Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2017/0158

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бухчулуу” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

Шүүхээс тогтоосон хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бухчулуу” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК нь “Бух чулуу” ХХК-д 1.7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэр нь нотлох баримт хангалтгүй, хэргийн бодит байдлыг судлалгүй үндэслэлгүй шийдсэн гэж үзэж байна.

1. Маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодорхой зааж өгсөн байхад маргаан бүхий газрыг хилийн заагт орсон эсэхийг газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад шаардлагатай нотлох баримтыг цуглуулж тогтоолгүй шийдвэр гаргасан.

Хэргийг шийдэх хангалттай нотлох баримт цуглуулаагүй,, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.

2. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33.1, 36.1 дэх хэсгийг үгүйсгэж шийдвэрлэсэн.

3. Маргаан бүхий газрыг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан хилийн заагт орж байгаа эсэх, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй бодит байдлыг тогтоох зэрэг үүргээ биелүүлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бух чулуу” ХХК-д 1.7 га газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгуулах”-аар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-д Баянзүрх дүүргийн нутагт 134000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 000314322 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан газартай давхцуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар захирамжаар ”Бух чулуу” ХХК-д 1.7 га газрыг олгосон байсантай холбогдуулан гаргажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 /нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. .../, 21.2.4 /хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах/-д зааснаар Нийслэлийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй байгаа бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрхтэй байна.

Хуулийн тухайн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас ашиглуулахаар шийдвэрлэсэн газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарах эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Хэдийгээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээний аманд байрлах газрын байршлын зурагт гуравдагч этгээд “Бух чулуу” ХХК-д олгосон газар нь хамаарч байгаа” талаарх албан бичиг, зургийг анхан шатны шүүхэд ирүүлсэн боловч хэргийн оролцогч буюу маргалдагч нэг талаас ирүүлсэн тухайн баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тогтоосон бөгөөд үүнтэй холбогдуулж шүүх тухайн хилийн заагийн талаарх баримтыг Улсын Их Хурал болон холбогдох байгууллагуудаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд цуглуулах, цуглуулсан баримтаар тогтоогдохгүй тохиолдолд хэргийн оролцогч бус хөндлөнгийн эрх бүхий этгээдийг шинжээчээр томилж, Улсын Их Хурлын тогтоолоор тогтоосон хилийн заагийг тогтоолгох бүрэн боломжтой.

Гэтэл анхан шатны шүүх уг ажиллагааг гүйцэтгэлгүй “газрууд мэдээллийн санд ороогүй учраас давхцалыг тогтоох боломжгүй, Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүс нь нийслэлийн газрын мэдээллийн сан болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газрын кадастрын санд бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэнээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар нь уг хязгаарлалтын бүсэд бүрэн болон хэсэгчлэн орж давхардсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй, цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх гуравдагч этгээдийн газар ашиглах эрхээс түрүүлж үүссэн”, “сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар “Бух чулуу” ХХК-д олгосон газартай давхардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон” зэргээр ойлгомжгүй, агуулгын зөрчилтэй дүгнэлт хийж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                         ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

                         ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР