Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 622

 

Ц.М-, С.Ө-, С.О-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 607 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1050 дугаар магадлалтай, Ц.М-, С.Ө-, С.О- нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***, ял шийтгэлгүй З овогт С-н Ө-,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа уурхайд ажилладаг, ***, ял шийтгэлгүй, Т овогт Ц-н М-,

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй Б овогт С-н О-.

Ц.М-, С.Ө-, С.О- нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн орчим хохирогч Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.М-, С.Ө-, С.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, С.Ө-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, С.О-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нар хамтран гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын тодорхойлох хэсэгт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.М-ыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм... ” гэжээ.

Ц.М-, С.О- нарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарсан, үүнтэй маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

1.9 дүгээр зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр тус тус заасан байдаг.

Хэрэг учрал 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гарсан өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. Мөн зүйлийн 3-т үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно гэж заасан байдаг, харин ямар нэгэн дагаж мөрдөх журмын тухай хууль биш.

Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдсөн гэх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг ямар ч тохиолдолд тодорхойлохгүй, түүнийг хэрэглэхгүй.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай 69 тоот тогтоол үүнийг нотолно гэж үзэж байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт хохирогч Б.М- нь мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ө.Мөнхтулгын мэдүүлэг, ... Зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан ... гэх тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байх тул ... ” гэжээ. /ху-10/

Хохирогч Б.М- 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: цагаан өнгийн футболктой залуу нь салгах гээд нөгөө 2 залууг түлхэж холдуулаад салгатал ... Цагаан футболктой залуу салгах гэж холдуулахдаа намайг бас заамдсан ... /ху-25/

Гэрч Ө.Мөнхтулга 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Тэгтэл хамт явж байсан 2 залуу нь салгах гээд дундуур нь ороод Мөнхбаярын гарыг тавиулсан ... Хар саарал өнгийн хувцастай залуу нилээн зодсон. Нөгөө 2 залуу нь салгах гэж дундуур нь ороод байх шиг байсан гэж хэлсэн. /ху-30/

Шүүгдэгч Ц.М-, С.Ө- нарын мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт хэрэг учрал болоход зөвхөн салгасан, хохирогчийн биед гэмтэл учирсан үйлдэлд С.О-ыг оролцоогүй гэм буруугүй гэж байгаа.

Зурганд таньж олуулах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тул тэмдэглэл нь нотлох баримтаар тооцогдохгүй. Энэ талаар шүүх хурлын өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичгээр хүсэлт өгсөн боловч шийдвэрлээгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессийн шииж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэх үнэлэлт дүгнэлт хийсэн.

Онолын хувьд авч үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад процессийн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй, байх ч ёсгүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байхад анхан шатны шүүх процессийн шинж чанарыг агуулсан гэх үндэслэлээр хууль буцаан хэрэглэх зохицуулапт хамаарахгүй гэж дүгнэсэн өөрөөр хэлбэл зөвхөн процессийн эрх зүйд хамаардаг хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмьн материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ ашиглаж эрх зүйн үнэт зарчмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх түүнийг зөвтгөж засаагүйд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.О- нь хохирогч Б.М-ын биед хөнгөн хохирол учруулахад оролцоогүй, гэм буруугүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгч Г.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч С.О-, Ц.М-, С.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай  69 тоот тогтоолоор: Монгол улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн.

Тиймээс шүүгдэгч С.О-, Ц.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг Үндсэн хуулийн цэцэд тус маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэгдэх дуусах хүртэлх хугацаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан.

Гэвч хоёр шатны шүүх Үндсэн хуулийн цэцэд тус маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн эсэхийг үл харгалзан анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ хангалттай биелүүлээгүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Ц.М- миний бие эхэлж зодооныг эхлүүлсэн, мөн С.Ө-тай бүлэглэн хохирогч Б.М-ыг зодож, түүний биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин С.О- зодоонд оролцоогүй, С.Ө- бид хоёрыг хохирогчоос холдуулах оролдлого хийж байсан.

Хэрэв С.О- дундуур орж салгаагүй бол хохирогч Б.М-ын эрүүл мэндэд илүү ноцтой хохирол учрах байсан гэдгийг хэлмээр байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд томоохон нэмэлт өөрчлөлт орсон буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох агуулгатай өөрчлөлтийг оруулсан. Тухайн хэрэг нь уг хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн. Хоёр шатны шүүх хохирогч Б.М-ыг тогтвортой мэдүүлэг өгсөн, мөн гэрч н.Мөнхтулгын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр батлагдаж байна гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлэгт “цагаан өнгийн фодволктой залуу салгах гээд нөгөө хоёр залууг түлхэж холдуулсан, намайг заамдсан” гэдэг, гэрч н.Мөнхтулга “хамт явж байсан хоёр залуу нь салгах гээд дундуур нь ороод н.Мөнхбаярын гарыг тавиулсан, хар саарал өнгийн хувцастай залуу нилээд зодсон, нөгөө хоёр нь дундуур нь ороод салгах гээд байх шиг байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ө-, Ц.М- нар тухайн хэрэгт н.Отгонбаатар оролцоогүй, бид гурвыг салгасан талаар мэдүүлсэн. Мөн зурганд таньж олуулах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа учир нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэр болгох боломжгүй гэж үзэж байна. Таньж олуулах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулаагүй. Таньж олуулах ажиллагаанд зөвхөн яллагдагч нарыг оролцуулсан. Өөрөөр хэлбэл хэрэгт оролцсон болон хэрэгт оролцоогүй этгээдүүдийн зургийг хольж тавиад, эсхүл тухайн хүмүүсийг зэрэгцүүлж зогсоож байгаад таньж оруулах, оролцоог тодруулах байсан болов уу гэж харж байгаа. Тухайн шүүгдэгч нар нь таньж олуулах ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай үед зөвхөн зурганд таньж олуулах ажиллагаа хийгдэхээр зохицуулсан. Тухайн үед шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирж байсан. Энэ талаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан боловч ямар нэг байдлаар шийдвэрлэлгүй орхигдуулсан. Давж заалдах гомдолдоо энэ талаар дурдсан боловч хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Иймд С.О-ыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, нотлох баримтыг үнэлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, оролцогчдын эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.М-, С.Ө-, С.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Ц.М-, С.Ө- нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн орчим хохирогч Б.М-тай маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эдгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.М-, С.Ө- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Ц.М-, С.Ө- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх болсон үйл баримтыг тогтоож, түүнд эрх зүйн дүгнэлт хийхдээ, шүүгдэгч нартай цуг явж байсан С.О-ын үйлдлийн шинж чанар, агуулгын талаарх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа түүний дотор хохирогчоос мэдүүлэг авахад уг ажиллагааны нийтлэг журам зөрчигдсөн, энэ нь хэргийн үйл баримтын талаар хийх дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий байж болох нөхцөл байдал бүрдүүлсэн байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас тухайн маргаан зодооныг салгах зорилгоор оролцож байсан хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруу дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзвэл хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд С.О-ын оролцсон эсэх талаар харилцан зөрүүтэй баримтат мэдээлэл авагдсан, тодруулбал, хохирогч эхний мэдүүлэг өгөхдөө гурван залуу зодсон талаар мэдүүлсэн байх боловч дахин мэдүүлэг өгөхдөө “...цагаан өнгийн футболктой, цайвар өмд өмссөн залуу боль боль гээд салгаад дундуур ороод байсан. ...цагаан футболктой залуу салгах гээд нөгөө хоёрыгоо түлхэж холдуулаад байхад нөгөө 2 нь дайрсаар байсан. Өмнөх мөрдөн байцаагч зураг үзүүлээд мэдүүлэг авахдаа миний ярьсан зүйлийг зөрүүлж бичсэн байсан. Уншиж танилцаад гарын үсэг зурчих гээд өрөөнөөсөө гараад явчихсан тул буруу тэмдэглэгдсэн байна гэдгийг хэлж чадаагүй” гэж эхний мэдүүлэгт ташаа зүйл дурдагдсан шалтгааныг тайлбарласан, харин хохирогчтой цуг явсан гэх гэрч Ө.Мөнхтулга 3 удаа мэдүүлэг өгөхдөө хоорондоо зөрчилтэй буюу “зодсон, салгаад байх шиг байсан, тодорхой санахгүй байна” гэх зэргээр тогтворгүй байдлаар мэдүүлэг өгчээ.

Түүнчлэн, С.О-ын хувьд маргаан зодооныг таслан зогсоох, болиулах зорилготой байсан гэх дээрхтэй ижил агуулга бүхий зүйлийг тэрээр мөрдөн шалгах ажиллагааны эхнээс тогтвортой мэдүүлсэн төдийгүй, үүнийг Ц.М-, С.Ө- нар давхар баталж мэдүүлсэн байгаа эдгээр баримт бүрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг шүүх бодитой үнэлж чадаагүй, зөвхөн яллах талын баримтуудыг хэсэгчлэн, түүвэрлэн авч дүгнэсэн байх тул С.О-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зарим оролцогчийг цагаатгасан өөрчлөлт оруулж, С.О- болон түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын хамтран гаргасан “хохирогч Б.М-ын биед хөнгөн хохирол учруулахад оролцоогүй, гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгч Г.Батболд нарын хамтран гаргасан “...хэргийг түтгэлзүүлж шийдвэрлэх ёстой байсан тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 607 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1050 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, С.О-ыг гэм буруутайд тооцсон болон эрүүгийн хариуцлага оногдуулсан заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд С.О-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН