Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00105

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00105

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.Э-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт 2009 оны 03 сараас эхэлж нягтлан бодогчоор тасралтгүй 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй гэтэл 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Б/05 Тамгын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Б.Э нь Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай Тамгын газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Ингэхдээ тодорхой хуулийн заалтыг барьсан ч гэсэн хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Хавтаст хэрэгт цугларсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам дээр ажил үүргийг хуваарьт нь цаг бүртгэх, цагийн бүртгэлийн тооцоо хийх, шалгах, хянах үүрэг байхгүй. Цагийн бүртгэлийг цаг бүртгэгч бүртгэж ирүүлснээр нягтлан бодогч цалин олгодог байгаа. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаас харах юм бол нягтлан бодогч Б.Э нь ажиллаагүй ажилтанд цалин олгосон гэж байна. Ямар ажилтан ажиллаагүй байсан юм бэ? Энэ хүн хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын ямар заалтыг зөрчсөн талаар тушаал дээр тодорхой дурдсан зүйл байхгүй. Өөрөөр бол Б.Э-н ажил үүргийн онцлогтой холбоотой гаргасан зөрчил нь нотлогдсон байх шаардлагатай. Тэгэхээр энэ талаар хэргийн материалд бэхжигдээгүй байгаа. Цалин олгох хүсэлт дээр нэгдүгээр гарын үсэг дээр Засаг дарга гарын үсэг зурсан байдаг. Сахилгын шийтгэлийн хүчингүй болгож өгнө үү? гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.Э-д сануулах сахилгын арга хэмжээ авсан байгаа. Тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан П.М нь архидан согтуураад ажлын цагаар ажлын байран дээр агсам согтуу тавиад тухайн үед ажиллаж байсан хурал даргын биед халдсан ноцтой зөрчил гаргасан байдаг. Энэ дээр төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын засаг дарга Ч багийн засаг дарга П.М-т цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байдаг. Тэр арга хэмжээг нягтлан бодогч арга хэмжээ авсан шийдвэрийг өгсөөр байтал цалингийн суутгал хийлгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төсвийн тухай хуульд нягтлан бодогчийн үүрэг дээр байж байгаа. Холбогдох албан тушаалтны эрх хэмжээнд гаргасан үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж байдаг. Үүнийг биелүүлээгүй. Хоёрт нь мөн багийн засаг дарга М 2021 оны 1 сард ажил албан тушаалаа гүйцэтгэсээр байтал өөр газар ажиллаад явж байсан. Энд бол тухайн тамгын газар дээр ажиллаагүй. Тэрийг ажилласан мэтээр цалинг бүтэн олгосон. Цагийн бүртгэлийг бичээч, бичиг хэргийн эрхлэгч бүтнээр ажилласан мэтээр цагийн бүртгэлийг гаргаад өгөхөд нягтлан бодогч тэрийг хянаж байж анхан шатны санхүүгийн баримтыг тулгаж байж цалин бодох үүрэгтэй. Бас л нягтлан бодох бүртгэлийн тухай хууль төсвийн тухай хууль үүрэг хариуцлага дээр бүрэн тусгагдсан байж байдаг. Гэтэл тэрийг мэдсээр байж байж байгууллага хамт олны хуралдаанд энэ хүн агсам согтуу тавьсан гэдгийг ярилцаад хамт олны хурал дээр тэр буруугаа хүлээгээд гарсан нягтлан бодогч. Тэрийгээ мэдсээр байж гараад цалинг бүтэн олгочихсон байж байгаа юм. Ийм алдаа дутагдал гаргасан. Дээрээс нь нягтлан бодогч тухайн үед ёс зүйн зөрчил гаргаж байсан. Засаг даргаас төгрөг сумын ёс зүйн хороо уучлал хүсэх сахилгын арга хэмжээг ногдуулж байсан. Ёс зүйн алдаа дутагдал давхар давхар гаргаж байсан. Энэ байдал дээр тухайн үед ажиллаж байсан албан тушаалтан сануулах арга хэмжээ авсан. Надаас өмнө тухайн үед ажиллаж байсан хүн авсан байдаг юм. Арга хэмжээ нь тухайн үеийн гаргасан алдаа дутагдалд тохирсон, тэр битгий хэл тэрнээс цаадах арга хэмжээг авахаар алдаа дутагдлыг тухайн хүн гаргасан. Тэр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй, энийг тушаал дээр дурдаагүй мөртлөө гэж байна. Энэ бол хөдөлмөрийн тухай хуулийн 130 дээр байж байгаа. Байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд дараах арга хэмжээг авна гээд тодорхой байж байгаа учраас тушаал шийдвэрт тусгах шаардлагагүй гэж үзэж байна. Тийм учраас тушаал дээр оруулаагүй байгаа. Нягтлан бодогч өөрөө хамт олны хурал дээр өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгоод гарсан. Дараа нь ямар хүний ятгалгаар ингээд шүүхэд өгөөд ийм нэхэмжлэл гаргаад явсан байна. Түүнээс биш өөрөө алдаа дутагдлаа бүрэн ухамсарлаад ойлгоод хурал дээр ийм юм хийсэн байгаа. Ийм учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хуулбар хувь/,

-Цалин олгох хүснэгт /хуулбар хувь/,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын цалин олгох хүснэгт / хуулбар хувь/,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт /хуулбар хувь/

-Засаг даргын тамгын газрын ажлын цагийн тооцоо 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр / хуулбар хувь/,

-Б.Э-н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 дугаар захирамж, хавсралт /хуулбар хувь/,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар захирамж /хуулбар хувь/.

 

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар Б.Э-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай тушаал / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-мөн тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар Б.Э-д сахилгын шийтгэх ногдуулах тухай тушаал / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаар П.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаар Л.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Засаг даргын Тамгын газрын дарга Б.М-н 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн илтгэх хуудас,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын цалин олгох хүснэгт / хуулбар хувь/,

-Сумын засаг даргын Тамгын газрын зөвлөгөөний хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 2021.02.09,

-Сумын Засаг даргын Тамгын газрын аппаратын зөвлөгөөний хурлын явцын тэмдэглэл 2021.02.09,

-Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журам 2013.05.01,

-Хаан банкны 2021 оны 02 сарын 09-ний өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хуулбар хувь/

-Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журам, 2013 он,

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаартай албан бичиг, П овогтой М-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/02 дугаар ажилд томилох тухай тушаал / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Б.Э-н 2015 оны 02 сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын цалин олгох хүснэгт / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт

-Засаг даргын тамгын газрын ажлын цагийн тооцоо 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр / Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгчийн ............. дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг үндэслэн нягтлан бодогч Б.Э-д ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь багийн засаг дарга П.М-т цалингийн 20 хувиар арга хэмжээ авч, нягтлан бодогчид арга хэмжээ авсан шийдвэрийг өгсөөр байтал цалингийн суутгал хийлгүй үлдээсэн, мөн багийн засаг дарга М 2021 оны 1 сард өөр газар ажиллаад явж байсан, тухайн тамгын газар дээр ажиллаагүй. Тэрийг ажилласан мэтээр цалинг бүтэн олгосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Хавтаст хэрэгт цугларсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам дээр ажил үүргийг хуваарьт нь цаг бүртгэх, цагийн бүртгэлийн тооцоо хийх, шалгах, хянах үүрэг байхгүй. Цагийн бүртгэлийг цаг бүртгэгч бүртгэж ирүүлснээр нягтлан бодогч цалин олгодог байгаа. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулиар хүчингүй болжээ.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын нэхэмжлэгч Б.Э-д сахилгын шийтгэл оногдуулсан энэ үйл баримт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байх үед үүссэн харилцаа байх тул шүүх дээрх хуулийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1- д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж,

Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журмын 13.1.1-д Үр дүнгийн гэрээ хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна. Сахилгын шийтгэл нь ажил сайжруулахыг сануулах, сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах, ажлаас халах гэсэн төрөлтэй байна гэж тус тус заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлээгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно гэж,

13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж,

13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж,

Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журмын 11.1.5-д Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно гэж тус тус заажээ.

Тодруулбал, Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын ажлын цагийн бүртгэл нь цалин олгох анхан шатны баримт байх бөгөөд нягтлан бодогч тухайн бүртгэлийг үндэслэн ажилласан цагт нь тохируулан цалин хөлс олгох үүрэгтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.3-т Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэж,

18.5-д Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь мөн хуулийн 20.1.1-д зааснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, 20.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх эрхтэй,

Мөн хуулийн 20.2.4-т зааснаар нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, 20.2.5-т зааснаар дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах үүрэгтэй байна.

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Сумын Засаг даргын Тамгын газрын аппаратын зөвлөгөөний хурлын явцын тэмдэглэлд Засаг дарга Б.Ч: П.М гэдэг хүн дээр 3 сарын хугацаатай цалингийн 20%-ийг хасах. Цагийн бүртгэлийг нь би 25-нд байна уу, 20-ны үеэр үзсэн цагийг нь бүртгээгүй байсан. За тэгээд цалин олгохоос өмнө үзсэн бүртгэчихсэн байсан. Яагаад бүртгэчихсэн юм бэ гэхэд цалин нь орчихсон байсан юмаа гэдэг... гэж тэмдэглэжээ.

Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна.

Дээрх хурлын тэмдэглэлээс үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр цагийн бүртгэлийг үзэхэд П.М-н цагийг бүртгээгүй байсан, үүний дараа цалин орсны дараа цагийн бүртгэлийг нөхөн бүртгэсэн гэх асуудал яригдаж, цаг бүртгэсэн бичиг хэрэг Л.Т, нягтлан бодогч Б.Э нарт сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан нь сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Түүнчлэн уг тэмдэглэлд цалинг олгосны дараа цаг бүртгэгч Л.Т нь П.М руу утасдаж ...чи 18-нд явсан юм байна. Түүнээс хойших цалингаа нягтлан бодогчоор бодуулаад буцаагаад хийгээтхээч... гэж ярьсан талаар тэмдэглэжээ.

Тодруулбал П.М-г ажилдаа ирэхгүй байгаа гэдгийг цаг бүртгэгч мэдэж байсан, нягтлан бодогчийг цалингаа бичиж, олгосны дараа цагийн бүртгэлийг нөхөж хийсэн болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Цагийн бүртгэлийг цаг бүртгэгч бүртгэж ирүүлснээр нягтлан бодогч цалин олгодог байгаа... гэх тайлбар нь үндэслэлгүй, нягтлан бодогч нь цагийн бүртгэлийг буюу анхан шатны баримтыг шалгалгүйгээр, эсвэл цагийн бүртгэл бүртгэгдээгүй байгааг мэдсээр байж цалинг бүрэн бодож олгосон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод П овогтой М нь 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Төгрөг сумын Тамгын газар болон Эрдэнэс таван толгой майнинг ХХК /2020 оны 07 дугаар сараас Эрдэнэс тавантолгой ХК/-д давхар ажиллаж, цалин хөлс авч байжээ.

Эрдэнэс тавантолгой ХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт төв оффисс нь байрладаг, Өмнөговь аймаг Цогтцэций сум, Цагаан-Овоо багт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Эндээс дүгнэхэд 2 байгууллагад зэрэг ажиллаж байгаа П.М нь орон зай, цаг хугацааны хувьд ч тухайн сардаа бүтэн ажиллах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ