Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0397/З |
Дугаар | 128/ШШ2019/209 |
Огноо | 2019-04-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2019/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Л
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 56 дугаар хэсэгт заасан Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн хавсралтын 52 дугаар хэсэгт заасан Б.А нарт газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, О.С, гуравдагч этгээд Б.М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Л миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын зусланд Дээд шүүхийн зуслан байх үеэс сахиулаар мал маллан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Амьдарч байгаа газраа зуслангийн зориулалтаар эзэмших хүсэлтээ 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-иар кадастрын зураг хийлгүүлэн хамтад нь Чингэлтэй дүүргийн газрын албан өгсөн. Чингэлтэй дүүргийн Газрын албанаас өргөдлийнхөө хариуг авахаар удаа дараа очсон боловч Хүлээж бай, таны асуудал болно гэсээр өдий хүрсэн. 2016 оны 07 дугаар сард хэсэг хүмүүс бидний эзгүй хойгуур үүнийг мэдсэн даруйдаа очиж уулзахад энэ газрыг бид авсан манай эзэмшилд захирамж гарсан гэсэн тайлбар өгсөн. Насаараа шахуу амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтээ удаа дараа өгсөөр байхад иргэн миний хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөөгүй байж тэнд амьдарч байгаагүй өөр хүмүүст эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосонд гомдолтой байна.
Энэ тухай гомдлоо Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан боловч 2016 оны 12 дугаар сарын21-ны өдөр Та өргөдлөө буцаан авсан байна гэсэн хариу өгсөн би 2007, 2013, 2015 онуудад газар эзэмших өргөдөл удаа дараа өгч байсан би энэ газрыг эзэмших өргөдөл буцаан авч байгаагүй юм.
Ингээд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн өргөдөл гаргахад 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4 хуудас материалаа буцаан авсан байна. Иймд Засаг даргын А/479, А/699 дүгээр захирамжуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Та дээрх асуудлаарх гомдлоо харьяа дүүргийн шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Газрын албаны архивыг шүүж үзэхэд тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн зусланд 2013 онд газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан ба дүүргийн Газрын албанд хороо хариуцсан газар зохион байгуулагч иргэн Ц.Л хариу мэдэгдэх хуудсаар хариу өгч 4 хуудас материалыг буцаан өгсөн байна. Иргэн Ц.Л нь нэхэмжлэлд дурдсан 2007 он, 201 онуудад дүүргийн Газрын албанд газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан талаар Газрын албаны архивт мэдээлэл байхгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалтад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх гэж заасан бүрэн эрх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтад Энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасны дагуу иргэний газар эзэмших, ашиглах хүсэлтийг шийдвэрлэдэг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 08 дугаар сарын16-ны өдөр өөрийн сонгосон зуслангийн газраа Чингэлтэй дүүргийн Газрын албаны байцаагч н.Б гэдэг хүнд үзүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хашаалж, амьдарч эхэлсэн билээ. Тэгээд газар эзэмших зөвшөөрөл авахаар хөөцөлдөж эхэлсэн боловч тухайн үед газар дахин төлөвлөлтийн үед таарч шийдэж өгөөгүй явсаар 2015 онтой золгосон.
Ингээд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр замын трассд орсон хэсэг газрыг чөлөөлж өгөн зам өргөтгөлийн ажил дууссаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар дахин хандсаны үндсэн дээр 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилгээ гарсан.
Энэ бүх хугацаанд иргэн Ц.Л гуай надтай газрын талаар маргаан үүсгэж байгаагүй бөгөөд зөвхөн хүү нь гэх хүн ямар ч бичиг баримт, кадастрын зураг үзүүлэхгүй хэрнээ хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэр үед би хүний газар буусан юм болов уу гэж бодоод газрын албанд хандахад та санаа зоволтгүй ямар ч эрхийн зөрчилгүй байна гэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А миний бие Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богинод зуслгангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг 2015 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн Газрын албанд хууль ёсны дагуу гаргаж улмаар тус оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/699 дүгээр захирамжаар баталгаажуулан авсан.
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/754 дүгээр захирамжаар өөрийн танил болох Т.Б-д газар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн болно гэжээ.
Гуравдагч этгээд Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь уг маргаан бүхий захирамжид дурдагдаж буй газрыг хууль, тогтоомжийн дагуу эзэмшигчээс нь шилжүүлэн авсан ба өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсны дараа хувийн хөрөнгөөрөө хашаа барьсан. Гэтэл нэгэнт уг газрыг эзэмших эрхтэй огт хамааралгүй этгээд болох Ц.Л гэнэт гарч ирэн энэ газар манай газар хэмээн маргалдах болсон.
Би 2016 оны сүүлээр миний нэр дээр газраа шилжүүлэн өгсөн иргэд хууль ёсны эзэмшигч мөн байсан эсэхийг шалгахад ямар нэгэн асуудал байгаагүй. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргыг алдаа гарган уг газрыг хэд хэдэн этгээдэд эзэмшүүлсэн шийдвэр гаргасан эсэхийг шалгатал иргэн Ц.Л-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ гаргасан асуудал огт байгаагүй учир миний бие энэ асуудлыг тоогоогүй.
Гэтэл иргэн Ц.Л байн байн ирж хэрүүл маргаан гарган асуудал үүсгэх болсон. Миний бие тус газар дээр хашаа барьсан ба газар хөдлөхөөс өмнө яаралтай барилга барин ашиглах хүсэлтэй байсан хэдий ч нэхэмжлэгч асуудал үүсгэсээр байгаа тул газраа ашиглаж чадахгүй байдал үүсээд байна.
Нэгэнт уг асуудлын талаар яригдсан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/479, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 тоот захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байгаа зэргийг харгалзан үзэж иргэн Ц.Л-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний хууль, ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 56 дугаар хэсэгт заасан Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн хавсралтын 52 дугаар хэсэгт заасан Б.А нарт газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Уг маргаан бүхий газар дээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.М-д Чингэлтэй дүүргийн Яргайтын богинод 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.А-д Чингэлтэй дүүргийн Яргайтын богинод 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг[1] 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А/754 дүгээр захирамжаар[2] Т.Б-д шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Ц.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа ...2007 он, 2013 он, 2015 онд газар эзэмших өргөдлийг Чингэлтэй дүүргийн газрын албанд удаа дараа гаргаж байсан боловч, уг өргөдлийг шийдвэрлэхгүй байсан атлаа миний хүсэлт гаргасан газартай давхцуулан Б.М, Б.А нарт газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон[3].
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас иргэн Ц.Л нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, харин 17 дугаар хороонд газар эзэмших хүсэлт гаргаж байсныг түүний хүсэлтээр өргөдлийг буцааж өгсөн тул эрхийг нь зөрчөөгүй гэж тайлбарлаж, 17 дугаар хороонд нэхэмжлэгч өргөдөл гаргасан гэдгийг бүртгэл хяналтын карт дээрх 17 дугаар хороо гэсэн тэмдэглэлтэй байгаагаар нотлогдож байна гэсэн тайлбар гаргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл иргэн Ц.Л нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт биш, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу өөрийн амьдарч байгаа гэх газрыг эзэмшихээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад өргөдөл гаргажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинод Ц.Л нь олон жил амьдарч байсан, уг газраа эзэмших хүсэлт өгч байсан нь гэрчийн мэдүүлгүүд[4], Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл[5], 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг[6], 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах газрыг эзэмшихээр гаргасан хүсэлт[7], эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас[8], М ХХК-иар хийлгэсэн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн кадастрын зураг[9], хэргийн оролцогчдын тайлбар[10] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт газар эзэмших хүсэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримтуудыг тусгасан бөгөөд 32.2.1 дэх заалтад Овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар 32.2.2 дахь заалтад Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3 дахь заалтад газар эзэмших зориулалт, хугацаа гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Л дээрх хуульд зааснаар шүүхэд гаргаж өгсөн баримт болох 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-иар хийлгэсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинод байрлах газрын кадастрын зураг[11], мөн эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас[12], газар эзэмших хүсэлт[13], иргэний үнэмлэхийн хуулбар[14] нийт 4 хуудас баримтыг[15] Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргаж өгсөн нь өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрээс харагдаж байна.
Харин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн өргөдлөө буцааж авсан[16] гэж өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картын маягтад тэмдэглэгдсэн боловч шинжээчийн дүгнэлтэд[17] буцаан олгосон материалыг хүлээж авсан хүний гарын үсэг Ц.Л-ийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтээс үзвэл түүнд өргөдлийг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байна. .
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь 2015 онд гарсан байгаагаас үзвэл 2013 онд нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлт өгөх үед уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан байх тул газар эзэмших хүсэлтийг түрүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
Харин Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/854 дугаар албан бичгээр[18] Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 04 дүгээр сарын архивын зурган мэдээллээс гуравдагч этгээдүүдийн эзэмшиж байгаа газартай М ХХК-иар иргэн Ц.Л-ийн хийлгэсэн нэгж талбарын кадастрын зургийг давхцуулсан байдлаар ирүүлсэн бөгөөд гуравдагч этгээд Б.М-ны газартай нэхэмжлэгчийн газар давхцуулаагүй, харин Б.А-ын газартай 147.71 м.кв хэмжээгээр давхацсан гэжээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар Б.А-д эзэмшүүлсэн 700 м.кв газраас нэхэмжлэгч Ц.Л-ийн хүсэлт гаргаж байсан газартай 147.71 м.кв хэмжээгээр давхацсан байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.М-д эзэмшүүлсэн 700 м.кв газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байсан газартай давхцаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Л-ээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн хавсралтын 52 дугаар хэсэгт заасан Б.А-д холбогдох хэсгээс 147.71 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 56 дугаар хэсэгт заасан Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас
[4] 2 дугаар хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 167-172 дугаар хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудасны ар тал
[15] Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд 2 хувь байсан материалын нэг хувийг шүүхэд өгсөн гэж тайлбарласан.
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[17] 2 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас
[18] 2 дугаар хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас