Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 75

 

Ю.Б д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 763 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1315 дугаар магадлалтай, Ю.Б-д холбогдох 2005 02067 1159 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.М ийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ю.Б.

 Ю.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 172.822 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.М т олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос Ю.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд авсан хувйн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.М  гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Ю.Б-н зүгээс халдлагыг няцаахдаа түүний бусдын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж буруу дүгнэлтийг гаргасан. Ийм дүгнэлт шүүхээс гарснаар зөвшөөрөгдөөгүй газар тамхи татаж, бусдын эрүүл мэндийг хохироож болно гэсэн ойлголтыг бусдад төрүүлж байна. Би 2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд Ю.Б  нь “тамхи татах зөвшөөрөлгүй газар” бусадтай хамт тамхи татаж байхад нь очиж “Энд тамхи татаж болохгүй, цэвэрлэгээ хийх гэж байна” гээд тэр орчмыг чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан. Гэтэл Ю.Б тавьсан шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би түүний тамхийг авч шидтэл тэр түрүүлж миний зүүн хөлийн өвдөг рүү өшиглөж улмаар цүнхээрээ толгойн тус газар цохисон. Онгорхой цүнхэнд нь архи байхаар нь “цүнхийг нь аваад архи уух гэж байна уу, цагдаа дээр очъё” гэтэл цүнхээ өгөхгүй гэж зууралдаж байгаад салсан. Би СӨХ-ийн ажилтан Б.Эрдэнэчимэгийг дуудах гээд явтал Ю.Б  араас дахин хэл амаар намайг доромжилсон тул би барьж байсан хэрчсэн махаа түүн рүү шидсэн. Тэгтэл тэр миний зүүн гараас зуураад 64 дүгээр байрны 1 дүгээр орц руу чирээд улмаар үснээс зулгаасан би түүнийг өөрөөсөө салгах гэсэн боловч чадахгүй байсан тул түүний үснээс хариу зулгаасан. Ингэж байгаад бид юманд тээглээд газар унасан. Тэр миний толгойн тус газар 2-3 удаа өшиглөж, зүүн гарын бугалга шууг хазсанаас надад “хөнгөн гэмтэл” учирсан. Би Ю.Б-н биед түрүүлж гар хүрээгүй тэр өөрөө л эхэлж намайг шаардлага тавьсны дараа хэл амаар доромжилж, гарнаас зуурч, үснээс зулгааж, толгойн тус газар өшиглөж, хазсан үйлдлийг хийсэн. Миний зүгээс Ю.Б-н амь нас, эрүүл мэндийн эсрэг ямар ч үйлдэл хийгээгүй. Тухайн үед түүнд амьсгал бүтэх нөхцөл байдал бий болсон гэх үйл баримт хэрэгт байхгүй. Намайг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчсөн гэж байна гэжээ. Гэтэл Ю.Б  ч мөн адил хүүхдийн тоглоомын талбайд тамхи татаж намайг зохисгүй үгээр удаа дараа доромжилсон байхад түүнийг надтай адил дүгнэсэнгүй. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдалд зөв дүгнэлт өгсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ДШМ/1315 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Би маш их гомдолтой байна. Ирэх хавар дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэв.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэлдээ “... Магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан хохирогч Г.М-н “... 2020 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би 23 цагийн үед 3 дугаар орцны үйлчлэгч Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй гадаа уулзаад энэ махыг хөргөгчиндөө хийчихээч гээд надад махаа өгсөн. Эрдэнэчимэг “би хоолоо идчихээд гарч хүүхдийн тоглоомын талбай цэвэрлэнэ” гэхээр нь би за тэгвэл хамт хогоо түүчихье, би машинаа харчихаад очоод байж байя гээд түрүүлээд гарсан. Тэгээд машинаа харчихаад хүүхдийн талбай дээр ирэхэд 2 эмэгтэй сандал дээр суучихсан, 1 эмэгтэй нь тамхи татчихсан сууж байсан. Тэгэхээр нь би тэр тамхи татаж байсан эмэгтэйд чи энд суух шаардлагагүй, тамхи татаад байх юм, үйлчилгээний ажилчид хогоо цэвэрлэх гэж байна гэхэд тэр эмэгтэй чамд ямар хамаатай юм, чи юу юм гэхээр нь би зууж байсан тамхийг нь аваад шидчихсэн чинь тэр эмэгтэй миний зүүн хөлийн авдаг хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би “чи муу одоо юу юм гэсэн чинь миний толгойны дух хэсэг рүү цүнхээрээ 1 удаа цохисон. Цүнхнийх нь цахилгаан онгорхой архи харагдаж байсан. Тэгээд би цүнхийг нь булаагаад өө заза архи уух гэж байна уу, хоёулаа цагдаа дээр очъё гэсэн чинь тэр эмэгтэй чи муу СӨХ-ийн ажилтан юу юм, та нар юу хийдэг юм гээд тэр эмэгтэй босч ирээд миний зүүн гарны бугалганаас татаад надад цүнхээ өгөхгүй гээд татаад байсан. Хамт сууж байсан эмэгтэй нь одоо боль, боль гээд бид хоёр зууралдаж байгаад салсан. Тэгээд би Эрдэнэчимэгийг дуудах гээд сандлын араар нь явж байсан чинь араас баахан юм хэлээд байхаар нь би барьж явсан махаа шидсэн. Хаашаа оносныг нь мэдэхгүй байна. Жижиг махнууд газарт тарчихсан байсан. Тэгсэн тэр эмэгтэй миний зүүн гарнаас зуураад 64 дүгээр байрны 1 дүгээр орцны орчим руу чирсэн. Бас миний үснээс зулгаагаад байхаар нь би эргүүлээд үснээс зулгаасан. Тэгээд би зууралдаж байгаад юманд тээглээд унасан. Тэгэхэд миний толгойны баруун талын дагз орчим руу 2-3 удаа өшиглөөд зүүн гарны бугалга, шуу хэсэгт хазсан. Тэгээд бид хоёр босч ирээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан ..." гэх мэдүүлэг /хх37-38/, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгээр шүүгдэгч Ю.Б нь хохирогч Г.М-н эрүүл мэндэд довтлогоон эхлэхээс өмнө хохирогчийн бие махбодид нь халдаж, цохиж, өшиглөсөн болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүхийн магадлалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Ю.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.М-н хийсэн хийсэн үйлдэл нь оновчтой болоогүй буюу шүүгдэгч Ю.Б-д хохирол учруулаагүй. Уг үйлдэл нь төгссөний дараа Ю.Б  нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж тухайн хэрэг болсон байрны саадны гадна, мөн 64 дүгээр байрны орцны үүдэнд хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу энэ хэргийг төгсгөж, туйлд нь хүргэсэн Ю.Б гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Харилцан бие биенийхээ үйлдлийн эсрэг хийсэн идэвхитэй үйлдлээс Ю.Б-н дээрх гэмтэл учруулсан байдлыг “Аргагүй хамгаалалт” гэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт хохирогч Г.М  нь гартаа барьж байсан махаа шидсэн, тамхины ишийг авч шидсэн үйлдэл буюу хохирол учруулаагүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсныг үгүйсгэхгүй юм.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд Ю.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал”-д хамаарах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэж заасан нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны байх, ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүгдэгч Ю.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ДШМ/1315 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч, хохирогч нар нь харилцан бие биенийхээ эсрэг идэвхтэй үйлдэл хийсний улмаас хохирогч Г.М-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд камерын бичлэгээс харахад довтолгоо эхлэхээс өмнө хохирогчийг цохиж, өшиглөсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Г.М-н гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн Ю.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад  “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ю.Б-г 2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд хохирогч Г.М-тэй маргалдан, улмаар биед нь халдаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Ю.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

 Гэтэл давж заалдах шатны шүүхээс хохирогчийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний эд хөрөнгө, халдашгүй байдалд халдсан хууль бус үйлдлийг Ю.Б-н зүгээс няцаахдаа халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэдийгээр хохирогч Г.М-н зүгээс Ю.Б-г хэл амаар доромжилж, маргаан үүсгэн цүнхийг нь булаах, харилцан нэгнийхээ үснээс зулгаах, дайрах, барьцалдаж зууралдах зэргээр зүй бус үйлдэл хийсэн ч уг үйлдэл нь тодорхой хугацааны туршид давтамжтай үргэлжлэн хийгдсээр байсныг хохирогч болон гэрч нар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд магадлалд дурдсан Ю.Б-д “амьсгал бүтэх” нөхцөл байдалд хүргэсэн талаарх баримт авагдаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.М, Ю.Б нарын хооронд тамхи татсан гэх шалтгаанаас үүдэлтэй маргаан нь нэгнийгээ цохих, түлхэх, харилцан бие биедээ халдан газар унагаах, өөр газарт шилжин очиж маргаан, тэмцлийг үргэлжлүүлэх, орц руу чирэх, гулдчих зэрэг давтамжит үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул үүнийг довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэхгүй ба энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь Эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд аргагүй хамгаалалт хийж буй этгээдийн санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайгаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс объектив талын шинжээр ялгагдах учиртай тул аргагүй хамгаалалтын хувьд объектив болон субъектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарахад дан ганц хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь шүүгдэгчийг хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх өрөөсгөл дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр Ю.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх агуулга бүхий прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 763 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1315 дугаар магадлалыг хүчингүй болгож, прокурор Г.Билгүүжингийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Г.М-н гаргасан гомдлыг тус тус хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Ч.ХОСБАЯР