Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2021/03204

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/03204

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....

Хариуцагч: ....

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75,675,000 /далан таван сая зургаан зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Би иргэн ...той 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр... дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан,...... орон сууцыг ... нь барьж гүйцэтгэх, ... нь төлбөр төлөх үүргийг хүлээж, талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ... нь ...тэй 04/05 тоот Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр би ...той байгуулсан Оррон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагч талын эрх үүргийг ...д шилжүүлэхээр тохиролцсон. Хэдий тус гэрээгээр ...нь гэрээний төлбөр 90,450,000 төгрөгийг 100 хувь төлсөн гэж бичигдсэн боловч 40,000,000 төгрөг төлсөн юм. Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдөр зохигчдын хооронд Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр Эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож, ...нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч ...орон сууцыг хүлээн авсан боловч 50,000,000 төгрөгийг л төлсөн, өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, намайг хохироож байна. Төлбөр барагдуулах гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,450,000 төгрөгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сар хүртэл 1093 хоногт тооцвол нийт алданги 163,458,000 төгрөг болсон тул Иргэний хуульд заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 50,450,000 төгрөгийн 50 хувь 22,225,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Төлбөрийг 80,000,000 төгрөг байхаар тохирсон, нэмж 40,000,000 төгрөг төлсөн зэрэг хариуцагчийн хэлж буй тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, мөнгө өгсөн гэж байгаа бол нотлох үүрэг хариуцагчид байгаа. Нэхэмжлэгч ...ын хувьд 40,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан, үүнийгээ хасаад үлдэгдэл 50,450,000 төгрөг, үүний алдангийг шаардаж байгаа...гэв.

Хариуцагч ...шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие ...нь ... ахтай 2014 оноос хойш хамт мөнгө санхүүгээр холбогдож байсан. Энэ хугацаанд ... ахын олон байрыг зарж барьцаанд тавьж туслаж явсан. Хамтарч байх хуагцаанд олон хүний нэхэж ирсэн өр төлбөрийг зээл авах болон орон сууц зарж тухай бүр асуудлыг шийдэж байсан. Уг байрны төлбөрийг бид 2 яриад 80,000,000 төгрөгөөр зарахад болно гэж хэлээд би зарж өгсөн. Тухайн үед тэр байрыг авах хүн ...гүй их удаж байгаад 3 сарын дараа зарсан. Тэгэхдээ эхлээд шууд 40,000,000 төгрөгийг ... ах авсан. Дараа нь 7 хоногийн дараа 40,000,000 төгрөгийг ... ах надаас Гэгээнтэн төвийн гадаа зогсоол дээрээс аваад, шууд тэр мөнгөө н.... ахад өгөөд явуулж байсан. Иймд бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо огт байхгүй. Мөн утсаа авахгүй байна гэж ярьсан ба хамгийн сүүлд би 2021 оны 8 дугаар сард ах сонин юу байна гээд ..... дугаараар нь ярьж байсан удаатай. Энэ тухай огт дурсаж байгаагүй. Хүнийг ингэж гүтгэж огт болохгүй. Миний хувьд гомдолтой байна. Маш их гайхаж байна. Миний хувьд мэтгэлцэхэд татгалзах зүйл байхгүй. 3 жил гаруй хугацаанд тэр их мөнгийг надаас яагаад нэхэгүй яваад байсныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч 2014 оноос хойш миний нэр дээр зээл авдаг байсан. Би бүх мөнгийг нь цаг тухайд нь өгдөг байсан. Тухайн байрыг зардаг хавар 40,000,000 төгрөгийг би өгсөн. Дараа нь 14 хоногийн дараа би банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад 40,000,000 төгрөг өгсөн. ... нь мөнгөө дандаа бэлнээр авдаг байсан. Нэг л удаа хүүгийнх нь эхнэрийн дансаар мөнгө өгч байсан. Одоо надад нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 50,450,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн алданги 25,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тохиролцсон төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан, төлбөрийн үлдэгдэл байхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 04/05-н тоот Эрх шилжүүлэх гэрээ /Орон сууцны захиалгын гэрээ/-г ..., ...нар байгуулж, уг гэрээгээр ... нь иргэн ...той 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний .... орон сууцны захиалагч талын эдлэх эрх, үүргээ иргэн ...д шилжүүлэх, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчид төлбөр 90,450,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Улмаар талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 04/05-н1 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, мөн өдрийн 04/05-н тоот Эрх шилжүүлэх гэрээний төлбөр 90,450,000 төгрөгийг төлбөр төлөгч ...нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөгөөр тус тус хувааж төлбөр авагч ...од төлөх, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-4/

Төлбөр авагч ... нь төлбөр төлөгч ...эс Төлбөр барагдуулах гэрээний дагуу 40,000,000 төгрөг бэлэн хүлээж авсныг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөр 50,450,000 төгрөгийг хүлээн аваагүй учир хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Зохигчид дээрх гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний ерөнхий нөхцлийн талаар маргаагүй боловч хариуцагчийн зүгээс гэрээний дүн 90,450,000 төгрөгийг 80,000,000 төгрөг болгохоор нэхэмжлэгчтэй амаар харилцан тохиролцож багасгасан, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг 40,000,000 төгрөгөөр 2 удаа бэлнээр төлж барагдуулснаар гэрээ биелэгдэж дуусгавар болсон гэж тайлбарласан.

Гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хэлцэл хуульд нийцсэн хэлбэрийн шаардлагыг хангаж хийсэн гэж үзнэ.

Хариуцагч ...нь гэрээний төлбөрийг нэхэмжлэгч талтай тохиролцсоноор 80,000,000 төгрөг болгон багасгаж, төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч ...нь төлбөрөөс зохих хэсгийг буюу 40,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон ба төлбөрийн дүнг 80,000,000 төгрөг болгож багасгасан, мөн үлдэх 40,000,000 төгрөгийг бэлнээр төлж гэрээ дуусгавар болсон гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй учир нэхэмжлэгч ... нь төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 50,450,000 төгрөгийг хариуцагч ...эс шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон маргаан бүхий Төлбөр барагдуулах гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцон хариуцагчаас шаардах эрхтэй ба хуулийн дээрх зохицуулалтаар анзыг шаардвал гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн төлбөр төлөгчийн гүйцэтгээгүй үлдсэн 50,450,000 төгрөгийн 50 хувь болох 25,225,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 536,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 536,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...эс 75,675,000 /далан таван сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...од олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 536,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 536,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА