Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 56

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1221 дүгээр магадлалтай, Ж.Б-д холбогдох 2010 00094 0393 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б ийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт Ж.Б 

Ж.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1000 /нэг мянага/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч О.Санчирбал гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгт авагдсан баримтаар Ж.Б нь хохирогч гэгдэх Д.О-н биед хөнгөн хохирол учруулах санаатай үйлдлийг хийгээгүй болох нь дараах мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд: хохирогч Д.О ийн мэдүүлэг хх 17-19 “...Ариунболд, Лхагва нарт миний таньдаг хүн ямар нэг юм болвол битгий оролцоорой гэж хэлээд ширээн дээр суугаад виски захиалж ууж байгаад би ариун цэврийн өрөө орсон” гэх мэдүүлэг, гэрч А.Лхагвасүрэнгийн мэдүүлэг хх 30-31 “...Очирхуяг, Б  2 нь тураах асуудлаас болоод маргалдаад бие биедээ гар хүрсэн” гэх мэдүүлэг, Ж.Б ийн гэрчээр өгсөн мэдүүлэг хх 38-40 “...тухайн Очирхуяг нь сандал дээр босч зогсоод гараараа заагаад байсан”, “...тэгээд Очирхуяг нь босч ирээд над руу ирснээ п-минь чи нөгөө 10 хоногт 10 кг хасч өгдөг п мөн үү, намайг хасаадах гэхээр нь би зүгээр бай гэж хэлэхэд Очирхуяг чамтай хөгшин гэдгээ санахгүй байна гэж хэлээд баруун гараараа зүүн мөр рүү цохиод хамгаалагч гаднаас орж ирсэн”, “...Очирхуяг амаа арчиж байсан ариун цэврийн цаасаа миний нүүр рүү шидсэн”, “...тамхины өрөөнд тамхи татаж байхад араас орж ирснээ чи п чинь юундаа зугтаад байгаа юм гэсэн, тэгэхэд намайг цохих гэж байсан”, “...Очирхуяг наадахаа бариад ав гэж орилоод араас гүйгээд намайг цохих гэж гараа далайхаар нь би нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Ц.Энх-Амарын мэдүүлэг хх 43-44 “...тэгэхэд нөгөө хүн Б  рүү юм шидэж байх шиг санагдаж байна”, гэрч А.Болдсайханы мэдүүлэг хх 45-46 “...удалгүй нөгөө залуу  нь Б ийг өдөж хоргоосон байдалтай байсан” гэх мэдүүлгүүдээр хохирогч Д.О  нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийсэн байдаг.

Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй ижил хэдий ч бопит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгддэг хуулиар хамгаалагдсан үйлдэл билээ.

Үг зүйн үүднээс аргагүй хамгаалалтыг дараах байдлаар тайлбарласан байдаг. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “аргагүй” гэдэг нь олон нөхцөлгүй, зүй гэж зөвшөөрөх, маш чухал гэсэн утгыг агуулна. “Хамгаалалт” гэдэг нь сэргийлж сахих, харгалзан сахих өмөөрөн хаацайлах” гэсэн утгатай байна.

Хохирогч Д.О , гэрч А.Очирхуяг, Ж.Б , Ц.Энх-Амар, А.Болдсайхан нарын мэдүүлгүүдээр хохирогч Д.О ийн халдлага Ж.Б ийн эсрэг үйлдэл нь 00-н өрөөнөөс эхэлж, тамхины өрөөнөөс бүжгийн талбай хүртэлх зайнд шүүгдэгчийн биед халдсан идэвхтэй, үргэлжилсэн үйлдэл байдаг. Уг хууль бус үйлдэл нь тодорхой болсон явдалд халдагч этгээдэд хуулиар олгогдсон аьмд, эрх чөлөөтэй эрхийн баталгааг эдэлсэн хууль ёсны үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй билээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь Ж.Б ийг өдөж хоргоон, эрх, эрх чөлөөнд нь халдсан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэх заалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” субъектив шинжтэй. Гэтэл шүүгдэгчийн хувьд гэмт хэргийг хүсэж үйлдээгүй харин өөрт учирсан халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдэл юм. Дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Б.Иш-Од, А.Лхагвасүрэн, Б.Ариунболд, Ц.Энх-Амар, Ж.Жалцанбадам нарыг оролцуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл дээрх гэрч нарыг үндэслэлгүйгээр оролцуулаагүй нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох хуулийн заалттай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт холбогдогч Ж.Б-н гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилгыг шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсон нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлтэй. Иймд хяналтын шатны шүүхээс Ж.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б , хохирогч нарын хувьд хоорондоо таарамжгүй харьцаатай байсан ба уг харьцааныхаа улмаас Ж.Б  хохирогчийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогчид учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл гэдгийг шинжээч эмч тодорхойлсон. Хохирогчийн хувьд шүүгдэгчийн эсрэг ямар нэг довтолгоо хийгээгүй, шүүгдэгчийн эсрэг эрүүл мэндэд нь халдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад шүүгдэгч цохисон үйл баримт тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх шинжийг агуулахгүй байна. Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн  өмгөөлөгч О.Санчирбалын гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Б ийг 2019 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч Д.О-тай маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, эргэлзээгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн хоёр шатны шүүхээс Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэдийгээр хохирогч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ж.Б-г хэл амаар доромжлон, ам арчсан цаасаа нүүр лүү нь шидэх, ариун цэврийн өрөө рүү орж хэрүүл өдөж, улмаар тамхины өрөө рүү даган орж үргэлжлүүлэн маргалдах зэргээр зүй бус үйлдэл хийсэн ч Ж.Б-н биед ямарваа нэг байдлаар халдаагүй, маргааныг үргэлжлүүлэхдээ Ж.Б-н амь нас, эрүүл мэндийн эсрэг аюул учруулах шинжтэй үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Жалцанбадамын “... Тэр үед Д.О  нь Ж.Б-тэй маргалдаад явж байхад Ж.Б  нь “Зайлаач ээ, балай пизда минь” гэж хэлээд баруун гараараа нэг удаа цохиод Д.О  унахад Ж.Б  алга  болчихсон ...”, хохирогч Д.О-н “... Би араас нь гарч яваад зааланд байхаар нь юм ярих гээд очиход Ж.Б  нэг удаа миний зүүн нүд рүү цохиод яваад өгсөн ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал нь хяналтын гомдолдоо “Ж.Б нь өөрийгөө хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн” гэх боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хохирогч Д.О-н зүгээс Ж.Б-н эсрэг, түүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй бодит довтолгооныг хийгээгүй тул аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл гэж үзэхгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь Эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд тухайн аргагүй хамгаалалт хийж буй субъектын санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг аливаа хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайг дурдах нь зүй юм.

Иймд аргагүй хамгаалалт гэх ойлголтын хувьд объектив болон субъектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай.

Гэвч өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдын нэр төр, алдар хүндэд тодорхой хугацаанд халдаж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн дунд таарамжгүй харилцааг бий болгосон хохирогч Д.О-н эсрэг хийсэн Ж.Б-н үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг хангаж байгаа бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд халдах үйлдэлдээ болон түүний улмаас үүсэх үр дагаварт зориуд хүсэж хүргэсэн идэвхитэй үйлдэл зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бүрэн агуулсан, хэргийн хувьд үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан “гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1221 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН