Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00778

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     М.Өнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00670 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Өхариуцагч РХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг болон зардалд 57,250,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: РХХК-аас аяллын зардалд 57,180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 57,250,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр РХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Эрхүү-Хайнань-Эрхүү гэсэн 7 хоногийн хугацаатай 41 хүний аяллын зардалд 1 хүн 1,390,000 төгрөг нийт 56,990,000 төгрөг төлөх аялал жуулчлалын гэрээг байгуулсан. М.Ө аяллын зардалд 57,180,000 төгрөгийг РХХК-ийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. Гэвч дэлхий даяар коронавирусын тархалт нэмэгдэж улс орнуудын хил хаагдсантай холбогдуулан М.Ө болон нэр бүхий 41 хүнтэй байгуулсан аялал жуулчлалын гэрээг цуцлах талаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс РХХК-д мэдэгдэж, төлбөрөө буцааж авах хүсэлт гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс ОХУ-ын аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын тур компаниуд нислэгээ цуцалж, аялал захиалсан хүмүүст төлбөрийг нь буцааж өгөх үүрэг өгсөн талаарх мэдээг сонссон. М.Ө гэрээ цуцлах хүсэлтээ албан бичгээр РХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 28, 04 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 09-ний өдөр өгч, фэйсбүүкийн зурвасаар явуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хилийн боомтыг түр хаах зөвлөмж гарсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөний хязгаарлах тухай” 39-р тогтоолын 1.1-т Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто машин бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харъяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоож, тогтоолын 3 дахь заалтад БНХАУ руу зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Онгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлж байхыг даалгасан. Гадаад харилцааны яамны консулын газрын корона вирусийн талаарх иргэдэд хүргэх мэдээллээр БНХАУ-ын Ухань хотод гарсан коронавирусийн халдвар улам бүр нэмэгдэж олон үе шаттай тархаж байсан болох нь тогтоогдоно. Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.4-т заасны дагуу 41 аялагч гэрээг дуусгавар болгосон тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх ёстой. “РТ” ХХК аялагчдын төлбөрийг ОХУ-ын “Р” ХХК-д шилжүүлсэн гэх боловч баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт өгсөн баримтууд нь хэний, хаашаа аялах, ямар захиалга  болох нь тодорхойгүй, өөр аяллынх байж болохоор баримтууд байдаг тул М.Ө нарын 41 хүний аяллын төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. РХХК аяллын зардалд төлсөн 58,180,000 төгрөгөөс эхлээд 85 хувийг өгөх, дараагийн аялалд 15 хувийг тооцуулах хүсэлт өгсөн. Үүний дагуу М.Ө нар эхний ээлжинд аяллын зардлын 85 хувийг авах хариу бичсэн боловч төлөөгүй, 2 жилийн хугацаанд дараагийн аяллыг зохион байгуулаагүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Талуудын хооронд гэрээ байгуулсан, төлбөр төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Гэрээг 01 дүгээр сарын 23-ны өдөр цуцалсан талаар мэдэгдсэн. Гэрээ байгуулах болон цуцлах өдөр Монгол улс, олон улсад аялал жуулчлалтай холбоотой нөхцөл байдал ижил түвшинд байсан. Улсын халдвар хамгааллын дэглэм хэвийн байх үед гэрээ байгуулаад тухайн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдсан. Гэрээний 4.5-т “аялагч ямар нэгэн шалтгаанаар гэрээ байгуулснаас хойш аяллын захиалгыг цуцалбал төлбөрийг буцаан олгохгүй” гэж заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Давагдашгүй хүчин зүйл үүссэн талаар баримт хэрэгт байхгүй, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас лавлахад баримт байхгүй байсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байхгүй тул гэрээг сунгах боломжтой байсан. Одоо хил нээгдэж зарим улс руу аялал жуулчлал хэвийн явагдаж байна. Талууд гэрээний хугацааг хойшлуулах боломжтой байсан нь гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх шалтгаан биш. Тухайн үед Монгол улсын хилээр гарах боломжтой байсан боловч бусад улсад гадны иргэдийг хүлээж авахгүй нөхцөл байдал байсан. Санхүүгийн боломжгүйн улмаас төлбөрийн 85 хувийг буцааж өгөх боломжгүй байсан. Давагдашгүй хүчин зүйлд гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн давагдашгүй байдлын онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон. Гэрээ байгуулснаас хойш гэрээ цуцлах нөхцөл байдал бий болсон учраас РХХК нэхэмжлэгч талыг ойлгож төлбөрийн 85 хувийг буцааж төлөх саналыг нэхэмжлэгчтэй ярилцсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/47 дугаар албан бичгийг хүлээн авч төлбөрийн 85 хувийг буцааж үлдсэн 15 хувийг дараагийн төлбөрт суутгуулахыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан. Гэтэл аялал жуулчлал тэр чигтээ зогссон байсан учир тухайн үед өгөх мөнгө байгаагүй. Аялал жуулчлалын компанийн үндсэн мөнгөний эргэлт аялагч нараас орж ирсэн төлбөрийг бүхэлд нь аялал жуулчлалын гэрээт захиалга, зочид буудлын захиалга, бусад автобус унааны зардалд зарцуулдаг. “РТ” ХХК нь аяллын төлбөрийг аваад цааш нь ОХУ-ын “Р” ХХК-д шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хил гааль онгорхой, нэвтрэх боломжтой байсан нь Хил хамгаалах газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогддог. ОХУ-ын “Р” ХХК корона вирусийн нөхцөл байдлаас болоод дампуурсан талаар баримт ОХУ-ын Аялал жуулчлалын яармагийн нэгдсэн бүртгэлийн санд бүртгэлтэй байгаа. М.Ө нар аялаагүйгээс болж РХХК ашиг авах биш алдагдал хүлээх хэмжээнд хүрсэн. Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.1.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Нэхэмжлэгч явах хүмүүсийн нэр өөрчлөгдөнө гэсэн тул зөвхөн хүний тоогоор төлбөрөө тушаасан. Монгол улс болон бусад улсаас аялахыг хориглосон талаар баримт авагдаагүй, аялах боломжтой байхад нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч РХХК-ийн цахим шуудан болон гар утас руу холбогдож байсан. Гэтэл эрэн сурвалжилсан зардалд 70,200 төгрөг төлсөн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  3. Шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 205 дугаар зүйлийн 205.1 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч “Рагуса “ХХК-аас 57,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Өт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448,400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч РХХК-аас 448,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Өт олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтыг үнэлээгүй, маргааны үйл баримтын талаар тодруулаагүй тухайд,

4.1.а. М.Ө2020.04.21-ний өдөр бичсэн “нийт төлбөрт 57,180,000 төгрөгийн 15 хувь 8,577,000 төгрөгийг суутган тооцуулах, 85 хувь 48,603,000 төгрөгийн төлбөрийг буцаан авахаа хүлээн зөвшөөрсөн” гарын үсэгтэй албан бичгийг цахим шуудангаар 2020.04.24-ний өдөр явуулсан. Гэтэл уг шүүх албан бичгийг огт үнэлээгүй.

4.1.б. Аялахад ямар нэгэн саад бэрхшээл гараагүй, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ямар нэгэн тодорхойлолт, шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан, шүүх хариуцагчид ямар хохирол үүсэж байгаа талаар тогтоогоогүй.

4.1.в. Нэхэмжлэгч аялал хийх боломжтой байсныг нотлох баримт Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хил нээлттэй байсан талаарх тодорхойлолтод дүгнэлт хийгээгүй.

4.1.г. Гэрээ цуцлагдсан үндэслэл нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгоогүй. Гэрээ цуцлах болсон үндэслэлийг тодорхойлж, гэрээ хэрэгжих боломжтой байсан эсэх талаар дүгнээгүй.

4.1.д. Иргэний хуулийн 378.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч маргаж байхад хариуцагчийг хэрхэн хохирч байгаа талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой үйл баримтыг тодруулаагүй.

4.2. Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй тухайд,

4.2.а. Иргэний хуулийн 227.2 дахь хэсгийг баримтлаагүй. Тодорхой бус шууд хохирлуудыг хэн хариуцаж тооцохыг шийдвэрлээгүй. Тухайлбал, валютын ханшны зөрүү, ОХУ-ын банкнаас бэлэн мөнгө авахад 2 хувийн шимтгэл, үйл ажиллагааны зардал зэрэг.

4.2.б. М.Өтай тогтмол цахим шуудан болон утсаар холбогдож байхад эрэн сурвалжилсан төлбөр 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 

4.3. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд,

4.3.а. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь нэр бүхий хүмүүсийг МУ-ын хилээр гарсан, орсон лавлагааг гаргуулж аль улсад зорчсон болохыг тогтоолгох, мөн цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх 2 дахь хүсэлтийг хангахаас татгалзаж, нэр бүхий 2 хүнийг хилээр орсон, гарсан лавлагааг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж, гомдол гаргах боломж олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. М.Ө  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр РХХК-д явуулсан албан бичигт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхээс үзлэг хийхэд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад ... хаягаас РТын имэйл хаяг руу М.Өаялал гэсэн нэртэй цахим шуудан ирснийг үзлэгээр тогтоосон. М.ӨРХХК-д явуулсан албан бичигт аяллын нийт зардал 57,180,000 төгрөгийн 15 хувь буюу 8,577,000 төгрөгийг суутгаж тооцуулах талаар үг, өгүүлбэр байхгүй, харин дараагийн аялалд тооцуулна гэсэн. РХХК дараагийн аялалд гэдгийг нь орхиж, суутган тооцуулна гэсэн утгаар гомдол гаргаж албан бичиг өгч байсан учраас 15 хувийг буцааж өгөөгүй гэж үндэслэлгүй гомдол гаргасан. РХХК-ийн хүсэлтийг үндэслэж эхний ээлжид арга буюу мөнгөө авахын тулд 85 хувийг авч, 15 хувийг дараагийн аялалд суутгуулна гэсэн хүсэлт өгч байсан. Дараагийн аялал зохион байгуулагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

... М.Ө нарын 41 хүн дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын улмаас аялах боломжгүй болсон нь Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын зөвлөмж бичиг, шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсч, хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас аялалд оролцох боломжгүй болсон, гэрээг цуцалж гэрээний төлбөр 57,250,200 төгрөгийг буцаан гаргуулахаар РХХК-д мэдэгдэж байсан. ... Хил хамгаалах ерөнхий газрын хил нээлттэй байсан гэх бичгийг үндэслэж аялах боломжтой байхад аялаагүй гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Хариуцагч РХХК 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А48 тоот мэдэгдлээр аялал хийх боломжгүй болсон гэдгээ нотолсон.

ОХУ-ын ямар банканд хэдэн төгрөг байгаа талаарх нотлох баримт байхгүй. РХХК, М.Ө нарын ажлын зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд төлсөн 57,180,000 төгрөгийг РХХК нь Хаан банк дахь өөрийн ... тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарлага гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргуулан авсан нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог. М.Ө нарын 41 хүний нэр бүхий онгоцны тийзийг Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд бичсэн зүйл байхгүй. Мөн амь насны даатгал хийгдсэн нотлох баримт байхгүй. РХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 42-45 дугаар тал дахь баримтууд орос хэл дээр авагдсан. Хэргийн 42 дугаар тал дахь төлөөлөгч байгууллагын хаяг нь Москва хот 2Б Бакугийн гудамж гэсэн. Мөн Москва хотын кассын машинд 57,240 рубль төлсөн гэх дүнг бичсэн баримт байсан. М.Ө нарын 41 хүн аяллын гэрээнд зааснаар нэг хүний 1,390,000 төгрөгөөр аялахаар тохиролцсон. Гэтэл хариуцагчийн төлсөн гэх мөнгөтэй тохирохгүй байгаа учраас аяллын зардалд төлсөн баримт биш гэж үзэж байна. ... М.Ө нарын аяллын зардалд төлсөн баримт нотлогдохгүй байгаа учраас валютын ханшийн зөрүү, банкнаас бэлэн мөнгө гаргах үйл ажиллагааны зардал зэргийг тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. ... Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Хэрэгт РХХК болон н.Эрдэнэбаяр нарыг эрэн сурвалжилсан талаар нотлох баримт хангалттай байгаа. ... Хариуцагчийн эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.Ө хариуцагч РХХК-аас аялал жуулчлалын гэрээний төлбөрт төлсөн 57,180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 57,250,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч М.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “РТ” ХХК-тай аялал жуулчлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 7 шөнө 8 өдрийн аялалд явах, нэг аялагч 1,390,000 төгрөг, нийт 41 хүний аяллын төлбөрт 56,990,000 төгрөг төлөх, хариуцагч нь аялагчийн хүсэл сонирхолд нийцүүлсэн тав тухтай, сонирхолтой, өндөр зохион байгуулалттай аяллуудыг санал болгон, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, заасан хугацаанд ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, аяллын үйлчилгээнд Эрхүү-Хайнань-Эрхүү 2 талын онгоцны тийз, зочид буудал, өглөөний цай, олон улсын аяллын иж бүрэн даатгал, онцгоцны буудлаас тосч авах, үдэж өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь 41 аялагчийн аяллын төлбөрт 57,180,000 төгрөг төлсөн, короновируст цар тахлын улмаас товлосон аялалдаа явж чадаагүй байна. /1хх5-7/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа үүсэн гэж дүгнэсэн нь зөв.

6. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... дэлхий нийтэд короновируст цар тахал гарч олон улсын хэмжээнд онц байдал зарласан, өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх зөвлөмж гарч, улс орнууд хилээ хаасан тул хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалсан тул төлбөрөө буцааж авна... ” гэж тайлбарласныг хариуцагч “... гэрээг нэг талын санаачлагаар цуцласан, давагдашгүй хүчин зүйл үүссэн талаар баримтгүй, гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан, тухайн үед Монгол улсын хил нээлттэй байсан, аялах боломжтой байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь нэхэмжлэгчийн хариуцах асуудал, гэрээний төлбөрийн 85 хувийг буцаан өгч, үлдэх 15 хувийг суутгуулахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Аяллын төлбөрийг цааш нь ОХУ-ын Р компанид шилжүүлсэн боловч тус компани короновирусын улмаас дампуурсан .., ” гэх үндэслэлээр татгалзсан. /1хх1-2, 2хх31-32/

7. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй болох нь дараахь байдлаар тогтоогдож байна.

7.а. Гэрээ хэрэгжих хугацаанд дэлхий нийтэд короновируст цар тахал гарч Монгол Улсын хилийн боомтуудыг хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах талаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэр гарсан байна. Уг шалтгаан нөхцлийн улмаас нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 28, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчид цахим шуудангаар гэрээ цуцалсан талаар мэдэгдэж, төлбөрөө буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байна. Мөн хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “... захиалга хийгдсэн аялагчдын захиалгыг нэмэгдэл төлбөргүйгээр 09 сарын 01-ний өдрийг хүртэл дурын өдөр сонгон шилжүүлж аяллаа үргэлжлүүлэх, аялагч өөрөө аяллаа цуцлахыг хүсвэл аяллын төлбөрийг 100 хувь буцаан олгох сонголттойгоор Р оператор шийдвэр гаргасан ..., ” гэх А/48 дугаар мэдэгдэл хэрэгт байна.  /1хх37, 53-55, 213-216/ Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүсэлтийг хариуцагчид цахимаар явуулсныг шүүхээс үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх ба үүнд: М.Ө 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр РХХК-д “ ... танай 2020.02.10-ны өдрийн А/48 тоот албан тоотод дурдсаны дагуу бид төлбөрийн 85 хувийг буцаан авч, үлдэх 15 хувийг дараагийн аялалд суутгуулан тооцуулах хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь төлбөрийн 85 хувийг буцаан авах, харин үлдэх 15 хувийг дараагийн аялалд суутгуулан тооцуулах хүсэлтээ илэрхийлсэн, харин аяллын төлбөрийн 15 хувийг авахгүй гэх агуулга тусгагдаагүй байна. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдал, талуудаас ирүүлсэн нотлох баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дүгнэлт өгчээ. /1хх213-219/

Тодруулбал, шүүх  “... хариуцагч тал төлбөрийн 15 хувийг 2020.09.01-ний өдөр хүртэл дурын өдөр сонгон шилжүүлж аяллыг үргэлжлүүлэх боломжтой гэсэн мэдэгдэл гаргасан боловч энэ хугацаанд аялал зохион байгуулагдаагүй, нэхэмжлэгч аяллыг үргэлжлүүлэх хүсэлт гаргаагүй тул хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн аяллын төлбөрийг буцаан олгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхив. Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсэгт “жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө аялал жуулчлал зохион байгуулагчид урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй” гэсэн тусгайлсан зохицуулалт байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй боловч энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв. 

8. Түүнчлэн тухайн аяллын маршрут нь ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг  хамарч байх тул Хил хамгаалах Ерөнхий газрын “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол, Оросын хилийн Алтанбулаг боомт хэвийн ажиллаж байсан” гэх албан бичигт дүгнэлт хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй. /2хх7/

8.а. Дэлхий нийтэд тархсан халдварт цар тахлын улмаас улс орон бүр хилээ хааж, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд иргэдийг хилээр нэвтрүүлж байсан үед аялах зорилгоор гадаад улс руу зорчих нь тухайн иргэдийн амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй бөгөөд энэ үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа аялагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

8.б. Хариуцагч нь Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-д заасан тохиолдол бий болсон нөхцөлд 378.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны улмаас хичнээн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн татгалзлын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн баримтууд нь орчуулгын шаардлага хангаагүй, тухайн аялалд хамааралгүй байна.    /1хх40-46, 144-162, 167-168/

8.в. Нэхэмжлэгч нь хариуцагч РХХК-д холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/09643 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02370 дугаар шийдвэрээр РХХК-ийг болон гүйцэтгэх захирал ................... нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийг шаардах эрхтэй. /1хх11-13/

8.г. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь нэр бүхий хүмүүсийг МУ-ын хилээр гарсан, орсон лавлагааг гаргуулан аль улсад зорчсон болохыг тогтоолгох, мөн цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэр бүхий 2 хүнийг хилээр орсон, гарсан лавлагааг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж, гомдол гаргах боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн “Р” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2020.01.25-2020.02.01 өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-д аялаад ирсэн ............... нарын Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагааг гаргуулах, эдгээр иргэдийн аяллын төлбөрийг ОХУ-ын Р компанид төлсөн баримтыг цахим хаягт үзлэг хийж бэхжүүлэх тухай хүсэлтийг шүүх хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэх үндэслэлээр шийдвэрлэсэн байх ба хэргийн оролцогч нь уг захирамжид гомдол гаргаагүй байна. /1хх141-142/

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,738 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БЯМБАСҮРЭН

 

  ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                          А.МӨНХЗУЛ