Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00187

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00915 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Даалгаврын гэрээний үүрэгт 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: 2020.06.25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан, даалгаврын гэрээний үүрэгт нийт 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2020.06.25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож,  350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 4,188,443,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2020.06.25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулах тухай “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,258,115 төгрөг, хариуцагч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,861,892.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 21,258,115 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 144,427.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж хариуцагч “Д” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00915 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.3-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагууд нь бүхэлдээ талуудын дунд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан ХБНГУ-ын Т групп (T) ба  Ф (F) нь “Б” ХХК-д 1,700,000 ам долларын төлбөр төлөх харилцааг зохицуулсан гэх гэрээнд үндэслэсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Б” ХХК-ийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “...даалгаврын гэрээний үүрэг...” гэх байдлаар тодорхойлж нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээс илт зөрүүтэй байдлаар дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй.

Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө тодорхойлох эрх, үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргах хууль зүйн зохицуулалттай.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд огтоос тусгагдаагүй Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа, хууль зүйн зохицуулалтыг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс түүний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний эрх зүйн зохицуулалтад үндэслэж байгаа гэдгээ шүүх хуралдааны явцад тодруулан тайлбарлаж байгаа бол энэ талаар шүүх тодруулах, хариуцагчид тодруулсан шаардлага, хууль зүйн үндэслэлийг танилцуулах, түүнтэй холбоотой хариуцагчаас тайлбар, нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлэх  боломжоор хангах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журам хэрэгжинэ. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй хууль зүйн зохицуулалтыг үндэслэл болгон хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн зөрчил болно.

4.1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус компани нь 2012 оноос эхлэн “Д” ХХК-ийн  толгой компани буюу хөрөнгө оруулагч болох T компани, тус компанийн хувьцаа эзэмшигч F-тай 30 мвт-ын нарны эрчим хүчний станцын төслийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллахаар харилцан тохиролцсон, улмаар Д аймгийн С хотод хэрэгжиж эхэлсэн уг төсөл хэрэгжүүлэх “Санамж бичиг”-ийг 2012.12.04-ний өдөр Э яамтай байгуулан ажиллаж эхлэх үеэс “Б” ХХК, захирал Э.Б-д төсөл хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэхийг T компанийн хувьцаа эзэмшигч F даалгасан гэж тодорхойлон дурдсан.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрх үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсгийн А дугаарт “...Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх салбар дахь Монгол-Германы хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэнтэй холбоотойгоор мөн оны 12 дугаар сард Э яамтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан, уг төсөлд ХБНГУ-ын иргэн F , “Б” ХХК-ний захирал Э.Б нар оролцсон. Мөн тэдгээр нь 2012 оны 05 дугаар сард нарны цахилгаан станц байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлсэн…” гэж дүгнэсэн.

Гэтэл 5 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар талд авагдсан бичгийн баримтын хүрээнд нэхэмжлэгчийн удаа дараа дурдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн T компани болон “Б” ХХК-иуд нь 2012 оны 12 дугаар сард Монгол Улсын Э яамтай 30 мвт-ын нарны эрчим хүчний станцын төсөл хэрэгжүүлэх “Санамж бичиг”-ийг байгуулсан гэх үйл баримт нь нотлох баримтын хэмжээнд бүрэн үгүйсгэгддэг бөгөөд дээрх үйл баримтыг шүүх хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Тодруулбал, 5 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр талд авагдсан “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээ” гэх баримтаар Монгол Улсын хуулийн этгээд болох “Б Х” ХХК 49 хувь, ХБНГУ-ын хуулийн этгээд “M and G” компани 51 хувийн хувьцааг тус тус эзэмшиж Монгол Улсад хамтарсан хөрөнгө оруулалттай “М” Г ХХК-ийг 2012.05.12-ны өдөр үүсгэн байгуулж, 2012.05.28-ны өдөр 12-402 дугаарын гэрчилгээ олгогдож байсан нь тогтоогддог бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 242 дугаар талд “М” Г ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлж 2012.05.31-ний өдөр 9019063110 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож байсан нь мөн нотлогддог. Дээрх бичгийн баримтуудаас дүгнэн үзвэл 2012.12 дугаар сард T компани болон “Б” ХХК-иуд нь Э яамтай “Санамж бичиг” байгуулж 30 мвт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг эхлүүлж байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл үгүйсгэгддэг бөгөөд дээрх үйл баримтыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад үгүйсгэж няцааж чадаагүй. Анхан шатны шүүх 5 дугаар хавтаст хэргийн 228 дугаар хуудаснаас 6 дугаар хавтаст хэргийн 50 дугаар талуудад авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй бичгийн баримтууд болно.

Хариуцагчийн зүгээс өөрийн гаргасан татгалзлын үндэслэлээ дэмжих, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бодитой тогтоох зорилгоор 2025.03.31-ний өдөр 5 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар талуудад авагдсан “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээ”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ” мөн үйл ажиллагааны эхлэл болсон гэх 2012.12.04-ний өдөр Э яамтай байгуулсан “Санамж бичиг” зэрэг 5 төрлийн бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

4.2.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн  зүгээс 2024.03.15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “... Ингээд T компанийн даалгасан үүрэг даалгаврын дагуу “Б” ХХК нь доорх ажлуудыг хийж гүйцэтгэснийг товчлон дурдвал гээд ... дээр дурдсан бүх ажлуудыг “Б” ХХК инженер техникийн ажилтнууд, үйл ажиллагааны менежерүүд, хуулийн зөвлөх, жолооч, туслах ажилтан зэрэг 10-14 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7 жилийн турш хариуцан ажиллаж, Д аймгийн С сумын нутгийн захиргааны байгууллага, Э зохицуулах хороо, Э яам, Э хөгжлийн төв, Д-ийн үндэсний төв, Ц үндэсний сүлжээ, С үндэсний төв зэрэг байгууллагуудтай байнга тогтмол харилцаж, холбогдох гэрээ, хэлцлүүдийг байгуулан, төсөл хэрэгжих бүх судалгаа, үнэлгээ, тусгай зөвшөөрөл техникийн нөхцөл, станцын газрын асуудал зэрэг төсөлтэй холбогдох бүх ажлуудыг өөрсдийн хүн хүч, зардал мөнгөөр хийж гүйцэтгэсээр ирсний үр дүнд одоо Д аймгийн С суманд нарны цахилгаан станц хэвийн ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байна...” гэж дурдсан..

Нэхэмжлэлийн дээрх үндэслэлээ нотлох зорилгоор “Б” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа гэх 78 хуудас баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Дээрх 78 хуудас бүхий бичгийн баримтууд нь зөвхөн нэхэмжлэгч компанийн тамга дарагдаж нотариатаар гэрчлүүлсэн баримтууд байдаг бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэл болон тус шаардлагатай холбогдуулан гаргасан бичгийн баримтуудаас харахад “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх үйл ажиллагааны төрлүүд дотор “Хуулийн  зөвлөх”-ийн үйл ажиллагаа хамаарч байгаа бөгөөд тухайн ажил үүргийг “Б” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай Ц.Б ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж тус компаний үндсэн ажилтнаар ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн даатгал төлөгдөж байсан үйл баримт тогтоогддог.

Гэтэл тус компаний үндсэн ажилтан, хуулийн зөвлөх Ц.Б нь 2023.03.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан “... 380.000 ам доллар буюу 1,333,496.000 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32023/04450 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Д” ХХК-ийн  хэрэгжүүлсэн “нарны цахилгаан станц төсөлд 2013 оноос хойш үзүүлсэн эрх зүйн туслалцаа үйлчилгээний хөлс төлбөр...” гэж тодорхойлсон бөгөөд түүний гүйцэтгэсэн гэх ажил үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа нь “Б” ХХК-ийн нэхэмжилж буй ажил үйлчилгээний хөлс, төлбөрт хамаарах үйл ажиллагааны төрөл, чиглэлтэй давхцаж байгаа бодит нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлыг тодруулах ач холбогдол бүхий бичгийн баримтуудыг хариуцагчийн зүгээс хэрэгт гарган өгч  тухайн нөхцөл байдалтай холбогдох бусад баримтыг шүүгчийн захирамжаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01450 дугаар магадлалын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

4.3.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон талуудын дунд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан “...энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд дурдсан Д компанийн үүрэг амлалт нь Б-гийн зүгээс “T” эсвэл F компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц, үндэслэл бүхий нотлох баримтыг гаргаж өгөхөөс хамаарна...” гэх гэрээний заалтыг нэхэмжлэгч дараах байдлаар биелүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2020.10.12-ны өдөр “Бичиг баримт хүлээлцэх акт” үйлдэж нарны цахилгаан станцын төсөлд холбогдох бичгийн баримтыг “Д” ХХК-д хүлээлгэн өгчээ. Талуудын хооронд баримт бичиг хүлээлцсэн дээрх актыг хариуцагч талаас анх хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд үндэслэл нь дээрх баримтууд нь талуудын дунд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан “Б” ХХК-ийн үүрэгт хамааралгүй баримтууд болохыг нотлох зорилготой бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Талуудын дунд 2020.06.25-ны өдөр гэрээ байгуулагдаж “Б” ХХК нь нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээнд заасан нотлох баримтыг гарган өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э Үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/802 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Эрчим хүчний барилга байгууламжийг ашилалтад оруулах улсын комиссын дүгнэлт”-ээр “Д” ХХК нь 2020.07.30-ны өдөр нарны цахилгаан станцыг улсын комисст хүлээлгэн өгчээ.

Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2020.07.30-ны өдрийн 05/2020 дугаартай дүгнэлтийн 1.5 дахь хэсэгт “... Э сайдын 2020.07.03-ны өдрийн 134 дүгээр тушаалаар зохион байгуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай “Д” ХХК-ны 2020.06.26-ны өдрийн 65/20 дугаартай хүсэлтийн дагуу 2020.07.08-ны өдөр шинээр барьсан, өргөтгөл шинэчлэл хийсэн ажлын гүйцэтгэл, чанар, холбогдох баримт бичигт газар дээр нь үзлэг шалгалт хийв...” гэж дурдсан бөгөөд “Д” ХХК-ийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын төсөлд холбогдох шаардлагатай бичгийн баримтууд нь улсын комисс ажилласан 2020.07.30-ны өдөр “Д” ХХК-д өөрт нь байсан болох нь дээрх бичгийн баримтын хүрээнд бүрэн нотлогдоно.

Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК 2012 оноос хойш 2020 оныг хүртэл нарны цахилгаан станцын төслийг бүхэлд нь хариуцаж ажилласан дээрх үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий баримтуудыг хариуцагч талд хүлээлгэн өгч улмаар хариуцагч нь нарны цахилгаан станцыг улсын комисст хүлээлгэн өгч станц хэвийн ажиллаж эхэлсэн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тайлбарлаж, тухайн тайлбар дүгнэлтийг нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болжээ. Хэрэв нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2020.10.12-ны өдөр хүлээлгэн өгсөн бичгийн баримтууд нь нарны цахилгаан станцын төслийн бүх шаардлагатай бичиг баримтууд байсан бол тухайн баримтуудыг хүлээн аваагүй байх хугацаанд нарны цахилгаан станцыг улсын комисс хүлээн авах боломжгүй бөгөөд Э сайдын тушаалаар байгуулагдсан бүрэлдэхүүнтэй комисс ажиллан холбогдох бичиг баримтад үзлэг шалгалт хийж цахилгаан станцыг хүлээн авах шийдвэр гаргаж байгаа нь 2020.10.12-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн бичгийн баримтуудын ач холбогдол, төслийн ажилд зайлшгүй шаардлагатай байсан эсэхэд дүгнэлт хийж хууль зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэж байгааг анхан шатны шүүх дүгнэж чадалгүй орхигдуулжээ.

4.4.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс талуудын дунд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэж “Д” ХХК-ийг хариуцагчаар татахдаа 2012 онд тус компанийг нарны цахилгаан станц төсөлд ажиллах үүрэг даалгавар өгсөн гэх T буюу F -ийг “Д” ХХК-ийн  шууд бус хувьцаа эзэмшигч гэж тодорхойлон түүнтэй 2012 онд хэлэлцэн тохирсон гэрээ, хэлцлийн үр дагаврыг “Д” ХХК хариуцна гэж үзсэн. Хэрэгт авагдсан тус компанийн дүрэмд зааснаар 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ХБНГУ-ын D компани бүртгэлтэй байдаг бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтын хүрээнд  хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын D компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их Британи умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хуулийн этгээд болох D ХХК бүртгэлтэй болох нь тодорхой харагдана.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч компанийн болон тус компанийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн бүртгэлд огтоос бүртгэлгүй ХБНГУ-ын хуулийн этгээд болох T мөн ХБНГУ-ын иргэн F -т холбогдох маргаан бүхий асуудлыг “Д” ХХК-д  хамааралтай гэж дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны ноцтой зөрчил болно.

Дээрх үйл баримтын хүрээнд хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс T and S компани буюу D компанийн зүгээс 2016.10.06-ны өдөр D буюу U компаниудтай байгуулсан бүртгэлийн №Н2235/2016 дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх” гэрээг баталгаат орчуулга болон эх хувийг нотариатаар баталгаажуулсан байдлаар хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. T and S компани буюу D болон D буюу U компаниудын дунд 2016.10.06-ны өдөр байгуулагдсан №Н2235/2016 дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх” гэрээгээр T&S компани нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг D компанийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхээ D компанид 2,000,000 ам доллароор худалдсан бөгөөд дээрх гэрээний дагуу “D” компанийн бүх эрх үүрэг D хувьцаанд шилжин ирсэн.

Талуудын дунд 2016.10.06-ны өдөр байгуулагдсан №Н2235/2016 дугаартай гэрээний 3 дугаар хэсэгт бүхэлд нь заасан D компани нь гэрээ байгуулагдах цаг хугацаанд бизнесийн болон үйл ажиллагааны хувьд бусад этгээдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй гэх баталгааг үндэслэж компанийн хувьцааг худалдан авсан бөгөөд дээрх гэрээний зохицуулалт ёсоор хувьцаа эзэмшигч D компани болон “Д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч”Б”ХХК-ийн өмнө хүлээсэн аливаа өр төлбөр, үүрэг байхгүй юм.

Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтуудыг анхан шатны шүүх хариуцагчийн татгалзал, тайлбартай холбогдуулан хэрэгт ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг үндэслэл болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон.

Маргаан бүхий асуудлын хүрээнд талуудын дунд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан “Өр шилжих” эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 28 дахь хэсэг “...Мөн нөгөө талаасаа даалгавар өгөгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг “Б” ХХК-д төлөх үүрэг үүссэн байх тул 2020.06.25-ны өдрийн гэрээгээр хариуцагч “Д” ХХК-д  Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээдээс өр шилжих харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна ...” гэж дүгнэснээс өөрөөр дүгнэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий асуудлын хүрээнд нэхэмжлэгч “Б” ХХК-аас 2013 онд хариуцагч “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш этгээдтэй харилцсан гэх үйл баримтын хүрээнд хариуцагч “Д” ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар “өр шилжсэн” гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болсон Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 18 дугаар тогтоолын 8 дахь хэсгийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд заасан тайлбараас өөрөөр хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

4.5.Хариуцагч “Д” ХХК-ний зүгээс талуудын дунд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан гэрээнд өөрийн хүсэл зоригийн дагуу оролцоогүй, “Б” ХХК-аас удаа дараа гаргасан хууль бус дарамт, шахалтаас үүдэж нарны цахилгаан станцын төслийн ажлыг цаг алдалгүй дуусгавар болгох зорилгын хүрээнд тухайн цаг хугацаанд “Б” ХХК-аас тавьсан хууль бус шаардлагыг хүлээн авч гэрээ, хэлцэл байгуулах хэмжээнд хүрсэн талаар шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлан мэдэгдсэн.

Дээрх нөхцөл байдал нь талуудын дунд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан гэрээний 2 дахь хэсэгт заасан “…Энэхүү гэрээ хүчинтэй болсон өдөр эсхүл энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу Д компанийн зүгээс урьдчилгаа төлбөр шилжүүлсэн өдрийн аль эрт тохиосон өдрөөс хойш Б нь ...” мөн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан Д, U болон тэдгээрийн удирдлага ажилтан зөвлөх гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, мөн С-ын нарны цахилгаан станц, түүнчлэн Цагдаагийн байгууллага, А газар, R гэх зэрэг гүйцэтгэгчид, Э яам, М газар, Э зохицуулах хороо, С эрчим хүчний үндэсний төв болон аливаа гуравдагч этгээдтэй холбоотой одоогийн болон ирээдүйд гаргаж болзошгүй аливаа нэхэмжлэлээс татгалзана...” гэж зааснаар бүрэн нотлогдох бөгөөд хэрэгт авагдсан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 201000708 дугаартай мөрдөгчийн тогтоол, “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” хяналтын прокурорын 2020.07.21-ний өдрийн 1219 дугаартай тогтоол зэрэг бичгийн баримтуудаас тодорхой харагдана.

Дээрх үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч “Б” ХХК нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд өөрийн T ба F нартай холбогдон үүссэн маргаан бүхий асуудалд хариуцагч “Д” ХХК-ийг холбогдуулан хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах замаар “Д” ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж эцэстээ 2020.06.25-ны өдөр “Д” ХХК-ийн хүсэл зоригоос гадуур төлбөр төлөх агуулга бүхий гэрээ байгуулсан болох нь үйл баримтын хүрээнд тодорхой харагдана. Хариуцагчийн зүгээс иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бүх үе шатанд болон шүүх хуралдааны явцад нотлох баримтад үндэслэн удаа дараа тайлбарлан мэтгэлцсэн болов ч анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримт түүнд холбогдох бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй орхигдуулсан байна.

4.6.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болж буй бичгийн баримтуудыг үндэслэн “...2012 оноос эхлэн “Д” ХХК-ийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэхдээ тус компанийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж ажилласан...” гэж тайлбарладаг.

Хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.26-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-гаар  “Д” ХХК үүсгэн байгуулагдсан 2013.05.06-ны өдрөөс хойш тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын бүртгэл “Б” ХХК, тус компанийн захирал Э.Б нарын хэн аль нь бүртгэгдэж байсан үйл баримт тогтоогддоггүй бөгөөд энэ тохиолдолд “Б” ХХК цаашлаад тус компанийн захирал Э.Б “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж тус компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс ч “Д” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгосон талаарх аливаа бичгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн зүйлгүй.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзэж буй нэхэмжлэгч Ц.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явагдаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “Д” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Ф гэх хүнээс 2013.05.30-ны өдөр 03/13 дугаартай албан бичгээр РД:ЧЖ85092271 дугаарын бичиг баримттай Э.Б-д компанийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулах эрх олгосон итгэмжлэл өгч байсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32023/10678 дугаар захирамжийн дагуу “Д” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ф гэх хүнээс 2013.05.30-ны өдөр Э.Б-д итгэмжлэл олгосон гэх 03/13 дугаартай албан бичигт криминалистикийн шинжилгээ хийлгэх ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.С шинжилгээ явуулж 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2599 дугаартай дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт Ф гэсний урд байх гарын үсэг мэт зүйлийг энгийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна ...” гэж дүгнэсэн бөгөөд тухайн итгэмжлэл бүхий албан бичиг дээрх гарын үсэг нь тухайн хүний өөрийн гараар зурсан гарын үсэг бус хэвлэлийн аргаар принтерлэж хэвлэсэн гарын үсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Дээрх нөхцөл байдлыг хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэн нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч шүүхийн журмаар авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримтад үндэслэн гаргасан татгалзлын үндэслэлд шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

4.7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт “...Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан бөгөөд даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчид тодорхой ажил бүтээж өгөх үүрэг хүлээдэг. Даалгаврын гэрээ нь зарчмын хувьд хариу төлбөртэй байх бөгөөд гэрээ нь төлбөртэй байхаар тохиролцсон бол энэ нь хариу төлбөр бүхий  гэрээний төрөлд хамаарна. /Иргэний хуулийн 219 дүгээр зүйл/ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлээс хойших холбогдох зохицуулалтад өөрөөр зохицуулаагүй тохиолдолд даалгаврын гэрээнд хоёр талын гэрээний тухай заалт хэрэглэгдэх бөгөөд талууд хөлс төлөхөөр эсхүл Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.2 заасан утгаар талууд хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэх тохиолдолд гэрээг хариу төлбөртэй байгуулсанд тооцно. Харин талууд даалгаврын гэрээг төлбөргүй байхаар тохиролцсон эсхүл энэ тухай хуульд тусгайлан заасан бол ийм гэрээ нь бүрэн бус хоёр талын гэрээнд хамаарна. Даалгаврын гэрээ хариу төлбөргүй бол даалгавар гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүрэг нь даалгавар гүйцэтгэх үүрэгтэй харилцан хамааралгүй болно. Түүнчлэн Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д заасан даалгавар гүйцэтгэгчийн хүлээх үүрэг ч мөн адил үүрэг ба хариу төлбөрийн харилцан хамааралтай холбоогүй болно. Даалгавар өгөгчийн хүлээн авах үүрэг нь 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үүрэгтэй харьцуулахад үндсэн үүрэгт тооцогдохгүй. Энэ тухай Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д тусгайлан зохицуулсан.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан төлбөрийг урьдчилгаа болон нөхөн төлөх зардлаас ялгаж үзэх хэрэгтэй. Урьдчилгаа эсхүл зардлыг нөхөн төлөх нь гэрээ хариу төлбөртэй байгуулагдсан гэж үзэх үндэслэл огтхон ч болохгүй. Даалгаврын гэрээг тус заалтын үүднээс өгсөн амлалтаас ялгах шаардлагатай. Даалгаврын гэрээний бусад гэрээний эрх зүйн харилцаанаас ялгагдах хууль зүйн онцлог нь даалгавар гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэсэн ажил үүрэг, үйл ажиллагааны үр дүнг даалгавар өгөгчид хүлээлгэн өгсөн байх хууль зүйн шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК-аас 2012 оноос эхлэн 2019 оныг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн гэх ажлын бодит үр дүнг “Д” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо:

5.1.“...Хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиар тогтоосон шаардлага, эл шаардлагыг хангасан нотлох баримтыг үнэлэх журмыг холбогдох шүүхүүд зөрчсөн тухай:

5.1.1.Хэргийн бодит үйл баримтыг тогтооход 2020.06.25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ, уг гэрээний 4 дэх заалтаар тохиролцсон. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд дурдсан “Д компанийн үүрэг амлалт нь “Б” ХХК-ийн зүгээс T эсвэл F компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг гаргаж өгөхөөс хамаарна” гэсэн гол нөхцөлийг шат шатны шүүх дүгнэхдээ хариуцагчийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтад үндэслээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 1,700,000 мянган ам.долларыг шаардах эрхтэй эсэх, энэ үнийн дүн нь юунд зарцуулагдсан, түүний хэмжээг тогтоосон баримт бий эсэхийг нотолж дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Д нь үндэслэл бүхий нотлох баримтыг “Б” ХХК гаргаж өгөхөөс хамаарч мөнгө төлөх амлалтаа биелүүлэх ёстой байна.

5.1.2.Нөгөө талаас шүүхийн шийдвэрийн үр дагавар нь гуравдагч этгээдийн эрх ашгийг шууд хөндөж байгаагаараа үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, гуравдагч этгээд дээрх үнийн дүн бүхий төлбөрийг зөвшөөрч байгаа эсэх, тухайн төлбөрийг төлөх үндэстэй эсэх, уг төлбөрийг ямар үйл ажиллагааны зардал, юуны хөлс болохыг нотолсон баримттай эсэхийг шүүх нягталж тогтоохгүйгээр гуравдагч этгээдийн өмнөөс шийдвэр гаргасан болж таарах гээд байна. Энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үр дагаврыг тооцоогүй нь шат шатны шүүхийн шийдвэрийн зөрчил гэж үзнэ. Гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах эсвэл бичгээр тайлбар гаргуулах зэргээр гуравдагч этгээдийн хүсэл зориг, татгалзлыг зайлшгүй харгалзах ёстой байсан байна.

5.1.3 Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-д “ХБНГУ-ын T компани /тус компанийн хувьцаа эзэмшигч F /-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Э.Б нь Монгол Улсад 30 мвт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх, нарны цахилгаан станц барих ажлыг бүхэлд нь хариуцан ажилласан, F болон “Б” ХХК-ийн захирал Э.Б нарын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн, улмаар уг үйл ажиллагаанд гарсан зардал, хөлсөнд нийт 2,000,000 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэж, мөн шийдвэрийнхээ 6-д “... Монгол улсад хэрэгжүүлэх уг төслийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, төрийн байгууллагаас хуулийн дагуу бүрдүүлэх ёстой баримт бичгийг бүрдүүлэх, гэрээ, хэлцэл хийх зэрэг ажлыг “Б” ХХК-ийн захирал Э.Б-аар гүйцэтгүүлэхээр даалгаж, харилцан тохиролцсон, улмаар тухайн ажлыг бүрэн гүйцэтгэсэн, төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2,000,000 ам.долларын хөлс олгохоор тохирсон, талуудын хоорондын тохиролцооны дагуу нарны цахилгаан станцын төслийн ажил 2012-2020 оны хооронд амжилттай хэрэгжсэн, уг төслийн ажлыг гүйцэтгэхэд, тодорхой ажил үүргийг 2012-2020 оны хооронд “Б” ХХК гүйцэтгэж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээн хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ ... ” хэмээн дүгнэсэн байх бөгөөд энэ нь чухам хавтаст хэргийн хэддүгээр талд авагдсан, ямар нотлох баримтаар нэхэмжилж буй үнийн дүнг эргэлзээгүй тогтоож, шаардах эрхийг хангаж байгаа талаар заагаагүй болохыг онцгой анхаарахыг хүсье.

“Д” ХХК 2013.05.09-ний өдөр үүсгэн байгуулагдаж, S овогтой F-г гүйцэтгэх захирлаар томилсон, 2016.05.10-ны өдөр хувь нийлүүлэгч 1 нэмэгдэж, 1 хасагдаж, үүсгэн байгуулагч 1 болж өөрчлөгдөж, 2017.03.07-ны өдөр захирлаар A овогтой F (А Ф)-ийг томилсон. Иймээс компанийн дүрмийг шинэчилж үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь D болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн “Д” ХХК -ийн одоогийн хувьцаа эзэмшигч нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод үйл ажиллагаа явуулдаг U компани бөгөөд 2016.10.06-ны өдөр T болон D компаниудаас “Д” ХХК -ийн толгой компани болох D-ийн хувьцааг 2,000,000 ам.доллароор худалдан авсан. Тус гэрээнд бусдад төлөх өр төлбөрийн талаар тусгаагүй байдаг.

Нэгэнт хэрэгт цугларсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар T болон F нар нь 1,700,000 ам,долларыг “Б” ХХК-д төлөх үүрэг үүссэн болон “Б” ХХК нь T болон  F нараас 1,700,000 ам,долларыг шаардах эрхтэй гэдэг нь хуулиар тогтоосон журмын дагуу хангалттай нотлогдож тогтоогдоогүй байх тул “Д” ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан “өр шилжих” харилцаа үүссэн гэж эргэлзээгүй үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 17б-д T болон F нь “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн  компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “Б” ХХК-тай даалгаврын гэрээг байгуулсан, улмаар төслийн үр дүн биелсний дараа хэлэлцэн тохирсон хөлсийг “Б” ХХК-д төлөх үүрэг үүссэн байх тул 2020.06.25-ний өдрийн гэрээгээр “Д” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох T болон F нь хариуцагч “Д” ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар “өр шилжүүлэх” харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэснийг анхаарвал гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой шууд холбогдохоор байна. “Б” ХХК нь ХБНГУ-ын T компани F нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан, гэрээгээр тохиролцсон хөлс 2,000,000 ам.долларыг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжих байдлаар “Д” ХХК-д шилжсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн оролцогч биш ХБНГУ-ын T компани F нарыг 2,000,000 ам.долларын төлбөрт оруулж байна. Учир нь “Д” ХХК нь ХБНГУ-ын T компани F нарын өмнөөс 2,000,000 ам.долларыг нэхэмжлэгч “Б” ХХК-д төлөх тохиолдолд эл 2,000,000 ам.долларыг ХБНГУ-ын T компани F нараас шаардах нь хуулиар нээлттэй болно.

Гэтэл ХБНГУ-ын T компани F нар нь “Б” ХХК-д 2,000,000 ам.долларын өр төлбөртэй эсэх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул шат шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй ХБНГУ-ын T компани F компани нарыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байжээ. Иймээс эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл болно.

5.2.Хэрэгт хамааралтай нотлох баримтыг гаргуулан үнэлэх талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025.03.31-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох зорилгоор дараах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6- д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан нь шүүх хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Үүнд:

-Э яамнаас тус яамтай 2012.12.04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг гаргуулах Уг санамж бичгийг “Б” ХХК, “Б х” ХХК, “М” ГХХК-ийн аль хуулийн этгээдтэй байгуулсан болохыг тодруулах,

-Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Б холдинг” ХХК, ХБНГУ-ын M and Ккомпаниуд хамтран 2012.05.12-ны өдөр байгуулсан “М” ГХХК12-402 дугаартай 2012.05.28-ны өдөр олгосон гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Улсын бүртгэлийн 9019063110, регистрийн 5606217 дугаартай “М” ГХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, компанийн үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэрэг бичиг баримтыг гаргуулах,

-Б яамнаас тус яамны 2013.05.14-ний өдрийн 6/2110 дугаартай албан бичиг, 2013.05.14-ний өдрийн Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний 2013/А33 дугаартай дүгнэлт,

Дээрх нотлох баримтууд нь маргаан бүхий иргэний хэргийг шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой төдийгүй, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийг нотлох боломж бүрдэх байсан байна. Гэвч дээрх нотлох баримтуудыг шүүх хангаж, үнэлээгүйгээс бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийхэд хүргэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3(а)-д “…Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх салбар дахь Монгол-Германы хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэнтэй холбоотойгоор мөн оны 12 дугаар сард Э яамтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан, уг төсөлд ХБНГУ-ын иргэн F , “Б” ХХК-ийн  захирал Э.Б нар оролцсон. Мөн тэдгээр нь 2012.05 дугаар сард нарны цахилгаан станц байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлсэн...” гэж дүгнэсэн. Гэтэл 5 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр талд авагдсан “Монгол Улсын хуулийн этгээд болох “Б х” ХХК, ХБНГУ-ын хуулийн этгээд M and G компани нарын хамтран үүсгэн байгуулсан “М” ГХХК-ийг 2012.05.12-ны өдөр байгуулж, 2012.05.28-ны өдөр 12-402 дугаарын гэрчилгээ авсан байх бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 242 дугаар талд “М” ГХХК-ийг  улсын бүртгэлд бүртгүүлж 2012.05.31-ний өдөр 9019063110 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож байсан үйл баримт мөн нотлогддог.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “... Б” ХХК нь 2012 оноос эхлэн “Д” ХХК толгой компани буюу хөрөнгө оруулагч болох T компани тус компанийн хувьцаа эзэмшигч F-тай 30 мвт-ын нарны эрчим хүчний үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллахаар харилцан тохиролцсон ... Улмаар Д аймгийн С хотод хэрэгжиж эхэлсэн нарны цахилгаан станцын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх “Санамж бичиг”-ийг 2012.12.04-ний өдөр Э яамтай байгуулан ажиллаж эхлэх үеэс “Б” ХХК ,захирал Э.Б-д уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэхийг T компанийн хувьцаа эзэмшигч F даалгасан...” гэх тайлбар үгүйсгэгдэх бөгөөд бодит байдлаас зөрүүтэй болох нь тогтоогдох бүрэн боломжтой байхад шүүх энэ талаарх баримтыг бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

5.3.Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн даалгаврын гэрээний үүрэг шаардаж байна хэмээн дүгнэсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.2-т заасан хөлс үү эсхүл даалгавар гүйцэтгэхэд гаргасан зардал уу гэдгийг тодруулах шаардлагатай байсан. Гэвч энэ талаар тодруулаагүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 4,188,443,000 төгрөг нь даалгавар гүйцэтгэсэн ажлын хөлс үү, эсхүл даалгаврыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал уу гэдэг нь тодруулалгүй, тодорхой бус байдлаар хандсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь доор дурдсан хоёр өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тайлбарласан байдгийг анхааралдаа авахыг хүсье.

1.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргах үедээ Д аймгийн С сумын 30 мвт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийн хүрээнд шаардагдах зардлуудыг гаргаж, нийт 1,910,306,567 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан гэж тайлбарлан, “Баян сагсай аудит” ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн 02/20 баримтаар ирүүлсэн зүйлийн тайланг нотлох баримтаар гаргасан.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.03.31-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...4,188,443,000 төгрөгийг “Д” ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан. Үндэслэл нь “Б” ХХК нь эхлэн “Д” ХХК-тай 2020.06.25-ний өдөр байгуулагдсан даалгаврын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэж байна ...” хэмээн тайлбарласан.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх журамтай. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх, няцааж буй баримтыг шинээр гаргаж өгөх гаргаж өгөх, гэрч оролцуулах зэрэг хараг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон зохигчдын эрхийг хязгаарласнаараа зөрчил гэж үзнэ.

Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлын агуулгаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Энэ хэрэг маргааны тухайд гагцхүү бодит үнэнийг тогтоох нь хариуцагчийн тухайд учирч болох хохирол, эрх зүйн эрсдэл, хуулиар хамгаалагдсан зохигчийн эрхийг сэргээх боломж бөгөөд уг маргааныг Улсын дээд шүүх зохигчийн эрхийг хангаагүй, боломж олгоогүй гэсэн үндэслэлээр өмнө буцаан шийдэж байсан бөгөөд зохигчдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, хэрэг маргааныг зөв, шударгаар шийдэх боломж олгосон оновчтой шийдэл байсныг дурдах нь зүйтэй” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00827 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан “төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу төлсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар дүгнэж адил шийдвэр гаргасан ба “шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэргийн үйл баримтыг хуульд нийцүүлэн тогтоогоогүй, маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн“ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

11.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

12.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхад шүүх энэ байдлыг тодруулаагүйгээс хариуцагч нь хангалттай мэтгэлцэж чадаагүй тухай гомдол үндэслэлгүй байна.

13.Хариуцагч “Д” ХХК-аас 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн  шаардлага нь талуудын хооронд 2020.06.25-ны өдөр байгуулагдсан “төлбөр барагдуулах гэрээ”-д үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээ байгуулах болсон шалтгаан, нөхцөл нь хариуцагчийн өмнөх хөрөнгө оруулагч компани, түүний хувьцаа эзэмшигчтэй тохиролцсны дагуу даалгасан ажлын үр дүн, гаргасан зардал, хөлс төлөхийг амласантай холбоотой гэж тайлбарласан, энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар, хожим нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргасан тайлбараар тогтоогдсон.  Эдгээр нь  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой тусгагджээ.

13.1.Тухайлбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг:

“... Хариуцагч “Д” ХХК нь ХБНГУ-ын Т группын (T-цаашид крилл үсгээр бичих), 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд энэхүү компанийн хувьцаа эзэмшигч Ф(F -цаашид крилл үсгээр бичих) нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б болон Ф нар оюутан цагийн найзууд. Тэд хамтарч нарны цахилгаан станцын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр анх ярилцаж санамж бичгийг 2012.12.04-ний өдөр Э яамтай байгуулсан боловч хожим нь хариуцагч “Д” ХХК нь Д аймгийн С хотод 30 мвт-ын нарны цахилгаан станцын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр  болсон. Энэ үеэс “Б” ХХК, түүний захирал Э.Б-д төсөл хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэхийг “Д” ХХК-ийн хөрөнгө оруулагч Т групп, түүний хувьцаа эзэмшигч Ф даалгасан. Уг үйл ажиллагаанд гарсан зардлыг нөхөн төлөх, даалгасан ажлыг гүйцэтгэсний хөлсөнд нийт 2,000,000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон. Даалгасан үүргийн дагуу “Б” ХХК нь өөрийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 7 жилийн турш нутгийн болон төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудтай харилцаж, шаардлагатай гэрээ хэлцлүүдийг байгуулан, төсөл хэрэгжих судалгаа, үнэлгээ, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, станцын газрын асуудал, нарны цахилгаан станц барих зэрэг төсөлтэй холбогдох бүх ажлуудыг өөрсдийн хүн хүч, зардал мөнгөөр хийж гүйцэтгэсний үр дүнд нарны эрчим хүчний цахилгаан станц хэвийн ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж байна.

Т групп компани нь даалгавар гүйцэтгэсэн хөлсөнд төлөхөөр тохирсон 2,000,000 ам.доллароос 300,000 ам.долларыг төлж, үлдэх 1,700,000 ам.долларыг төлөөгүй. “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т групп компани нь 2016.05.10-ны өдөр хувьцаагаа ХБНГУ-ын Д (D-цаашид крилл үсгээр бичих) компанид шилжүүлсэн боловч эцсийн өмчлөгч Ф хэвээр байсан. Улмаар Д компани хувьцааныхаа  50 хувийг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ю (U-цаашид крилл үсгээр бичих) компанид худалдсан. Үүнээс хойш Ю компанийн гүйцэтгэх захирал А (A-цаашид крилл үсгээр бичих) “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж ирсэн.  Манай компани төслийг хэрэгжүүлэх бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэсний хөлсөнд 1,700,000 ам.долларыг авах ёстой гэдгийг бүрэн мэдэж байсан боловч мөнгийг төлөөгүй тул “Б” ХХК нь цагдаагийн болон бусад эрх бүхий байгууллагуудад хариуцагч компанийн талаар гомдол гаргасан.Нарны цахилгаан станцын төсөл хэрэгжиж дуусах үе шат буюу Улсын комисст станцыг хүлээлгэн өгөхөөс өмнө төлбөрт 1,700,000 ам.доллар төлөх гэрээ байгуулах талаар санал гаргаж, улмаар “Д” ХХК үүнийг баталгаажуулан 2020.06.25-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Гэрээний хавсралтад заасан хуваарьт төлбөрөөс эхний  5 удаагийн төлбөр буюу 350,000 ам.долларыг төлж, үлдэх 1,350,000 ам.долларыг төлөөгүй. “Б” ХХК дээрх “төлбөр барагдуулах гэрээ”-ний 2.3, 2.4, 4-т заасан цагдаа, яам, бусад газруудад гаргасан гомдлоо татаж авах, станцын үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нарны цахилгаан станц ажиллах бүхий л боломжийг бүрдүүлж ажилласныг нотлох бүх эрх зүйн бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн.” гэж тайлбарлажээ.

13.2.Хариуцагч “Д” ХХК нь дээрх нэхэмжлэл, түүний үндэслэлийг эс зөвшөөрөхдөө:

Тус компани нь нарны цахилгаан станц барих ажлыг 2013 онд эхлүүлж 2020 онд станцаа ашиглалтад оруулсан. “Б” ХХК нь төслийг хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын Т групп компани, түүний хувьцаа эзэмшигч Ф-тэй хамтран ажиллаж байсан гэх боловч манай компанитай харилцаж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, гэрээ, хэлцэл байгуулаагүй.Т групп компаниас төслийн үйл ажиллагааг манайд хүлээлгэн өгөх процессын явцад төсөлд хөрөнгө оруулалт хийгдсэн учир “Б” ХХК-ийн хувьд 2,000,000 ам.долларын төлбөр төлөх үүрэг шилжиж ирээгүй. Төслийн үйл ажиллагааны зардал, төлөвлөгөө болон компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд 2,000,000 ам.долларын төлбөр төлөгдөх талаар тусгагдаагүй. “Б” ХХК 2020 оны 03 дугаар сараас эхлэн “Д” ХХК-аас төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын төлбөрийг нэхэмжилж эхэлсэн бөгөөд тухай бүрд нь “...хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан” гэх Т групп  компани, хувьцаа эзэмшигч Ф-д шаардлагаа тавьж шийдвэрлүүлэхийг хэлж байсан. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2020.06.25-ны өдрийн 1,700,000 ам.доллар төлөх гэрээнд “Д” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан гэх боловч тэрээр гэрээ байгуулах үед Монгол Улсад байгаагүй. 2020.06.25-ны өдрийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй” гэж тайлбарласан байна. 

13.3.Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан  гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг  тогтоолгох, уг гэрээний дагуу  төлсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг: “...2020.06.25-ны өдөр байгуулагдсан гэрээнд зурагдсан гүйцэтгэх захирал А-ийн гарын үсэг нь эх хувь биш, өөр бичгийн баримт дээр зурагдсан гарын үсгийн бичвэрийг комьпютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн байна. Иймд, тухайн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, иймээс  үр дагаварыг шийдвэрлэж мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

13.4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлийг: “...2013 оноос хойш Э.Б нь өөрийнхөө “Б” ХХК-аас нарны цахилгаан станцын төсөлд зориулан нийт 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан. “Д” ХХК-ийн хөрөнгө оруулагч “U” компаниас Ф-ийн амлалтыг мэдэж байсан. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч нар гэрээ байгуулах санал ирүүлж,  гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож гэрээ байгуулагдсан, эхний 5 удаагийн 350,000 ам.долларыг хариуцагч  төлсөн. Манай компани төлбөр барагдуулах гэрээнд заасан бичиг баримтыг хүлээлгэн өгсөн, цагдаа болон бусад байгууллагад гаргасан гомдлоо татаж авч  үүргээ биелүүлсэн” гэжээ.

13.5.Дээр дурдснаас үзвэл, хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсан, түүнд хариуцагч хариу тайлбар гаргажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь “Д” ХХК-ийн нарны цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой тус компанийн хувьцаа эзэмшигч нараас өгөгдсөн гэх даалгаврын дагуу шаардлагатай бүхий л ажил гүйцэтгэсний зардал болон хөлс шаардсан байх ба уг шаардлагыг хариуцагчид холбогдуулахдаа тус компанийн  хувьцааг худалдан авч, улмаар өмнөх хувьцаа эзэмшигчийн амласан гэх төлбөрийн үүргийг төлөхөөр хүлээн зөвшөөрч  байгуулсан 2020.06.25-ны өдрийн гэрээг  үндэслэсэн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй Т групп компани, хувьцаа эзэмшигч Ф анхнаасаа нэхэмжлэгчид даалгавар өгч ажил гүйцэтгүүлсэн эсэх, зардал, хөлс  төлөх үүргийг хүлээсэн эсэх нь тодорхой бус, хувьцааг шилжүүлж авахад ийм хэмжээний өр шилжиж ирээгүй гэснээс гадна 2020.06.25-ны өдрийн төлбөр төлөх гэрээг нэг талаас   байгуулаагүй гэсэн агуулгаар,  нөгөө талаас байгуулсан боловч тухайн гэрээнд заасан үүргийг нэхэмжлэгч биелүүлж шаардлагатай баримтыг бүрэн гаргаагүй гэж маргасан байна.

Дурдсан үндэслэл, татгалзлын хүрээнд зохигч мэтгэлцжээ.

13.6.Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байсныг шүүх тодруулаагүй, үүнээс шалтгаалж хариуцагч талаас маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4, 6 дугаар зүйлд заасныг шүүх зөрчсөн гэж үзэхгүй.

14.Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн гомдол үндэслэлгүй нь дараахь баримтаар тогтоогджээ.

14.1.Хоёр шатны шүүх “Б” ХХК болон “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т групп  компани, түүний хувьцаа эзэмшигч Ф-ийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн, уг даалгаврын гэрээгээр гүйцэтгэвэл зохих өмнөх хувьцаа эзэмшигчийн амласан төлбөрийн үүргийг хариуцагч “Д” ХХК нь шилжүүлэн авсан нь мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан харилцаа  гэж үзсэн байна.

14.2.Хоёр шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу харьцуулан үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

Тодруулбал, Ф болон Э.Б нар оюутан цагийн найзууд ба тэд Монгол Улсад нарны цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар 2012 онд ярилцаж хамтарсан компани байгуулж байсан боловч хожим нь Т групп   компани дангаар 100 хувийн хөрөнгөөр 2013.05.09-ний өдөр “Д”  ГХХК-ийг байгуулж уг төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар Ф өмнө нь (T нэртэй байсан) улсын бүртгэлд бүртгэгдсэн.

2012-2019 оны хооронд “Д” ХХК-ийн нэрийн өмнөөс   нарны цахилгаан станцын төслийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой орон нутгийн болон төрийн зохих байгууллагаас хуулийн дагуу бүрдүүлэх ёстой тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, байгаль орчны бүхий л судалгаа шинжилгээ хийлгэх, гэрээ, хэлцэл байгуулах, нарны цахилгаан станц барих зөвшөөрөл авах зэрэг ажлыг “Б” ХХК-ийн захирал Э.Б-р гүйцэтгүүлэхээр тохирсон.

Төсөл хэрэгжих хугацаанд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф Монгол Улсад байгаагүй, тус компани нь байгуулагдсанаасаа хойш гүйцэтгэх захирал, нягтлан бодогч гэсэн 2 ажилтантай байсан боловч тус компанийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн.

Талуудын тохиролцооны дагуу нарны цахилгаан станцын төслийн ажил 2012-2020 оны хооронд явагдсан, үр дүнд нь төсөл амжилттай хэрэгжсэн, ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсан.

Т групп компани нь даалгавар гүйцэтгэсэн хөлсөнд 300,000 ам.долларыг төлсөн.

“Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчдөгдсөн.  Түүнчлэн 2017 онд хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөж А болжээ.

“Д” ХХК-ийн төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд “Б” ХХК-ийн захирал Э.Б нь голчлон хувь нэмэр оруулсан гэх үйл баримтыг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй буюу “Д” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд төслийн ажлыг “Б” ХХК-ийн оролцоогүйгээр гардан гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

14.3.Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээх даалгаварын гэрээ  зохигчийн хооронд байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд даалгавар өгөгч даалгавараа цуцалсан, эсхүл даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан нөхцөл тогтоогдоогүй.

14.4.Дээрх даалгаврын гэрээний үүрэг буюу даалгавар гүйцэтгэгчид даалгавар өгөгчийн төлөх зардал, хөлсөнд 1,350,000 ам.долларыг нэхэмжлэгч шаардахдаа  хариуцагч “Д” ХХК-ийн хооронд  2020.06.25-ны өдөр байгуулагдсан “төлбөр төлөх гэрээ”-г үндэслэсэн ба энэхүү гэрээ байгуулагдсан үндэслэлийг өмнө дурдсанаар:

Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн, өмнөх хувьцаа эзэмшигчийн 1,700,000 ам.доллар төлөх үүргийг мэдэж, уг төлбөрийг  хариуцагч компанийн үйл ажиллагааны орлогоос буюу нарны цахилгаан станцын орлогоос хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон, 5 удаагийн төлөлтөөр 350,000 ам.долларыг төлсөн боловч үлдэх  мөнгийг хэсэгчлэн төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй” гэсэн ба нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2020.06.25-ны өдрийн “төлбөр төлөх гэрээ”-д:

“...Б нь Т групп ба Ф-ээс 1,700,000 ам.доллар нэхэмжилсэн, тэд “Д ” (Д) ХХК-ийн шууд бус хувь эзэмшигчдийн тоонд багтдаг тул тус компани нь Б-д 1,700,000 ам.доллар  төлөх үүрэгтэй.

-Уг мөнгийг С-ын нарны цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэсэн орлогоос гэрээний 1-р хавсралтад заасан  хуваарийн дагуу төлнө.  

-Урьдчилгаа төлбөр шилжүүлсэн  өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагч болон Ю, тэдгээрийн удирдлага, ажилтан, зөвлөх, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, мөн С-ын нарны цахилгаан станцтай холбогдуулан цагдаагийн байгууллага, А газар, R гэх зэрэг гүйцэтгэгчид, Э яам, МD газар, Э зохицуулах хороо, С эрчим хүчний үндэсний төв болон аливаа гуравдагч этгээдэд гаргасан одоогийн болон ирээдүйд гаргаж болзошгүй аливаа нэхэмжлэлээс татгалзах, зохигч хоорондох бүх маргааныг зохицуулсан тул станц ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх явцад R-ээс Д-д дэмжлэг үзүүлэхэд Б-ийн  зүгээс татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай албан тоотыг явуулна.

-Тусгай зөвшөөрөлтэй туслан гүйцэтгэгчийн хувьд С-ын нарны цахилгаан станцыг ойрын хугацаанд нэгдсэн сүлжээнд холбоход болон  улсын комисст хүлээлгэн өгөх, цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахад өөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

-Энэхүү Д компанийн төлбөр төлөх үүрэг амлалт нь Б-ийн зүгээс Т групп компани, эсвэл Ф-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг (үүнд F компанийн хугацаа хэтэрсэн өр төлбөртэй холбоотой нотлох баримт, шаардлагатай бол гэрчийн мэдүүлэг эсвэл баттай мэдээлэлтэй тухай мэдэгдэл) гаргаж өгөхөөс хамаарна.

-Д нь энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөр төлөөгүй эсхүл энэхүү гэрээний бусад зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд Б гэрээг цуцалж, ... өөрт учирсан бүх хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно. Б болон түүний охин компаниуд гэрээний 2-р зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д-ийн зүгээс энэхүү гэрээнд заасан төлбөрийг түр зогсоож эсхүл цуцалж өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно” гэж тусгагджээ.

14.5.Дээрх гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэх, гэрээний  хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч энэхүү гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлтэй эсэх нь зохигчийн маргааны зүйл болсон байна.

14.6.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр “төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж, улмаар  шаардлагын үндэслэлээ “тухайн гэрээ байгуулагдаагүй буюу бичгийн гэрээнд  эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, гэрээнд зурагдсан гэх гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” гэж тайлбарлан, хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус” гэсэн.

Сөрөг нэхэмжлэлийн тайлбараас үзвэл,  тус нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл нь хоорондоо зөрчилтэй байна.

Учир нь, аливаа хэлцэл байгуулагдсан тохиолдолд уг хэлцлийн хүчин төгөлдөр байдал эсхүл хүчин төгөлдөр бусын тухай яригдах бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаачлан хэлцэл байгуулах хүсэл зориг байгаагүй, түүгээр ч зогсохгүй бичгээр хэлцэл байгуулж, эрх бүхий этгээд хэлцэлд гарын үсэг зураагүй бол хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд түүнээс аливаа үр дагавар үүсэхгүй юм. Харин байгуулагдсан хэлцэлд хүсэл зоригийн илэрхийллийн дутагдал бий гэж үзвэл хүчин төгөлдөр бус хэлцлийн хуульд заасан аль тохирох үндэслэл зааж маргавал зохино.

Хэдийгээр хариуцагч “төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулаагүй гэх агуулгаар маргасан боловч энэ нь гэрээ байгуулах санал гаргасан болон уг саналыг хүлээн авч  зохигч хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж байсан, гэрээний нөхцөлийн талаар тохиролцсон нь талуудын WhatsApp ашиглан болон мэйлээр удаа дараа харилцсан үзлэгийн баримт, хэргийн бусад баримт болох гэрээний дагуу эхний 5 удаагийн төлбөр төлсөн, нэхэмжлэгчээс станцын үйл ажиллагаатай холбоотой баримтыг хүлээн авсан акт,  гэрээ байгуулахад хамт байлцсан гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Иймд гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Зохигч “төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан нь хариуцагч компанийн өөрийн нэрээр хэрэгжүүлсэн төсөл буюу нарны  цахилгаан станц барьж ашиглалтад оруулж, улмаар эрчим хүч үйлдвэрлэж ашиг олох ажиллагааны эхлэлээс тодорхой үе шат хүртэлх  бүхий л ажлуудын  үр дүнг хүлээн авсантай  холбоотой, иймээс ч тус компани өмнөх хувьцаа эзэмшигчийн төлөх өрийг гэрээгээр  шилжүүлэн авч, улмаар даалгавар гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан гэж үзэх нь хуульд нийцнэ. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь өмнөх хувьцаа эзэмшигчийн тохиролцоо, гүйцэтгэх үүргээс үүссэн, үр дүн нь хариуцагч компанид бий болсон байдал тогтоогдсон.

Энэ үндэслэлээр хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг даалгаврын гэрээнээс улбаатай өр шилжих харилцаа гэж үзэхдээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

15.Хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан бөгөөд эдгээр зохицуулалтад заасан буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн тухайд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эсхүл зохигч маргасан эсэхээс үл хамаарч шүүх шаардах эрхийн үндэслэл болгож буй гэрээний хүчин төгөлдөр байдалд эрх зүйн дүгнэлтийг хийх бөгөөд хэргийн баримтаар “төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан аль ч үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнээс гадна “төлбөр барагдуулах гэрээ”-г дарамтын дор буюу нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгах явцад  байгуулсан гэх  хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар гэрээ байгуулсан бол уг гэрээг сонирхогч этгээдийн шаардлагаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох тохиолдолд энэ талаар зайлшгүй нэхэмжлэлийн шаардлага гарсан байхаас гадна уг шаардлагын үндэслэл болж буй үйл баримт тодорхой байхыг хууль шаардана.

Хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн дээр тайлбарын үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдахаас гадна хэргийн баримтаар өөрөө “төлбөр төлөх гэрээ”-г байгуулах санал, төслийг нэхэмжлэгчид илгээсэн байдал тогтоогдсоныг өмнө дурдсан болно.

Иймд “төлбөр барагдуулах  гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

16.Гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч “Б” ХХК нь даалгаврын гэрээ болон уг гэрээгээр төлөгдөх  өр шилжүүлж  авсан “төлбөр барагдуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, хариуцагчаас гэрээний дагуу хариу төлбөр шаардах эрхтэй эсэхийг дүгнэх бөгөөд хоёр шатны шүүх энэ байдалд бүрэн дүгнэлт хийжээ.

16.1.“Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу хариуцагч эхний 5 удаагийн төлбөрт 350,000 ам.долларыг төлснийг зохигч маргаагүй.

16.2.Дээрх гэрээнд зааснаар хариуцагч 1,700,000 ам.долларыг төлөхөд нэхэмжлэгч талаас эрх бүхий байгууллагад гаргасан гомдлоо татах, мөн гүйцэтгэсэн даалгавартай холбоотой баримтыг хүлээлгэн өгөх нөхцөлүүдийг заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан эдгээр нөхцөлийг биелүүлсэн буюу зохих байгууллагуудад гаргасан гомдлоо татан авсан, гэрээний 4 дэх заалтад зааснаар даалгаврын дагуу гүйцэтгэсэн ажилтай холбоотой баримтыг хүлээлгэн өгсөн гэснийг хариуцагч үгүйсгэж,  станцыг ашиглалтад оруулахад “Б” ХХК-аас гаргасан зардлын баримтыг өгсөн тохиолдолд  мөнгө төлөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй, хүлээлгэн өгсөн баримтууд нь гаргасан зардалтай холбоогүй гэжээ.

Маргаж буй заалтад “хариуцагч  1,700,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд “Б” компанийн зүгээс Т групп компани, эсвэл Ф-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг (үүнд F компанийн хугацаа хэтэрсэн өр төлбөртэй холбоотой нотлох баримт, шаардлагатай бол гэрчийн мэдүүлэг эсвэл баттай мэдээлэлтэй тухай мэдэгдэл) гаргаж өгөхөөс хамаарна”  гэсэн агуулга тусгагдсан.

Гэрээг тайлбарлахдаа эхлээд түүний үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлохыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заажээ.

Гэрээний маргаж буй 4 дэх заалтыг шүүх тайлбарлахдаа  уг заалтыг гэрээний бусад нөхцөл, гэрээний ерөнхий агуулгатай  харьцуулж “Б” ХХК-аас гаргасан зардлын санхүүгийн тооцоололтой холбоотой баримтыг өгсөн тохиолдолд л хариуцагч мөнгийг төлөх тухай заалт биш гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

16.3.Учир нь, хэргийн баримтаас үзвэл, “төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсаны дараа зохигч акт үйлдэж бичиг баримтыг хүлээлцсэн байх бөгөөд үүнд, “Д” ХХК-ийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрэм, станцын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар ашиглах эрхийн гэрчилгээ, станцын тусгай зөвшөөрөл, бусад холбогдох бичиг баримт, материалууд болох 59 төрлийн баримт бичиг, мөн 16 төрлийн бичиг баримтыг ботиор, 21 төрлийн гэрээ, 13 төрлийн англи хэл дээрх гэрээ, ирсэн явсан 2 боть албан бичиг, бусад баримт 1 боть зэрэг 2012-2019 оны хоорондох огноотой баримтуудыг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

Тухайн актад ...Цаашид “Д” ХХК нь гэрээний үүргээ үл маргах журмаар биелүүлэх бөгөөд ажилтан Д.Ч нь хадгалах, хамгаалах үүрэгтэй болно” гэж тэмдэглэн зохигч компанийн төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.

Мөн “Б” ХХК нь өгсөн үүрэг даалгаврын дагуу 2012-2020 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлыг дангаар гүйцэтгэсэн болохоо нотлох зорилгоор актаар хүлээлгэн өгсөн  баримтуудад шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчээс бичиг баримтыг хүлээлгэн өгөхөд болон гэрээний дагуу сүүлийн 3 удаагийн төлөлтийг шаардах хүртэл хариуцагч талаас өөр бичиг баримтын бүрдэл, гэрээний үүргийн талаар аливаа гомдол, санал гаргаагүй бөгөөд эдгээр нөхцөлийг шүүх харьцуулж гэрээний 4 дэх заалтыг тайлбарласан нь хуульд нийцсэн гэж үзэв.

17.Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэсэн гэж үзэх тул “төлбөр барагдуулах гэрээ”-г үндэслэн төлөгдөөгүй төлбөрийг хариуцагчаас  шаардах эрхтэй.

18.Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа “төлбөр барагдуулах гэрээ”-д заасан хуваарийн дагуу төлөгдөөгүй 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуваарийн дагуу төлөх эцсийн төлбөр  650,000 ам.доллар буюу 2,193,841,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөгийг гаргуулахыг хүсчээ.

Гэрээгээр талууд мөнгөн хөрөнгийг ам.доллараар төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нь тухайн мөнгийг шаардах эрхтэй.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийг тодорхойлохын тулд гадаад валютыг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцоолж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийн  төлвөл зохих хэмжээг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.2-т заасан.

Нэхэмжлэгч нь анхны 700,000 ам.долларын шаардлагыг  үүрэг үүсэх үеийн ханшаар буюу гэрээнд тухайн төлбөрийг төлөх ёстой байсан өдрөөр, нэмэгдүүлсэн 650,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах  үеийн ханшаар тус тус тооцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн ам.долларыг төгрөгт тооцсон аргачлал нь хууль зөрчөөгүй байна.

19.Дээр дурдсныг нэгтгэн дүгнэвэл, хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ хэрэг авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

20.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх гомдлын тухайд.

20.1.Хариуцагчийн өмгөөлөгч нар “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй ХБНГУ-ын Т групп компани, түүний хувьцаа эзэмшигч  Ф нарыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан боловч  түүнийг татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл болсон... “ гэжээ.

20.2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хэн аль нь гуравдагч этгээдээр  ХБНГУ-ын Т групп компани,  Ф-ийг оролцуулах хүсэлт гаргаагүй, тухайн этгээд мөн өөрөө энэ тухай хүсэлтийг гаргаагүй байна.

Зохигчийн хооронд энэхүү маргаан үүссэн талаар Т групп компани, Ф мэдэх боломжтой, нөгөө талаар  зохигч хэн аль нь энэ хугацаанд түүнд мэдэгдэх боломжтой байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. Тухайлбал, зохигчийн хооронд гэрээ байгуулагдсан 2020.06.25-ны өдрөөс хойш хариуцагч “Д” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч болон өмнөх хувьцаа эзэмшигч Ф нарын хооронд компанийн хувьцаа худалдан авсан болон бүртгэлийн асуудлаарх маргаан гарч, улмаар 2024 онд ХБНГУ-ын Мюнхен хотын шүүхэд шийдвэрлэгдсэн тухай шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна.

Иймд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

21.Нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын талаар.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан 2025.03.31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… Э яамнаас тус яамтай 2012.12.04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Б х” ХХК, ХБНГУ-ын M and K ХХК-иуд хамтран 2012.05.12-ны өдөр байгуулсан “М” ГХХК-ийн 12-402 дугаартай 2012.05.28-ны өдөр олгогдсон гэрчилгээ болон тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, компани үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Б яамнаас тус яамны 2013.05.14-ний өдрийн 6/2110 дугаар албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргажээ.

Дээрх хүсэлтийг шүүгчийн 2025.03.31-ний өдрийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “хүсэлтэд дурдсан баримтууд гаргуулах нь хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай хэрхэн холбогдох эсэх нь тодорхойгүй,  тухайн баримтуудыг гаргуулж авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд юуг нотлох талаар хүсэлтэд бүрэн тусгаагүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг өмнө нь гаргах хангалттай боломж байхад …удаа дараагийн шүүх хуралдаанд өмнө нь энэ талаар хүсэлт гаргаагүй, …тухайн баримтуудыг хурлын өмнө мэдсэн гэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тодорхойгүй” гэсэн үндэслэлийг заасан байна.

Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт  нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг олж авах боломжгүй… тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “… шинэ нотлох баримт бүрдүүлэх … асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц …шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

22.Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00915 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д” ХХК 2025.07.03-ны өдөр төлсөн 34,865,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                              

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                                 Н.БАЯРМАА

                                                                                   Д.ЦОЛМОН