Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1315

 

 

 

 

 

 

                                                       

Ю.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

хохирогч Г.М,

шүүгдэгч Ю.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/763 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2005020671159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Юын Б, 1967 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 7, охин, хүү, ач, зээ нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 64 дүгээр байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШВ67081608/;

            Ю.Б нь 2020 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд хохирогч Г.Мтэй маргалдан улмаар биед нь халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ю.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...О овогт Юын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бд оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бгаас 172.822 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мт олгож, хэрэгт хавсаргасан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ю.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ю.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ю.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн нөхцөл байдлыг товчхон илэрхийлэхэд намайг найз хүүхнийхээ хамт гэрийнхээ гадаа саравчинд байхад бидэн дээр хохирогч гэх Г.М согтуу ирж хэлэх хэлэхгүй үгээр хэрүүл өдөж, доромжилж, гартаа барьж байсан тамхийг булаан авч шидэж, түүний дараа хажуудаа тавьсан цүнхийг минь булаан авч зугтаасан. Би цүнхээ авахаар араас нь очсон тэр үед намайг зодож, газар унаган миний дээр гарч өвдөглөж, хоолой боосон. Тэр ч байтугай зодуулаад болохоо байгаад би гэртээ орох гээд орцынхоо гадаа очиход хүртэл араас ирж намайг зодсон. Гэр рүү оруулахгүй, бүүр надаас салахгүй байсан тухай хажууд байсан гэрч Б.Эрдэнэчимэг, Ш.Наранмандах нарын мэдүүлэгт тодорхой байгаа. Хохирогч гэгдэх Г.Мийн зан авирын талаар муухай ааштай, цагдаад дуудагдаж байсан, хэрүүлч, танхай этгээд гэдгийг дурдсан байгааг анхаарч үзэхийг хүсье. Эрүүл ухаантай хэн ч байсан зүгээр сууж байгаа хүмүүс дээр очиж хэрүүл шуугиан тарьж, эд хөрөнгөнд халдаж, булааж, зодоон цохион хийж танхайрахгүй байсан. Үүнээс үзвэл Г.Мийн үйлдэл бол эрүүл хүнээс гарахгүй, сэтгэцийн гажигтай ч байхыг үгүйсгэхгүй ба хэрэг маргаан зөвхөн тэр хүний үйлдлээс бүрэн хамаарсан. Өөрөө хэрүүл үүсгэж хүний цүнхийг авч зугтааж, мөн намайг зодож цохиж босгохгүй дарж унагаачхаад өнөөдөр энэ этгээд хохирогч гээд хохирлын мөнгөө нэхэмжлээд түүнийг прокурор гэдэг ял оноогч өөгшүүлээд хамгаалаад байгаа ерөөсөө ойлгохгүй байна. Цаашилбал прокурортойгоо хамтарч ядарсан надад ял төлөвлөж гэмт хэрэг биш гэж үзэн хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин нээж, шүүхэд шилжүүлсэн прокурорт хэлэх үг олдохгүй байна. Эрүүгийн хуульд байгаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим хаачсан вэ? Өнөөдөр би шүүгдэгч биш хохирогч байхаар, ял оноох биш хэргийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол гаргах байтал эсрэгээр хуулийг буруу хэрэглэж намайг ялтан болгосонд гомдолтой байна. Миний үйлдэл бол биеэ болон өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалсан үйлдэл гэдгийг хэлмээр байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт мөнөөс мөн. Тодруулбал, миний эрүүл мэнд, эд хөрөнгөнд бодит хууль бус довтолгоо ирсэн, би тэр довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэдгийг эрхэм шүүгчид зөвөөр ойлгож надад оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн, Г.М нь өөрөө хурц зан ааштай, тааралдсан хүн болгонтой маргалдаж элдэв дээдээр доромжилж явдаг. Энэ хүнийг дүүрэг, хорооны цагдаа, байрны оршин суугчид ямар хүн бэ? гэдгийг сайн мэднэ. Олон хүнтэй маргалдаж цагдаад торгуулж явсан, дандаа худлаа ярьдаг. Мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлсэн ба үүнийг гэрч Б.Эрдэнэчимэг мэдэж байгаа. ...” гэв.

            Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Санаатай миний үснээс зулгаагаад чирсэн тул гомдолтой байна. ...” гэв.

            Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гарсан дүгнэлтдээ: “...Хохирогч Г.Мт шүүгдэгч Ю.Б нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж шүүхээс шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6174 дугаартай “...Г.Мийн биед зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх 42-43/ нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсныг тогтоосон байна.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, 2020 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч гэх Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Б, Ш.Нармандахын нарыг гадаа сааданд байхад нь очиж маргаан үүсгэсэн, хэл амаар доромжлох, гар цүнхийг булаах, улмаар Ю.Б нь цүнхээ авах гэхэд өөдөөс нь дайрч, үсдэх /хх 18-20, 37-37, 58-59/ зэргээр хууль бус үйлдлүүд хийж, улмаар Ю.Бг газар унаган дээрээс нь дарж амьсгал бүтэх нөхцөл байдал бий болгосон үйл баримт болсон нь гэрч Ш.Нармандах, Б.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, утасны бичлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх хохирогч Г.Мийн харилцааны нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний эд хөрөнгө, халдашгүй байдалд халдсан  хууль бус үйлдлийн улмаас Ю.Бгийн зүгээс халдлагыг няцаахдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.

Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр тухайн цаг хугацаанд өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Ю.Бгийн хуульд заасан аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршиг, үр дагавартай шалтгаант холбоотой боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос зөвхөн хохирогчид учирсан хохирол, үр дагаварт үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасны дагуу аргагүй хамгаалалт хийсэн нь хууль ёсны бөгөөд үүний улмаас хохирогчид гэм хор, хор уршиг учирсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдалд бусдын биед гэмтэл учруулсан Ю.Бгийн үйлдэлдээ хандаж буй хандлага, сэдэл, санаа зорилго нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар, хууль бусаар санаатай халдаж буй гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг хангаагүй, харин түүний гэм бурууг үгүйсгэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэв.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх.. болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой” бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ю.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ю.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/763 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос Ю.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Ю.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ