Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00550

 

Б.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/02828 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2367 дугаар магадлалтай

Б.Сийн нэхэмжлэлтэй,

Ц.Ад холбогдох

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С миний бие Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот хаягт байрлах 29 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл Ц.А болон түүний гэр бүлийн гишүүд нь Б.С миний өмчлөлийн дээрх орон сууцанд амьдарч байх ба тус орон сууцыг чөлөөлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаад байна. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот хаягт байрлах орон сууцыг Ц.А болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь бөгөөд би хэзээ ч хэнд ч байраа зарж борлуулаагүй билээ. Харин Баттогтохын гуйлтаар байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж удаа дараа гуйсны дагуу түүнд тус болох үүднээс 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баттогтохын дагуулж ирсэн түүний таньдаг эгч гэх А.Тамираас мөнгө зээлэхээр болж, өөрөө завгүй гэсэн тул түүний төрсөн дүү Тунгалагтуяатай 15 сая төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаагаар зээлдэн авахаар гэрээ хийж мөнгийг авсан. Энэ авсан мөнгөнөөс би 1 сая төгрөг, миний нагац эгч Алимаа 3 сая төгрөгийг, Баттогтох 11 сая төгрөгийг авсан юм. Ингээд Баттогтох зээлийн хүүгээ төлөхгүй болохоор нь 2017 оны 11 сар хүртэл хугацаанд би болон нагац эгч нар маань хүүг нь төлж байсан. Зээлийн гэрээг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд барьцааны гэрээг бүртгэхдээ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гэрчилгээний хувийг авсан болно. Гэтэл 2017 оны 11 сарын сүүлчээс эхлэн манай байрыг манай эгчийн байр гэж Тэмүүжин гэх залуу ирж хаалга үүд эвдэлж, байнга доромжлох болсон. Ингээд гайхаад асуухад манай эгч энэ байрыг худалдаж авсан. Та нар гар гэж удаа дараа хаалганы цоожийг сольж биднийг хөөж гаргаж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан болно. Гайхаад Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж асуухад Б.С гэдэг хүний нэр дээр шилжсэн байна гэсэн. Гэтэл миний мөнгө зээлдэж авсан өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр намайг А.Тамир гэдэг хүнд орон сууцаа зарж борлуулах эрх өгч, итгэмжлэл олгосон мэтээр хуурамч итгэмжлэл хийж, түүнийгээ үндэслэн Б.Ст шилжүүлсэн байсан. Энэ талаар гаргасан миний гомдлын дагуу одоо Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт 170501712 дугаартай хэрэг бүртгэлтиин хэрэг нээгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Баттогтох нь олдохгүй байгаа болно. Миний хувьд хууль ёсны эзэмшлийн орон сууцаа суллаж өгөх үндэслэлгүй бөгөөд Б.С гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийж орон сууцаа шилжүүлээгүй, түүний нэр дээр шилжсэнийг ч мэдээгүй байсан ба А.Тамир нь хуурамч итгэмжлэл үйлдэн түүнд шилжүүлж миний орон сууцыг залилсан болох нь эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр Б.Сийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.А миний бие 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Тамирын төрсөн дүү гэх Д.Тунгалагтуяатай зээлийн гэрээ хийж 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүр, үндсэн төлбөрийг зээлийн гэрээний хугацааны эцэст төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо, 3 хороолол, 30 байр 40 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, орон сууцаа барьцаалан, мөн өдрөө Барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээ Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст эх хувиар өгсөн юм. Энэхүү барьцааны гэрээний 3.5-д Барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхгүй бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж заасан болно. Ингээд би зээлийг буцаан төлж байтал 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн манай орон сууцыг манай эгчийн байр гэж Тэмүүжин гэх залуу хаалга үүд эвдээд байхаар нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад миний мөнгө зээлж авсан өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намайг Д.Тамир гэх хүнд дээрх орон сууцаа зарж борлуулах эрх өгч, итгэмжлэл олгосон мэтээр хуурамч итгэмжлэл хийж түүнийгээ үндэслэн миний орон сууцыг худалдсан байгааг олж мэдсэн. Миний бие Д.Тамиртай хамт огт нотариат орж байгаагүй бөгөөд өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөх, гэрчилгээг хүлээн авах, худалдах, бэлэглэх, гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, гэрээ хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх буцаан авах, төлбөр тооцоо нийлэх бүрэн эрхийг огт олгож байгаагүй ба итгэмжлэлийн 1 хувь ч надад байхгүй юм. Ингээд би энэ асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан юм. Энэхүү гомдлыг хянан шийдвэрлэж байх хугацаанд Саранчимэг нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу холбогдох баримтуудыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулаад хартал Д.Тамир гэгч нь надаас авсан гэх хуурамч итгэмжлэлийнхээ үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр миний өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг 40000000 төгрөгөөр Ш.Мөнхдэлгэр гэх хүнд худалдсан байхыг олж мэдлээ. Хэрэв би Д.Тамирт итгэмжлэл өгч Тамир нь миний өмнөөс миний орон сууцыг 40000000 төгрөгөөр худалдсан юм бол надад орон сууцыг худалдсан талаар мэдэгдэж, надад мөнгийг олгох үүрэгтэй баймаар юм. Гэтэл надад орон сууцыг минь худалдсан талаар огт хэлээгүй, надтай огт уулзаагүй, надад нэг ч төгрөг өгөөгүй болно. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т нотариатын үйлдэл итгэмжлэл гэрчлэх төрөлтэй байна, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д Нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т ...Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ гэж тус тус заасны дагуу итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгчийг өөрийн биеэр байлцуулан, эрх үүргийг нь тайлбарлан нотариатын үйлдэл хийх ёстой атал биднийг хамтад нь байлцуулахгүйгээр хууль зөрчиж итгэмжлэл хийсэн тул 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн надаас Д.Тамир гэгчид өгсөн гэх итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд энэхүү хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Ц.А намайг төлөөлж Д.Тамираас Ш.Мөнхдэлгэрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Улмаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ш.Мөнхдэлгэрээс нэхэмжлэгч Б.Ст маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн дээрх заалтын дагуу мөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ш.Мөнхдэлгэр, Б.С нар нь орон сууц худалдан авч байгаа юм бол тухайн орон сууцаа үзэж харж, үнэ хөлсөө тохирч, хэзээ орон сууцыг суллаж өгөх гэх зэрэг асуудлуудыг тодруулж байж орон сууц худалдан авмаар юм. Гэтэл Ш.Мөнхдэлгэр, Б.С гэх хүмүүс нь манайд огт ирж байгаагүй, огт харж байгаагүй хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь дээрх маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх эрхгүй хүмүүсээс худалдан авч байгаагаа мэдэж байсан гэж үзэж байна. Иймээс Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30 байр 40 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ц.А миний бие болно. Иймд Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30 байр 40 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ц.А намайг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.С нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 30 дугаар байрны 40 тоотод байрлах 29 м.кв орон сууцны өмчлөгч болсон. Уг орон сууцанд Ц.А амьдарч байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч Ц.А болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэснийг зөвхөн хариуцагчтайгаа холбогдуулаад Ц.Аын хууль бус эзэмшлээс гэж залруулж байна. Хариуцагч нотариат ороогүй, 45 000 000 төгрөгөөр зарсан бол надад хэлэх байсан, зөрүү мөнгө өгөөгүй гэсэн тайлбар хэлж байна. Хариуцагч мөнгө өгөөгүйд гомдож байгаа юм уу, байр зарсанд гомдож байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэг бүртгэлийн хэрэг хаасан Прокурорын тогтоолд итгэмжлэлд зурсан гарын үсэг Ц.Аынх мөн гэж дурдсан. Ц.А итгэмжлэлийг яах аргагүй бичиж өгсөн. Хэрэв Ц.А хэн нэгний нөлөөнд автаж эсвэл ноцтой төөрөгдсөний улмаас хэлцэл хийж өгсөн бол тэр талаарх баримтаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэтэл өнөөдрийн маргааны тухайд ноцтой төөрөлдсөн, хууран мэхлэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Итгэмжлэл нэг талын хүсэл зориг байдаг. Төлөөлүүлэгч Ц.А өөрийн хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэл өгсөн. Энэ итгэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн. Нотариатын тухай хууль энэ маргаанд хамааралгүй. 2 өрөө байр 45 000 000 төгрөг байхгүй гэлээ. Хариуцагч байрыг 100 000 000 төгрөг гэж үзэж байгаа бол зөрүү төлбөр нэхэмжлэх нь түүний эрхийн асуудал. Д.Тамир итгэмжлэлээр байрыг зарах эрхгүй гэдгийг н.Мөнхдэлгэр мэдэж байсан, Д.Тамир, н.Мөнхдэлгэр, Б.С гурвыг холбоотой гэж хариуцагч тал тайлбарлалаа. Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай гэрчийн мэдүүлэгт н.Тунгалагтуяа, Д.Тамир нар зарсан, өгсөн. Зарын дагуу зарсан гэдэг мэдээлэл авагдсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийг төрөл садан, найз нөхөд, ямар нэгэн ашиг сонирхлын холбоотой гэж төлөөлөгч миний бие харахгүй байна. Иймд хариуцагч талыг үндэслэлгүй мэдээлэл хэлэхгүй байхыг хүсэж байна. Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт Б.С маргаан бүхий байрыг очиж хараагүй, үнэ хөлсөө тохиролцоогүй, өөрөө хүсэж аваагүй гэсэн тайлбар өглөө. Б.С өөрөө хүссэн учраас л гэрчилгээ нэр дээр нь шилжсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд гэрээний агуулга, нөхцлийг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд өгсөн авснаа харилцан буцааснаар Б.С байраа н.Мөнхдэлгэрт шилжүүлнэ. н.Мөнхдэлгэр, Д.Тамир хоёрын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээг хүчингүй болно. Гэтэл Д.Тамир, н.Мөнхдэлгэр нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Д.Тамирт олгосон итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хууль ёсны өмчлөгч н.Мөнхдэлгэрийн эрх ашиг яригдана. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар шаардлага гаргаагүй, шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгоогүй байж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд ийм хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар шаардлага гаргаагүй байж шууд хүчин төгөлдөр бус гэж үзээд 56.1.10-д зааснаар шүүхээр шийдүүлнэ гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар талуудын хооронд ямар нэг байдлаар үүрэг үүсэх боломж байгаагүй, Ц.А, Д.Тамир хоёрын хооронд үүрэг үүссэн, Д.Тамир, н.Мөнхдэлгэр хоёрын хооронд үүрэг үүссэн, н.Мөнхдэлгэр, Б.С хоёрын хооронд үүрэг үүссэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан бүртгэлийн зарчим дээр Иргэний хуулийн 106, 112 дугаар зүйлийн 112.1.1-д зааснаар талууд үнийг төлснөөр эд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон. Мөн нэг этгээдийн өмчлөх эрх бүртгэлийн газар бүртгүүлснээр тухайн өмчлөгч этгээдийн өмчлөх эрх дуусаж, худалдаж авч байгаа этгээдэд шинээр өмчлөх эрх үүснэ. Ц.Аын өмчлөх эрх аль хэдийнээ дууссан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Б.С дээр байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/02828 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 30 байр 40 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 30 байр 40 тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох хариуцагч Ц.Аын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 383 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2367 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/02828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.С нь Ц.Ад холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/02828 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2367 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2367 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Д.Тамирт маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/Ш32018/05282 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжийг ирүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байна” хэмээн дурджээ.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Тамирт холбогдуулан нэхэмжлэл гаргасан хэмээн тайлбарлаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/Ш32018/05282 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байсан.

Гэвч хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн үндэслэл болж буй Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/Ш32018/05282 дугаар захирамж нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасныг зөрчсөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байсан.

Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/Ш32018/05282 дугаар захирамж нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт буюу шүүхийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан /хариуцагчийн зүгээс нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлээгүй/ байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг ноцтой зөрчиж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг магадлалынхаа үндэслэл болгосон нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм.

Нөгөөтэйгүүр хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийн үндэслэл болсон дээрх шүүгчийн захирамж нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх болон 2018.11.28-ны өдрийн шүүх хуралдаанд удаа дараа тайлбарласан боловч хариуцагчийн зүгээс дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрийн тайлбар, татгалзлыг нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй атал давж заалдах шатны шүүх мөн хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2367 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлтэй холбоотой баримтын талаар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шийдвэрлэсний энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, дээрх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбоотой иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна” хэмээн дурджээ.

Гэвч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.03.16-ны өдрийн Д.Тамирт олгосон итгэмжлэлтэй холбогдуулан гомдол гаргасан ба гомдлыг хүлээн авч шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Ц.Ааас гаргасан гомдлыг хянан шалгах явцдаа Д.Тамирт олгосон 2017.03.16-ны өдрийн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь Ц.Аын гарын үсэг мөн эсэхийг тогтоох зорилгоор гарын үсгийн шинжээч /Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн/ томилсон бөгөөд тухайн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь Ц.Аынх болох нь тогтоогдсон.

Ийнхүү Ц.А өөрөө гарын үсэг зурж итгэмжлэл олгосон болохоо шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байдаг.

Хариуцагч нь өөрөө гарын үсэг зурж, итгэмжлэл олгосон /шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон ба шүүх хуралдаанд мэдүүлсэн/ атлаа тухайн итгэмжлэлийг олгоогүй, тухайн итгэмжлэлд Д.Тамирт хожим буюу үдээс хойш гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн дээрх тайлбар болон хэргийн материалд авагдсан баримтууд /Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс ирүүлсэн/-ыг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулснаараа хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр Ц.Ааас гаргасан гомдолд холбогдуулан нэхэмжлэгчийг шалгаагүй, нэхэмжлэгчээс ямар нэгэн гэрчийн мэдүүлэг аваагүй бөгөөд ийнхүү аваагүй нь тухайн гомдолд нэхэмжлэгч нь ямар нэгэн хамааралгүй болохыг нотолж байна.

Мөн хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “2017.03.16-ны өдрийн итгэмжлэлд гарын үсэг зурахад Д.Тамир байгаагүй, Д.Тамир нь үдээс хойш ирж гарын үсэг зурсан байх” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд төлөөлүүлэгч Ц.А өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, итгэмжлэл олгон гарын үсэг зурсан бол тухайн итгэмжлэлд төлөөлөгч Д.Тамир нь үдээс хойш буюу хожим гарын үсэг зурах нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд төлөөлүүлэгч гарын үсэг зурснаар тухайн итгэмжлэл хүчин төгөлдөр болох юм.

Гэвч давж заалдах шатны шүүх хариуцагчийн дээрх тайлбар болон хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан гэх нэхэмжлэлийн үндэслэл, агуулгад дүгнэлт хийж, үнэлээгүй байна. Хэрэв хариуцагчийн дээрх тайлбарууд болон нэхэмжлэлийн үндэслэл болон агуулгад дүгнэлт хийсэн тохиолдолд Ц.Ааас гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Сийн нэхэмжлэлтэй, Ц.Ад холбогдох маргаанд хамааралгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй болох нь тогтоогдох юм.

Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүйгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №2367 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Б.С Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.                                                                             

Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...маргаж буй орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Мөнхдэлгэрээс худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, Ц.А нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаад байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ц.А “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Тамирын төрсөн дүү Д.Тунгалагтуяатай зээлийн гэрээ хийж, 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороололд байрлах 30 дугаар байрны 40 тоот 29 м.кв талбайтай орон сууцаа барьцаалж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл зээлийн гэрээ байгуулсан өдөр намайг Д.Тамир гэж хүнд өөрийн орон сууцыг зарж борлуулах эрх олгосон мэтээр хуурамч итгэмжлэл хийж, түүнийгээ үндэслэн Д.Тамир нь миний орон сууцыг Ш.Мөнхдэлгэр гэж хүнд худалдаж, Ш.Мөнхдэлгэр нь Б.Ст худалдсан болохыг олж мэдлээ. Ингээд итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа, итгэмжлэл хүчингүй болсноор Д.Тамирын орон сууцыг бусдад худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болно. Би өөрийн орон сууцыг бусдад худалдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч нь өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, эд хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж Иргэний хуулийн 243, 252 дугаар зүйлд заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Тамир нь хариуцагчаас олгосон гэх итгэмжлэлээр Ц.Аын өмчлөлийн, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 30 дугаар байрны 40 тоот орон сууцыг Ш.Мөнхдэлгэрт, Ш.Мөнхдэлгэр Б.Ст тус тус худалдсан нь тогтоогджээ.

Ш.Мөнхдэлгэр Д.Тамир, Д.Тамир Ц.А нарын хооронд маргаан байгаа эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, худалдах-худалдан авах гэрээний зүйлийг эрхийн доголдолтой гэж үзэх эсэх зэрэг асуудал тодорхой бус байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг буруутгах, улмаар нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Ц.А нь Б.Сийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжтой.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч орон сууцыг Ш.Мөнхдэлгэрээс худалдан авах үед маргааны зүйл хариуцагчийн эзэмшилд байсныг анхаарч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэсэн нь дутагдалтай болжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх уг нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүх дурдсан нөхцөл байдлыг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2367 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД