Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00490

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00490

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  .....нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ......

 

хариуцагч: ..... холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэг 72 230 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2 423 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******, М.******* нар хариуцагч Б.*******, ************** ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 72 230 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... С.*******, М.******* бид гэр бүлийн хүмүүс бөгөөд хариуцагч нартай 2018 оноос эхлэн сонгон шалгарсан тендерт ажил гүйцэтгэхэд нь зориулж зээл олгож, хамтран ажиллаж байсан. Тодруулбал 2018 оноос эхлэн Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын баазын тоног, төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Төмөр замын архивын нягтруулах шүүгээ нийлүүлэх гэрээ, ******* Таван толгой ХК-д бичиг хэргийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Дотуур байрны давхар ор нийлүүлэх гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Дотоод хэргийн их сургуулийн номын сангийн тавилга нийлүүлэх зэрэг гэрээт ажлыг гүйцэтгэх санхүүжилтээ биднээс зээл авч ажлынхаа санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн. Ингэхдээ тухайн захиалагчтай байгуулсан гэрээг нь үндэслэн тендерт ажлыг гүйцэтгэхэд нь зориулж, шаардлагатай үе шат бүрт ажлынх нь санхүүжилтийг хийж байсан ба зээлсэн мөнгөний 10 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлөхөөр тохиролцдог байсан. 2020 оны 3 сарын үед Б.******* нь манай компани Дотоод хэргийн их сургуулийн тендер шалгаруулалтад оролцож Тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгарсан, гэрээний нийт үнийн дүн 192 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллах саналыг тавьж, өмнө нь хамтран ажиллаж байсны адил төслийн санхүүжилтэд зориулж зээл олгох, хариуцагч нар нь Захиалагчаас санхүүжилтийг хүлээн авч, эхний ээлжинд зээлийн үндсэн төлбөрийг, хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон. Өмнө нь олон удаа ажилд хамтарч ажилласан, урьдын ажил хэргийн итгэлцэлдээ тулгуурлан энэ ажилд дээр бичгээр гэрээ байгуулалгүй уг ажилд зарцуулах санхүүжилтийг нь тухай бүр олгосон юм. 2020 оны 3 дугаар сараас эхлэн 72,230,000 төгрөгийг Б.*******ы Хаан банкинд дахь 5429224746, Худалдаа хөгжлийн банкны 405090940 тоот хувийн дансанд 2020.03.24-ны өдөр 4,800, 000 төгрөг, 2020.06.09-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020.06.25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020.07.07-ны өдөр 6,000,000 төгрөг, 2020.08.06-ны өдөр 2,000,000 тегрөг, 2020.09.04-ны өдөр 4,430,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Дээрх санхүүжилтийг олгох явцад Б.*******аас ажлын явц, ажлаа хэзээ хүлээлгэх өгөх эсэх талаар тодруулахад зарим ажлыг Захиалагч буюу ДХИСургууль хүлээн авахгүй байгаа учраас санхүүжилт шийдвэрлэгдээгүй байна гэсээр 2020 оны 09 дүгээр сарыг хүргэсэн. ******* ******* ХХК нь Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу тавилгыг хүлээлгэн өгч, эхний санхүүжилтийг 2020.08,28-ны өдөр 96,330,000 төгрөгийн төлбөрөө авчихсан хэрнээ надад ямар ч мөнгө аваагүй, ДХИСургууль санхүүжилтээ хийгээгүй байна гээд улайм цайм худал хэлээд байсныг нь Дотоод хэргийн их сургууль дээр очиж холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байж мэдсэн ба ийнхүү намайг хуурч байсан болохыг ойлгоод Сүхбаатар дүүргийн дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар 2020.09.24-ний өдөр гомдол гаргасан. ******* ******* ХХК нь үлдэгдэл 76,513,807 төгрөгийг 2020.11.09-ний өдөр хүлээн авсан байсан боловч тухайн үедээ надад ямар ч мөнгө аваагүй гэсээр л байсан. 2020.08.28-ны өдөр 96,330,0001 төгрөг, 2020.11.09-ны өдөр 76,513,8072 төгрөгийг, нийт 172,843,807 төгрөгийг хүлээн авсан нь сайтад нийтлэгдсэн ч байна. Иймд хариуцагч нараас ДХИС-ийн тендэр ажилд зориулж олгосон зээл 72,230,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү. Хуулийн дагуу хүү гаргуулах үндэслэл байхгүй учраас 7 223 000 төгрөгөөс татгалзаж байна... гэв.

 

3. Хариуцагч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж ... 2 423 300 төгрөг гаргуулах... аар нэхэмжлэгч нараас шаардсан.

 

4. Хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд... Б.******* миний бие хариуцагч нартай 2018 оноос эхлэн харилцаж 10%-ийн хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсний дагуу хувиараа М.*******тэй гэрээ хийж, 2020 оны 09 дүгээр сар хүртэл мөнгө зээлж бизнесээ явуулж ирсэн билээ. 2020 оны 9 дүгээр сард Б.******* би эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д хагалгаанд орох шаардлагатай болж явсан билээ. 2020 оны 11 дүгээр сард Монголдоо ирж хагалгааны дараах эмчилгээ хийлгээд өдийг хүрч байна. Эрүүл мэнд огцом муудаж, ажлаа хийх боломжгүй болсон тул ажлаа шилжүүлэн өгсөн юм. 2018 оноос хойш М.*******гээс 10% хүүтэй мөнгө хувиараа зээлж авч байсан боловч М.*******тэй ******* ******* ХХК-тай холбоотой ямар ч гэрээ хэлцэл хийж байгаагүй, мөн ашиг орлого хуваана гэж ярьж байгаагүй юм. М.******* нь ******* ******* ХХК-тай ямар ч холбоогүй ба хувиараа 10% хүүтэй мөнгө зээлж байсан 10 ширхэг гэрээг нотлох баримт болгон хавсаргав. Үүнд: 2018.09.04-ны өдөр 60,000,000, 2018.10.22-ны өдөр 20,000,000, 2018.11.08-ны өдөр 30,000,000, 2018.12.02-ны өдөр 10,000,000, 2019.03.07-ны өдөр 10,000,000, 2019.05.04-ны өдөр 20,000,000, 2019.10.09-ны өдөр 13,000,000, 2019.12.05-ны өдөр 40,100,000, 2019.12.11-ны өдөр 57,580,000, 2020.02.26-ны өдөр 65,000,000 төгрөг нийт 325,680,000 төгрөг, 2019.03.07-ны 10,000,000 төгрөгийн гэрээнээс өгсөн 740,000 төгрөг өгөөгүй 9,260,000 төгрөг, 2019.12.11-ны 57,580,000 төгрөгний гэрээнээс өгсөн: 2019.12.11-ны өдөр 527,000 өгөөгүй 57,053,000 төгрөг, 2020.02.26-ны өдөр 65,000,000 төгрөгийн гэрээнээс өгсөн: 2020/02/26-ны өдөр 45,000,000 өгөөгүй 20,000,000 төгрөг. Эцсийн байдлаар дүгнэхэд: Зээлийн гэрээгээр хийх ёстой мөнгө: 325,680,000 төгрөг Зээлийн гэрээний дагуу хийсэн мөнгө: 239,367,000 төгрөг Зээлийн гэрээнээс дутуу хийсэн мөнгө: 86,313,000 төгрөг. Зээлийн гэрээний дагуу хийсэн 239,367,000 төгрөгөөс 10% хүү тооцно гэсний дагуу 23,936,700 төгрөгийг хүүнд тооцож нэмж хийсэн болно. Нийт М.******* нь дансаар 385,104,000 төгрөг шилжүүлснээс гэрээний дагуу хийсэн шилжүүлсэн мөнгө 239,367,000 төгрөг, гэрээгүйгээр илүү хийсэн 145,737,000 төгрөгийг ямар нэгэн хүү тооцох гэрээ хэлцэл хийгээгүй тул үндсэн дүнгээр нь буцааж хийсэн болно. Б.******* би М.*******д тухай бүрд нь заасан хугацаандаа зээлээ төлж байсан ба сүүлд 2020.06.23-ны өдөр мөнгө хэрэгтэй байна. Яаралтай 110,000,000 төгрөг шилжүүл гэсний дагуу Голомт банкны байгууллагын данснаас шилжүүлсэн юм. Ингэснээр нийт миний шилжүүлсэн мөнгө 411,464,000 төгрөг болж байна. Тооцоолсон: Миний шилжүүлсэн 411,464,000 төгрөг М.*******гээс шилжүүлсэн 385,104,000 төгрөг, зээлийн хүү 23,936,700 төгрөг, илүү шилжүүлсэн 2,423,300 төгрөг болж байна. Иймд энэхүү илүү шилжүүлсэн 2,423,300 төгрөгийг М.*******гээс гаргуулж авах хүсэлтэй байна... гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2019.03.07-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 9,260,000 төгрөгийг төлөөгүй, 2019.12.11- ний өдрийн 57,053,000 төгрөгийг аваагүй, 2020.02.26-ны өдөр 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу шилжүүлэх 20,000,000 төгрөгийг өгөөгүй. Эцсийн байдлаар дүгнэхэд Зээлийн гэрээгээр хийх ёстой 325,680,000 төгрөгөөс 239,367,000 төгрөгийг авсан, зээлийн гэрээнээс нийт 86,313,000 төгрөгийг өгөөгүй гэж илүү төлсөн хэмээн 2.423.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, санхүүжилт хүссэн төсөл, тендерт ажлуудынх санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн бөгөөд хариуцагч нарын аваагүй гэх зээлийг дараах байдлаар шилжүүлсэн болно. 2019.03.04-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 9,263,500 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 724,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. 2019.12.11-ний өдийн 57,580,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Хаан банкны данснаасаа 527,000 төгрөгийг дансаар, 57,000,000 төгрөгийг Өргөө кино театрын баруун талын Худалдаа хөгжлийн банкны салбар дээр Б.******* өөрөө ирж банкинд дээр хамт очиж бэлнээр авсан. Тухайн өдрөө 56,815,000 төгрөгийг Б.******* өөрийн Хаан банкны 5429224746 тоот дансанд орлогоор хийсэн байна. 2020.02.26-ны өдрийн 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2020.02.26-ны өдөр 45,000,000 төгрөгийн ХХБ-аас 3,000,000 төгрөгөөр 15 удаа шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2020.02.28-ны өдөр 19,800.000 Б.*******ы Хаан банкны дансанд төгрөгийг шилжүүлэн өгсөн. 110,000,000 төгрөгийн төлөлтийн талаар. ******* ******* ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхдээ дараах байдлаар биднээс зээлийн санхүүжилт авсан. 2020.02.26-ны өдөр 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2020.02.26-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020.02.28-ны өдөр 19,800,000 төгрөг, 2020.03.13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020.04.14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020.04.29-ний өдөр 2,600,000 төгрөгийг тус тус зээлж, нийт 97,260,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх 97,260,000 төгрөгийн зээлийн төлбөрийг хүүгийн хамт 2020.06.23-ний өдөр 110,000,000 төгрөгийг төлж, тооцоог хааж дуусгавар болгож байсан ба энэхүү төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болно. Тодруулбал бид 2020.03.24-ний өдрийн 4,800,000 төгрөг, 2020.06.09-ний өдрийн 5,000,000 төгрөг, 2020.06.25-ний өдрийн 50,000,000 төгрөг, 2020.07.07-ний өдрийн 6,000,000 төгрөг, 2020.08.06-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2020.09.04-ний өдрийн 4,430,000 төгрөгийг нийт 72,230,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг нэхэмжилсэн болно...гэжээ.

 

7. Нэхэмжлэгч С.*******, М.******* нараас шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.10.18-ны өдрийн 1548 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /хэргийн 5-6 дугаар тал/

С.*******гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7 дугаар тал/

М.*******гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 8 дугаар тал/

М.*******гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-11 дүгээр тал/

М.*******гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 12 дугаар тал/

2020.03.13-ны өдрийн Тавилга худалдан авах, худалдах гэрээ /хэргийн 13-14 дүгээр тал/

С.*******, М.******* нарын Иргэний үнэмлэхний хуулга /хэргийн 15 дугаар тал/

С.*******, М.******* нарын хүсэлт /хэргийн 16 дугаар тал/

2021.12.02-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 37 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хэргийн 209-210 дугаар тал/

2019.03.07-ны өдрийн зээлийн гэрээ /хэргийн 211 дүгээр тал/

2019.12.11-ний өдрийн зээлийн гэрээ /хэргийн 212 дугаар тал/

М.*******гийн Худалдаа хөгжлийн банкны хуулга /хэргийн 213 дугаар тал/

2020.02.27-ны өдрийн зээлийн гэрээ /хэргийн 214 дүгээр тал/

М.*******н Худалдаа хөгжлийн банкны хуулга /хэргийн 215-216 дугаар тал/

М.*******гийн Хаан хөгжлийн банкны хуулга /хэргийн 217-219 дүгээр тал/

М.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2019.09.04, 2018.10.22, 2018.11.08, 2018.12.02, 2019.05.03, 2019.10.09, 2019.12.05-ны өдрийн зээлийн гэрээнүүд /хэргийн 220-227 дугаар тал/ нотлох баримтуудыг,

 

8. Хариуцагч ******* ******* ХХК, Б.******* нараас ирүүлсэн

******* ******* ХХК-ийн хүсэлтийн тайлбар /хэргийн 22, 197 дугаар тал/

Б.*******ы хүсэлтийн тайлбар /хэргийн 23 дугаар тал/

О.Дэчинтөгсийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 24 дүгээр тал/

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 25 дугаар тал/

М.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2018.09.04, 2018.10.22, 2018.12.02, 2018.11.08, 2019.03.07, 2019.05.04, 2019.10.09, 2019.12.05, 2019.12.11 , 2020.02.26 -ны өдрийн зээлийн гэрээнүүд /хэргийн 26-35 дугаар тал/

2021.12.24-ний өдрийн хариуцагч Б.*******ы сөрөг нэхэмжлэл /хэргийн 39-41 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 42 дугаар тал/

Б.*******ы хүсэлт /хэргийн 43 дугаар тал/

Дансаар орж гарсан мөнгөний түүвэр /хэргийн 44-45 дугаар тал/

Банкны дансны хуулга /хэргийн 46-194 дүгээр тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... хариуцагч нартай 2008 оноос эхлэн тендэр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд шаардлагатай мөнгийг зээлдүүлж санхүүжилт орж ирсний дараа зээлсэн мөнгөө хүүтэй нь буцаан авдаг байсан. 2020 оны 03 сарын 13-ны өдрийн Дотоод хэргийн их сургууль, ************** ХХК-ийн хооронд хийгдсэн тавилга худалдах худалдан авах тендэрт шаардлагатай мөнгөн хөрөнгө болох нийт 72 230 000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн энэ мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар баримт ирүүлээгүй.

5. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч буюу зээлдэгч Б.*******, ************** ХХК нар нь 2020 оны 03 сарын 13-ны өдрийн Дотоод хэргийн их сургууль, ************** ХХК-ийн хооронд хийгдсэн тавилга худалдах худалдан авах тендэрийн гэрээнд шаардлагатай мөнгөн хөрөнгө буюу 72 230 000 төгрөгийг хариуцагч нараас зээлж авсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч нарын Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга баримт, хариуцагчийн ...нэхэмжлэгч нараас 2020 оны 09 сар хүртэл мөнгө зээлж бизнесээ явуулж ирсэн... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-12, 39 дүгээр тал/

6. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

7. Дээрх гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч амаар тохиролцон хийсэн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.

 

8. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ болон хуулийн дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч буюу хариуцагч зээлсэн мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

9. Гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд 72 230 000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан нь банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа ба зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй.

 

10. Нэхэмжлэгч нарын гэрээний үүрэг шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлтэй байна.

 

11. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг нийт 72 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

12. Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар баримт ирүүлээгүй ба харин сөрөг нэхэмжлэлдээ ...2008 оноос эхлэн харилцаж 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсний дагуу хувиараа М.*******тэй гэрээ хийж, 2020 оны 09 сар хүртэл мөнгө зээлж бизнесээ явуулж ирсэн... гэж тайлбарласныг үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө хүлээн авсан талаар тайлбараа гаргасан, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй гэж шүүхээс дүгнэх үндэслэл болсныг тайлбарлах нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэгч ...итгэлцэлдээ тулгуурлан энэ ажил дээр бичгээр гэрээ байгуулаагүй уг ажилд зарцуулах санхүүжилтийг нь тухай бүр олгосон юм... гэх нэхэмжлэл тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзсэн ба ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хүү гэж нэхэмжилсэн 7 223 000 төгрөгөөр багасгаж, 72 230 000 төгрөг болгосон.

 

14. Нэхэмжлэгч хариуцагчаар Б.*******, ************** ХХК-ийг тодорхойлсон ба хэрэгт авагдсан банкны дансны хуулга баримтаар нэхэмжлэгч мөнгийг хариуцагч Б.*******ы эзэмшлийн банкны дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байгаа, шүүх хуралдааны үед хариуцагч нарын хэнээс юу шаардаж байгаа талаар тодруулахад нэхэмжлэгч мөнгийг хэдийгээр хариуцагч Б.*******ы эзэмшлийн банкны дансанд шилжүүлсэн, гэхдээ энэ мөнгө ************** ХХК, ДХИС нарын хооронд байгуулагдсан гэрээний санхүүжилтэд зориулж зээлдүүлсэн учир ************** ХХК хамтран хариуцагч гэж тайлбарласныг шүүх үгүйсгэх боломжгүй. Хариуцагч энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...М.*******д тухай бүрд нь заасан хугацаандаа зээлээ төлж байсан ба миний шилжүүлсэн мөнгө 411 464 000 төгрөг, М.*******гээс шилжүүлсэн 358 104 000 төгрөг, зээлийн хүү 23 936 700 төгрөг илүү шилжүүлсэн 2 423 300 төгрөг, энэхүү илүү шилжүүлсэн 2 423 300 төгрөгийг М.*******гээс гаргуулах авах хүсэлтэй... гэснийг,

 

нэхэмжлэгч эс зөвшөөрч .... илүү төлсөн хэмээн 2.423.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Аль зээлийн гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн нь байхгүй, зээлийн эргэн төлөлт оролцуулаад, өөрсдөөсөө шилжүүлсэн мөнгөн дүнгээ оролцуулаад тойм судалгаа үндэслэгээнүүд гаргаад хийгдсэн байна...гэж маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

3. Хариуцагч хуульд заасан энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзлээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар зохигч талуудын хооронд 2018 оны 09 сарын 04-ны өдөр 60 000 000 төгрөг, 2018 оны 10 сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 11 сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2018 оны 12 сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг,2019 оны 03 сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 10 сарын 09-ны өдөр 13 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 40 100 000 төгрөг, 2019 оны 12 сарын 11-ны өдөр 57 580 000 төгрөг, 2020 оны 02 сарын 26-ны өдөр 65 000 000 төгрөгийн нийт 10 удаагийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдан зээлийн гэрээний харилцаа үүсэж байсан нь зээлийн гэрээ, банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 26-35, 46-194 дүгээр тал/

 

5. сөрөг нэхэмжлэлдээ ...нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийн дагуу нийт 325 680 000 төгрөгийг шилжүүлэх байснаас 239 367 000 төгрөгийг шилжүүлснийг /86 313 000 төгрөг дутуу шилжүүлсэн/ хүү 23 936 700 төгрөгийн хамт, мөн 2020 оны 06 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч яаралтай мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 110 000 000 төгрөг нийт 411 646 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн... гэжээ. Харин дээрх үнийн дүн буюу хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн гэх үнийн дүн 239 367 000+ 23 936 700+110 000 000 төгрөг= 373 303 700 төгрөг болж байна.

 

6. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ...М.******* нь дансаар 385 104 000 төгрөг шилжүүлснээс гэрээний дагуу хийсэн шилжүүлсэн мөнгө 239 367 000 төгрөг, гэрээгүйгээр илүү хийсэн 145 737 000 төгрөгийг ямар нэг хүү тооцох гэрээ хэлцэл хийгээгүй тул үндсэн дүнгээр буцааж хийсэн... гэсэн нь дээр дурьдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хоорондоо зөрүүтэй ойлгомжгүй байна.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас хариуцагч, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн төлбөрт илүү шилжүүлж төлсөн 2 423 300 төгрөгийг нэхэмжлэгч нараас буцаан гаргуулахаар шаардсан гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ хариуцагч дээрх 10 удаагийн зээлийн гэрээнүүдийн аль зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хичнээн төгрөг илүү шилжүүлснийг буцаан шаардаж байгаагаа тодорхойлоогүй тул шүүх үндэслэл бүхий хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

 

8. Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү шилжүүлсэн 2 423 300 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 300 төгрөг, хариуцагч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 730 тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 519 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоов.

 

10. 2021 оны 12 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нараас Ч.*******ад олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 37 дугаар тал/

 11. Хариуцагч ************** ХХК, Б.******* нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 231 дүгээр тал /

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******, ************** ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 72 230 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******, М.******* нарт олгож, нэхэмжлэгч С.*******, М.******* нарт холбогдуулан гаргасан 2 423 300 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.*******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 300 төгрөг, хариуцагч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 730 тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 519 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 102/ШЗ2021/16793 дугаар болон 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2022/01621 Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж тус тус хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ