Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 182/2019/01404/И |
Дугаар | 182/шш2022/00504 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 182/шш2022/00504
2022 02 24 | 182/ШШ2022/00504 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 4,028,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь хариуцагч Д.Бид холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 4,028,387 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Д.Б нь 2015 оны 01 сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр 7,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1.60 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлж авсан байдаг. Тэрээр зээл авах үедээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн мөнгө хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 1472 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй, үүргийн зөрчил үүссэн.
1.2.Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Д.Б нь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн б-ё/2591 дүгээр албан тоотыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 3011602296 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр 4,028,387 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн.
Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д ...талууд гэрээгээр шаардах эрхээ тохиролцсон бол шаардах эрх шилжинэ... гэж заасны дагуу гэрээгээр нөхөн төлбөр олгосон тохиолдолд төлбөрийн хэмжээгээр банкны зээл эргэн шаардах эрх даатгалын компанид шилжинэ гэж заасан. Энэ заалтын дагуу даатгалын нөхөн төлбөрт олгосон 4,028,387 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
1.3.Банкны хувьд зээлдэгч, даатгалын гэрээний хувьд банкнаас зээл авсан хүний зээл, даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэлд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл банк бол цалингийн зээлийн эзэн даатгагдсан буюу өөрөөс гарч буй бүтээгдэхүүний эрсдэлээ Улаанбаатар хотын банк ХХК манайд даатгуулсан. Нөхөн төлбөр олгох тушаал дээр Д.Б гэж бичиж байгаа нь ямар учиртай вэ гэвэл Улаанбаатар хотын банк ХХК-иас даатгалын хураамжид тэдэн төгрөг гээд хэн нэгний нэрийг бичихгүй орхих юм бол төлж байгаа мөнгийг аль зээлдэгч нь зээлээ төлж байгаа нь харагдахгүй болно. Ийм учраас зээлдэгчийн нэрээр бичсэн юм. Мөн нийт зээл авч байгаа хүмүүсийн зээлийн эрсдэл нь даатгалын гэрээнд хамаарч байгаа гэдэг байдлаар гэрээн дээрээ нэр томъёо ашигласан нь ойлгомжгүй байдал үүссэн ба даатгалын хураамжийг зээлдэгчээс аваагүй.
1.4.Энэ нь хариуцлагын даатгал биш, ямар нэгэн албан журмын даатгал биш, харин сайн дурын даатгал юм. Сайн дурын даатгалыг Улаанбаатар хотын банк ХХК өөрөө өөрийнхөө гаргаж буй цалингийн зээл, бүтээгдэхүүний эрсдэлээс сэргийлж Практикал даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан.
1.5.Бид нар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргаад Улаанбаатар хотын банк ХХК-д нөхөн төлбөрийг олгосон. Тэгээд гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тооцвол 2019 оны 07 дугаар сард дуусахаар байгаа юм. Биднийхувьд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлээ гаргасан.
1.6.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Д.Боос 4,028,387 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.Миний бие 2015 оны 01 сарын 15-ны өдөр цалингийн зээл 7,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.60 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тушаалаар өндөр настны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 сарын 15-нд Улаанбаатар хотын банкнаас зээлийн эдийн засагч ирж зээлийг чинь хаасан гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл 2019 оны 06 сарын 28-ны өдөр шүүхээс дуудаж, очиж уулзахад ийм нэхэмжлэл гаргасныг танилцлаа. Бүхэл бүтэн 4 жилийн дараа мөнгө төл гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний хувьд зээлийг хаасан мөртлөө одоо нэхэж байгааг маш их гайхаж байна. Хэрвээ би зээлтэй байсан бол 4 жил гаруйн хугацаанд нэхэхгүй яасан юм бэ? Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2.Миний хүү П.Цэрэнцогтох нь хөлний төв мэдрэлийн судас тасарснаас болж явж чадахгүй хэвтэрт байгаа, хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй гээд амьдралын хүнд нөхцөлд амьдарч байна. Тэтгэврийн зээл авч хүүгийнхээ эмчилгээнд зарцуулж байна. Хөлийг нь хатигшлаад хөлний эд эсүүд үхээд маш хүнд байдалд байна. Өөрсдийн идэх хоолны мөнгөө ч хумиад хүүгийнхээ эмчилгээнд зарж байна.
2.3.Намайг ажиллаж байх хугацаанд Практикал даатгал ХХК-тай даатгалтай гэсэн мэдээллийг Улаанбаатар хотын банк ХХК хэлээгүй. Шүүхэд дуудагдсанаас хойш мэдсэн. Зээлийн гэрээ хаах хүртэл надад юу ч хэлээгүй. Тэгээд цалингийн зээлийн үлдэгдэл болох 3,700,000 төгрөгийг хаав гээд гарын үсэг зуруулсан. Бид нар цалингийн зээлээ төлөхдөө өөрсдөө төлдөг байсан. Би энэ талаар мэдээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.4. Бид нар тэтгэвэрт гарахдаа улсаас нөхөн олговор авдаг учраас уг нөхөн олговрыг аваад зээл хаасан байх гэж бодоод нөхөн олговороо хөөцөлдөөгүй орхисон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.Практикал даатгал ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 30/1602296 дугаартай Нөхөн төлбөр олгох тухай тушаал /хх-6/
3.2.Улаанбаатар хотын банкны 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6-ё/2591 дугаартай албан бичиг /хх-7/
3.3.2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Цалингийн зээлийн болон барьцааны ЦЗГ1208/150115 дугаартай гэрээ /хх-8/
3.4.2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын ЦЗЭ30С14100534-3 дугаартай гэрээ /хх-9-11/
3.5.2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ХА30С/14100534 дугаартай Хамтран ажиллах гэрээ /хх43-44/
3.6.2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 30С14100534-3/2 дугаартай, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30С14100534-3/3 дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт /хх45-47/
3.7.2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ИБГ-ХАГ-17/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх48/
4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1.2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №201844181866 дугаартай, №201844029167 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ /хх 20-21/
4.2.Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганболд танаа гэх П.Цэрэнтогтохын өргөдөл /хх-22/
4.3.Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 196619 дугаартай тодорхойлолт /хх-28/
4.4.Мэдрэлийн эмнэлгийн Электроейрографи /хх-29-31/
5.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
5.1.Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх41-42/
5.2.Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ъ/1472 дугаартай Д.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-101/
5.3.Д.Бийн Зээлийн дансны хуулга /хх-103-104/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д.Бийн цалингийн зээлийн үлдэгдэл 4,028,387 төгрөгийг даатгалын гэрээний дагуу эрсдэл үүссэн гэж үзэж, Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн, энэ нь сайн дурын даатгал бөгөөд даатгалыг Улаанбаатар хотын банк ХХК, П ХХК-тай бүтгээдэхүүний эрсдлээс урьдчилан сэргийлж даатгалын гэрээ байгуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүү маань хүнд өвчтэй, амьдралын боломж муу, даатгалын компанитай гэрээ байгуулсаныг мэдээгүй, зээлийг хаасан гэж надад өмнө нь мэдэгдсэн байхад одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б нь Улаанбаатар хотын банк ХХК-тай Цалингийн зээлийн болон барьцааны ЦЗГ1208/150115 дугаартай гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 1,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх 8/
4.2.Улаанбаатар хотын банк ХХК нь П ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын ЦЗЭ30С14100534-3 дугаартай гэрээ, Хамтран ажиллах ХА30С/14100534 дугаартай гэрээ байгуулж, дээрх гэрээнүүдэд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 30С14100534-3/2 дугаартай, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30С14100534-3/3 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ИБГ-ХАГ-17/02 дугаартай гэрээнүүдээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх 9-11,43-48/
Дээрх Хамтран ажиллах гэрээ болон Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээнд дэд даатгуулагчийн эрх, үүргийг тусгаж, дээрх гэрээ дэд даатгуулагчид хамааралтай мэт боловч гэрээний талууд нь Улаанбаатар хотын банк ХХК, П ХХК байх бөгөөд гэрээ компаниудын хооронд байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч талаас уг гэрээнүүдэд зээлдэгчид хамаарах эрх, үүргийн харилцааг оруулсан шалтгаанаа Улаанбаатар хотын банк ХХК нь өөрт учирч болзошгүй эрсдлээ даатгуулсан, анх цалингийн зээлийн эрсдлийн даатгалыг Улаанбаатар хотын банк ХХК-ийн зээлдэгчтэй хийх гэж байсан боловч Улаанбаатар хотын банк ХХК өөрөө цалингийн зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулая гэсэн тул тухайн үед гэрээгээ өөрчлөхдөө өмнөх байсан гэрээний заалтан дээр дэд даатгуулагчаа хасахгүйгээр даатгуулагч гээд давхар оруулсан байсан. Энэ гэрээ нь Улаанбаатар хотын банк ХХК, П ХХК-д хамаатай, дэд даатгуулагч буюу зээлдүүлэгчид хамааралгүй нь 7.3, 10.5 гэсэн заалтаас харагдана. Өөрөөр хэлбэл бид нар энэ хүнийг даатгаад хураамж аваад даатгалын гэрээ байгуулсан бол даатгуулагчаасаа нөхөн төлбөр авах тухай заалт оруулахгүй байх байсан гэж тайлбарласан.
Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний зүйл нь уг гэрээний 4.1-д зааснаар "даатгалын компанид хураамж төлсөн дэд даатгуулагч болон хамтран зээлдэгч тус бүрийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл байна" гэсэн ба 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулж, "нэмэлт багцаар авч буй 1057 дэд даатгуулагчийн 3,557,854,520.99 төгрөгийн зээл хамаарна" гэж зааж /хх 45/, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1., 5.1.5-д зааснаар ажил олгогчийн дэд даатгуулагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40, 41 дүгээр зүйлүүдийн дагуу цуцлагдсаны улмаас төлбөр төлөх үүргээ 90-ээс дээш хоногоор хожимдуулсан бол даатгалын эрсдэлд хамааруулахаар тохирсон байна. /хх 9 ар тал/
Хариуцагч Д.Б нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т ажиллаж байгаад "өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт" гаргасныг үндэслэн тус газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ъ1/472 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Үүний улмаас Д.Б нь зээлийн гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлэхгүй болж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн төлбөрийг огт төлөөгүй ба 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн хүүг банк зогсоосон байна. /хх 101, 104/
Зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч Д.Б нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 3,210,359.53 төгрөг, хүү 1,037,825.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,622,91 төгрөг төлсөн. /хх 103-104/
Цалингийн зээл болон барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д "Зээлдэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажил олгогч байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан цалингийн зээлийн нөхцлийг энэхүү нөхцөл байдал үүссэн өдрөөс эхлэн сарын 2,1 хувь болгон нэмэгдүүлж тооцно" гэж заасны дагуу зээлийн хүүг зогсоох хүртэл зээлийн төлбөр төлөөгүй 3 сарын хүүг тооцоход, хүүд 238,747.32 төгрөг /зээлийн үлдэгдэл 3,789,640.47 х 2,1 % = 79,582.94 (1 сарын хүү), зээлийн хүүг зогсоох хүртэл хугацаа буюу төлөлт хийгээгүй 3 сард үржүүлэхэд 79,582.94 х 3 сар = 238,747.32 төгрөг/, үндсэн зээл 3,789,640.47 төгрөг, нийт 4,028,387.82 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Үүнээс улбаалан Улаанбаатар хотын банк ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6-ё/2591 дугаартай албан бичгээр Практикал даатгал ХХК-д хандан "зээлдэгч зээлийн төлбөрийн зөрчил үүсгэж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн төлбөрөө төлөөгүй, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,789,640.47 төгрөг, зээлийн хүү 238,747.35 төгрөг, нийт 4,028,387.82 төгрөгийн үлдэгдэлтэй тул даатгалын нөхөн төлбөрийг олгож өгнө үү" гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлснээр Практикал даатгал ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 30/1602296 дугаартай тушаалаар 4,028,387 төгрөгийг нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн. Улмаар дээрх төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлснийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.Бийн зээлийн дансанд шилжүүлж, зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хаасан байна. /хх 6-7, 41-42, 103-104/
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж, талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрөө нэхэмжлэн авах эрхтэй гэсний дагуу даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 4,028,387 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан. Шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлнэ гэж заасантай нийцэж байх тул дээрх хууль, гэрээнд заасны дагуу Практикал даатгал ХХК 4,028,387 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4.3.2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байх ба энэхүү гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ИБГ-ХАГ-17/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.4 дэх заалтаар "энэхүү гэрээ нь Хамтран ажиллах гэрээний хүчинтэй хугацаанд үйлчилнэ" гэж өөрчилсөн. 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ХА30С/14100534 дугаартай Хамтран ажиллах гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж, гэрээний 4.3.-т "...гэрээг цуцлах санал тавиагүй тохиолдолд гэрээ анх байгуулсан нөхцөл болон хугацаагаар дахин сунгагдсанд тооцон хоёр тал харилцан эрх, үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж, ИБГ-ХАГ-17/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.1-д "хамтран ажиллах гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар сунгав" гэж нэмэхээр тус тус харилцан тохиролцсон.
Даатгалын тохиолдол П ХХК, Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд байгуулсан дээрх гэрээний хугацаанд бий болсон болох нь Зээлийн дансны хуулга /хх 103-104/, Улаанбаатар хотын банк ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6-ё/2591 дугаартай албан бичиг /хх 7/ зэрэг баримтаар тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй.
4.4.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна" гэж заасан. П ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 30/1602296 дугаартай тушаалаар 4,028,387 төгрөгийг нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэж, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлснийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.Бийн зээлийн дансанд шилжүүлж, зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хаасан байна.
Даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөрийг төлсөн үеэс шаардах эрх үүсэх ба шүүхэд нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргаснаас /хх 2-р хуудасны ар талын дардас/ үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй болно.
4.5.Хариуцагч Д.Б нь үндсэн зээлийн үлдэгдэлд 3,7 сая төгрөг төлөөгүй гэж тайлбарласан, түүнчлэн төлбөр төлөх чадваргүй, боломжгүй, даатгалын гэрээг мэдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №201844181866 дугаартай, №201844029167 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ, Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганболд танаа гэх П.Цэрэнтогтохын өргөдөл, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 196619 дугаартай тодорхойлолт, Мэдрэлийн эмнэлгийн Электроейрографи /хх-20-22, 28-31/ зэрэг баримтыг хавсаргасан боловч түүнийг зээлийн эргэн төлөлт буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
4.6.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 79,410 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 79,410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2., 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д зааснаар хариуцагч Д.Боос даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 4,028,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжид 79,410 төгрөг гаргуулж, П ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ