Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1323

 

2020                10            13                                       2020/ДШМ/1323

Б.А, Л.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогч А.Нямдаваа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

шүүгдэгч Л......ийн өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/1453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Л.Б нарт холбогдох эрүүгийн 1806038880385 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....................., 19......... оны ......... дугаар сарын ...............-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Чулуут конкрет” зуурмагны үйлдвэрийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын 92 дугаар байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. .................гтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

Б.А нь Л.Бтэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Л.Б нь Б.Атэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, 2006 оны Lexus IS250 маркийн автомашиныг 15,000,000 сая төгрөгөөр тооцон шилжүүлэн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30,867,650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3,650,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 34,517,650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л..................ийг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосныг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Аэд урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөөр тооцон торгох ялын хэмжээг 24,895,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийг 24,895,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд сар бүр 2,074,583 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бэс 31,267,650 төгрөг гаргуулан хохирогч Б.Эрдэнэ-Оргилд, шүүгдэгч Б.Аээс 47.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Нямдаваад, 13,904,656,5 төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхсоёлд тус тус олгуулж, хохирогч А.Нямдаваа нь түрээсийн 5.000.000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Л.Б нарыг хохирол барагдуулах ажиллагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэхийг даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсгийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2649 дугаартай захирамжаар шүүгдэгч Л.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 16 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан. Захирамжийн дагуу завсарласан шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Б.А өөрийн хууль ёсны өмгөөлөгч Э.Эрдэнэчулуунаас татгалзаж, өөр өмгөөлөгчөөр хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулах талаар хүсэлт гаргасан байдаг. Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгчөөр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс оролцож байгаа өмгөөлөгч Т.Сайнбаяр би 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шийтгэх тогтоолыг гардан авахдаа хавтас хэргээс шүүгдэгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримтыг олсонгүй. Шүүх хуралдаан даргалагч тус хүсэлтийг шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч чухам ямар шийдвэр гаргасан нь тодорхой бус байна. Тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийг ямар учраас бичиж, тэмдэглэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1453 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлыг үнэн зөвөөр тооцуулах хүсэлтэй байна. Би Н.Мөнхсоёлоос мөнгө аваагүй. Харин Л.Б Н.Мөнхсоёлоос 40.000.000 төгрөг авсан байсныг би жилийн даpаа мэдсэн. Бусад асуудал дээр маргаагүй.” гэв.

Шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь, урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хуралдаанд Б.А өмгөөлөгчтэй оролцсон. Тэгээд зөвхөн хохирлыг төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан байдаг. Энэ хугацаанд Л.Б учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ял шийтгэл оногдуулах хуралд өмгөөлөгч Эрдэнэчулуун ирээгүй. Ингэхдээ ямар нэг хүндэтгэх шалтгаан дурдаагүй, чөлөөлсөн, өвчтэй гэх баримт ирүүлээгүй. Шүүх хуралдаан тасралтгүй явагдах гэсэн зарчмыг хангаж явагдсан. Тухайн үед хэрэг шүүхэд шилжиж гэм буруутайд тооцсоны дараа өмгөөлөгч хохирол төлөх 5 хоногийн хугацаа авсан. Гэвч 5 хоногийн хугацаа дууссаны дараа өмгөөлөгч ирээгүй байсан учир шүүх хуралдааныг заавал дахин эхнээс нь явуулах, мөн өмгөөлөгч оролцохоор шийтгэх тогтоол хүчингүй болох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Б.Аийн тухайд хохирол дээр маргаж байгаа боловч давж заалдах гомдол гаргаагүй байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг судалсан. Хэн хэдэн төгрөг авсан болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул энэ асуудлыг дахин хөндөх шаардлагагүй. Шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн хувьд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. 5 хоногийн хугацаанд хохирогч Н.Мөнхсоёлд өгөх ёстой байсан 14.000.000 төгрөг, шүүх хурлын дараа Б.Эрдэнэ-Оргилд өгөх ёстой байсан 30.000.000 төгрөгийг бүгдийг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгч Эрдэнэчулуун шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнд хариуцлага тооцуулахаар Хуульчдын холбоонд албан бичиг явуулах талаар дурдсан байсан.” гэв.

Хохирогч А.Нямдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгч нарын хоорондын асуудлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Б.Аийн ярьж байгаагаас үзэхэд хэргийг анхан шатны шүүхэд буцаах, эсхүл цаг хугацаа хожих гэсэн оролдлого гэж үзэж байна. Б.А гэм буруугаа хүлээж байна гэсэн хэрнээ одоо хүртэл надад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Л.Б 5 хоногийн завсарлага авч хохирлоо барагдуулж болоод байхад сэтгэл гаргахгүй байгаад нь гомдолтой байна. Би хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаах хүсэлгүй байх тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийг ямар учраас бичиж, тэмдэглэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан. Уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Түүнчлэн гэм буруугийн хуралдаанд өмгөөлөгч Эрдэнэчулуун ирсэн бөгөөд завсарлага дууссаны дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүх бүрэлдэхүүнийг хүндэтгэхгүй, зөвлөх ёсгүй практик тогтоох гэсэн оролдлого гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 5 хоногийн завсарлага авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар завсарласан тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтрүүлж болохгүй гэж заасан тул шүүх хуралдааныг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс шүүх хуралдааныг үргэлжлүүлж, эрүүгийн хариуцлагын хуралдааныг хийж ял оногдуулсан. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 2.3-т “... нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж,

мөн зүйлийн 2.4-т “Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А, Л.Б нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, түүнчлэн улсын яллагчийн болон өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Б.А, Л.Б нарт холбогдох хэргийн үйл баримт, үйл баримтад тусгагдсан аль нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн ямар шинжийг хангасан талаар хууль зүйн дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-д “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 2.2-д “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” гэж, мөн зүйлийн 3-д “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 3.1-д “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.А, Л.Б нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл, хамтран оролцсон хэлбэр тус бүрийг нарийвчлан дүгнээгүй буюу шүүгдэгч нар нь ямар үйлдэлд бүлэглэсэн, уг үйлдэлд хэн нь ямар үүрэг гүйцэтгэх байдлаар оролцсон, уг оролцоонд гүйцэтгэсэн тодорхой үйлдэл нь бүлэглэсэн шинжийг хангаж байгаа талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

Мөн шүүгдэгч Б.Аэд 2 жилийн хорих ял, шүүгдэгч Л.Бд 25.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлээ буюу Б.Аэд ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр хорих ялыг сонгосон, уг ялын хэмжээг 2 жилээр тогтоосон, Л.Бд ял шийтгэл оногдуулахдаа яагаад торгох ялыг сонгосон, уг ялын хэмжээг 25.000.000 төгрөгөөр тогтоосон тус тус үндэслэлээ заагаагүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 1.6-д “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, мөн зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Л.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Аэд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун нь шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд харин шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.А нь уг шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Эрдэнэчулууныг өмгөөлөгчөөр оролцуулахаас татгалзах, өөр өмгөөлөгч сонгон авах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй” гэж заажээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгчөөс татгалзах асуудал нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх асуудал бөгөөд нэгэнт эхэлсэн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс татгалзах, солих эрх хуулиар олгогдоогүй, нөгөө талаас шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун нь шүүх хуралдаанд заавал хүрэлцэн ирэх үүрэгтэй болно.

Шүүгдэгч Б.А гэм буруугийн шүүх хуралдаанд “...өмгөөлөгч маань над дээр ирж уулзаагүй учраас миний бие өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Цаашид шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлүүлэн оролцох хүсэлтэй байна. ...” гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн мэт байх боловч ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаагүй байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/1453 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Л.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Аэд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ