Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 54

 

                                          Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

 

                                                                                      Хэргийн индекс: 148/2018/00309/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ерөнхий шүүгч      Б.Батзориг

                            Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                           Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    А.Отгонбаяр, Ё.Ринзаан

                            Хариуцагчийн өмгөөлөгч       Г.Амартүвшин

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 469 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй Л.Отгонбаярт холбогдох “Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”, Л.Отгонбаярын сөрөг нэхэмжлэлтэй Ч.Дуламхандад холбогдох “Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 10 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Дуламханд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага

1.Үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, бүгд 21.000.000 төгрөг гаргуулах,

2.Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Түлээтийн 3 дугаар гудамж, 104 тоотод орших хувийн орон сууц, газраар хангуулах

...Би 2017 онд иргэн Л.Отгонбаярт 3 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингээд 3 сарын хугацаа өнгөрсөн боловч зээлсэн мөнгөө эргүүлж өгөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Би өөрөө түүхий эдийн ченж хийдэг ба өмнө нь Л.Отгонбаяртай олон удаа харилцаж байсан. Л.Отгонбаяр нь надад арьс, ноолуур түүхий эд өгч хэрэгцээтэй үедээ мөнгө зээлж авдаг байсан. Байнга харилцаатай байсан болохоор итгээд өгсөн. Мөнгө зээлэхдээ Л.Отгонбаярын хашаа байшинг барьцаалсан. Л.Отгонбаяр намайг гэртээ байхад уулзъя мөнгө зээлээч гэж дуудсан. Тэгэхээр нь би эгчид нь боломж алга учир нь ноос ноолуурын үе эхэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд 4-5 хоног гуйгаад байхаар нь сүүлдээ мөнгө зээлэхээр болж, харилцан тохиолцож, гэрээ хийж, мөнгөө өгсөн. Мөнгө өгөх болоход Л.Отгонбаяр нь өөрийн хүргэн гэх Л.Жавхлантай намайг хамт явж, мөнөө аваад ир гэхээр нь би мөнгөө банкнаас аваад хүргэн болох Л.Жавхланд нь тоолж өгсөн юм. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Би Л.Отгонбаяртай л гэрээ хийсэн болохоор түүнээс мөнгөө авна гэж бодож байна... Л.Жавхлан гэдэг хүнийг бол танихгүй. Тийм болохоор Л.Жавхланд мөнгө өгөх үндэсгүй, Л.Отгонбаяр л хамт явуулж мөнгөө аваад ир гэсэн юм... Иймд Л.Отгонбаяраас 22.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Отгонбаяр анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй Л.Отгонбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ч.Дуламханд бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн ба нэхэмжлэгч Ч.Дуламханд нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн тул миний бие гомдолтой байна. Иймд Ч.Дуламхандыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Дуламханд анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2017оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ амарч байхад Л.Отгонбаяр удаа дараа утсаар дуудаад байхаар нь очиж уулзахад 20.000.000  төгрөг гурван сарын хугацаатай зээлээч. Би өөрийн өмчлөлийн хашаа байшингаа барьцаалъя гээд гуйж шалаад байхаар нь мөн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм.

Энэ өдөр Л.Отгонбаярын хүргэн гэх үл таних залуу түүнтэй цуг явж байсан. Л.Отгонбаяртай гэрээгээ хийгээд мөнгөө өгч, авалцах болоход Л.Отгонбаяр нь ...Та хоёр яваад аваад ир гэхээр нь би хүргэн гэх залуутай нь хамт яваад банкнаас мөнгө аваад цуг явах гэтэл надад ажил гараад тэр хүргэнд нь тоолж өгсөн. Л.Отгонбаярыг таньдаг мэддэг учраас түүнд итгэж, гэрээ байгуулж, мөнгө өгсөн. Түүнээс огт таньж мэдэхгүй Л.Отгонбаярын цуг явж байсан. хүргэн гэх хүнтэй нь гэрээ байгуулж мөнгө зээлэх харилцаа үүсгээгүй юм. Л.Отгонбаярын хүргэн гэх хүнийг урд өмнө нь огт харж байгаагүй, танихгүй, харьцаж байгаагүй. 20.000.000 төгрөгийг итгэж найдаад Л.Отгонбаярт зээлсэн юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 469 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 57 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй Л.Отгонбаярт холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Л.Отгонбаярын сөрөг нэхэмжлэлтэй Ч.Дуламхандад холбогдох Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Дуламхандын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 262.950 төгрөг, Л.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч Ч.Дуламханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:      Миний бие  нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Л.Отгонбаяртай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд гэрээг шүүхэд гарган өгсөн болно. Тус гэрээний дагуу Отгонбаярт мөнгийг өгөхөөр банк явах үед өөрөө завгүй байгаа тул хүргэн Жавхлан гэх залууд мөнгийг маань өгөөд явуулчихаарай гэж гуйсан. Миний хувьд Л.Отгонбаяртай удаа дараа хамтран ажиллаж байсан танил хүн бөгөөд Жавхлан гэх залууг тэр өдөр анх харсан. Отгонбаярын хүсэлтээр л түүнд мөнгийг нь өгч явуулсан. Мөнгө зээлэх асуудлыг ч мөн Отгонбаяр хэд хэдэн удаа гуйсны улмаас түүнд л өгөх зорилгоор гэрээ байгуулан зээлүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг минь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зээлийн гэрээг Ч.Дуламханд, Л.Отгонбаяр нар хийж мөнгийг Л.Отгонбаяр нь хүргэн Жавхландаа өгөөрэй гэсэн хүсэлтийн дагуу өгсөн. Гэтэл шүүхээс Л.Отгонбаяртай зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ч.Дуламханд нь Л.Отгонбаярыг таньдаг болохоор түүнд итгэж мөнгө зээлсэн гэтэл одоо зээл аваагүй хүргэн Жавхланг зээл авсан гээд байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцоно гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээд Ч.Дуламхандаас Жавхлан нь 20.000.000 төгрөгийн зээл авч түүнээс 19.000.000 төгрөгийг нь төлсөн байхад хариуцагч Л.Отгонбаяраас мөнгө нэхэмжлээд байгаа ойлгохгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Ч.Дуламханд нь хариуцагч Л.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л.Отгонбаяр нь Ч.Дуламхандад холбогдуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Дуламханд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  зээлийн гэрээний үүргээ хариуцагч Л.Отгонбаяр биелүүлээгүй гэж тайлбарладаг бол хариуцагч Л.Отгонбаяр нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа  бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн боловч  Ч.Дуламханд нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Хэргийг судлан үзвэл:  Нэхэмжлэгч Ч.Дуламханд нь 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй Л.Отгонбаярт  зээлэхээр тохиролцон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  зээлийн гэрээ болон барьцааны гэрээ  байгуулан  Л.Отгонбаярын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Ү-2003001020 дугаартай хувийн орон сууцыг барьцаалж нотариатаар гэрээгээ  баталгаажуулсан байх ба гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч Ч.Дуламханд нь 20.000.000 төгрөгийг хариуцагч Л.Отгонбаярын хүсэлтээр түүний хүргэн Л.Жавхланд шилжүүлсэн талаар талууд маргаагүй боловч зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг хэн төлөх талаар маргасан байна.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд Л.Жавхлан  нь зээлдэгч гэсэн хэсэгт гарын үсэг зурж, гэрээний ард талд түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан, гэрээний  зээлдэгч тал болох Ч.Дуламханд нь мөнгөө зээлдэгч Л.Отгонбаярт бус Л.Жавхланд  шилжүүлсэн, зээлийн хүүг хариуцагч Л.Отгонбаяр болон Л.Жавхлан нар зээлдэгчид төлж байсан зэрэг үйл баримтаас дүгнэж үзвэл Л.Жавхлан нь зээлийн гэрээнд тодорхой үүрэг хүлээх  хэлбэрээр оролцсон  болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Л.Отгонбаярт 20.000.000 төгрөг зээлүүлсэн бөгөөд үүнээс Л.Жавхлан нь 19.000.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн  атлаа нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр Л.Отгонбаяраас зээлийн гэрээний үүрэг хэмээн 21.000.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан нь  тодорхойгүй бус байна. 

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Отгонбаярт  Л.Жавхлангаас 19.000.000 төгрөг  төлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн хэмжээ өөрчлөгдсөн эсэх Л.Жавхлан зээлийн гэрээний оролцогч мөн эсэх түүний зээлийн гэрээнд оролцсон оролцооны талаар  шүүх тодруулж ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр  зөвхөн зээлдэгчээс зээлдэгчид мөнгө бодитойгоор шилжээгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй болжээ.

 Дээрхи байдлуудад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт  хийн хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10  сарын 01-ний өдрийн 469 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

     

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН