Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1050

 

2020         08           20                                           2020/ДШМ/1050

Ц.М, С.Ө, С.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/607 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.М, С.Ө, С.О нарт холбогдох эрүүгийн 1905022810710 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 19.... оны ............ дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар Сүлд аппартмент 84 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

2. ......................., 19.. оны .... дугаар сарын ..........-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, Шинэ хорооллын 23-74 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

3. ..............., 19....... оны ...... дугаар сарын .....-ний өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 6-1362 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

Ц.М, С.Ө, С.О нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн орчим хохирогч Б.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.М, С.Ө, С.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, С.Өыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, С.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М, С.Ө, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Батболд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрх зүйн үнэт зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 3-т “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж заасан байдаг. Харин ямар нэгэн дагаж мөрдөх журмын тухай хууль биш. Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдсөн гэх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг ямар ч тохиолдолд тодорхойлохгүй, түүнийг хэрэглэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай 69 тоот тогтоол үүнийг нотлоно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг процессийн шинж чанарыг агуулсан хэм хэмжээ гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн. Онолын хувьд авч үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад процессийн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй, байх ч ёсгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх процессийн шинж чанарыг агуулсан гэх үндэслэлээр хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн процессийн эрх зүйд хамаардаг хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмыг материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ ашиглаж, эрх зүйн үнэт зарчмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мыг үйлдсэн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөс татгалзсан. Ингэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэсэн. Хэрэг учрал гарах үед буюу 2019 оны 5 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн зохицуулалттай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 3-т “нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил учир 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Энэ үед анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан тул шүүгдэгч Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ёстой байсан. Шүүгдэгч Ц.М “миний бие эхэлж зодооныг эхлүүлсэн, мөн С.Өтай бүлэглэн хохирогч Б.Мөнхбаярыг зодож, түүний биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин С.О зодоонд оролцоогүй, С.Ө бид хоёрыг хохирогчоос холдуулах оролдлого хийж байсан. Хэрэв С.О дундуур орж салгаагүй бол хохирогч Б.Мөнхбаярын эрүүл мэндэд илүү хохирол учрах байсан гэдгийг хэлмээр байна” гэдэг. Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1 дүгээр хавтас хэргийн 57-66 дугаар хуудсанд авагдсан зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл нь бодит байдалд нийцэхгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл учраас нотлох баримтаар тооцогдохгүй гэж үзэж байна. Үүнд хохирогч Б.Мөнхбаярын нүүр рүү 2-3 удаа цохисон хүн бол шүүгдэгч Ц.М. Энэ нь хохирогч Б.Мөнхбаярын өөрийнх нь мэдүүлэг /1хх 25/, гэрч Ө.Мөнхтулгын мэдүүлэг /1хх 30/, шүүгдэгч Э.Өсөхбаяр, Ц.М нарын мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Бодит байдал ийм байхад С.Оыг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Нөгөө талаас зурганд таньж олуулах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тул тэмдэглэл нь нотлох баримтаар тооцогдохгүй. Тухайлбал, таниулах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчиж таньж олуулах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй, мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 6, 7-д заасныг зөрчиж зөвхөн яллагдагч нарын дунд таньж олуулах ажиллагаа явуулсан, мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 9-д заасан нөхцөл үүсээгүй байхад гэрэл зурганд таньж олуулах ажиллагаа хийсэн. Энэ талаар шүүх хурлын өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бичгээр хүсэлт өгсөн боловч шийдвэрлээгүй орхигдуулсан. Хохирогч гэх Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор 2 удаа мэдүүлэг өгсөн /1хх 21, 25/ бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй. Анхан шатны шүүх 1 дүгээр хавтасны 16 дугаар талд байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэн гэм буруутайд тооцсон нь хууль бус. Өөрөөр хэлбэл Б.Мөнхбаяр нь маргаж буй эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцвол зохих этгээд болно. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай 44 тоот тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Б.Мөнхбаярын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус гэж үзэж байна. 1 дүгээр хавтасны 16 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Гэрч гэх Ө.Мөнхтулга мөрдөн байцаалтын шатанд 3-н удаа мэдүүлэг /1хх 27, 30, 31/ өгсөн. Түүний өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй бас тогтворгүй. Мөн яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй таардаггүй. Бодит байдал ийм байхад түүний мэдүүлгийг үнэлж дүгнэн С.Оыг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэд хэдэн нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Ө, Ц.М нар нь бүлэглэн хохирогч Б.Мөнхбаярын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн С.О энэ хэрэгт гэм буруугүй, харин салгах гэж оролдсон талаар тодорхой хэлсэн. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нарын хэн нь хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй. 1 дүгээр хавтасны 55 дугаар талд шинжээчээс мэдүүлэг авсан байдаг боловч нарийвчлан тогтоох боломжгүй гэж хариулсан байдаг. Тиймээс шинжээч эмч Т.Чимэд-Очирыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан. Шүүгдэгч С.О нь хохирогчийн биед гэмтэл учруулахад оролцоогүй, гэм буруугүй тул түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад зурганд таньж олуулах ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Хуульд дуу, дүрсний бичлэг хийж бэхжүүлж болно гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зурганд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд С.Өыг нэг гэж дугаарлан, Ц.Мыг хоёр гэж дугаарлан, С.Оыг гурав гэж дугаарлан хохирогч Мөнхбаяраас асуухад “нэг гэж дугаарласан хүн миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Дараа нь гурвуулаа нийлж намайг газар унагааж байгаад 1 гэж дугаарласан хүн миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед 1, 2 гэж дугаарласан хүмүүс намайг ээлжилж өшиглөж байсан. 3 гэж дугаарласан хүн намайг унаад босож ирсний дараа миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэр үед би 3 гэж дугаарласан хүнийг бариад авсан. Тэгсэн хажуу талаас 2 гэж дугаарласан хүн ирээд миний нүүр рүү дахин гараараа олон удаа цохисон. Тэгээд уг залуучууд зугтахаар нь 3 гэж дугаарласан залууг барьж авсан. Гурвуулаа л намайг нийлж цохиж зодсон. 1, 2 гэж дугаарласан хүмүүс намайг ихэвчлэн зодсон. 3 гэж дугаарласан хүн намайг 2 удаа цохисон. Мөн намайг барьж байгаад 2 гэж дугаарласан залуугаар зодуулсан” гэж мэдүүлсэн. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба Улсын Их хурлаас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй” гэж заасан тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.М, С.Ө, С.О нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн орчим хохирогч Б.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мөнхбаярын “...Гурван залуу зөрсөн. ...Араас нэг залуу Мөнхтулга бид хоёрыг “хоёр хошного минь үзэх үү” гэхээр нь тоолгүй явж байхад араас дахин дуудахаар нь зогсоод эргээд харахад бид хоёр дээр тэр гурван залуу хүрч ирсэн. Тэгэхэд тухайн залуучуудын нэг нь “боль” гэж хэлж дунд орж зогссон ба согтуу хүн байна гээд эргээд харахад 1 метр 76 см орчим өндөртэй залуу намайг заамдаж авсан. Энэ үед эрүүлжүүлэхэд байгаа залуу дундуур ороод намайг заамдсан залуу нүүр рүү нэг удаа цохисон. Би тэр залуутай заамдалцаж байхад араас 169 см орчим өндөртэй залуу нь миний үснээс зулгаагаад нүүр рүү цохиж эхэлсэн. Эрүүлжүүлэхэд байгаа залуу миний толгой руу хоёр удаа өшиглөсөн ба гурван залуу намайг нийлж зодсон. Би зодуулж байхдаа өндөр биетэй залууг бариад авсан чинь эрүүлжүүлэхэд байгаа залуу “намайг барьчих, цаадахаа тавьчих” гэхэд нь тавихад тэр гурван залуу зугтаад явсан. Тэгэхээр нь хойноос нь хөөж байгаад эрүүлжүүлэхэд байгаа залууг барьж авсан ба намайг зодсон залуу миний зүүн гарнаас хазаад тавиулах гэж оролдсон. Би гараа тавихгүй байхад тэр залуу миний нүүр хэсэг рүү 5 удаа гараараа цохисон. Би зуурч авсан залуугаа тавихгүй байхад нөгөө хоёр залуу нь зугтаад явсан. Эрүүлжүүлэхэд байгаа залуу намайг тавиулах гэж хоолой хэсэг рүү гар утсаараа хатгаж байхад ойролцоо байсан лоунжны гадаа зогсож байсан залуу цагдаа дуудсан. ...Тэр гурван залуу нилээн согтолттой байсан. ...Миний зүүн нүд язарч хавдан хөхөрсөн, толгойны баруун хэсэг хавдсан, толгой эргэж өвдөнө, зүүн гарын урд хэсэгт шүдний хазсан шархтай байна. ...” /хх 16-17/,

гэрч Ө.Мөнхтулгын “...2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед би найз Б.Мөнхбаярын хамтаар ...алхаад явж байсан чинь өөдөөс ирж явсан 3 залуу бид хоёртой зөрөх үедээ “хөөе муу хошногонууд минь” гээд араас хэлэхээр нь бид 2 эргэж харчихаад ямар нэгэн зүйл хэлээгүй буцаад явж байсан чинь шууд араас ирээд нөгөө хоёрыг бодвол арай өндөр нуруутай саравчтай цагаан малгай, цагаан цайвар хувцастай залуу манай найз Б.Мөнхбаярыг нүдэн тус газар гараараа цохисон чинь цус гарсан. Тэгсэн хамт явж байсан нөгөө хоёрыг бодвол арай намхан нуруутай бараан хар өнгийн хувцас өмссөн залуу Б.Мөнхбаярыг баруун талын шанааны орчим цохих үед хамт явж байсан цайвар хувцастай залуу салгах гэхэд нөгөө 2 залуу манай Б.Мөнхбаярыг газар унагаан цохиод байсан. Би салгах гээд Б.Мөнхбаярын урдуур орсон чинь хамгийн эхлээд цохисон саравчтай малгайтай залуу миний дух орчимд нэг удаа гараараа цохиод “дахин чамайг ойртох юм бол ална шүү” гэхээр нь би айгаад ойртож чадаагүй. Тэгээд хамгийн сүүлд салгах гээд байсан цайвар хувцастай залуу манай найз Б.Мөнхбаярын үснээс зулгааж, толгойг нь дээшээ харуулахад нөгөө 2 залуу Б.Мөнхбаярын нүүрэн тус газар цохиж байгаад гурвуулаа зугтаасан. Б.Мөнхбаяр хамгийн жижиг, намхан биетэй залууг барьж авсан чинь үснээс нь зулгаагаад байсан цайвар хувцастай залуу Б.Мөнхбаярын нуруу тус газарт 2 удаа өшиглөхөд намхан биетэй залуу зугтаагаад яваад өгсөн. Харин Б.Мөнхбаяр цайвар хувцастай өндөр залууг барьж авч үлдсэн. ...” /хх 27-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6309 дугаартай “...Б.Мөнхбаярын биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 53/ гэх дүгнэлт,

зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан “...С.Өыг 1 гэж дугаарлаж, Ц.Мыг 2 гэж дугаарлаж, С.Оыг 3 гэж дугаарлан мөрдөгч нь хохирогч Б.Мөнхбаяраас асуухад “1 гэж дугаарласан хүн нь миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Дараа нь гурвуулаа нийлж унагааж байгаад газар унасан хойно 1 гэж дугаарласан хүн нь цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед 1, 2 гэж дугаарласан хүн намайг ээлжилж өшиглөж байсан. 3 гэж дугаарласан хүн нь намайг унаад босоод ирсэний дараа миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэр үед би уг 3 гэж дугаарласан хүнийг бариад авсан. Тэгсэн чинь хажуугаас 2 дугаартай хүн ирээд миний нүүр рүү дахиж гараараа олон удаа цохисон. Тэгээд уг залуучууд зугтаахаар нь би 3 гэж дугаарласан залууг барьж аваад үлдсэн. ...гурвуулаа л намайг нийлж цохиж зодсон. 1, 2 гэж дугаарласан хүмүүс нь намайг ихэвчлэн зодсон. Харин 3 дахь нь намайг 2 удаа цохисон. Бас намайг барьж байгаад 2 дугаартай залуугаараа зодуулсан. ...” /хх 57-62/ гэх тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.М, С.Ө, С.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Ц.М, С.Ө, С.О нарын бүлэглэн иргэн Б.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, С.Өыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, С.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Батболд “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрх зүйн үнэт зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 3-т “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж заасан байдаг. ...Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдсөн гэх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг ямар ч тохиолдолд тодорхойлохгүй, түүнийг хэрэглэхгүй. ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг процессийн шинж чанарыг агуулсан хэм хэмжээ гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил учир 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Энэ үед анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан тул шүүгдэгч Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ёстой байсан. ...Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх “1 дүгээр хавтас хэргийн 57-66 дугаар хуудсанд авагдсан зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл нь бодит байдалд нийцэхгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл учраас нотлох баримтаар тооцогдохгүй гэж үзэж байна. ...зурганд таньж олуулах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тул тэмдэглэл нь нотлох баримтаар тооцогдохгүй. Тухайлбал, таниулах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчиж таньж олуулах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй, мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 6, 7-д заасныг зөрчиж зөвхөн яллагдагч нарын дунд таньж олуулах ажиллагаа явуулсан, мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 9-д заасан нөхцөл үүсээгүй байхад гэрэл зурганд таньж олуулах ажиллагаа хийсэн. ...Гэрч гэх Ө.Мөнхтулга мөрдөн байцаалтын шатанд 3-н удаа мэдүүлэг /1хх 27, 30, 31/ өгсөн. Түүний өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй бас тогтворгүй. ...Шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Ө, Ц.М нар нь бүлэглэн хохирогч Б.Мөнхбаярын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн С.О энэ хэрэгт гэм буруугүй, харин салгах гэж оролдсон талаар тодорхой хэлсэн. ...Шүүгдэгч С.О нь хохирогчийн биед гэмтэл учруулахад оролцоогүй, гэм буруугүй тул түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

            2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус заажээ.

            Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Мыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

            Хохирогч Б.Мөнхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ө.Мөнхтулгын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан “...гурвуулаа нийлж унагааж байгаад газар унасан хойно 1 гэж дугаарласан хүн нь цээж хэсэг рүү өшиглөсөн. ...3 гэж дугаарласан хүн нь намайг унаад босоод ирсэний дараа миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. ...гурвуулаа л намайг нийлж цохиж зодсон. ...Харин 3 дахь нь намайг 2 удаа цохисон. Бас намайг барьж байгаад 2 дугаартай залуугаараа зодуулсан. ...” гэх тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/607 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/607 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ