Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00163

 

 

 

 

 

 

 

 

      2023         01          16                                           210/МА2023/00163

 

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03389 дугаар шийдвэртэй,

*.* ын нэхэмжлэлтэй, х.х холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, хариуцагч *.* , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *.* нь 2018 оны 04 сарын 05-ны өдөр д.гтой орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр д.г нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 0 байрны 0 дугаар давхрын 0 тоот орон сууцыг барих үүргийг хүлээсэн.

Уг гэрээний захиалагч *.* нь орон сууц захиалах эрхийг х.х шилжүүлэхээр 2018 оны 04 сарын 28-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр *.* нь гэрээний төлбөрт 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, мөн оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөгийг *.* од төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл *.* *.* од 40,000,000 төгрөгийг төлж үлдэгдэх 50,450,000 төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулна.

1.2. Мөн талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4.1-т зааснаар 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 сар хүртэл хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 25,225,000 төгрөгийн алданги нэхэмжилнэ гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *.* нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 0 байрны 0 дугаар давхрын 0 тоот орон сууцыг 80,000,000 төгрөгөөр зарахад болно гэж хэлсэн.

Тус орон сууцыг 3 сарын дараа худалдаж *.* од 40,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь үлдэх 40,000,000 төгрөгийг Гэгээнтэн төвийн гадаа зогсоолд *.* той уулзаж өгсөн. *.* тэр мөнгийг шууд О.О од өгсөн.

Миний бие мөнгөний 23,000,000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас, 18,000,000 төгрөгийг дүүгээсээ тус тус зээлсэн.

2.2. Хэрэв үлдэгдэл 40,000,000 төгрөгийг түүнд төлөөгүй байсан 3 жил гаруй хугацаанд нэхэх боломжтой байснаас гадна надаас зээлсэн мөнгөө шилжүүлэхгүй байсан. Миний бие нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.* эс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.* од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч *.* эс улсын тэмдэгтийн хураамжид 536,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *.* од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч *.* ын хариуцагч *.* эс зээл авч, буцаан өгч байсан талаар баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд *.* надаас авлагатай байсан бол мөнгө зээлж, буцаан өгөхгүй байсан.

*.* нь мөнгийг байнга бэлнээр авдаг байсан ба хоорондоо итгэлцэж бэлнээр өгч, авч байсан.

4.2. 2018 оны 04 сарын 24-ний өдөр *.* , *.* нарын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрх, үүргийг х.х шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээнд *.* төлбөрийг бүрэн төлсөн гэж бичигдсэн. Гэтэл *.* нь төлбөрийн 50,000,000 төгрөгийг төлсөн гэх нотлох баримт нэхэмжлэлд авагдсан. Үүнээс үзэхэд *.* хэдэн төгрөг өгсөн авснаа мэдэхгүй байна. Шүүх төлбөр бүрэн төлөгдсөн баримтыг анхаарч үзээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч татгалзалтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан, мөн хууль мэдэхгүй нь үүргээс чөлөөлөгдөх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт шүүх нотлох баримт бүрдүүлэхээр заасан бөгөөд хариуцагч ийм хүсэлт гаргаагүй. Хариуцагч тухайн нотлох баримтыг олж авах боломжгүй байсан, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт, хүсэлт гаргаагүй.

Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч х.х холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр О.О , Д.Э нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 102/ШЗ2022/08374 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийг асуух ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. (хх 51-52)

 

Хэргийн 71 дэх талд О.О ын “...*.* той садан төрлийн холбоотой тул шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж байна, ...би мөнгө авч байгаагүй, *.* надад мөнгө өгч байгаагүй...” гэх тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтоор хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг биелэгдсэн гэж үзэхгүй.

 

3.б. Анхан шатны шүүх О.О ын дээрх тодорхойлолттой холбогдуулан түүнийг гэрчээр оролцуулах захирамж биелэгдэх боломжгүй болсон учир шалтгааныг тодруулах, улмаар энэ тухай захирамжаар шийдвэрлэлгүй орхигдуулснаар хэргийн оролцогчоос нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

3.в. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг дуудаж мэдүүлэг авах ба энэхүү гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болохоос гадна талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой байвал шүүх хангах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна.

 

4. Түүнчлэн, гэрч Д.Э “...18,000,000 төгрөгийг ахдаа өгсөн” гэх мэдүүлэг өгсөн хэдий ч уг мөнгөний эх үүсвэр буюу мэдүүлгийн эх сурвалж тодорхой бус байна.

 

4.а. Хэргийн 81 дэх талд “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь *.*ийн эзэмшлийн харилцах дансны хуулгаар 2018 оны 07 сарын 02-ны өдөр “зээл олгов” гэх гүйлгээний утгатай 23,000,000 төгрөгийн орлого орсон баримт авагджээ.

 

Уг мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар хаанаас зээлсэн, хэрхэн зарцуулсан үйл баримт тодорхойгүй байна.

 

4.б. Хэргийн баримтуудаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасан үндэслэлд хамаарна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *.*ийн төлсөн 536,325 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

 

                                                  ШҮҮГЧИД                            М.БАЯСГАЛАН

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ