Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2367

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/02828 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох

 

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,

Хариуцагч Ц.А-,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С- нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоотод байрлах 29 м.кв орон сууцны өмчлөгч болсон. Уг орон сууцанд Ц.А- амьдарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцыг хариуцагч Ц.А- болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэснийг зөвхөн хариуцагчтайгаа холбогдуулаад Ц.А-ын хууль бус эзэмшлээс гэж залруулж байна. Хариуцагч нотариат ороогүй, 45 000 000 төгрөгөөр зарсан бол надад хэлэх байсан, зөрүү мөнгө өгөөгүй гэсэн тайлбар хэлж байна. Хариуцагч мөнгө өгөөгүйд гомдож байгаа юм уу, байр зарсанд гомдож байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэг бүртгэлийн хэрэг хаасан прокурорын тогтоолд итгэмжлэлд зурсан гарын үсэг Ц.А-ынх мөн гэж дурдсан. Ц.А- итгэмжлэлийг бичиж өгсөн. Хэрэв Ц.А- хэн нэгний нөлөөнд автаж эсвэл ноцтой төөрөгдсөний улмаас хэлцэл хийж өгсөн бол тэр талаарх баримтаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэтэл өнөөдрийн маргааны тухайд ноцтой төөрөлдсөн, хууран мэхлэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Итгэмжлэл нэг талын хүсэл зориг байдаг. Төлөөлүүлэгч Ц.А- өөрийн хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэл өгсөн. Энэ итгэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн. Нотариатын тухай хууль энэ маргаанд хамааралгүй. Хариуцагч байрыг 100 000 000 төгрөг гэж үзэж байгаа бол зөрүү төлбөр нэхэмжлэх нь түүний эрхийн асуудал. Д.Т-итгэмжлэлээр байрыг зарах эрхгүй гэдгийг Ш.М-мэдэж байсан, Д.Т-, Ш.М-, Б.С- гурвыг холбоотой гэж хариуцагч тал тайлбарлалаа. Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай гэрчийн мэдүүлэгт Д.Т-, Д.Т-нар зарсан өгсөн. Зарын дагуу зарсан гэдэг мэдээлэл авагдсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийг төрөл садан, найз нөхөд, ямар нэгэн ашиг сонирхлын холбоотой гэж харахгүй байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар шаардлага гаргаагүй байж шууд хүчин төгөлдөр бус гэж үзээд 56.1.10-д зааснаар шүүхээр шийдүүлнэ гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ямар нэг байдлаар үүрэг үүсэх боломж байгаагүй, Ц.А-, Д.Т-нарын хооронд, Д.Т-, Ш.М-нарын хооронд, Ш.М-, Б.С- нарын хооронд тус тус үүрэг үүссэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан бүртгэлийн зарчим дээр мөн хуулийн 106, 112 дугаар зүйлийн 112.1.1-д зааснаар талууд үнийг төлснөөр эд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон. Мөн нэг этгээдийн өмчлөх эрх бүртгэлийн газар бүртгүүлснээр тухайн өмчлөгч этгээдийн өмчлөх эрх дуусаж, худалдаж авч байгаа этгээдэд шинээр өмчлөх эрх үүснэ. Ц.А-ын өмчлөх эрх дууссан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Б.С-т байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь бөгөөд би хэзээ ч хэнд ч байраа зарж борлуулаагүй. Харин н.Баттогтохын гуйлтаар байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж удаа дараа миний нагац эгч Ш.Чимгээгээр дамжуулан болон өөрөө гуйсны дагуу түүнд тус болох үүднээс 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр н.Баттогтохын дагуулж ирсэн түүний таньдаг эгч гэх Д.Т-аас мөнгө зээлэхээр болж өөрөө завгүй гэсэн тул түүний төрсөн дүү Д.Т-тай 15 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаагаар зээлдэн авахаар гэрээ хийж мөнгийг авсан. Энэ авсан мөнгөнөөс би 1 000 000 төгрөг, миний нагац эгч н.Алимаа 3 000 000 төгрөгийг, н.Баттогтох 11 000 000 төгрөгийг авсан. н.Баттогтох зээлийн хүүгээ төлөхгүй болохоор нь 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд би болон нагац эгч нар маань хүүг нь төлж байсан. Зээлийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд барьцааны гэрээг бүртгэхдээ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гэрчилгээний хувийг авсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн манай байрыг манай эгчийн байр гэж н.Тэмүүжин гэх залуу ирж хаалга үүд эвдэлж, байнга доромжлох болсон ингээд гайхаад асуухад манай эгч энэ байрыг худалдаж авсан. Та нар гар гэж удаа дараа хаалганы цоожийг сольж биднийг хөөж гаргаж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Гайхаад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж асуухад Б.С- гэдэг хүний нэр дээр шилжсэн байна гэсэн. Гэтэл миний мөнгө зээлж авсан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр намайг Д.Т-гэдэг хүнд орон сууцаа зарж борлуулах эрх өгч, итгэмжлэл олгосон мэтээр хуурамч итгэмжлэл хийж, түүнийгээ үндэслэн Б.С-т шилжүүлсэн байсан. Энэ талаар гаргасан миний гомдлын дагуу одоо Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 170501712 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд н.Баттогтох нь олдохгүй байна. Миний хувьд хууль ёсны эзэмшлийн орон сууцаа суллаж өгөх үндэслэлгүй бөгөөд Б.С- гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийж орон сууцаа шилжүүлээгүй, түүний нэр дээр шилжсэнийг мэдээ ч үгүй байсан ба Д.Т-нь хуурамч итгэмжлэл үйлдэн түүнд шилжүүлж миний орон сууцыг залилсан болох нь эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл байх тул Б.С-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээ маргаан бүхий байрыг барьцаалсан нөхцөл байдал тогтоогдсон. Барьцааны гэрээний 3.5-д барьцаалагчийн эрх барьцаалбараар гэрчлэгдэнэ. Барьцааны шаардлагыг шүүхийн журмаар гаргуулна гэж байдаг. Гэрээн дээрх заалт болон хууль тогтоомжоос харахад нэхэмжлэгч тал зээлийн гэрээний заалтын дагуу нэхэмжлэлийн шааардлага хангаж хохирлоо барагдуулах боломжтой. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагчийг зээлийн гэрээнд заасан төлбөрөө төлчихвөл эвлэрлийн асуудал яригдаж болно гэж хэлсэн. Хэрвээ маргаан хариуцагчийн талд шийдэгдвэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Ц.А- маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар Б.С- өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Ц.А-аас чиний миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Тиймээс саад болж байгаа үйлдлээ таслан зогсоо, миний байрыг чөлөөл гэж өөрөө шаардлага гаргах ёстой. Б.С- тийм шаардлага огт гаргаагүй. Б.С-ийн өөрөө шаардлага гаргаагүйг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар Д.Т-, Д.Т-, Ш.М-, Б.С- нар хоорондоо холбоотой, маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх эрхгүй этгээд гэдгийг худалдаж авсан Б.С- мэдэж байсан. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Т-д 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Тус өдөр талууд нотариат орж, зээлийн болон барьцааны гэрээ батлуулсан. Ц.А-аас Д.Т-т олгосон гэх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 2 хүнд зарагдсаныг Ц.А- мэдсэн. Ц.А- Д.Т-тай хамт нотариат орж байгаагүй, итгэмжлэл өгч байгаагүй. Мөн итгэмжлэлийн нэг хувийг Ц.А-д огт өгөөгүй гэдгийг хариуцагч мэдүүлдэг. Д.Т-ыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ц.А-д итгэмжлэл өгсөн эсэхийг тодруулахаар шүүхэд 2 гэрч дуудсан. Гэрч нар шүүхийн хэлэлцүүлэгт нотариат руу Ц.А-, Д.Т- нар орсон, нотариатаас зээлийн болон барьцааны гэрээ авч гарч ирсэн, итгэмжлэл хийгдсэн талаар огт яриагүй, итгэмжлэлийн нэг хувь байгаагүй гэж мэдүүлдэг. Хэрэгт хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол авагдсан. Уг тогтоолд Д.Т-Ц.А-ын араас очиж, нотариатын газар очиж гэрчлүүлсэн гэж мэдүүлдэг. Ц.А- зээлийн гэрээ батлуулах үед Д.Т-тай хамт нотариат ороогүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нотариатын хууль зөрчиж итгэмжлэл хийгдсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу Д.Т-аас Ш.М-гэх хүнд худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүх орон сууц шилжсэн. Маргаан бүхий орон сууцыг 40 000 000 төгрөгөөр худалдсан. Ш.М-тухайн орон сууцыг хараагүй, орон сууц 2 өрөө, 29 м.кв талбайтай зах зээлийн ханшаар 2 өрөө 40 000 000 төгрөгөөр тогтохгүй үнэлгээтэй байгаа. 2 өрөө байр 100 000 000 төгрөгөөс давна. Ш.М-худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа Д.Т- гэх хүнд итгэмжлэл өгсөн. Энэ бүхнээс харахад Д.Т-маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх эрхгүй этгээд гэдгийг Ш.М-мэдэж байсан. Ш.М-дүр үзүүлж 40 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.Тунгалатуяатай хамааралтай этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.М-ээс Б.С- гэх хүнд 45 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Б.С- уг байрыг очиж хараагүй, байрыг хэзээ чөлөөлж өгөх, орон сууцны нөхцөл байдал харж үнэ хөлсөө тохиролцоно. Гэтэл тийм зүйл болоогүй, маргаан бүхий орон сууцыг хараагүй, зүгээр 45 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улсын бүртгэл өмчлөх эрхийн гэрчилгээ солигдсон тохиолдолд 7 хоногийн дараа гэрчилгээ гаргаж өгдөг. Гэтэл өмнөх өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараад удаагүй байхад өөр хүнд шилжүүлсэн байдаг. Б.С- нь тус орон сууцыг худалдаж авах хүсэл зоригтой байсан бол очиж харах байсан. Гэтэл Ш.М-, Д.Т-, Д.Т- гэх хүмүүстэй холбоотой, танилцаж мэддэг, өмчлөгч биш этгээдүүд гэдгийг мэдсээр байж эдгээр хэлцлийг хийсэн. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Ш.М-, Б.С- нарт үл хөдлөх гэрчилгээ шилжихээс өмнө Ц.А-ын нэр дээр үл хөдлөх байсан. Талуудын хооронд сүүлд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус учраас Ц.А- тус байрны өмчлөгч юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.А- болохыг тогтоож өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.А- миний бие 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Т-ын төрсөн дүү гэх Д.Т-тай зээлийн гэрээ хийж 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүр, үндсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацааны эцэст төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаархороолол, 30 дугаар байр 40 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, орон сууцаа барьцаалан мөн өдрөө Барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээ Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст эх хувиар өгсөн. Энэхүү барьцааны гэрээний 3.5-д Барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхгүй бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж заасан. Би зээлийг буцаан төлж байтал 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн манай орон сууцыг манай эгчийн байр гэж н.Тэмүүжин гэх залуу хаалга үүд эвдээд байхаар нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад миний мөнгө зээлж авсан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр намайг Д.Т-гэх хүнд дээрх орон сууцаа зарж борлуулах эрх өгч, итгэмжлэл олгосон мэтээр хуурамч итгэмжлэл хийж түүнийгээ үндэслэн миний орон сууцыг худалдсан байгааг олж мэдсэн. Миний бие Д.Т-тай хамт огт нотариат орж байгаагүй бөгөөд өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөх, гэрчилгээг хүлээн авах, худалдах, бэлэглэх, гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, гэрээ хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх буцаан авах, төлбөр тооцоо нийлэх бүрэн эрхийг огт олгож байгаагүй ба итгэмжлэлийн 1 хувь ч надад байхгүй. Ингээд би энэ асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Энэхүү гомдлыг хянан шийдвэрлэж байх хугацаанд Б.С- нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу холбогдох баримтуудыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулаад хартал Д.Т-гэгч нь надаас авсан гэх хуурамч итгэмжлэлийнхээ үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр миний өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг 40 000 000 төгрөгөөр Ш.М-гэх хүнд худалдсан байхыг олж мэдлээ. Хэрэв би Д.Т-т итгэмжлэл өгч Д.Т-нь миний өмнөөс миний орон сууцыг 40 000 000 төгрөгөөр худалдсан бол надад орон сууцыг худалдсан талаар мэдэгдэж, надад мөнгийг олгох үүрэгтэй баймаар юм. Гэтэл надад орон сууцыг минь худалдсан талаар огт хэлээгүй, надтай огт уулзаагүй, надад нэг ч төгрөг өгөөгүй. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т нотариатын үйлдэл итгэмжлэл гэрчлэх төрөлтэй байна, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д Нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т ... Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ гэж тус тус заасны дагуу итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгчийг өөрийн биеэр байлцуулан, эрх үүргийг нь тайлбарлан нотариатын үйлдэл хийх ёстой атал биднийг хамтад нь байлцуулахгүйгээр хууль зөрчиж итгэмжлэл хийсэн тул 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн надаас Д.Т-гэгчид өгсөн гэх итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд энэхүү хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын0 9-ний өдрийн Ц.А- намайг төлөөлж Д.Т-аас Ш.М-т маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурьдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Улмаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ш.М-ээс Б.С-т маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн дээрх заалтын дагуу мөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Ш.М-, Б.С- нар нь орон сууц худалдан авч байгаа бол тухайн орон сууцаа үзэж харж, үнэ хөлсөө тохирч, хэзээ орон сууцыг суллаж өгөх гэх зэрэг асуудлуудыг тодруулж байж орон сууц худалдан авмаар юм. Гэтэл Ш.М-, Б.С- гэх хүмүүс нь манайд огт ирж байгаагүй, огт харж байгаагүй хүмүүс. Эдгээр хүмүүс нь дээрх маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх эрхгүй хүмүүсээс худалдан авч байгаагаа мэдэж байсан гэж үзэж байна. Иймээс Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байр 40 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ц.А- миний бие болно. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ц.А- намайг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 30 байр 40 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 30 байр 40 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох хариуцагч Ц.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 383 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, миний бие Д.Т-тай хамт хэзээ ч нотариат орж байгаагүй, нотариатч нь надад эрх үүрэг болон итгэмжлэлийн эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлалгүй, надад итгэмжлэлийн 1 хувийг өгөөгүй атлаа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний өмчлөлийн Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 30 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэлийг үйлдэн баталгаажуулсан. Энэ талаар гэрч Ш.Чимгээ мэдүүлэхдээ “...нотариатын үйлдэл хийхэд Д.Т-, н.Баттогтох нар байсан гэж Ариунзул хэлсэн. ... Ц.А- гарч ирээд эээлийн гэрээ, барьцааны гэрээгээ үзүүлсэн”. гэрч Ш.Алимаа мэдүүлэхдээ “н.Баттогтох, Ц.А-, Д.Т- нар нотариат руу орсон. Ц.А- нотариатаас гарч ирэхэд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ л байсан, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолд “...гэрч Д.Т-, Би завгүй байсан тул Д.Т-гаар зээлийн гэрээг хийлгэж би араас нь нотариатын газар очиж баталгаажуулсан” зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан атал анхан шатны шүүх үнэлээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Энэхүү хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр миний өмчлөлийн орон сууц 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 40 000 000 төгрөгөөр Д.Т-аас Ш.М-т, 8 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээгээр 45 000 000 төгрөгөөр Ш.М-ээс Б.С-т тус тус шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, миний өмчлөлийн орон сууц Б.С-ийн өмчлөлд шилжих үндэслэл нь Д.Т-ын итгэмжлэлтэй салшгүй холбоотой Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчиж, бий болсон итгэмжлэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй, шууд холбоотой атал шүүх эсрэгээр нь дүгнэснийг эс зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн итгэмжлэл /хэлцэл/-ийн үндсэн дээр хийгдсэн дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцогддоггүй бөгөөд үйлдсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байж эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10, 56.4 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлан хүчин төгөлдөр бус эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй бол ... хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй, хэн нэг этгээд хүчин төгөлдөр бус байх  хэлцэлд тооцогдох зохицуулалт биш гэж дүгнээд Б.С-ийг өмчлөгч гэж үзсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө болох амьдран суух орон сууцаа худалдан авахдаа нэхэмжлэгч хайнга хандсан. Ядаж л хэн амьдарч байгаа эсэх, худалдагчийн өмчлөлд хэдийд шилжсэн орон сууц вэ гэдэгт анхаарч, орон сууцны нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр үнэ хөлсөө тохирч гэрээ байгуулах үндэслэлтэй. Гэтэл Б.С-, Ш.М-нар нь миний орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа дээрх арга хэмжээг огт аваагүй, надаас итгэмжлэл авсан гэдэг Д.Т-ч надад орон сууцыг худалдах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Миний өмчлөлийн маргаан бүхий орон сууц бол 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бөгөөд зах зээлийн үнэ нь 100 000 000 төгрөгөөс хол давсан үнэтэй билээ. Гэтэл Ш.М-40 000 000 төгрөгөөр худалдаж аваад 8 хоногийн дараа 45 000 000 төгрөгөөр Б.С-т худалдсан гэдэг. Зах зээлийн үнэ ханшаар тодорхойлход 100 гаруй сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдан авчихаад 5-хан сая төгрөг нэмээд зардаг хүн хаа ч байхгүй, мөн 2 өрөө хотын А зэрэглэлийн бүсд байрладаг хуучны биш орон сууц 45 000 000 төгрөгийн үнэтэй байна гэдэг нь өөрөө сэжиг төрүүлэхүйц хэт хямд үнэ билээ. Мөн Ш.М-нь надад мөнгө зээлдүүлсэн Д.Т-, Д.Т- нартай холбоотой гэдэг нь Ш.М-ээс Д.Т-д өгсөн итгэмжлэлээр тогтоогддог. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 27 000 000 төгрөг төлбөл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр эвлэрэх санал тавьдаг. Үүндээ зээлийн үндсэн төлбөр 15 000 000 + зээлийн хүү 1 820 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг + хохирол 2 удаа худалдах худалдан авах гэрээний татварт 1 700 000 + 2 удаа нотариат орсон 116 000 + 2 удаа гэрчилгээ сольсон 60 000 + эвдсэн хаалга сольсон 170 000 + бусад зардал 634 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гэдэг. Энэхүү эвлэрлийн талаар шүүх хуралдаан дээр яригдаж тэмдэглэл хөтлөгдсөн. Эдгээр нотлох баримтууд нь мөнгө зээлдүүлэгч Д.Т-, Д.Т-нартай Ш.М-, нэхэмжлэгч Б.С- нар холбоотой гэдэг нь тогтоогдсоор байгаа атал шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь заалтын “...өмчлөх эрх болж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэсэн нөхцөл хангагдсан байхад шүүх эсрэгээр нь нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласанд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4 дэх заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, түүнчлэн 56.5 дахь заалтыг хэрэглэх ёстой атал хэрэглээгүйгээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй атал хэрэглэсэн. Хэрэглэхдээ ч дараах алдааг гаргасан гэж үзэж байна.

Б.С- нь намайг байр суллаж өг гэж шаардаж байгаагүй бөгөөд би Б.С-ийг огт харж байгаагүй. Харин дүү нь гэх залуу ирж танхайрч байсан бөгөөд түүнд байр суллаж өгөх шаардлагыг тавих эрхийг олгосон итгэмжлэл огтоос байгаагүй. Өөрөөр хэпбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар эхлээд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан байр суллаж өгөх шаардлага гаргаад эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд хандахаар байна. Хэрвээ шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг хэрэглэж байгаа бол заавал мөн зүйлийн 106.3 дахь заалтыг хэрэглэх ёстой.

Миний бие 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх эрхийг олгосон гэх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг нотариатч Б.Алтанцоожид холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Иймд миний бие нотариатын үйлдэл хүчингүй болгуулах иргэний хэргийг шийдвэрлэгдэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасныг буруу тайлбарлалаа. Сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарах ба маргаан бүхий орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр зөвхөн миний өмчлөлд байсан бөгөөд миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд нь би мөн тул миний бие 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр бус Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймээс Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл нь хууль зөрчсөн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд түүний үндсэн дээр хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 хороолол, 30 байрны 40 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь намайг болохыг тогтоож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.С- хариуцагч Ц.А-д холбогдуулан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байр, 40 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийг хууль бус өмчлөгч, орон сууцыг шилжүүлэх эрхгүй хүнээс худалдан авч байгаагаа мэдэж байсан, өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй тул орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ц.А- 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, Ш.М-2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Б.С- 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байх бөгөөд тус орон сууцны өмчлөх эрх Ц.А-аас Ш.М-т шилжихдээ Ц.А-аас Д.Т-т олгосон итгэмжлэлийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр Ш.М-өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Улмаар 8 хоногийн дараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ш.М-ээс нэхэмжлэгч Б.С-ийн өмчлөлд бүртгэгджээ. /хэргийн 23-47 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байр, 40 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд уг байранд Ц.А- амьдарч байгаа” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Миний хувьд хууль ёсны эзэмшлийн орон сууцаа суллаж өгөх үндэслэлгүй бөгөөд Б.С- гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийж орон сууцаа шилжүүлээгүй, түүний нэр дээр шилжсэнийг мэдээ ч үгүй байсан ба А.Тамир нь хуурамч итгэмжлэл үйлдэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн” гэж тус тус тайлбарлажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Д.Т-т маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/05282 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийг ирүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байна. /хэргийн 108-109 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ.” гэж заажээ. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлтэй холбоотой баримтын талаар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шийдвэрлэсний дараа энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, дээрх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбоотой иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөхцөл байдалд хамаарахгүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/02828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                       С.ЭНХТӨР