Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 607

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч С.Ө-, түүний өмгөөлөгч Ц.Амар

шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх

шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Ц.М, З овогт С.Ө-, Б овогт С.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905022810710 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо  0 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/, З овгийн С.Ө-

 

       2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа уурхайд ажилладаг, ам бүл 0, 0 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан шинэ хороолол 0 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/, Т овгийн Ц.М-

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Булган аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Сургуулийн 0 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:000000/, Б овгийн С.О-.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.М-, С.Ө-, С.О- нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн орчим хохирогч Б.М- зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байгаа. С.О- энэ асуудалд оролцоогүй. Би хохирогчид 243000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч С.Ө- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ц.М-, С.Ө-, С.О- бид 3 жаахан халамцуу явж байхад өөдөөс 2 залуу ирж байсан.  Тэр 2 залуугийн нэгтэй нь Ц.М- мөрлөлцөөд нэг залуугийнх нь нүүрэнд Ц.М- 2-3 удаа цохисон. Би Ц.М-аас тэр залууг салгаж байхдаа гэмтэл учруулсан байх магадлалтай.  Би өөрийн гэм буруу дээр маргахгүй. С.О- энэ асуудалд оролцоогүй. Би хохирогчид 243000 төгрөг өгсөн гэв.

 

       Шүүгдэгч С.О- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд зодоонд оролцоогүй. Би хохирогчид 243000 төгрөг өгсөн. Би эрүүлжүүлэхэд орсон.  Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Б.М- мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 21-ний оройн 23 цагийн өнгөрч байхад найз Мөнхтулгын хамт Алтай хотхоноос Баянхошуу руу алхаж явж байсан. Баянгол дүүргийн нутагт байх Үндэсний их сургуулийн эсрэг талын зам дагуу хороолол явах чиглэлд алхаад явж байтал хажуугаар гурван залуу зөрсөн. Тэгэхэд араас нэг залуу М- бид хоёрыг хоёр хошного минь минь үзэх үү гэхээр нь тоолгүй явж байхад араас дахин дуудахаар нь зогсоод эргээд харахад бид хоёр дээр тэр гурван залуу хүрч ирсэн. Тэгэхэд тухайн залуучуудын нэг нь боль гэж хэлж дунд орж зогссон ба согтуу хүн байна гээд эргээд харахад 1 м 76 см орчим өндөртэй залуу намайг заамдаж авсан. Энэ үед эрүүлжүүлэхэд байгаа залуу дундуур ороод намайг заамдсан залуу нүүр рүү нэг удаа цохисон. Би тэр залуутай заамдалцаж байхад намайг араас 169 см орчим өндөртэй залуу нь миний үснээс зулгаагаад нүүр рүү цохиж эхэлсэн. Эрүүлжүүлэхэд байгаа залуу миний толгой руу хоёр удаа өшиглөсөн ба гурван залуу намайг нийлж зодсон. Би зодуулж байхдаа өндөр биетэй залууг бариад авсан чинь эрүүлжүүлэхэд байгаа залуу намайг барьчих цаадахаа тавьчих гэхэд нь тавихад тэр гурван залуу зугтаад явсан. Тэгэхээр нь хойноос нь хөөж байгаад эрүүлжүүлэхэд байгаа залууг барьж авсан ба намайг зодсон залуу миний зүүн гарнаас хазаад тавиулах гэж оролдсон. Би гараа тавихгүй байхад тэр залуу миний нүүр хэсэг рүү 5 удаа гараараа цохисон. Тэгэхээр би зуурч авсан залуугаа тавихгүй байхад нөгөө хоёр залуу нь зугтаад явсан. Эрүүлжүүлэхэд байгаа залуу намайг тавиулах гэж хоолой хэсэг рүү гар утсаараа хатгаж байхад ойролцоо байсан лоунжны гадаа зогсож байсан залуу цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхээр нь намайг зодсон залуучуудын нэгийг эрүүлжүүлэхэд авчирсан. Би гар утсаа үзэхэд миний Samsung S7 edge маркийн гар утасны дэлгэц ажиллахаа больсон байна...Тэр гурван залуу нилээн согтолттой байсан. Би бол архи уугаагүй эрүүл байсан....Миний зүүн нүд язарч хавдан хөхөрсөн, толгойны баруун хэсэг хавдсан, толгой эргэж өвдөнө, зүүн гарын урд хэсэгт шүдний хазсан шархтай байна. Одоохондоо өөр гэмтэл мэдэгдэхгүй байна...Гомдолтой байна, зүгээр явж байгаад хүнд зодууллаа. Ахынхаа гар утсыг барьж яваад дэлгэцийг нь ажиллуулахгүй болголоо” гэсэн мэдүүлэг /хх-16-17/

Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-54х/,      

 

Мөрдөн байцаалтын явцад зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “С.Ө-ыг 1 гэж дугаарлаж /хх-ийн 59/,  Ц.М-ыг  2 гэж дугаарлаж /хх-ийн 59/,  С.О-ыг 3 гэж дугаарлан /хх-ийн 60/ мөрдөгч нь хохирогч Б.М-аас асуухад “1 гэж дугаарласан хүн нь миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Дараа нь 3-лаа нийлж унагааж байгаад намайг газар унасан хойно 1 гэж дугаарласан хүн нь цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед 1, 2 гэж дугаарласан хүн намайг ээлжилж өшиглөж байсан. 3 гэж дугаарласан хүн нь намайг унаад босоод ирсэний дараа миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэр үед би уг 3 гэж дугаарласан хүнийг бариад авсан. Тэгсэн чинь хажуугаас 2 дугаартай хүн ирээд миний нүүр рүү дахиж гараараа олон удаа цохисон. Тэгээд уг залуучууд зугтаахаар нь би 3 гэж дугаарласан залууг барьж аваад үлдсэн...3-лаа л намайг нийлж цохиж зодсон. 1, 2 гэж дугаарласан хүмүүс нь намайг ихэвчлэн зодсон. Харин 3 дахь нь намайг 2 удаа цохисон. Бас намайг барьж байгаад 2 дугаартай залуугаараа зодуулсан” гэжээ.  /хх-ийн 57-62/,    

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-66/

 

Гэрч Ө.М- мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед би найз Б.М- хамтаар Модны 2-оос Баянхошуу орох гээд Гандангийн хойд талын замаар алхаад явж байсан чинь өөдөөс ирж явсан 3 залуу бид 2-той зөрөх үедээ хөөе муу хошногонууд минь гээд араас хэлэхээр нь бид 2 эргэж харчихаад ямар нэгэн зүйл хэлээгүй буцаад явж байсан чинь шууд араас ирээд нөгөө 2-ыг бодвол арай өндөр нуруутай саравчтай цагаан малгай, цагаан цайвар хувцастай залуу ирээд манай найз Б.М- нүдэн тус газар гараараа цохисон чинь цус гарсан гэтэл хамт явж байсан нөгөө 2-ыг бодвол арай намхан нуруутай бараан хар өнгийн хувцас өмссөн залуу Б.М- баруун талын шанааны орчим цохих үед хамт явж байсан цайвар хувцастай залуу салгах гэхэд нөгөө 2 залуу манай Б.М- газар унагаан цохиод байхаар нь би салгах гээд Б.М- урдуур орсон чинь хамгийн эхлээд цохисон саравчтай малгайтай залуу миний дух орчимд нэг удаа гараараа цохиод дахин чамайг ойртох юм бол ална шүү гэхээр нь би айгаад ойртож чадаагүй. Тэгээд хамгийн сүүлд салгах гээд байсан цайвар хувцастай залуу манай найз Б.М- үснээс зулгааж толгойг нь дээшээ харуулахад нөгөө 2 залуу Б.М- нүүрэн тус газар цохиж байгаад 3-лаа зугтаасан чинь Б.М- хамгийн жижиг намхан биетэй залууг барьж авсан чинь үснээс нь зулгаагаад байсан цайвар хувцастай залуу Б.М- нуруу тус газарт 2 удаа өшиглөхөд намхан биетэй залуу зугтаагаад яваад өгсөн. Харин Б.М- цайвар хувцастай өндөрийг барьж авч би цагдаад дуудлага өгч миний өгсөн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч ирээд тэгээд анх салгаад байсан өндөр цайвар хувцастай залууг авч Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд оруулж манай найз Б.М- өргөдөл гарагж өгсөн... Нөгөө 2-ийг бодвол өндөр биетэй саравчтай малгай цайвар цагаан хувцастай залуу нь гараараа Б.М- зүүн нүдэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №6309 дугаартай дүгнэлтэнд: “Б.М- биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-ийн 53/

      

        Шинжээч Т.Ч- мөрдөн байцаалтанд: “Хүзүүний зулгаралт гэмтэл нь заамдах үед үүсэх боломжтой, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь толгой нүүр хэсэгт нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр цохих үед үүсэх боломжтой. Эхлээд нэг удаа цохиход үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/

 

Яллагдагч С.Ө- мөрдөн байцаалтанд:  “Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найзууд болох Ц.М-, С.О- нарын хамт уулзалдаад 2 шил 0,5 литрийн архи хувааж уугаад Модны 2-т байдаг бааранд орох гээд Гандангийн хойд талын замаар алхаад явж байсан юм. Бид 3-ыг явж байхад өөдөөс 2 залуу ирж байсан ба нэг залуу нь Ц.М-тай мөрлөлцчихсөн юм. Тэгэхэд Ц.М- “яаж байнаа” гээд эргээд хараад тэр залуутай заамдалцаад зууралдаад эхэлсэн. Тэгтэл тэр залуу Ц.М-ыг өргөөд газар унагаахаар нь би салгах гээд очтол намайг бас газар унагаачихсан. Тэгээд тэр залуу бид хоёрыг дээрээс дараад хөдөлгөхгүй байсан ба С.О- ирээд тэр залууг түлхээд холдуулахад Ц.М- газраас босоод тэр залуугийн нүүр рүү хэд хэдэн удаа гараа зангидаад цохичихсон юм. Тэгэхээр нь би Ц.М-ыг салгаад С.О- тэр залууг холдуулах гээд очиход нь С.О-ыг тэвэрч аваад цагдаа дуудчихсан байх гэж бодоод цагдааг хүлээж байгаад Ц.М- бид 2 бие засах гээд гудамж руу ороход Ц.М-ын таньдаг хүн нь таараад юм ярьж зогсоод удчихсан юм. Эргээд очиход С.О- байхгүй байсан. С.О- руу залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан болохоор бид 2 гэр гэр рүүгээ харьцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141/

Яллагдагч Ц.М- мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний  өдөр өөрийн найзууд болох С.Ө-, С.О- нартай 14-15 цагийн орчим сайн санахгүй байна. Уулзалдаад 0,5 литрийн 2 шилтэй архи хувааж уугаад 3-р хороололд байдаг нэг бааранд орох гээд Гандангийн хойд талд  алхаад явж байтал намайг нэг залуу мөрлөчихсөн юм. Би бараг унах шахаад намайг мөрлөсөн залуу “замаа харж яваач” гээд уурлатал тэр залуу гадуураа өмссөн байсан савхин хүрмээ тайлаад намайг зодох гээд дөхөөд ирсэн. Тэгээд бид 2 заамдалцаж авахад тэр залуу өөрийгөө “бөх барилддаг шүү би” гээд намайг газар унагаатал С.Ө- салгах гээд ирээд дийлэхгүй байсан ба С.Ө-ыг бас газар унагаачихаад гараараа дээрээс дараад хөдөлгөхгүй байсан юм. Тэгтэл С.О- ирээд тэр залууг хойноос татаад салгахаар нь би босож ирээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа эхлээд нэг удаа цохиход тэр залуугийн хөмсөгнөөс нь цус гараад байсан. Би одоо аль хөмсөгнөөс нь цус гарсныг санахгүй байсан.  Тэгээд тэр залуу С.О-ыг тэвэрчихээд чанга чанга орилоод байсан юм. Тэгэхэд би тэр залуутай хамт явж байсан залууд хандаж “найзыгаа аваад яв аа, одоо ингээд болъё” гэхэд тэр залуу “харин тийм ээ, би найзыгаа аваад явах гэхээр өөрөө болихгүй байна шүү дээ” гээд байсан юм. Тэгээд цагдаа дуудчих байх гэж би бодоод би С.Ө-тай хамт С.О-ыг орхиод явчихсан юм. Тухайн үед удаан үргэлжилсэн зодоон болоогүй, би савхин хүрэмтэй залуутай мөрлөлцсөнөөс болоод маргалдаад нүүр рүү нь эхлээд нэг удаа гараа зангидаж байгаад цохиод хоорондоо барилцаж аваад ноцолдож байх үедээ бас нүүр рүү нь цохисон байж магадгүй. Би өөр хүний биед халдаагүй. Надтай эхлээд мөрлөлцсөн савхин хүрэмтэй залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 145-146/

       Яллагдагч С.О- мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр найз болох С.Ө-, Ц.М- нартай уулзалдаад 0,5 литрийн хэмжээний 2 шил архи уучихаад 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан тэгчилэн хийдийн хойд талд Ц.М-, С.Ө- бид гурав 3-уулаа согтуу явж байсан ба эхлээд Ц.М- үл таних залуутай /хохирогч Б.М- гэх/ мөрлөлцөөд маргаан эхэлсэн. Тэр залуу Ц.М-ыг зодох гээд дайраад, бие биенийгээ хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд Ц.М- тэр залуутай маргалдаж байгаад хоорондоо барилцаж аваад ноцолдоод эхлэхээр нь С.Ө- салгах гээд очоод дийлэхгүй байсан. Тэр залуу өөрийгөө бөх барилддаг гээд агсамнаад байсан ба С.Ө-, Ц.М- хоёрыг газар унагааж байгаад дээр нь гараараа дараад байсан. Тэгэхээр нь би тэр залууг тэвэрч аваад холдуулаад салгатал С.Ө-, Ц.М- хоёр доор нь даруулсандаа шаралхаад дахиад зодолдох гээд дайраад байхаар нь би больцгоо гээд болиулсан. С.Ө-, Ц.М- хоёр газраас босож ирээд Ц.М- тэр залуугийн нүүр рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Ц.М-тай маргаан үүсгэсэн залуутай хамт явж байсан залуу хажууд хараад зогсож байсан. Тухайн үед Ц.М-тай маргалдаж зодолдсон хохирогч гэх залуугийн хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь би “хоёулаа гэмтлийн эмнэлэг очиж үзүүлье” гээд  гэмтлийн эмнэлэг рүү явж байхад цагдаа нар ирээд намайг саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 149-151/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Ц.М-ын  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, С.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, С.О-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

 

Шүүгдэгч нарын  гэм буруу болон хохирлын талаархи шүүхийн дүгнэлт:

Ц.М-, С.Ө-, С.О- нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн орчим хохирогч Б.М- зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-ын “...эргээд харахад 1м 76 см орчим өндөртэй залуу намайг заамдаж авсан. Энэ үед эрүүлжүүлэхэд байгаа залуу дундуур ороод намайг заамдсан залуу нүүр рүү нэг удаа цохисон. Би тэр залуутай заамдалцаж байхад намайг араас 169 см орчим өндөртэй залуу нь миний үснээс зулгаагаад нүүр рүү цохиж эхэлсэн. Эрүүлжүүлэхэд байгаа залуу миний толгой руу хоёр удаа өшиглөсөн ба гурван залуу намайг нийлж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч М- “....өөдөөс ирж явсан 3 залуу бид 2-той зөрөх үедээ хөөе муу хошногонууд минь гээд араас хэлээд...шууд араас ирээд нөгөө 2-ыг бодвол арай өндөр нуруутай саравчтай цагаан малгай, цагаан цайвар хувцастай залуу ирээд манай найз Б.М- нүдэн тус газар гараараа цохисон чинь цус гарсан... арай намхан нуруутай бараан хар өнгийн хувцас өмссөн залуу Б.М- баруун талын шанааны орчим цохих үед...цайвар хувцастай залуу манай найз Б.М- үснээс зулгааж толгойг нь дээшээ харуулахад нөгөө 2 залуу Б.М- нүүрэн тус газар цохиж байгаад 3-лаа зугтаасан чинь...нөгөө 2-ыг бодвол  өндөр биетэй саравчтай малгай цайвар цагаан хувцастай залуу нь гараараа Б.М- зүүн нүдэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/ болон шинжээчийн “Б.М- биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун хөлийн тавхайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  гэсэн дүгнэлт /хх-ийн 53/, мөрдөн байцаалтын явцад зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 57-62/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-66/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

      Гэм буруугийн талаар улсын яллагчаас “ шүүгдэгч С.Ө-, С.О-, Ц.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн,

     шүүгдэгч С.Ө-, Ц.М- нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар, Г.Батболд нараас “ гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн,  

     шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Ц.Гансүхээс “ С.О-ыг цагаатгах” санал дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.

 

       Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.О- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг бүлэглэж үйлдэхэд оролцсон болох нь: мөрдөн байцаалтын явцад зурганд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд”...С.О-ыг 3 гэж дугаарлан /хх-ийн 60/ мөрдөгч нь хохирогч Б.М-аас асуухад “...3-лаа нийлж унагааж байгаад...3 гэж дугаарласан хүн нь намайг унаад босоод ирсэний дараа миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон...3-лаа л намайг нийлж цохиж зодсон...3 дах нь намайг 2 удаа цохисон. Бас намайг барьж байгаад 2 дугаартай залуугаараа зодуулсан”  гэх ба /хх-ийн 57-62/,  мөрдөн байцаалтанд хохирогч   Б.М-ын “...эргээд харахад 1м 76 см орчим өндөртэй залуу намайг заамдаж авсан. Энэ үед эрүүлжүүлэхэд байгаа залуу дундуур ороод намайг заамдсан залуу нүүр рүү нэг удаа цохисон...эрүүлжүүлэхэд байгаа залуу миний толгой руу хоёр удаа өшиглөсөн ба гурван залуу намайг нийлж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч М- “...шууд араас ирээд нөгөө 2-ыг бодвол арай өндөр нуруутай саравчтай цагаан малгай, цагаан цайвар хувцастай залуу ирээд манай найз Б.М- нүдэн тус газар гараараа цохисон чинь цус гарсан...нөгөө 2-ыг бодвол  өндөр биетэй саравчтай малгай цайвар цагаан хувцастай залуу нь гараараа Б.М- зүүн нүдэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.

 

        Эдгээр баримтуудыг үгүйсгэж няцаах нотлох баримт болон шүүгдэгч С.О- дээрх гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэх байдал хэрэгт тогтоогдоогүй тул өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан дээрхи санал дүгнэлтийг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

        Шүүгдэгч С.Ө-, С.О-, Ц.М- нар бүлэглэн хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

         Иймд хяналтын прокуророос С.Ө-, С.О-, Ц.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх хянан хэлэлцээд  шүүгдэгч С.Ө-, С.О-, Ц.М- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 Мөрдөн байцаалтанд хохирогч Б.М-аас гаргасан “ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт нь шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй тооцох үндэслэл болно.  

 

          Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч С.Ө-, Ц.М- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай өмгөөлөгч Ц.Амар, Г.Батболд нарын хүсэлтийн тухайд;

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.М-, С.Ө-, С.О- нарыг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд өмгөөлөгч Ц.Амар, Г.Батболд нараас гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

        Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Ц.М-, С.Ө-, С.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

       Нэр бүхий шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

      Шүүгдэгч С.Ө-, С.О-, Ц.М- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирлын хэр хэмжээ болон тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Т овогт Ц.М-, З овогт С.Ө-, Б овогт С.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, С.Ө-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, С.О-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Ц.М-, С.Ө-, С. С.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ