Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/02031

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг 2 дугаар хороо ... дугаар байрны 33 тоотод оршин суух, Д овогт Ц.Б /РД: .../,

 

Хариуцагч: ... дүүрэг 2 дугаар хороо, өөрийн байр, ... дүүргийн ИАХ,

 

Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б , өмгөөлөгч Ч.М , хариуцагчийн төлөөлөгч С.У , Г.Н , А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Нэхэмжлэгч Ц.Б миний бие нь ... дүүргийн ИАХ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тус дүүргийн 2 дугаар хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар, мөн 2020 оны 10 дугаар сараас тус дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр ажлаа дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, дүүргийн хүндэт жуух бичиг, өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргаж өгнө хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмдүүлсэн ба энэ шаардлагаа мөн дэмжиж байна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.У намайг дуудаж Сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсгээ зурахыг шаардсан ба энэ үеэрээ шалгалтын дүнгийн талаар танилцуулсан болохоос биш намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар хэлээгүй болно гэв.

 

Хариуцагч ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын Албанаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , Г.Н , А.У нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ... дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог баталсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/00 тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/00 тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т заасан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар с ын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү уг шалгалтаар Ц.Б нь 40 хувь тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, шалгалтын дараа материалыг засаж дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн дотоод журам 2019 онд хурлын даргын захирамжаар батлагдсан. Ажлын албаны дүрэм 2020 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс батлагдсан. Эрх зүйн акт хоорондоо зөрчилдөхөд дээд эрэмбийн эрх зүйн актыг хүчин төгөлдөр гэж үзэж мөрддөг.

 

Албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд Ц.Б нь мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд тайлбар авах хугацаанд хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн өргөдлийг бичиж өгсөн. Манай зүгээс шалгалтыг зохион байгуулсан учраас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн сонсох ажиллагааг хийж шалгалтын үр дүнг Ц.Б т мэдэгдсэн, үүний дагуу Ц.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Ц.Б ын тухайд ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлгээ ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх бас нэг үндэслэл болсон. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У миний бие Ц.Б т шалгалтад тэнцээгүй учраас ийм нөхцөл байдал үүсэж байна гэж албан ёсны мэдэгдлийг өгсөн. Гэвч Ц.Б нь би санал нийлэхгүй байна гэж хэлээд сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахгүй гарч явсан. Дараа нь Ц.Б нь орж ирээгүй учир би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуудаж уулзсан бөгөөд шалгалтад тэнцээгүй учраас ийм ийм нөхцөл байдал үүсэж байна гэж хэлэхэд би хүлээн зөвшөөрөхгүй байна, ажлаас гарах өргөдлөө би өөрөө бичиж өгнө гэсэн. Байрны тэтгэмжийг Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөртэй холбож ярьж байна, уг хугацаанаас өмнө Ц.Б нь байрны тэтгэмж авсан бөгөөд шаардлагатай тохиолдолд уг баримтыг Тамгын газраас нотлох баримтаар гаргуулж өгч болно. Сонсох ажиллагаа хийсний дараа Ц.Б ын бичиж өгсөн өргөдөл, байрны тэтгэмж 2 нь хоорондоо хамааралгүй юм. Ц.Б нь намайг ажлын байран дээр байнга дарамталдаг байсан гэж хэлж байна, миний зүгээс Ц.Б ыг дарамталж байгаагүй. Шалгалт авч түвшин тогтоох тухай мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр биечлэн өөрийн биеэр бүх албан хаагчдад мэдэгдсэн ба энэ тухай мөн манай байгууллагын дотоод сүлжээнд байгаа. Гэнэтийн байдлаар дуудаж шалгалт гүй, шалгалтад бэлдэх хугацааг ч мөн олгосон. Ц.Б т би өдөр болгон хэрэглэгддэг хуулийн хүрээнд шалгалт авагдана, шалгалтад бэлдэх хугацаа байгаа учраас шалгалтдаа бэлдээрэй гэж хэлж байсан. Шалгалтын агуулгыг хүрээ нь асуудал үүсгэхээр хүнд байгаагүй, анхан шатны хуулийн мэдлэг шалгасан шалгалт байсан. Ц.Б ын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангийн хувьд хангалтгүй үнэлэгдсэн. Ц.Б нь 2 дугаар хороог хариуцдаг боловч тайлан дээрээ 3 дугаар хороо гэж бичсэн байсан бөгөөд энэ талаар өөрөөс нь асуухад би хуулчихсан юм гэж хэлсэн. Ц.Б нь ажлаа хийдэг, хийдэггүй нь тайлан дээрээс нь хүртэл харагдаж байсан, өөрийн ажиллаа гүйцэтгэх явцад мэдэхгүй зүйл маш их гарч байсан. Тухайлбал, энэ хүн танай дээр шагнал авах гээд материалаа өгсөн байна, хэзээ өгсөн бэ гэхэд би мэдэхгүй байна очоод үзье гэж хэлээд дараа нь тийм хүн байхгүй байна гэж хариу өгдөг. Ажлаа мэддэг хүн бол эдгээр мэдээллийн гарын таван хуруу шигээ цээжээр мэдээд хэлэх ёстой. Иймд нэхэмжлэгч Ц.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ... дүүргийн ИАХ холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр явуулахад Ц.Б нь уг шалгалтанд 40 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, шалгалтын дараа материалыг засаж дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/00 тушаалаар иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 01 дүгээр хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Б нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.10, 6 дугаар зүйлийн 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т заасныг үндэслэн Ц.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийг 1 дүгээр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж, батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Д жаргалд үүрэг болгосон байна. ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийн 2.5-д зааснаар Ажлын албаны дарга нь ажлын албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, удирдан чиглүүлэх, хурлын төсвийг Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн захиран зарцуулах, Хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хурлын дарга, дэд дарга, Тэргүүлэгчдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх с зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, цагаатгалын комиссын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, улаан загалмайн с зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх гэсэн дээрх чиг үүргийг гүйцэтгэж, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна., мөн ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын 2-т Батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /А.Д жаргал/-д үүрэг болгосон зэргээс үзэхэд Ажлын албаны дарга А.Д жаргалд ажилтан, алба хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээ олгогджээ.

 

... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын 1-т ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийг нэгдүгээр хавсралтаар, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан, мөн ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/00 дүгээр тушаалын 1-т ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ажилтан, албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалтгалт авах комиссын бүхэлдэхүүнийг хавсралтаар /уг хавсралтад комиссын ахлагч Эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга С.У , гишүүд Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.С , Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Х.Э , Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Б , нарийн бичгийн дарга Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.У / баталжээ. Тус комисс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж Ажлын албаны ажилтан, алба хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу хороодын Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга нарын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан ба тус комиссын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтэд Ц.Б 40 хувь, тэнцээгүй талаар дурджээ. Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/00 дугаар тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.2.4-т 60-аас доош тэнцээгүй. Албан тушаал бууруулах, хөдөлмөрийн гэрээр дуусгавар болгох. гэж зааснаар Ц.Б ыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцээгүйд тооцож, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгожээ. Мөн ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 1 дүгээр хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Б нь гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих, чанар, стандарт шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэх үндэслэлүүдээр тус тус түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэвч хариуцагч ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын алба нь нэхэмжлэгч Ц.Б ыг дээр дурдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний с , нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан журмыг ноцтой зөрчсөн болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б ын ... намайг ажлаас халах талаар урьдчилж надад мэдэгдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.У намайг дуудаж Сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсгээ зурахыг шаардсан ба энэ үеэрээ шалгалтын дүнгийн талаар танилцуулсан болохоос биш намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар хэлээгүй болно гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , Г.Н , А.У нарын Сонсох ажиллагаа хийж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Мэдэгдэлд Ц.Б гарын үсэг зураагүй. Хавтаст хэргийн 17 дугээр талд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл байгаа, үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг хангасан гэж үзэж байгаа гэх тайлбараар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд Ц.Б ын гарын үсэг зурагдаагүй, дээрх баримт нь хариуцагч талаас гаргасан нэг талын баримт юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б ыг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг урьд эрхэлж байсан ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудыг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны /ажлын 146 хоног/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /2,720,481 : 3= 906,827 : 21 = 43,182 нэг өдрийн цалин х 146 хоног = 6,305,302 төгрөг/ 6,305,302 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул энэ шаардлагыг тухайлан шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас 115,835 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б ыг урьд эрхэлж байсан ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,305,302 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас 115.835 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР