старекс” загварын автомашинтай, автомашиныг Монголбанкны жолооч Ядамсүрэн жолоодоод арын суудал дээр би болон манай ахлах эдийн засагч А бид хоёр суугаад кабиндаа гурвуулаа баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал өөдөөс гэв гэнэт машин ирээд миний сууж явсан талруу мөргөсөн. Манай машин ч хажуу талаараа унасан. Тэгээд бид гурав машинаасаа гарах гэсэн боловч гарч чадахгүй байсан. ...Осол манай явж байсан урсгалд болсон. ...” /1 хх 105/,

 

            иргэний нэхэмжлэгч Д.А-ийн: “...2017 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн ам уулын замаар Монголбанкны эзэмшлийн “Хьюндай старекс” загварын 62-35УНП дугаартай автомашинтай, автомашиныг жолооч Ядамсүрэн жолоодоод арын суудал дээр Эрдэнэтуяа бид хоёр суугаад албан ажлаа гүйцэтгэж дуусгачихаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байсан юм. Тэгээд уулын замын хадан хясаатай тойрог замаар явж байтал өөдөөс нэг хурц гэрэлтэй суудлын автомашин тойрог дээр гэнэт л урсгал сөрөөд манай эгнээрүү ороод ирсэн. Тэр үед манай жолооч замаа чөлөөлөхөөр баруун гар талруугаа шахсан. Гэтэл нөгөө хар өнгийн автомашин зүүн гар талын хойд хэсгийг хүчтэй мөргөсөн. Тэр үед манай машин жаахан явж байгаад баруун гар талруугаа налж хажуу талаараа унасан. ...Осол манай явж байсан урсгалд болсон. ...” /1 хх 71-72/,

 

шүүгдэгч Г.Ө-ы: “...Б-ыг хүргэж өгөхөөр  Зайсан чиглэлрүү эхнэр Б.Шинэзаяагийн эзэмшлийн “Мерседес бенз” загварын 27-59УНБ улсын дугаартай автомашинтай, автомашинаа би өөрөө жолоодоод Маршалын гүүр гараад баруун зүгт эргэж уулын замаар ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байтал эргэлтэн дээр өөдөөс “Хьюндай старекс” загварын автомашин гараад ирсэн. Тэгэхээр нь би баруун гар талруугаа дартал бөгс шаравсан. Тэгээд л түс тас гээд л явчихсан. ...” гэх мэдүүлгүүд /1 хх 192/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №14345 дугаартай: “...Ц.Б-ын биед баруун чамархай ясны шугаман далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /1 хх 127/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний  өдрийн №7876 дугаартай: “...Д.А-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /1 хх 151/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №581 дугаартай: “...Б.Б-ын биед зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавиргануудын хугарал, цээжний зүүн хөндийд хий, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /3 хх 120-121/,

 

            “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №1677 дугаартай: “...Уг машин нь зүүн хойд талаасаа хүчтэй мөргүүлж онхолдсоны улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байна. Үүнд: Кабины зүүн хойд хэсэг чихэгдэж урагдсан, кабины хойд хэсэг бүхэлдээ гажсан, зүүн хоёр хаалга, баруун хойд хаалга чихэгдсэн, зүүн хойд кабины шил хагарсан, баруун урд толь хугарч хагарсан, зүүн хойд обуд хагарсан, зүүн хойд гар, хэвтээ тэнцүүлэгч тасарсан, хойд дифференциал хагас голын хамт хугарсан байна. ...Нийт шууд зардлын дүн 10.265.000 төгрөг, шууд бус зардал 2.000.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 12.265.000 төгрөг...” /1 хх 166-167/,

 

            Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №854 дугаартай: “Осол хэргийн материалын зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтээр авагдсан замын тэмдэглэл болон орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, гэрчийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн гэмтэгсдийн гэмтлийн талаарх дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд “Мерседес Бенз” загварын 27-59УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн түүнтэй хамт явсан гэх гэрчийн мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан магадлагаагаар Драйгер-0.66%-ийн согтолттой байсан нь дүрмийн 2.7-д “Жолоочид доор дурдсан зүйлийн хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. “Хьюндай Старекс” загварын 65-32УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ядамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд мөргөлдсөн гэх тээврийн хэрэгслүүдийн оношилгооны болон автотехникийн шинжилгээний дүгнэлтүүд байхгүй тул уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Зам тээврийн осол анхны хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авагдсан 2, 3, 4, 20 дугаартай фото зургийн цувралаас осол гарсан гэх газар /Мерседес Бенз загварын автомашины явсан гэх чиглэл талаас/-ын зорчих хэсэг нь огцом эргэлттэй, 7.1 буюу хоёр, гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан үргэлжилсэн цагаан шугамаар тэмдэглэгдсэн байх ба “Мерседес Бенз” загварын автомашины жолооч тухайн хэсэгт тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний чигийг өөрчлөх боломж бүхий хурдыг сонгож яваагүйгээс эсрэг урсгал сөрж, урдаасаа чиглэлтэй явсан “Хьюндай Старекс” загварын автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. ...” /1 хх 170-171/,

 

Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн №854 дугаартай “Ослын газрын үзлэгээр авагдсан 2 автомашин мөргөлдсөн “А” цэгийн байрлалыг үндэслэхэд “Мерседес Бенз загварын 27-59УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 173/, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх 17-25 /, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 хх 27-28/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ө-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ. Шүүгдэгч Г.Өыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс автомашин мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгчид сонгож хүлээлгэсэн үндэслэл, баримталсан шалгуурыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж байх нь зүйтэй бөгөөд, ялангуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж буй бол шийдвэрийнхээ үндэслэл болгосон нөхцөл байдлыг заавал зааж байх нь зохимжтой болно.

 

Шүүгдэгч Г.Ө-ы хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүнийг гэм буруутайд тооцсон болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэсэн үндэслэлийн талаар заасан байх бөгөөд шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулийг тайлбарлан хэрэглэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал,

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Г.Ө нь хохирогч Ц.Б-д 88.417.174 төгрөгийг түүний эмчилгээний зардалд нөхөн төлсөн, хохирогч Б.Б нь “Надад гомдол санал байхгүй, асуудлыг миний оролцоогүйгээр шийдвэрлэнэ үү. Дахин ирмээргүй байна” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгснөөр түүнд төлөх хохирол төлбөргүй болсон, иргэний нэхэмжлэгч Д.А-ийн эмчилгээний зардалд 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Монголбанкны эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар буюу ижил төрлийн тээврийн хэрэгсэл өгч барагдуулснаар тэдгээр нь “Хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч Г.Өыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан хор уршгийг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг дурдаж, шүүгдэгчийн хувьд эмчийн хяналтад байдаг эрүүл мэндийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хувийн байдлыг,

мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй бол хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд татгалзах зүйлгүй” гэснийг тус тус харгалзан үзсэн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлж болохоор хуульчилсныг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин шүүх 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн хэргийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх асуудлын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулсны дараа ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хорих ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байх боловч давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний энэхүү алдааг зөвтгөн залруулах боломжтой гэж дүгнэв.

 

Аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг боловч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд оногдуулах ялыг багасгасан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол буцаан хэрэглэх хуулийн зохицуулалтыг тусгасан байна.

 

Энэ ч үндэслэлээр прокуророос шүүгдэгч Г.Өы үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, улмаар анхан шатны шүүхээс уг зүйл, хэсгээр түүнийг гэм буруутайд тооцож хууль буцаан хэрэглэсэн нь зөв боловч шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт өгөхгүйгээр, мөн тогтоолын тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байгаа нь буруу болжээ.

 

Шүүгдэгч Г.Ө-ы гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шатанд болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх болсон үндэслэл, тус хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болохуйц үр дагаврыг үүсгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 280 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаахдаа хууль буцаан хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болохыг заасаар байхад прокурор энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялаас чөлөөлөх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялаас чөлөөлөх буюу ял оногдуулахгүйгээр чөлөөлөх зохицуулалт тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар үндсэн ялаас чөлөөлж болох боловч хуулийн тусгай ангид заасан бол нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

            Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай, шударгаар оногдуулах явдал нь Эрүүгийн хуулийн цээрлүүлэх хүч чадал, үр нөлөөг илэрхийлдэг хүмүүжлийн өвөрмөц чухал хэрэглүүр юм.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний эхнэр болох Б.Шинэзаяа нь улсын хилээр гарсан бөгөөд шүүгдэгч бага насны 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн дээд шатны шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

            Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар

сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 5.7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассугай” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан үндсэн ялаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ