Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/шш2022/00670

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00670

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б............... дүүрэг .... дүгээр хороо .. дүгээр хороолол ... дугаар байр .... тоотод оршин суух, ..... онд төрсөн ... настай, Б овогт М ын Ө .

Хариуцагч: Б............... дүүрэг .. дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод байрлах хаягтай Р............... ХХК

Гэрээний үүрэг, зардалд 57.250.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж , хариуцагч Р............... ХХК-ийн төлөөлөгч Ш.Э , өмгөөлөгч Н.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Р............... ХХК-нд холбогдуулан аялал жуулчлалын гэрээний үүрэг, зардалд 57.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн М.Ө нь Р............... ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Эрхүү-Хайнань-Эрхүү-д 7 хоногийн хугацаатай 41 хүний аяллын зардалд 1 хүний 1.390.000 төгрөг нийт 56.990.000 төгрөг төлөхөөр тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулсан. Аялал жуулчлалын гэрээний дагуу иргэн М.Ө аяллын зардалд 57.180.000 төгрөгийг Р............... ХХК-ийн Хаан банкны 502.......... тоот дансанд дараах байдлаар төлсөн. Үүнд 2020 оны 01 дүгээр сарын 15-нд 19.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-нд 37.990.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-нд 190.000 төгрөг тус тус шилжүүлж төлсөн. Гэвч дэлхий даяар гарч буй уушгины хатгалгаа буюу коронавирусын тархалт улам бүр нэмэгдэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон улсын хэмжээнд онц байдал зарлан, өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх зөвлөмж гарсан, улс орнуудын хил хаагдсантай холбогдуулан М.Ө болон нэр бүхий 41 хүний аялах аялал жуулчлалын дээрх гэрээг цуцлахаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Р............... ХХК-ийн мэргэжилтний 95334770, 99194566 дугаартай утаснуудад холбогдон гэрээ цуцлах шаардлага үүсч байгаа байдлаа удаа дараа мэдэгдэж, аяллын зардалд төлсөн мөнгөө буцааж авахаар хүсэлт гаргаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ОХУ-ын аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын тур компаниудыг нислэгээ цуцалж, аялал захиалсан хүмүүсийн мөнгийг саадгүй буцааж өгөх үүрэг өгсөн мэдээг сонсон М.Ө 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан аялал жуулчлалын гэрээг цуцлах талаар хүсэлтийг Р............... ХХК-нд 2020 оны 01 дүгээр сарын 28 болон 04 дүгээр сарын 21, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр хүсэлтээ өгч, фейсбүүк чатаар явуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хилийн боомтыг түр хаах тухай зөвлөмж гарсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглосон. Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дугаар 39 Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөний хязгаарлах тухай тогтоолын 1.1-т Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто машин бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харъалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарн 30-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоож, тогтоолын 3 дахь заалтад БНХАУ руу зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Онгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлж байхыг даалгасан. Гадаад харилцааны яамны консулын газрын корона вирусийн талаарх иргэдэд хүргэх мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 21, 23, 26, 27-ны өдрүүдийн байдлаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ мэдээгээр БНХАУ-ын Ухань хотод гарсан корона вирусийн халдвар улам бүр нэмэгдэж олон үе шатттай тархаж байсан болох нь тогтоогдоно. Улс орнуудад бүртгэгдсэн гэх мэдээллүүдээс шалтгаалж М.Ө нарын 41 хүн аялах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх нөхцөл шалтгаан үүссэн. Хуульд зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.4-т гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол аялал жуулчлал зохион байгуулагч, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэсний дагуу 41 аялагч гэрээг дуусгавар болгосон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний нэг тал татгалзсан тул гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаах өгөх ёстой. Хариуцагч Р............... тур ХХК нь аялагч нарын мөнгийг ОХУ-ын Р............... ХХК-нд шилжүүлсэн гэдэг боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Өгсөн баримтууд нь хэн гэж хүний хаашаа аялах гэж байгаа хүний захиалага гэдэг нь тодорхойгүй, өөр аяллын байж болохоор нотлох баримтууд байгаа учир М.Ө нарын 41 хүний аяллын төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Р............... ХХК нь М.Ө нарт аяллын зардалд төлсөн 58.180.000 төгрөгнөөс эхний ээлжинд 85%-ийг өгье, дараагийн аялалд 15%-ийг тооцуулах хүсэлт ирүүлсний дагуу М.Ө нар эхний ээлжинд аяллын зардлын 85%-ийг авъя гэж хариу бичсэн боловч 85%-ийг төлбөрийг ч төлөөгүй, бүтэн 2 жилийн хугацаанд дараагийн аяллыг ч зохион байгуулаагүй. Бид аяллын төлбөрөөс 15%-ийг суутгуулна гэж гэрээ хэлцэл ч хийгээгүй. Иймд хариуцагч Р............... ХХК-наас аяллын зардал 57.180.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг нийт 57.250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р............... ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Н.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь иргэн М.Ө тай гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлж авсан гэдэгт маргахгүй. Гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдаж, 01 дүгээр сарын 23-ны өдөр цуцалсан талаар мэдэгдсэн. 01 дүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд гэрээ цуцалсан талаарх албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Гэрээ байгуулах болон цуцлах өдрүүдэд Монгол улс болон олон улсад аялал жуулчлалтай холбоотой нөхцөл байдал яг ижил түвшинд байсан. Улсын халдвар хамгааллын дэглэм нэг янз байх үед гэрээ байгуулаад тухайн нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй байхад нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч, Р............... тур ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д аялагч ямар нэгэн шалтгаанаар гэрээ байгуулснаас хойш аяллын захиалгыг цуцалбал төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Давагдашгүй хүчин зүйл үүссэн талаар баримт хэрэгт байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн талаар баримтыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас лавлахад тийм баримт байхгүй байсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан хүндэтгэн үзэх үндэслэл байхгүй тул гэрээг сунгах боломжтой байсан. Одоо хил нээгдээд зарим улс руу аялал жуулчлал хэвийн явагдаж байна. Үүнээс харахад талууд гэрээний хугацааг хойшлуулах боломжтой байсан нь гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх шалтгаан биш байна. Тухайн үед Монгол улсын хилээр гарах боломжтой байсан боловч бусад улсад гадны иргэдийг хүлээж авахгүй нөхцөл байдал байсан тул санхүүгийн боломжгүйн улмаас 85%-ийг буцааж өгөх боломжгүй байсан. Иргэний хуулийн 373 дугаар зүйлд гэрээ дуусгавар болохыг заасан. 373.4-т гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол аялал жуулчлал зохион байгуулагч, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэх заалтаас харвал давагдашгүй хүчин зүйлд гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн давагдашгүй байдлын онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон. Тэгэхээр талууд гэрээ байгуулснаас хойш гэрээ цуцлаад өнгөрөх ямар ч нөхцөл байдал бий болоогүй Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учраас Р............... ХХК нэхэмжлэгч талыг ойлгож төлбөрийн 85%-ийг буцааж төлье гэдэг саналыг нэхэмжлэгч талтай ярилцсан байдаг. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/47 албан бичгийг хүлээн авч төлбөрийн 85%-ийг буцааж үлдсэн 15%-ийг дараагийн төлбөрт суутгуулахыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг хийсэн. Энэ асуудлыг биелүүлэх гэхээр аялал жуулчлал тэр чигтээ зогссон байсан учир тухайн үед төлье гэхээр мөнгө байгаагүй. Аялал жуулчлалын компаний үндсэн мөнгөний эргэлт аялагч нараас мөнгө аваад орж ирсэн мөнгийг тэр чигт нь аялал жуулчлагчдын гэрээт захиалга, зочид буудлын захиалга, бусад автобус унааны зардлуулад тарааж өгдөг. Тиймээс тухайн үед бэлэн мөнгө гаргах боломж байгаагүй. Р............... тур ХХК нь аяллын төлбөрийг аваад цаашаа аяллын ОХУ-ын Р............... ХХК-нд мөнгийг шилжүүлсэн. Аялал зохион байгуулагдах ёстой байсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хил гааль онгорхой, нэвтрэх боломжтой байсан нь Хил хамгаалах газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогддог. ОХУ-ын Р............... ХХК нь корона вирусийн нөхцөл байдлаас болоод дампуурсан талаар баримт ОХУ-ын Аялал жуулчлалын яармагын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэлтэй байгаа. М.Ө нар аялаагүйгээс болоод Р............... ХХК ашиг авах биш алдагдал хүлээх хэмжээнд хүрчихээд байна. Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.1.2-т жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-т жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөө энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө аялал жуулчлал зохион байгуулагчид урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж заасан боловч хэмнэсэн зардал гэж байхгүй. Аялал зохион байгуулж, мөнгө төлсөн нь баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нар явах хүмүүсийн нэр өөрчлөгдөнө гэсэн тул зөвхөн хүний тоогоор төлбөрөө тушаасан. Иргэний хуулийн 378.1-д заасан тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулагч гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй гэж заасан. Улсаас болон аль ч улсаас саад хориглосон зүйл авагдаагүй, дээрээс нь аялах боломжтой байхад нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан нь нэхэмжлэгчийн бүрэн хариуцах асуудал. М.Ө нь Р............... ХХК-ийн цахим шуудан болон гар утсаар холбогдсоор байсан. Гэтэл шүүхээс эрэн сурвалжилж 70.200 төгрөг төлсөн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Аялал жуулчлалын гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл баримт, 2020 оны 01 дүгээр сарын 28, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Р............... ХХК-нд гаргасан хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр, Б............... дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагийн хаягийг тогтоосон албан бичиг,

хариуцагчаас Р............... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №А/48 мэдэгдэл, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, кассын баримт, төлбөрийн чек, Р............... ХХК-ийг Холбооны улсын аялал жуулчлалын нэгдсэн бүртгэлээс хасах тухай Холбооны улсын аялал жуулчлалын анентлагын 2020 оны 12 дугаар сарын 08-ны тушаал гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банкнаас Р............... ХХК-ийн дансны хуулга, Хил хамгаалах газраас П.А , Ш.Э нарыг Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа авах болон тэдний гадаад паспортод үзлэг хийх,

Хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Алтанбулаг боомтоор ОХУ руу хилээр зорчиход хил хаасан эсэх лавлагаа баримтыг Хил хамгаалах газраас нотлох баримтаар гаргуулж,

Зохигч талуудын хүсэлтээр Ragusa [email protected] цахим хаяг, Р............... ХХК-ийн цахим хаягт явуулсан 41 аялагчийн нэрс, аялагчдын аяллыг цуцалж аяллын зардлыг буцаан авах хүсэлтэй байгаа фейсбүүк чат, нэхэмжлэгчээс хариуцагч компанид хүргүүлсэн хүсэлт, захидалд тус тус үзлэг хийлгэж бэхжүүлэх, Р............... ХХК-ийн и-майл хаяг болон [email protected] и-майл хаяг, Гадаад харилцааны яамны консул.мн сайтад тус тус үзлэг хийж бэхжүүлэх ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч М.Ө ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд коронавирусын тархалт нэмэгдэж олон улсын хэмжээнд онц байдал зарлан, өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх зөвлөмж гарч улс орнуудын хил хаагдсантай холбогдуулан 41 хүний аялах аялал жуулчлалын гэрээг цуцалж, төлсөн мөнгөө буцааж авах хүсэлт 2020 оны 01 дүгээр сарын 28, 04 дүгээр сарын 21-ний өдөр албан бичгээр өгсөн. Иймд Р............... ХХК-наас 57.180.000 төгрөг, компанийг эрэн сурвалжлах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгний хамт гаргуулна, хариуцагч нь нэхэмжлэлийг гэрээний 4.5-д аялагч ямар нэг шалтгаанаар гэрээ байгуулагдсанаас хойш аялалын захиалгийг цуцалбал төлбөр буцаан олгохгүй гэж заасан, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын хилээр чөлөөтэй нэвтэрч байсан. Аялалын зардлыг Р............... ХХК-нд шилжүүлсэн байсан боловч нэхэмжлэгч тал өөрсдөө аялаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Аялал жуулчлалын гэрээ, нэхэмжлэгчээс хүргүүлсэн хүсэлт, албан бичиг, фейсбүүк чат, цахим хаягт хийсэн үзлэгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Р............... ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1 гишүүнтэй ХХК бөгөөд үүсгэн байгуулагч нь П.А болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм гэсэн баримтаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Р............... ХХК нь иргэн М.Ө ын захиалгаар 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 7 шөнө 8 өдрийн Эрхүү-Хайнань-Эрхүү-д аялах чөлөөт аяллыг зохион байгуулах, аялалд оролцох нэг аялагч нь 1.390.000 төгрөг төлөх ба аялалд 41 хүн оролцох нийт хөлс нь 56.990.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээний үнэ 56.990.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Р............... ХХК-ийн Хаан банк дахь 5028075344 дансанд шилжүүлж төлсөн болох нь гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож, дээрх үйл баримтад талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-т заасан Аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан, аялагчид гэрээний дагуу хөлсийг шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Р............... тур ХХК-нд коронавирусын тархалт эрчийг авч олон улсын хэмжээнд онц байдал зарлан нислэг цуцалж байгаатай холбогдуулан аяллаа цуцалж мөнгөө авах хүсэлт хүргүүлж, Р............... ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №А/48 албан бичгээр захиалга хийгдсэн аялагчдын захиалгыг нэмэгдэл төлбөргүйгээр 09 дүгээр сарын 01 хүртэл дурын өдөр сонгон шилжүүлж аяллаа үргэлжлүүлэх, аялагч өөрөө аяллаа цуцлахыг хүсвэл аяллын төлбөрийг 100 хувь буцаан олгох сонголттойгоор Р............... туроператор шийдвэр гаргасан болохыг мэдэгджээ.

Дэлхий нийтээр уушигний хатгалгаа буюу корона вирус дэгдэж, улс орнууд хилээ хааж эхэлсэнтэй холбоотой нэхэмжлэгч тал хариуцагч Р............... ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Аялал жуулчлалын гэрээнээс татгалзаж, энэ тухай утсаар болон 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19.06 цагт Р............... ХХК-ийн фейсбүүк цахим хуудасны чатанд Б............... гэх хаягнаас 02 дугаар сарын 01-ний өдөр Эрхүүгээс эхлэлтэй Хайнань аялал захиалсан байгууллага байна. Дэлхий нийтэд тарсан халдварт өвчнөөс үүдэлтэй аялалаа цуцлах, мөнгөө буцаах авах талаар чат бичин мэдэгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт хүргүүлж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн Оросын талын Р............... ХХК-наас аялагчдын төлбөрийг 100 хувь буцааж олго гэсэн шийдвэр гарсан гэсэн тайлбар болон Р............... ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/48 мэдэгдлээр захиалга хийгдсэн аялагчдын захиалгыг нэмэгдэл төлбөргүйгээр 09 дүгээр сарын 01 хүртэл дурын өдөр сонгон шилжүүлж аяллыг үргэлжлүүлэх, эсвэл аялагч өөрөө аяллаа цуцлахыг хүсвэл аяллын төлбөрийг 100 хувь буцаан олгох сонголттойгоор Р............... туроператор шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн аяллын төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд 41 хүний аялалын зардалд төлсөн 57.180.000 төгрөгийн төлбөрөөс эхний ээлжинд 49.056.000 төгрөгийг шилжүүлж авах, үлдэгдэл 8.124.000 төгрөгийн төлбөрийг дараагийн аялалд тооцуулах хүсэлт хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дугаар 39 тогтоолоор Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто машин бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч иргэн, харъяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоож, БНХАУ руу зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож байсан үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч тал төлбөрийн 15 хувийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дурын өдөр сонгон шилжүүлж аяллыг үргэлжлүүлэх боломжтой гэсэн мэдэгдэл гаргасан боловч энэ хугацаанд аялал зохион байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь аялалыг үргэлжлүүлэх хүсэлт гаргаагүй тул хариуцагч Р............... ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн аялалын төлбөрийг буцаан олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 181/ШЗ2020/09643 шүүгчийн захирамжаар Р............... ХХК-ийг хаягтаа бүртгэлтэй боловч, оршин байрладаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 102/ШШ2020/02370 шийдвэрээр Р............... ХХК болон захиралыг эрэн сурвалжилж, Б............... дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр хариуцагчийн хаягийг тогтоосон байна.

Иймд хариуцагч Р............... ХХК-наас 57.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ө т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр аялагч 41 хүний захиалгаас 2 хүний захиалга хийгдсэн, бусад захиалга хийсэн гэх баримтууд нь нэр бичигдээгүй, Р............... ХХК-ийн Хаан банк дахь 5028075344 дансанд 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 17-ны өдрийн хооронд 41 хүний аялалын төлбөр шилжиж, мөн өдрөө 57.000.000 төгрөг зарлагдсан, Р............... ХХК-ийн захирал П.А , гүйцэтгэх захирал Ш.Э нар 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Улаан Үүд хот руу хилээр гарч 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-аас Турк улсын хилээр нэвтэрсэн, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Турк улсаас ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэхээр орж 2020 оны 02 дугар сарын 06-ны өдөр ОХУ-аас Монгол Улсын хилээр орсон болох нь гадаад паспортын хуулбар, үзлэгээр тогтоогдсон байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 205 дугаар зүйлийн 205.1 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Р............... ХХК-наас 57.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ө т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р............... ХХК-наас 448.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ө т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА