Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01019

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01019

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/01352 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Л-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагч Д.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Г-той орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 92Б байрны 7 дугаар давхрын 703 тоот орон сууцыг Д.Г- нь барьж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Дээрх гэрээний захиалагч Д.Б- нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 92Б байрны 7 дугаар давхрын 703 тоот орон сууц захиалагчийн эрхийг Д.Л-д шилжүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний төлбөрт Д.Л- нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 50,450,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4.1-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,450,000 төгрөгийн 0,3 хувиар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сар хүртэл алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 25,225,000 төгрөгийн алданги мөн нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Д.Б- нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 92Б байрны 7 дугаар давхрын 703 тоот орон сууцыг 80,000,000 төгрөгөөр зарахад болно гэж хэлсэн. Тэр байрыг 3 сарын дараа зарсан бөгөөд эхний ээлжид 40,000,000 төгрөгийг өгсөн, дараа нь 40,000,000 төгрөгийг Д.Б-той Гэгээнтэн төвийн гадаа зогсоолд уулзаж өгсөн, тэрээр мөнгийг шууд О.О-од өгсөн. Энэ мөнгийг 23,000,000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас, 18,000,000 төгрөгийг дүүгээсээ тус тус зээлж авч өгсөн. Хэрэв үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй байсан бол Д.Б- нь 3 жил гаруй хугацаанд нэхэх боломжтой байснаас гадна тэрээр Д.Л-д зээлсэн мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Л-эс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д.Л-эс улсын тэмдэгтийн хураамжид 536,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-од олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Худалдаж авсан байрныхаа үлдэгдэл төлбөрт 40,000,000 төгрөг өгчих, тооцоогоо дуусгая гэж нэхэмжлэгч хэлсэн. Байрны үнэ 80,000,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд анхан шатны шүүх дээр 80,000,000 төгрөгт маргадаггүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгөөр 2 удаа төлсөн атал дахин мөнгийг авах гэсэн санаа зорилготой байна. Байрыг 80,000,000 төгрөг зарсан бөгөөд эхлээд 40,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Сүүлд 40,000,000 төгрөгийг Гэгээнтэн төвийн гадаа зогсоол дээр нэхэмжлэгчид бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч надаас 40,000,000 төгрөгийг аваад, авсан мөнгөө шууд өөрийн хүргэн болох О.О- ахад өгсөн. О.О- нь шүүх хуралдаанд илт худал мэдүүлэг өгсөн.

Миний бие сүүлийн 40,000,000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагаас 23,000,000 төгрөгийг зээлж авч, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг өөрийн дүү Д.Э-аас авч өгсөн. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэрчүүд болон шаардлагатай нотлох баримтаар, гэрчийн мэдүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж, намайг залилж байна. Нотлох баримтыг анхан шатны шүүхэд цуглуулж орох ёстойг би мэдээгүй.

4.б. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрт О.О- гэрчээр өгсөн мэдүүлэгт мөнгө аваагүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн зүгээс О.О-од мөнгийг өгөөгүй гэж тайлбарласан. Гэтэл Д.Л-ийн өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбаруудад Д.Б- захиралд мөнгийг нь өгсөн боловч тухайн мөнгийг О.О- аваад явсан гэх тайлбарыг гаргаж байсан. Хариуцагч нар нь хурлын тайлбар болон анх бичгээр өгсөн хариу тайлбар, давж заалдах гомдол зэрэгт мөнгийг хэнд, хэзээ өгсөн гэх хугацаанууд нь зөрж байна. Мөн анхны бичгээр өгсөн хариу тайлбарт үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 7 хоногийн дараа өгсөн гэх тайлбарыг гаргасан. Гэтэл шүүх хуралдааны явцад 3 сарын дараа өгсөн гэх зөрүүтэй тайлбарыг өгдөг. Тухайн тайлбаруудаас үзэхэд өөрийн дансны хуулга буюу 23,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас бэлэн мөнгөөр авсан гэдгийг үндэслэж, Д.Б-од 40,000,000 төгрөгийг өгсөн гэх нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна. Харин бодит байдалд Д.Б-од тухайн 40,000,000 төгрөгийг өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Д.Л-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг, алданги 25,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч байрыг 80,000,000 төгрөгт худалдаж авахаар амаар нэхэмжлэгчтэй тохиролцсон, 2 удаа 40,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Б- нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 92Б байрны 7 дугаар давхрын 703 тоот орон сууцыг 90,450,000 төгрөгөөр захиалан бариулахаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Г-той харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна.

/1хх 155-157/

 

2.а. Мөн нэхэмжлэгч Д.Б- нь дээрх орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/05-н дугаартай, Эрх шилжүүлэх гэрээ/Орон сууцны захиалгын гэрээ/-г үндэслэн орон сууц захиалагчийн эрхийг хариуцагч Д.Л-д, төлбөр 90,450,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-ын өмчлөлд харилцан шилжүүлэхээр, мөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг эрх шилжүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх6/

 

2.б. Уг орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний дагуу мөн өдөр талууд 04/05/-н1 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, Д.Б-од Д.Л- нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна./1хх4-5/

 

2.в. Мөн дээрх орон сууцыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.Л- нь Д.Н-ын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн улмаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 102,600,000 төгрөгийг Д.Л-ийн дансанд шилжүүлсэн тухай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга хэрэгт авагджээ./1хх81-82/

 

2.г. Дээрхээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон орон сууцны урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

 

3. Харин, хариуцагч татгалзлын үндэслэлээ орон сууцны төлбөрийг 40,000,000 төгрөгөөр 2 удаа төлсөн буюу сүүлийн 40,000,000 төгрөгийг Гэгээнтэн төвийн гадаа зогсоолд уулзаж Д.Б-од бэлнээр мөнгийг өгч, төлбөрийг барагдуулж дууссан гэх тайлбарласан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотолж чадаагүй байна.

 

3.а. Хариуцагч нь нэхэмжлэгчид сүүлд өгсөн гэх 40,000,000 төгрөгийн, 23,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас, 18,000,000 төгрөгийг дүү болох Д.Э-аас тус тус зээлж авч өгсөн гэдгээ нотлох зорилгоор О.О-, Д.Э- нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг үндэслэн шүүх гэрчээр асуухад гэрч Д.Э- нь ... 18,000,000 төгрөгийг Д.Б-од өгснийг хараагүй, гэрч О.О- нь ... би Д.Б-оос мөнгө аваагүй, надад ямар ч мөнгө өгөөгүй, бас Д.Б-, Д.Л-д мөнгө өгч байхыг хараагүй гэх мэдүүлгүүд өгчээ. /1хх78, 2хх35/

 

3.б. Анхан шатны шүүхээс гэрч О.О-, Д.Э- нарт хууль сануулан мэдүүлэг авсан ба гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтад хамаарах учир гэрч худал мэдүүлэг өгсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

3.в. Түүнчлэн, хариуцагч нь үүргийг гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй ба мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.10, 236.10.1-д зааснаар ийнхүү уг баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгч олгохоос татгалзсан тохиолдолд үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байсан гэж үзнэ.

 

4. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний 4.1, мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээний 3.2.3-т хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

5. Иймд анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлд 50,450,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны алданги 25,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөгийг хариуцагч Д.Л-эс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-од олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/01352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ