Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01041

 

 

 

 

 

 

М.Өын нэхэмжлэлтэй                                                                   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00863 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Өын хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан гаргасан аялал жуулчлалын гэрээний үүрэгт         57 250 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамиймаа, хариуцагчийн төлөөлөгч Ш.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Р ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд 7 хоногийн хугацаатай 41 хүний аяллын зардалд 56 990 000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулж, “Р” ХХК-д 57 180 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч дэлхий дахинд коронавирус халдварын тархалт гарч, Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон улсын хэмжээнд онц байдал зарлан, өвчлөл гарсан бүс нутагт зорчуулахгүй тухай зөвлөмж гарсан. Иймд М.Ө захиалсан аяллыг цуцалж мөнгийг буцаан өгнө үү гэсэн хүсэлтийг Р ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр албан бичгээр гаргасан. Хариуцагч Р ХХК-ийн зүгээс Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлийн хоёр талын онгоцны тийз, зочид буудлын захиалсан захилга, амь насны даатгал хийсэн нотлох баримт хэрэгт байхгүй байгаа нь гэрээний үүргээ биелээгүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 373 дугаар зүйлийн 373.1.2, 373.2, 373.4 дэх хэсэгт тус тус зааснаар аяллын төлбөр 57 180 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70 200 төгрөг, нийт 57 250 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай Р ХХК нь Оросын холбооны улсын компанитай гэрээ хийж хамтран үйл ажиллагаа явуулдаг. М.Өын захиалсан аялал цар тахлын улмаас цуцлагдсан. Оросын Холбооны улсын татварын хуулиар ямар нэгэн хуулийн этгээдийн данс руу мөнгө оруулбал тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг суутгаад авдаг. Оросын банкаар дамжуулж мөнгө авахад 2 хувийн шимтгэл төлөх зэрэг маш их зардал гардаг. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 85 хувийг бэлэн мөнгөөр төлж, үлдсэн 15 хувийг дараагийн аялал жуулчлалаас хасаад явах саналыг тавьсан боловч М.Ө зөвшөөрөөгүй. Манай байгууллагаас М.Өаас аялалын зардлыг хүлннг авч, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би Оросын холбооны улс руу явсан. Оросын холбооны улсад очоод захиалга болгоныхоо төлбөрийг Оросын аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Манай зүгээс М.Өын мөнгийг төлбөрийн чадвартай болсон даруйдаа өгнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 227 дугаар зүйлийн 227.3, 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК-иас 57 250 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Өт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 448 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 448 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  М.Өын 2020 оны 04 сарын 21 өдөр цахим хаягаар ирүүлсэн албан бичигт 15 хувь буюу 8 577 000 төгрөгийг суутган тооцуулж, 85 хувь буюу 48 603 000 төгрөгийг буцаан авахаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс уг баримтыг үнэлээгүй. Цах тахлын улмаас М.Өтай гар утас, царим шуудангаар харилцаж байсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дэх хэсэгт зааасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсгийг баримтлаагүй. Үүнд валютын ханшны зөрүү, Оросын холбооны улсын бэлэн мөнгө гарган авахад 2 хувийн шимтгэл, үйл ажиллагааны зардал, Оросын холбооны улсын хуулийн этгээдийн дансаар бэлэн мөнгө ороход суутгагдах 15 хувь татвар болно. Түүнчлэн миний эрх, үүргийг тайлбарлаж өгөлгүй шүүгчийн туслах гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч М.Өтай цахим шуудан болон гар утсаар холбогдсоор байтал эрэн сурвалжлуулах зардал 70 200 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч “РХХК-д холбогдуулан аялал жуулчлалын гэрээний үүрэгт 57 250 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч М.Өын захиалгаар нэр бүхий 41 иргэнийг Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд аялах аялалыг хариуцагч зохион байгуулах, аялалын үнэ 56 990 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцжээ.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 57 180 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч коронавирус цар тахлын улмаас Монгол Улсын хилийн боомтуудыг хааж, зорчих хөдөлгөөний хязгаарласны улмаас хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон нь нийтэд илэрхий баримт болох Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолуудаар тус тус тогтоогдсон талаар талууд маргаагүй. Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан талаар зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч М.Өаас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны, мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд гэрээ цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлтүүдийг ирүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байна. Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ болгоогүй байна. /хэргийн 8,27 дугаар тал/

            Харин хариуцагчаас шаардлагын зарим хэсгийг татгалзсан үндэслэлээ “Оросын Холбооны улс руу явж, холбогдох байгууллагад мөнгө шилжүүлж татвар, шимтгэл төлж, зардал гаргасан” гэх агуулгаар тайлбарлаж, үүнтэй холбоотой бичгийн баримтыг шүүхэд гаргажээ. Гэтэл анхан анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийж, энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ. 

            Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч нь Оросын Холбооны улсын холбогдох хуулийн этгээдүүдэд мөнгө шилжүүлсэн талаарх дээрх баримтуудыг цахим хаягаар дамжуулан авсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс эдгээр баримтуудыг бэхжүүлж, цахим хуудсанд үзлэг хийх шаардлагатай байжээ.

                Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.2 дах хэсэгт “Энэ хуулийн 378.1-д заасан тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулагч гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.” эсэх талаар хариуцагч маргаж байгаа тохиолдолд тухайн үйл баримтыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой.

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00863 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 428 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                                                       

                                  ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                СЭНХТӨР