Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1221

 

2020          09            22                                         2020/ДШМ/1221

Ж.Бөд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Бөд холбогдох эрүүгийн 2010000940393 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

.................., 19.......... оны ....... дүгээр сарын ...........-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа дасгалжуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 427 дугаар байрны 48 тоотод оршин суух бүртгэлтэй, “Алтан гадас” одонгоор шагнагдсан, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч Д.Очирхуягтай маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .......................ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Ж.Бөд оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Очирхуяг нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтаар Ж.Б нь хохирогч гэгдэх Д.Очирхуягийн биед хөнгөн хохирол учруулах санаатай үйлдлийг хийгээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд, хохирогч Д.Очирхуягийн “...Ариунболд, Лхагва нарт миний таньдаг хүн ямар нэг юм болвол битгий оролцоорой гэж хэлээд ширээн дээр суугаад виски захиалж ууж байгаад би ариун цэврийн өрөө орсон...” /хх 17-19/ гэх, гэрч А.Лхагвасүрэнгийн “...Очирхуяг, Баянмөнх 2 нь тураах асуудлаас болоод маргалдаад бие биедээ гар хүрсэн” /хх 30-31/ гэх, Ж.Бийн гэрчээр өгсөн “...тухайн үед Очирхуяг нь сандал дээр босч зогсоод гараараа заагаад байсан, ...тэгээд Очирхуяг нь босоод над руу ирээд “пизда минь чи нөгөө 10 хоногт 10 кг хасч өгдөг пизда мөн үү, намайг хасаадах” гэхээр нь би “зүгээр бай” гэж хэлэхэд Очирхуяг “чамтай хөгшин гэдгээ санахгүй байна” гэж хэлээд баруун гараараа зүүн мөр рүү цохиод хамгаалагч гаднаас ороод ирсэн, ...Очирхуяг амаа арчиж байсан ариун цэврийн цаасаа миний нүүр рүү шидсэн, ...тамхины өрөөнд тамхи татаж байхад араас орж ирээд “чи пизда чинь юундаа зугтаад байгаа юм” гэсэн, тэгэхэд намайг цохих гэж байсан, ...Очирхуяг “наадхаа бариад ав” гэж орилоод араас гүйгээд намайг цохих гэж гараа далайхаар нь би нэг удаа цохисон...” /хх 38-40/ гэх, гэрч Ц.Энх-Амарын “...тэгэхэд нөгөө хүн Баянмөнх рүү юм шидэж байх шиг санагдаж байна...” /хх 43-44/ гэх, гэрч А.Болдсайханы “...удалгүй нөгөө залуу нь Баянмөнхийг өдөж хоргоосон байдалтай байсан. ...” /хх 45-46/ гэх мэдүүлгүүдээр хохирогч Д.Очирхуяг нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй билээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь Ж.Бийг өдөж хоргоон, эрх, эрх чөлөөнд нь халдсан, хэд хэдэн удаагийн үйлдлийг хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэх заалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” субьектив шинжтэй. Гэтэл шүүгдэгчийн хувьд гэмт хэргийг хүсэж үйлдээгүй. Харин өөрт учирсан халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдэл юм. Иймд давж заалдах шатны шүүхээс Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль бус шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирол учруулахаар довтолсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харгалзан үзэж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Жаргалсайханы Баянмөнхөд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэсэн атлаа тогтоолын 3 дахь заалтад “...Ж.Бөд оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бийн үйлдэл аргагүй хамгаалалт байсан гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хохирогч нь шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон эхэлсний дараа тухайн довтолгооныг таслан зогсоохоор хохирогчийн эсрэг хийсэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж ойлгохоор заасан. Үүнийг хэргийн үйл баримтаас харахад хохирогч шүүгдэгчийг өдөж хоргоосон, маргаан өдөөсөн зүйл харагддаг боловч шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд халдаж, довтолгоон хийсэн зүйл харагддаггүй. Харин маргалдаад явж байхад шүүгдэгч Ж.Б хохирогчийг цохиж зодсон үйл баримт тогтоогддог. Энэ нь хохирогч Д.Очирхуягийн /хх 23/, гэрч Жамбалжанцангийн /хх 42/ мэдүүлэг зэргээс тодорхой харагддаг. Мөн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн атлаа тогтоолын 3 дахь заалтад “11000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу...” гэж алдаатай шийдвэр гаргасан гэж байна. Энэ нь шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалсайханы Баянмөнхийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж заасан. Гэхдээ тогтоох хэсгийн 3 дахь заалтад “1100” гээд бичиглэлийн алдаа гаргаж бичсэн байна. Тоог алдаж бичсэн ч ард нь үсгээр зөв бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч Д.Очирхуягтай маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Очирхуягийн “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед “Минт” баарны тусгай зааланд орох үед зүс таних Ж.Б ширээн дээр сууж байхаар нь цуг явж байсан Б.Ариунболд, Лхагваа нарт “миний таньдаг хүн, ямар нэг юм болвол битгий оролцоорой” гэж хэлээд ширээн дээр суугаад виски захиалж ууж байгаад ариун цэврийн өрөө рүү ороход Ж.Бтэй таараад хоорондоо маргалдсан. Тэгээд тамхины өрөө рүү ороход дахин Ж.Бтэй таарсан. Тэгээд маргалдаж байхад Ж.Б гараад явсан. Би араас нь гарч яваад зааланд байхаар нь юм ярих гээд очиход Ж.Б нэг удаа миний зүүн нүд рүү цохиод яваад өгсөн. ...” /1хх 17-19, 22-23/,

гэрч А.Лхагвасүрэнгийн “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн үед найз Б.Ариунболд, Д.Очирхуяг нарын хамт “Минт” бааранд орсон. ...Тэгсэн тэр хоёр хоорондоо маргалдаад Ж.Б гэх залуу Д.Очирхуягийн зүүн нүд рүү нэг удаа цохисон байсан. Би тухайн үед ариун цэврийн өрөө орчихоод ирсэн бөгөөд хамгаалагч нар тэр хоёрыг салгаж байсан. ...Д.Очирхуяг, Ж.Б хоёр нь турах асуудлаас болоод маргалдаад бие биедээ гар хүрсэн. Ж.Б Д.Очирхуягийн зүүн нүд рүү цохисон. ...” /1хх 30-31, 47-48/,

гэрч Б.Ариунболдын “...2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед би найз Д.Очирхуяг, А.Лхагвасүрэн нарын хамт “Минт” баар руу орсон. Тэгээд баар хаах болоод байж байхад Д.Очирхуягийн зүүн нүд нь хавдчихсан ирсэн. ...” /1хх 34-35/,

гэрч Ж.Жалцанбадамын “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Д.Очирхуяг гэх залуу найзуудын хамт орж ирээд баруун талын ширээн дээр суусан. ...Тэр үед Д.Очирхуяг нь Ж.Бтэй маргалдаад явж байхад Ж.Б нь “Зайлаач ээ, балай пизда минь” гэж хэлээд баруун гараараа нэг удаа цохиод Д.Очирхуяг унахад Ж.Б алга болчихсон. ...Ж.Б нь Д.Очирхуягийн зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...” /1хх 41-42/,

шинжээч Б.Ундармаагийн “...Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтэл юм. ...” /1хх 65-66/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 921 дугаартай “...Д.Очирхуягийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралтаас бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” /1хх 58-60/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Бийн хохирогч Д.Очирхуягийн зүүн нүдэнд гараараа цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Бөд тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Санчирбал “...шүүгдэгчийн хувьд гэмт хэргийг хүсэж үйлдээгүй. Харин өөрт учирсан халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдэл юм. Иймд давж заалдах шатны шүүхээс Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль бус шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирол учруулахаар довтолсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ.

Хавтас хэргээс үзэхэд, гэрч Ж.Жалцанбадам “...Тэр үед Д.Очирхуяг нь Ж.Бтэй маргалдаад явж байхад Ж.Б нь “Зайлаач ээ, балай пизда минь” гэж хэлээд баруун гараараа нэг удаа цохиод Д.Очирхуяг унахад Ж.Б алга болчихсон. ...” /1хх 41-42/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогч Д.Очирхуяг нь Ж.Б рүү ямар нэгэн довтолсон, халдсан үйлдэл хийсэн талаар өөр нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Ж.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэсэн атлаа 3 дахь заалтад “...11000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд ...” гэж алдаатай бичсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан 11000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “Шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ