Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 175

 

Ц.Л-гийн нэхэмжлэлтэй,

          Чингэлтэй дүүргийн Засаг даргад

        холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Ч.Тунгалаг

Шүүгчид:                                  Г.Банзрагч

                                                 Б.Мөнхтуяа

                                                 Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                        М.Батсуурь

Нарийн бичгийн дарга        С.Баяртуяа, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Батсүхэд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0860 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0860 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Л-гийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б-д газар эзэмшүүлсэн хэсгээс Ц.Л-гийн хүсэлт гаргасан газартай давхацсан хэсгээр /147,71 м.кв/ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй, харин 17 дугаар хороонд гаргасан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн газрын албаны архивын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон. Мөн уг дэвтэрт бүртгэгдсэнээр нэхэмжлэгч нь тухайн хүсэлтэд хавсаргасан баримтуудаа буцаан авснаар захиргааны байгууллага хүсэлтийг хаасан байна.

4. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтуудаа буцаан аваагүй, үнэхээр 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргаж байхад захиргааны байгууллага түүний хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн атлаа шийдвэр гаргахгүй байсан бол 2013 онд хүсэлт гаргаснаас хойш хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан маргах боломжтой байтал тэрээр маргаагүй, үүнээс хойш 4 жил гаруй хугацааны дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бусдын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 17 дугаар хороонд газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс өмнө хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн байна.

6. Мөн давж заалдах шатны шүүхээс “...маргаан бүхий газарт “Монсервэй” ХХК кадастрын зураг үйлдсэн нь... тухайн газарт мал маллан амьдарч байсан нь 2013 онд газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэхээр байна...” гэж дүгнэж, гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий 147,71 м.кв газрыг давхацсан гэж үзэж хүчингүй болгосон нь Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.1-д заасантай нийцээгүй байна. Газрыг зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах бөгөөд тухайн газраа олон жил мал маллан амьдарч байсан нь хуулийн дагуу газар ашиглаж байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

7. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хавтаст хэрэгт буй: нэхэмжлэгч Ц.Л нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргаж, 5 хуудас баримт гаргаж өгсөн нь Өргөдөл, гомдлын бүртгэлийн 1370 дугаар бүртгэгдсэн; уг хүсэлтэд 17/26 дугаартай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу өгөх мэдэгдэл”-ээр “хүсэлт шийдвэрлэх боломжгүй” талаар хариу өгч, “материал буцаан олгов” (2014 оны 1 дүгээр сарын 7) гэж Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягтад тэмдэглэсэн; “М” ХХК-иар (2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн огноотой) Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах 350.59 м.кв газрын кадастрын зураг үйлдүүлсэн /тухайн компаний захирал Д.Энхтүвшин гэрчээр асуугдахдаа хүлээн зөвшөөрсөн/; нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт үхэр маллан олон жил амьдарч байсан талаар гэрч М.Лүнрэг мэдүүлсэн; маргаан бүхий газарт гуравдагч этгээдээс урьтаж нэхэмжлэгч модон хашаа барьсан байсныг гуравдагч этгээд буулгаж төмрөн хашаагаар хашаалсан, мөн уг газарт нэхэмжлэгчийн контейнер одоо хүртэл байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон зэргийг үндэслэж, “Ц.Л нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдарч байсан үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд олон жил амьдарч байсан Яргайтын богинын зуслан буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмших хүсэлтээ гаргасан нь бодит байдалд үнэн зөвд тооцохоор байна” гэсэн дүгнэлт хийж, газрын давхацсан хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв, “... нэхэмжлэгчийг хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй ...” гэсэн гомдол үгүйсгэгдэж байна.

9. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална” гээд 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан; нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн болон гуравдагч этгээдийн эзэмшил үүссэн газар нь 147.71 м.кв хэмжээгээр давхацсан энэхүү маргааны тухайд, тухайн газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хэн түрүүлж гаргасан талаарх үйл баримтыг тогтоох нь ач холбогдолтой бөгөөд ийнхүү түрүүлж үүссэн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хангах нь хуулийн энэхүү зарчим, зохицуулалтад нийцнэ.

10. Тиймээс нэхэмжлэгч Ц.Л-гийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших талаар захиргааны байгууллагад түрүүлж хүсэлт гаргасан байхад “...газрын төлөвлөлт хийгдэж байгаа учир хүсэлт шийдвэрлэх боломжгүй...” талаар хариу өгсөн атлаа цаг хугацааны хувьд үүний дараа гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар Б.А-д, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Т.Батсүхэд газар эзэмших эрх олгосон нь дээрх хуульд нийцэхгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Ц.Л-гийн хүсэлт гаргасан газартай давхацсан хэсгээр хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн, “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцэхгүй, ... олон жил мал маллан амьдарч байсныг хуулийн дагуу газар ашиглаж байсан гэж үзэхгүй ...” гэх гомдол няцаагдаж байна.

11. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                         М.БАТСУУРЬ