Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00828

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00828

 

 

 

С.Н-, М.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00490 дугаар шийдвэртэй,

С.Н-, М.Н- нарын нэхэмжлэлтэй

Б.Б-, С ХХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 72,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 2,423,300 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: С.Н-, М.Н- бид гэр бүлийн хүмүүс бөгөөд хариуцагч нартай 2018 оноос эхлэн сонгон шалгарсан тендерт ажил гүйцэтгэхэд нь зориулж зээл олгож, хамтран ажиллаж байсан.

2020 оны 3 сарын үед Б.Б- нь манай компани Дотоод хэргийн их сургуулийн тендер шалгаруулалтад оролцож тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгарсан, гэрээний нийт үнийн дүн 192,000,000 гаруй төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллах саналыг тавьж, өмнө нь хамтран ажиллаж байсны адил төслийн санхүүжилтэд зориулж зээл олгох, хариуцагч нар нь захиалагчаас санхүүжилтийг хүлээн авч, эхний ээлжинд зээлийн үндсэн төлбөрийг, хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон.

2020 оны 3 дугаар сараас эхлэн 72,230,000 төгрөгийг Б.Б-ы дансанд хэсэгчлэн шилжүүлсэн. Дээрх санхүүжилтийг олгох явцад Б.Б-аас ажлын явц, ажлаа хэзээ хүлээлгэх өгөх эсэх талаар тодруулахад зарим ажлыг захиалагч буюу Дотоод хэргийн их сургууль хүлээн авахгүй байгаа учраас санхүүжилт шийдвэрлэгдээгүй байна гэсээр 2020 оны 09 дүгээр сарыг хүргэсэн.

Гэтэл С ХХК нь Дотоод хэргийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу тавилгыг хүлээлгэн өгч, эхний санхүүжилт болох 96,330,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр авсан байна.

Иймд хариуцагч нараас тендэрийн ажилд зориулж олгосон зээл 72,230,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү. Зээлийн хүү 7,223,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

2. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:Манай компани 2003 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд захирал Б.Б- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2021 оны 03 дугаар сард О.Дэчинтөгсд компанийн эрхийг бүрэн шилжүүлсэн. М.Н- нь шүүхэд нэхэмжлэл гарган манай компанийн дансыг битүүмжилснээр манай компани гэрээт ажлаа хийж чадахгүй хохирч байна. Хувь хүмүүсийн хооронд байгуулсан гэрээг компанитай холбож байгаа нь биднийг хохироох гэсэн үйлдэл гэж үзэж байна.

С ХХК-тай М.Н-, С.Н- нар нь хамтран ажилладаг ямар ч гэрээ байхгүй. Б.Б- нь хувиараа зээлсэн мөнгө бүр төлсөн.

 

3. Хариуцагч Б.Б-ы гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбар, татгалзлын агуулга: Б.Б- миний бие нэхэмжлэгч нартай 2018 оноос эхлэн харилцаж 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсний дагуу хувиараа М.Н-тэй гэрээ хийж, 2020 оны 09 дүгээр сар хүртэл мөнгө зээлж бизнесээ явуулж ирсэн. Б.Б- би 2020 оны 9 дүгээр сард БНСУ-д хагалгаанд орж, 2020 оны 11 дүгээр сард Монголдоо ирж эмчилгээ хийлгээд өдийг хүрч байна. Эрүүл мэнд огцом муудаж, ажлаа хийх боломжгүй болсон тул ажлаа шилжүүлэн өгсөн.Би 2018 оноос хойш М.Н-гээс 10 хувийн хүүтэй мөнгө хувиараа зээлж авч байсан, харин С ХХК-тай М.Н- гэрээ хэлцэл хийж байгаагүй.

Зээлийн гэрээгээр 325,680,000 төгрөг авсан, үүнээс 239,367,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу хийсэн 239,367,000 төгрөгөөс 10 хувиийн хүү тооцно гэсний дагуу 23,936,700 төгрөгийг хүүнд тооцож нэмж хийсэн болно. Нийт М.Н- нь дансаар 385,104,000 төгрөг шилжүүлснээс гэрээний дагуу хийсэн шилжүүлсэн мөнгө 239,367,000 төгрөг, гэрээгүйгээр илүү хийсэн 145,737,000 төгрөгийг ямар нэгэн хүү тооцох гэрээ хэлцэл хийгээгүй тул үндсэн дүнгээр нь буцааж хийсэн.

Б.Б- би М.Н-д тухай бүрд нь заасан хугацаандаа зээлээ төлж байсан ба сүүлд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөнгө хэрэгтэй гэхээр нь 110,000,000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлснээр нийт 411,464,000 төгрөг шилжүүлсэн байна.

Миний шилжүүлсэн 411,464,000 төгрөг М.Н-гээс шилжүүлсэн 385,104,000 төгрөг, зээлийн хүү 23,936,700 төгрөг, илүү шилжүүлсэн 2,423,300 төгрөг болж байна. Иймд илүү шилжүүлсэн 2,423,300 төгрөгийг М.Н-гээс гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч нар хариуцагч Б.Б-ы сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, тендерт ажлуудынх санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн бөгөөд хариуцагч нарын аваагүй гэх зээлийг дараах байдлаар шилжүүлсэн болно. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 9,263,500 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 724,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 57,580,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 527,000 төгрөгийг дансаар, 57,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн өдрөө 56,815,000 төгрөгийг Б.Б- өөрийн дансанд орлогоор хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 45,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөгөөр 15 удаа шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 19,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн.

С ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхдээ дараах байдлаар биднээс зээлийн санхүүжилт авсан. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2020.02.26-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020.02.28-ны өдөр 19,800,000 төгрөг, 2020.03.13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020.04.14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020.04.29-ний өдөр 2,600,000 төгрөгийг тус тус зээлж, нийт 97,260,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх 97,260,000 төгрөгийн зээлийн төлбөрийг хүүгийн хамт 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 110,000,000 төгрөгийг төлж, тооцоог хааж дуусгавар болгож байсан ба энэхүү төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Б-, С ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 72,230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-, М.Н- нарт олгож, нэхэмжлэгч С.Н-, М.Н- нарт холбогдуулан гаргасан 2,423,300 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,300 төгрөг, хариуцагч Б.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,730 тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 519,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

С ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 121/21, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 113/21 дугаар албан бичгүүдээр тус шүүхэд 2 удаа хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтүүдийн агуулга нь хүсэлт гаргасан утгатай биш, харин тайлбарласан утгатай байхад шүүх хариуцагч С ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч С ХХК ийн хооронд амаар эсхүл бичгээр гэрээ байгуулагдсан болохыг нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд шүүх зөвхөн нэг талын тайлбарт үндэслэж, С ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Дотоод хэргийн их сургууль, С ХХК-ийн хооронд хийгдсэн тавилга худалдан авах тендерийн гэрээнд шаардлагатай мөнгөн хөрөнгө буюу 72,230,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас зээлжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээ байгуулж мөнгө шилжүүлснээ, зээлдэгч буюу хариуцагч нь мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нараас С ХХК-д мөнгө зээлсэн тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад шүүхээс С ХХК-д зээл олгосон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нарын харилцах дансны хуулгаас харахад хариуцагч нар С ХХК-ийн данс руу нэг ч төгрөг шилжүүлээгүй байдаг. Хариуцагч Б.Б-ы сөрөг нэхэмжлэлийг хариуцагч С ХХК-ийн тайлбар гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн С ХХК-тай зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, С ХХК түүнийг хүлээн авсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч С ХХК-ийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нар С ХХК-аас зээлийн гэрээний үүргийн дагуу шаардах эрхгүй байна.

Хэрэгт С ХХК, Дотоод хэргийн их сургуулийн хооронд байгуулагдсан гэрээ нотлох баримтаар авагдсан байх боловч 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан энэ гэрээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай болохыг нотолсон баримт байхгүй байхад шүүх дан ганц нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийх үндэслэлгүй юм.

Хэргийн материалтай танилцах явцад эрх, үүрэг тайлбарласан тухай баримтанд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч О.Дэчинтөгс гарын үсэг зурж баталгаажуулжсан болох нь тогтоогдох боловч хэргийн материалыг хариуцагч С ХХК-д танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн мэтгэлцэх эрх хангагдаагүй байна.

Шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 102/Ш32021/16513 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хариуцагч С ХХК-д уг захирамжийг танилцуулалгүйгээр эрх, үүрэг танилцуулсан тухай баримтанд гарын үсэг зуруулсан нь хэлбэрийн шаардлагыг хангаж, бодит байдалд хэргийн оролцогчдод эрх, үүргийг танилцуулаагүй байна гэж үзэхээр байна.

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Дэчинтөгст нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан байх бөгөөд нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлэх хугацааг тогтоож өгөөгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчид эрх, үүргийг нь зохих ёсоор тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзлаа бичгээр тайлбар гаргах хугацаа тогтоож, заавал бичгээр тайлбар ирүүлэх үүргийг таниулаагүй атлаа тайлбар ирүүлээгүй гэж хариуцагч С ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн С ХХК д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу буюу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй атлаа хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэн хэрхэн яаж биелүүлэх нь тодорхойгүй болгожээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдлыг харахад шүүх хуралдаанаас өмнө хэд хэдэн хүсэлт гаргасан. Шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргасан. Мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл, түүнтэй холбогдуулан шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас харахад шүүх хариуцагчийн эрх үүргийг танилцуулсан, эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэдэг нь харагддаг. Цахим сайтаас харахад хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан гэдэг нь тогтоогддог. Шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагатай гэж үзвэл утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ.

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу уг захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, мөн зүйлийн 25.2.4-т заасны дагуу шүүх хуралдаан товыг мэдсэн учраас шүүх хуралдаанд хүрэлцэх ирэх үүрэгтэй. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцагч нар руу утсаар холбогдож тодруулахад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан хэлээгүй. Иймд хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан. Хэрэгт Дотоод хэргийн их сургууль, Сухайт хайрхан ХХК-ийн хооронд байгуулагдсан тавилга худалдах худалдан авах тендерийн гэрээ авагдсан. Уг гэрээний үүргийг гүйцэтгэхэд нь зориулж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нэхэмжилж буй 72,230,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс өмнө талуудын хооронд олон удаагийн зээлийн харилцаа үүссэн байдаг. 72,230,000 төгрөгийг зээлүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй байдаг. Анхан шатны шүүх амаар байгуулагдсан хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн.

Уг гэрээний дагуу олгосон санхүүжилтийг 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. 2018 оноос 2020 он хүртэл байгуулагдсан зээлийн гэрээг нийлүүлж дүгнээд илүү төлөлт хийсэн байна гэж үзэн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэд хэдэн удаагийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн дүнгүүд ороогүй гэдгийг тайлбарлан, нотлох баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх 72,230,000 төгрөгийг авсан нь дансны хуулга, Сухайт хайрхан ХХК-ийн хийсэн хэлцэл зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч С.Н-, М.Н- нар нь хариуцагч С ХХК, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Б- зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2,423,300 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товложээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэсэн талаар баримтгүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан ба хэргийн 231 дүгээр талд авагдсан утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн нь уг журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, зохигчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх шаардлага бий болсон талаар тэмдэглэлд дурдаагүйгээс гадна шүүгчийн туслах уг баримтад гарын үсгийн тэмдэг ашигласан байдал хуулиар зөвшөөрөгдөөгүй юм.

Иймд анхан шатны шүүх зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж дүгнэнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талд хэргийн материалыг танилцуулаагүй байна. /хх 234, 196/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагч нар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах эрхтэй.

Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарснаас хойш 5 хоногийн дараа буюу мөн сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг товолж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч нарт хэргийн материалтай танилцах эрхээ эдлэх боломжит хугацаа олгоогүй гэж дүгнэнэ.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлээр тогтоосон зарчимд харшилна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА