Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0154

 

Ц.Л-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Ш.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Л-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 860 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Л-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Л-ийн 2013 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, 17 дугаар хороонд хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдан маргаж байгаа боловч Газрын албанаас Ц.Л-ийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогджээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрх нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй баримтууд байдаг. Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримт болох өргөдөл гомдлын бүртгэлийн шийдвэрлэсэн хүснэгтэд хэзээ хэрхэн шийдвэрлэсэн хэсэгт ХӨМ 17/26 гэсэн, сар, өдөр хэсэгт 11 сарын 7 гэсэн, хариуг эзэнд нь ямар журмаар мэдэгдсэн хэсэгт бичиглэл байхгүй хоосон байдаг. Гэтэл Газрын албаны Хариу өгөх мэдэгдэл 17/26 дугаартай баримтын огноо 2013 оны 11 сарын 01-ны өдрөөр огноологдсон. Хэрэв энэхүү өргөдлийн хариуг өргөдөл гаргагчид буюу эзэнд нь мэдэгдсэн бол ямар журмаар хэрхэн яаж мэдэгдсэн талаар өргөдөл гомдлын бүртгэлд тэмдэглэх ёстой. Мөн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт гэх баримтад материал буцааж олгов гэсэн бичиглэлтэй он засвартай нотлох баримт байдаг бөгөөд үүн дээр материал буцааж авав гэж Ц.Л эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй Л.Пүрэвдолжин ч гэрчээр мэдүүлэг өгөхдөө хариу өгөх мэдэгдлийг хэнд мэдэгдсэн, өргөдөл болон түүнд хавсаргасан баримтыг хэнд хүлээлгэж өгснөө нотолж чаддаггүй. Дээрх баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Ц.Л нь газар эзэмшихээр Чингэлтэй дүүргийн 17-р хороонд хүсэлт гаргаад Газрын албаны мэдэгдлийн дагуу хүсэлтээ буцааж авсан гэж дүгнэх боломжгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, нэхэмжлэгч Ц.Лг 2013 онд хүсэлт гаргах үед уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан тул өргөдөл, хүсэлт түрүүлж өгсний хувьд Ц.Л-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.      

            Нэхэмжлэгч Ц.Л нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тухайн газарт 2007 онд кадастрын зураг хийлгэж, 2013 онд газар эзэмших хүсэлт гаргасан атал уг газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Л нь Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах 350,59 м.кв газрын кадастрын зураг /“М” ХХК-иар гүйцэтгүүлсэн/, Эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас зэрэг 5 хуудас баримт гаргаж өгсөн нь тус байгууллагын Өргөдөл, гомдлын бүртгэлийн 1370 дугаар бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйл баримт болон маргаан бүхий газарт “М” ХХК кадастрын зураг үйлдсэн нь нотлогдож байгаа нөхцөл байдал /гэрч Д.Э тухайн байршилд кадастр хийсэн талаар мэдүүлдэг/, мөн нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт үхэр маллан олон жил амьдарч байсан талаар гэрч М.Лүнрэг мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийвэл Ц.Л нь 2013 онд тухайн газрыг буюу 19 дүгээр хороонд газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ц.Л нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдарч байсан үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд олон жил амьдарч байсан Яргайтын богинын зуслан буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмших хүсэлтээ гаргасан нь бодит байдалд үнэн зөвд тооцохооор байна.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй “өргөдөл гомдлын бүртгэлд 17 дугаар хороо гэж бүртгэгдсэн, 17 дугаар хороог хариуцдаг газар зохион байгуулагчид өргөдөл нь цохогдсон” гэх үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь нотлогдсон гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай уялдаагүй, захиргааны байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойг анхаараагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй.

Улмаар хэрэгт авагдсан 17/26 дугаартай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу өгөх мэдэгдэл болон “материал буцаан олгов” гэж тэмдэглэгдсэн Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягтад 2013.8.13 гэж бичигдсэн огноо зөрүүтэй, хариуг хэнд өгсөн нь тодорхойгүй байгаа тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Ц.Л-ийн гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн гэж шууд дүгнэх боломжгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь бодит байдал дээр хашаа барин амьдарч байсан нь нотлогдсон, хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээдээс түрүүлж гаргасан байгаа энэ тохиолдолд түрүүлж үүссэн эрхийг хамгаалах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг болно.

Дээрхийг дүгнэвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар Б.А-д, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Т.Батсүхэд газар эзэмших эрх олгохдоо нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газраас 147,71 м.кв хэмжээгээр давхцуулж олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана” гэж төрөөс газрын талаар баримтлах зарчмыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Б-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Ц.Л-ийн хүсэлт гаргасан газартай давхацсан хэсгээр /147,71 м.кв/ хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн Т.Батсүхэд газар эзэмшүүлсэн хэсгээс Ц.Л-ийн хүсэлт гаргасан газартай давхацсан хэсгээр /147,71 м.кв/ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                   Ц.Цогт

                ШҮҮГЧ                                                   Э.Лхагвасүрэн    

                ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН