Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 37

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2018/00466 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “КБ ”-ны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б , Ө.Б  нарт хариуцагдах “16.890.601 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б , хариуцагч А.Б , Ө.Б , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “А.Б , Ө.Б  нартай 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр №ЭГ-2032001779 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан уулын 5-10 тоотод байрлах 697 м2 талбайтай Г-1105003291 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн Хан уулын 5-10 тоотод Ү-1105002523 улсын бүртгэлийн дугаартай 74,9 м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаа 2018.2.17-ны дуусгавар болсон боловч нь зээлээ төлж барагдуулаагүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Зээлийн үлдэгдэл 10.573.46 төгрөг, зээлийн үндсэн хүү 5.264.278 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.052.856 төгрөг, нийт төлөх дүн 16.890.601 төгрөг. Иймээс А.Б , Ө.Б  нараас нийт 16.890.601 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд түүний Г-1105003291, Ү-1105002523, улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээлийг бүрэн барагдуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөөд, үүргийн гүйцэтгэлээ барьцаа хөрөнгөөр хангуулна гэвэл эвлэрэн хэлэлцэж болно. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлдэгч А.Б гаас 50 хувийг, хамтран зээлдэгч Ө.Б гаас 50 хувийг гаргуулах хүсэлтэй байна. Манайх зээлийн эрсдэлээ тооцоолж үзсэний үндсэн дээр уг зээл гарсан болохоор хамтран зээлдэгчээсээ татгалзах үндэслэлгүй. ...Шүүхийн шийдвэр гарсны дараа барьцаа хөрөнгүүдийг зарахад зах зээлийн ханшнаас доогуур 70 болон 50 хувиар худалдан борлуулдаг болохоор таны хүссэн хэмжээнд худалдан борлуулах боломж байхгүй гэдгийг хариуцагчид тайлбарлаж хэлсэн” гэжээ.

Хариуцагч А.Б  анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болох хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Тус банктай барьцааны зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж жижиг дунд бизнесийн зориулалтаар 15.0 сая төгрөг авсан болно. Зээлийн мөнгийг А.Б  би авч өөрийн бизнесийн ажиллагаанд зарцуулсан боловч бизнес маань бүтэлгүйтэж ашиггүй болсон. Хамтран зээлдэгч болох Ө.Б  нэг ч төгрөг аваагүй, зээлийг банканд бага багаар төлөлт хийсэн боловч үндсэн зээлийн үнийн дүнгээс хасагдаагүй зөвхөн хүүнээс хасагдсан байна. Уг гэрээний үндсэн зээлээ А.Б  миний бие КБ ны нэхэмжилж буй өр төлбөрийг бие даан хариуцаж тус банканд барьцаалсан өөрийн үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин газар зэргээр зээлийг хааж барагдуулах хүсэлтэй байна. Харин хамтран зээлдэгч Ө.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт миний бие тус банкны зээлийн төлбөрт бэлэн мөнгө өгч чадахгүй тул барьцаа хөрөнгө болох хашаа байшинг банк зах зээлийн ханшаар худалдан борлуулж тус банкны зээл болон хүүгийн төлбөр болох 16.890.601 төгрөгийг аваад үлдэх мөнгийг надад олгож өгнө үү. Газар хашаа байшин зах зээлийн ханшаар ойролцоогоор 40.0 сая төгрөг болох болов уу гэж бодож байна. Би орох оронгүй оюутан хүүхдийн хамт үлдэж байгаа учир надад банкны төлбөр төлөөд үлдсэн мөнгөөр жижиг гэр авч амьдрах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэх боломжтой. Банкнаас авсан зээлийн үнийн дүн дээр маргаж байгаа зүйл байхгүй. ...Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэжээ.

Хариуцагч Ө.Б  анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “КБ ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. А.Б  нь 2015 оны 02 дугаар сард тус банкнаас хэдэн төгрөг зээлэх гэсэн юм та хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч өөр хүн алга нөхөр эзгүй ажилдаа буцсан учир танаас өөр хүн алга гарын үсгээ л зураад өг зээлийн эргэн төлөлтийг би өөрөө хариуцна гэж гуйсны дагуу мөн урьд нь зээлтэй байсан эсэхийг мэдэхгүй шинэлэх гэж л төгрөг авч байгаа юм байна гэж дүүдээ итгэсэн учир би гарын үсэг зурсан. А.Б гийн банкнаас зээлсэн мөнгөнөөс миний бие харилцах дансаар болон бэлнээр нэг ч төгрөг аваагүй, зээлийн  мөнгөө юунд зарцуулсныг би мэдэхгүй. Тухайн үед битүүний өдөр байсан бөгөөд банк хааж гүйлгээ хаагдлаа хурдан гарын үсгээ зураад өгөөч гэж маш их яаруулж байсныг санаж байна. Үнэндээ би зээлийн гэрээг сайн уншиж танилцаж амжаагүй дүүдээ итгэн гарын үсэг зурсан. Дүү А.Б  нь өөрийн барьцаанд тавьсан хөрөнгөөр банкны өр төлбөрийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй Ө.Б  надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай дүү нэхэмжилж байгаа үнийн дүнг өөрөө төлж барагдуулна гэсэн. Би болгоомжгүй байдлаасаа болоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Хэрвээ төлүүлэх шаардлагатай бол хариуцагч А.Б  төлнө гэсэн байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах хүсэлтэй байна. Тухайн үед би хариуцагч А.Б г хэдэн төгрөгийн зээл авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Сүүлд Турк яваад надаар дамжуулж 10 удаа төлбөр хийлгүүлсэн. Барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар заруулаад өрөө төлөх боломж байгаа юу” гэжээ.

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б гаас 15.519.178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хариуцагч Ө.Б гаас 8.445.300 төгрөг гаргуулах, хариуцагч А.Б гаас 1.371.422 төгрөг 98 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “КБ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.403 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б гаас 235.545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  давж заалдах гомдолдоо болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талууд зээлийн гэрээний...8.3.3-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ гэж тус тус тохирсон атлаа банк санаачилгаараа гэрээг цуцлаагүй байх ба гэрээг цуцлах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч зээлдэгчийн гэрээний үүрэг зөрчиж эхэлсэн хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хугацааны зээлийн гэрээний хүүг нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзээд 1.371.422 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж шийдвэрлэжээ. Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би зээлээ аваад Турк улс явсан. Саяхан хүүхэд маань нас бараад Монголдоо ирсэн гэх тайлбарыг өгсөн байдаг нь тухайн зээлдэгчтэй холбогдон гэрээ цуцлах мэдэгдлийг гардуулж өгч чадаагүйг илтгэнэ.

Мөн анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 222.4-д зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна хэмээн заасан байдаг. Энэ нь зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд төлөөгүй л бол банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой гэсэн үг юм. Гэвч шүүхээс энэхүү хуулийн заалтыг харгалзан үзэлгүйгээр 1.371.422 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн байна.

Иймээс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2018/00466 тоот шийдвэрийн зарим хэсгийг хасаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү давж заалдсан гомдлоо дэмжиж байна. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хариуцагч А.Б гийн тайлбарт: Нэмж тайлбарлах зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хариуцагч Ө.Б гийн тайлбарт: Миний зүгээс нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр төлнө гэж байгаа, үүгээр төлүүлж болдоггүй юм уу. Банкны нэхэмжилсэн мөнгийг тэр барьцаа хөрөнгийг зарж тэр мөнгөөр тооцоолуулаад авч болддоггүй юм уу гэж бодож байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулсан  боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах  шатны шүүх залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч А.Б , Ө.Б  нараас  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  16.890.601 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх 1.371.422 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “Шүүх хэрэглэх ёстой  байсан хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 222.4-д зааснаар  хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзалгүйгээр  хохирлыг хариуцна. ...зээлдэгч зээлийн  төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол банк нэг талын  санаачилгаар  гэрээг цуцлах эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой. ...1.1371.422 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн ...хасаж шийдвэрлэсэнг  хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Талуудын хооронд харилцан тохиролцож, 2015 оны 2 сарын 17-ны өдөр №ЗГ-2032001779 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч А.Б  бүхэлд нь хариуцан биелүүлэх, хамтран хариуцагч Ө.Б  нь “зээлийг аваагүй, гэрээний үүргийг хариуцахгүй” гэж маргасан зэрэг нөхцөл байдал болон маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудад шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн төлбөрийн гаргуулж, төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй  тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах эсэхийг шийдвэрлүүлэх атал уг хөрөнгөөр хангуулах агуулгатай болсон нь нэхэмжлэлийн шаардлагаас “хальж” шийдвэрлэсэн гэж үзэхээр болсон, мөн хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй байгааг залруулах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч А.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах агуулгаар тайлбар гаргаагүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан арга, журмаар тайлбарын үндэслэлд хамааралтай нотлох баримтыг шүүхэд  гаргаагүй, хэргийн 29-40 дүгээр хуудсанд авагдсан зээл төлсөн гэх баримтууд нь тухай бүр зээлийн  төлбөрөөс хасагдан тооцогдсон гэх нэхэмжлэгч талын тайлбарыг ч няцаагаагүй байх тул шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг  хангаж шийдвэрлэсэнг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн  “А.Б гийн Хүү тооцооллын хүснэгт” гэх баримтыг /хх16-17/ ирүүлэхдээ санхүүгийн анхан шатны /дансны хуулга/ ямар ч нотлох баримтад тулгуурлан тооцсон нь тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу  маргааны үйл баримтад ач холбогдолтой, хамаарал бүхий баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч дээрх “хүү тооцоолол”-ын баримтад өөрийнхөө тамгыг дарж баталгаажуулж хэрэгт хавсаргасан  зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан журмыг зөрчсөн төдийгүй шүүх уг баримтыг үнэлсэн нь /хх58-ын ар, 61/, хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т  заасан журамд үл нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол, тайлбарын үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд үл нийцсэн тул  гомдлыг хүлээн авч, дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.893 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2018/00466 дугаар шийдвэрийн 1,2 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр  зүйлийн 451.1” гэсний дараа  “453 дугаар зүйлийн 453.1” гэж,

“хариуцагч А.Б гаас 15.519.178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ ” ХХК-д олгож” гэсний дараа  “нэхэмжлэгчийн хариуцагч Ө.Б гаас 8.445.300 төгрөг гаргуулах, хариуцагч А.Б гаас 1.371.422 төгрөг 98 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай”  гэж нэмж,

“барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” гэснийг хасаж,

б/шийдвэрийн 2 дахь заалтыг хариуцагч А.Б  нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох  15.519.178 төгрөг 02 мөнгийг сайн дураар  биелүүлээгүй тохиолдолд  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн барьцаа болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан уулын 5-10 тоотод байрлах 697 м2 талбайтай Г-1105003291 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн Хан уулын 5-10 тоотод Ү-1105002523 улсын бүртгэлийн дугаартай 74,9 м2 талбайтай хувийн орон сууцыг албадан худалдахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  газарт даалгасугай гэж өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Б-ийн “нэмэгдүүлсэн хүү 1.371.422 төгрөгийг гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.893 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шaүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

          ШҮҮГЧ                                      Х.ГЭРЭЛМАА

                                                   П.ДОЛГОРМАА