Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01984

 

 

 

 

 

 

 

 

2022 11 14 210/МА2022/01984

 

 

С.Н, М.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03032 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Н,

Нэхэмжлэгч: М.Н

Хариуцагч: М ХХК

Хариуцагч: Б.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 72,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С.Н, М.Н нар гэр бүлийн хүмүүс бөгөөд хариуцагч нартай 2018 оноос эхлэн сонгон шалгарсан тендерт ажил гүйцэтгэхэд нь зориулж зээл олгож, хамтран ажиллаж байсан.

1.2 2020 оны 03 дугаар сарын үед Б.Б нь манай компани Дотоод хэргийн их сургуулийн тендер шалгаруулалтад оролцож тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгарсан, гэрээний нийт үнийн дүн 192,000,000 гаруй төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллах саналыг тавьж, өмнө нь хамтран ажиллаж байсны адил төслийн санхүүжилтэд зориулж зээл олгох, хариуцагч нар нь захиалагчаас санхүүжилтийг хүлээн авч, эхний ээлжинд зээлийн үндсэн төлбөрийг, хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон. Бичгээр гэрээ байгуулалгүй, уг ажилд зарцуулах санхүүжилтийг нь тухай бүр олгосон. Тодруулбал, хариуцагч нарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тендерийн баталгаа гэх гүйлгээний утгаар 4,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ДСП хавтан буюу материалын зардал гэх утгаар 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бараа материалын зардал гэх гүйлгээний утгаар 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын хөлс гэх гүйлгээний утгаар 6,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуут тусгаарлах акустик хавтан гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр ханын тавиур солих гэх гүйлгээний утгаар 4,430,000 төгрөгийг, нийт 72,230,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх санхүүжилтийг олгох явцад Б.Баас ажлын явц, ажлаа хэзээ хүлээлгэн өгөх эсэх талаар тодруулахад зарим ажлыг захиалагч буюу Дотоод хэргийн их сургууль хүлээн авахгүй байгаа учраас санхүүжилт шийдвэрлэгдээгүй байна гэсээр 2020 оны 09 дүгээр сарыг хүргэсэн.

1.3 М ХХК нь Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу тавилгыг хүлээлгэн өгч, эхний санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 96,330,000 төгрөгөөр авсан хэрнээ надад мөнгө өгөөгүй. М ХХК нь үлдэгдэл санхүүжилт болох 76,513,807 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан боловч тухайн үедээ надад мөнгө аваагүй гэж хэлсэн. Иймд хариуцагч нараас дээрх 72,230,000 төгрөгийг тавь тавин хувиар хариуцуулан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нарын зүгээс 72,230,000 төгрөгийг зээлэх талаар аман хэлэлцээрийг нэхэмжлэгч нартай байгуулаагүй. Нэхэмжлэгч нар нь Б.Бтай 2018 оноос хойш байгуулсан зээлийн гэрээний тооцоо хийж өглөг авлагыг тооцсон үнийн дүн гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нар нь Б.Б руу шилжүүлсэн мөнгөндөө дур зоргоороо гүйлгээний утга бодож олоод зээлийн гэрээ байгуулагдсан мэтээр харагдуулж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2018 онд нэхэмжлэгч нар харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 122,170,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Б.Б хувийн болон компанийн данснаас 136,348,000 төгрөгийг эргүүлэн төлсөн буюу 14,170,000 төгрөгийн илүү төлөлттэй байна. 2019 онд нэхэмжлэгч нарын харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 115,148,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Б.Б нь хувийн болон компанийнхаа данснаас 145,004,000 төгрөгийг төлсөн бөгөөд 19,900,000 төгрөгийн илүү төлөлттэй явж байна. Нэхэмжлэгч нарын харилцах дансны гүйлгээгээр хариуцагч талд 162,030,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Б.Б нь хувийн болон компанийн данснаас 140,370,000 төгрөгийг эргүүлж төлсөн бөгөөд 22,030,000 төгрөгийн дутуу төлөлттэй байгаа. Хариуцагч Б нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч нарт 11,810,000 төгрөгийг илүү төлсөн байна. Өнгөрсөн хугацаанд зохигчдын хооронд нийт 10 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг боловч зээлийн эцсийн тооцоог тооцож байгаагүй бөгөөд Б.Бы хувьд нэхэмжлэгч нарын шаардлагад дурдсан олон удаагийн хамтран ажилласан итгэлцэл дээр тулгуурлан нэхэмжлэгч нараас шаардсан мөнгийг өгч хэрэгтэй мөнгөө авч байсан.

2.2 Нийт авч байсан мөнгийг гэрээ тус бүрээр нь дүгнэвэл 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нар хариуцагчид 53,925,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа. Гэрээнд зээлийн хүүг сарын 10 хувь гэж тогтоосон нь хэт өндөр байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүг бууруулах хүсэлт гаргаж байна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болох 72,230,000 төгрөгийн 50 хувь буюу 36,115,000 төгрөгийн шаардлага нь М ХХК-д хамааралтай байх бөгөөд гэрээ байгуулаагүй тул тус компанид холбогдох энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин хариуцагч Б.Бд хамаарах 36,115,000 төгрөгийн шаардлага байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 13,000,000 төгрөгийн хэмжээнд шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 36,115,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н, С.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан 36,115,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.Н, М.Н нарт холбогдуулан гаргасан илүү төлсөн 2,423,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 338,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргээс 36,115,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг илтэд гуйвуулан тайлбарлаж хариуцагч талд илтэд үйлчилсэн хууль бус шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч М ХХК-ийн захирал Б.Б компани нь Дотоод хэргийн их сургуулийн Тавилга нийлүүлэх тендерт сонгон шалгарсан уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг гүйцэтгэхийг хүсэж, компанидаа санхүүжилт хүсэж зээл олгохыг хүссэн. Энэ талаар нотлох баримт болох М ХХК-ийн Дотоод хэргийн их сургуультай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Тавилга худалдан авах худалдах гэрээ хэргийн 13 дугаар талд авагдсан. Уг гэрээний ажлын гүйцэтгэл, явцтай уялдуулан санхүүжилтийг үе шат бүрээр нь нэхэмжлэгч талаас санхүүжилтүүд М ХХК-ийн ДХИС-д гүйцэтгэж өгсөн ажилд зарцуулагдаж байсан.

4.2 Түүнчлэн талуудын хооронд уг ДХИС-д ажлыг хүлээлгэн өгч, төлбөрөө төлсний дараагаар тус компани зээлээ төлөх байсан ба хариуцагч М ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 96,330,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 76,513,807 төгрөгийг хүлээн авсан мөртлөө аваагүй гэсэн тул уг асуудлыг нэхэмжлэгч талаас эрүүгийн журмаар шалгуулах болсон байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрчээр асуугдсан мэдүүлэг, хохирогчоор асуусан мэдүүлэг, хариуцагчтай нартай харилцсан зэргээр нотлогдоно. Талуудын хооронд үүссэн удаа дараагийн зээлийн харилцаанд тендерийн захиалагчаас М ХХК-д төлбөрийг шилжүүлсэн даруйд нэхэмжлэгч нарт зээлийн төлбөрийг төлж байсан. М ХХК нь үйл ажиллагаанд зориулж зээл хүссэн, зээлийг үе шат бүрээр тус компанийн шалгарч, гэрээ байгуулсан тендер ажилд зориулан шилжүүлж байсан, тус компани нь зээлээ төлдөг байсан зэргээр гэрээний оролцогч болох нь тогтоогдож байхад эдгээр бүх баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, анхан шатны шүүх өөрөө энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр хариуцлагаас чөлөөлж байгаа нь нэг талд үйлчилсэн явдал гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа болно. Нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Б, М ХХК-ийг 72,230,000 төгрөгийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон байхад тус тусдаа зээл авсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

4.3 2020 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 4,430,000 төгрөгийг Б.Бы дансанд шууд шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5,000,000 төгрөгийн Б.Амартүвшин (Б.Бы хүү), 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б.Түвшинтөр (туслан гүйцэтгэгч) 2,000,000 төгрөгийг хариуцагч нь хүлээн авсан болохоо 2021 оны 12 дугаар сарын 21-ний сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2020 он Нгээс авсан зээл гэсэн хүснэгтийн хэсэгт Түвшээ-2,000,000, Амраа-5,000,000 гээд эдгээр зээлийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн шүүхэд гаргасан тайлбарт 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас авсан гэдгээ зөвшөөрсөн, үүнийг шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлаж хэлсэн атал анхан шатны шүүх хүлээн аваагүй бөгөөд баримт нотолгоогүйгээр хариуцагч талыг төлбөрөөс чөлөөлж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Сухайт хайрхан ХХК, Б.Баас нараас 72,230,000 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1 Б.Б нь С.Н, М.Н нартай зээлийн гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан. М ХХК огт зээлийн гэрээ байгуулаагүй. Хуулийн этгээдийн хувьд зээлийн гэрээ байгуулсан бол гэрээнд компанийн тамга, тэмдэг дарагдсан байх ёстой. Зээлийн гэрээний хувьд маш өндөр хүүтэй байсан. Уг гэрээний үүргийг Б.Б бүрэн биелүүлж дууссан. 2020 онд М ХХК, Б.Б нар ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй.

5.2 Нэхэмжлэгчээс 6 удаагийн гүйлгээ бүхий нийт 72,230,000 төгрөгийг хариуцагч нараас 50, 50 хувиар хуваан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч тус 6 удаагийн гүйлгээ нь бүгд Б.Бы дансанд шилжигдсэн, гүйлгээний утга нь Б.Б зээл гэсэн байдаг. Гэтэл гүйлгээнүүдийг хүчээр Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээний хэрэгжилттэй тулгаж, тендерийн баталгааны зориулалттай зээлсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь 02 дугаар сард гаргасан тендерийн баталгаагаар няцаагдаж байгаа. М ХХК нь хуулийн этгээдийн хувьд гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр өөрийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга тэмдэгээр баталгаажуулж аливаа гэрээ, хэлцэлийг хийдэг. Гэтэл хэрэгт ийм баримт байхгүй. Хувь хүний байгуулсан гэрээг хуулийн этгээд хариуцах боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.3 Нэхэмжлэгч нарын данс руу шилжүүлсэн бүх гүйлгээний утга дээр Б.Бд зээл гэсэн байдаг. М ХХК гэх үг нэг ч байдаггүй, зээл олгосон нь тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Бы хувьд 2018 оноос хойш хамтран ажиллаж нийт 10 удаа их хэмжээний мөнгө зээлж, буцаан төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогддог. Нэхэмжлэгч нараас 3 жилийн хугацаанд алданги, хүүг төлөх тооцоо нийлсэн акт огт хийж байгаагүй. 2020 оны 06 дугаар сард Б.Баас 110,000,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний тооцоо байдлаар хариуцагч тал руу шилжүүлсэн. 2010 онд авсан зээлийн үндсэн төлөлтийг хийсэн. Хүүг 3 хувь, алдангийг 0,1 хувиар тооцож нарийвчилсан тооцоо хийж үзэхэд 13,000,000 төгрөг төлөх тооцоо гарсан ч шүүхээс 46,000,000 төгрөг төлүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотойгоор Б.Б маргах хүсэл сонирхолгүй байсан тул давж заалдах гомдол гаргаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Н, М.Н нар нь хариуцагч М ХХК, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,230,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.Н, М.Н нар М ХХК, Б.Бд Дотоод хэргийн их сургуулийн тендер шалгаруулалтад оролцож тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгарсан тул санхүүжилт олгож, зээлийн үндсэн төлбөрийг, хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 4,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4,430,000 төгрөг, нийт 72,230,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс 50, 50 хувиар хариуцуулан гаргуулна гэж /1хх 209-210/ тодруулан тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч, ...72,230,000 төгрөгийн 50 хувь буюу 36,115,000 төгрөгийн шаардлага нь М ХХК-д хамааралгүй, харин хариуцагч Б.Баас 36,115,000 төгрөг гаргуулах шаардлагаас 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж татгалзсан.

4. Нэхэмжлэгч С.Нгээс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4,800,000 төгрөгийг, М.Нгээс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг /Амартүвшин Бадарч/, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4,430,000 төгрөгийг, нийт 72,230,000 төгрөгийг хариуцагч Б.Бд тус тус шилжүүлсэн үйл баримт Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Б.Б дээрх үйл баримтыг үгүйсгэж чадаагүй.

Иймд анхан шатны шүүх С.Н, М.Н болон хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 36,115,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Б.Б нь 36,115,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл 36,115,000 төгрөгийг хариуцагч Б.Баас буцаан шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь хариуцагч М ХХК-д мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,115,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэлийг өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд тэрээр анхан шатны шүүх хуралдаанд ...72,230,000 төгрөгийг хоёр хуваах буюу 50/50 хувиар шаардаж байгаа гэж тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /2 хх 212/

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Баас 72,230,000 төгрөгийн 50 хувь болох 36,115,000 төгрөг, хариуцагч М ХХК-аас үлдэх 50 хувь болох 36,115,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан тул хариуцагч М ХХК-ийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч нарын ...Б.Б, М ХХК-ийг 72,230,000 төгрөгийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон байхад тус тусдаа зээл авсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй орхино. Түүнчлэн,

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг баримталсан нь шаардах эрх тодорхойлоогүй хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байхаас гадна техникийн шинжтэй алдаа гаргаж Иргэний хуулийн гэж хоёр давхардуулан бичсэнийг тус тус залруулж өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03032 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ: Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн алдааг залруулан шийдлийн хувьд хэвээр үлдэж байна. Хэрэгт авагдсан баримтад үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болбол нэхэмжлэгч нарын болон хариуцагч Б нарын хооронд бол Иргэний хуулийн 281 үгээр жилийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ. За нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргаж байхдаа хариуцагч Б болон Сухайт Хайрхан компани бас 2 хариуцагч нарыг хамтран хариуцагч гэж тодорхойлсон за шүүх хуралдаан дээр бол нэхэмжлэлийн шаардлага тодруулахад 50, 50 хувь хариуцуулна гэсэн. За Сухайт Хайрхан компанид бол зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин Бд ногдох хэсэг өөрийн 36,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь бол зөв байна. Гомдолд дурдсан үндэслэлээр болбол хариуцагч Сухайт хайрхан, Б нараас 72,230,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр өөртөө болох үндэслэлгүй гэж үзлээ. За нэхэмжлэгч бол шаардлагадаа өөрөө тодорхойлно, энэ зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч нараас 50,50 хувийн хариуцуулна гэсэн ийм шаардлага гаргаж тайлбарласан шүүх хуралдааны тэмдэглэл тусгачихсан байна. Энэ тохиолдолд бол нэхэмжлэлийн шаардлага хүрээнд 36,000,000 төгрөгийн хэмжээнд шийдсэн анхан шатны шүүхийн шийдэл давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах ийм боломжгүй байгаа. Энэ нь хэргийн баримтаар бол гомдолд дурдсан 5,000,000 төгрөгийн төгрөгийн Амартүвшингийн дансанд 2,000,000 төгрөгийн Түвшинтулгын дансанд за 4,430,000 төгрөгийг Амартүвшин шилжүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч эдгээр төлбөрийг болбол энэ нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж тооцож өөрчлөлт оруулах боломж байхгүй байна гэж үзлээ. За энэ харин шүүх тогтоох хэсгийн нэгдэх заалт нь Иргэний хуулийн гэж 2 оруулсан байна, Иргэний хууль гээд энэ нэг иргэний хуулийн гэдгээр нь хасна. За ингээд бусад заалтыг 282.4 бол энэ шаардах эрхийг зохицуулсан заалт биш учраас хасна, Энэ 282.4 болбол тодорхойлох, үндэслэх хэсэгт бол дүгнэгдэх учиртай. За ингээд бусад заалтыг бол хэвээр үлдээсэн магадлал гарч байна.