Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2021/00595

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2021/00595

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой багийн 2-17 тоотод оршин суух, ******* /РД:ПИ58010910/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-т холбогдох,

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оноос 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 /есөн сая арван таван мянга таван зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагатаа: Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Тасралтгүй 6 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний дарга *******тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.6 Төрийн албаны хууль тогтоомж, хамтын гэрээнд заагдсан нэмэгдэл хөлс, ТҮ-1-1-ийн шатлалаар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар 371,016 төгрөгөөр цалинжуулсан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 264 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 418,120 төгрөг болсон. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 432,754 төгрөг болж нэмэгдсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын сахиул *******ын 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх олгогдоогүй дундаж цалин хөлсний зөрүү 8,553,843.642 төгрөгийг гаргуулж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан ...цалин хөлс авах... эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.

Миний бие 1973 оны 07 дугаар сараас эхлэн Мөст сумын Баянзүрх багт бог мал, бод мал маллаж малчинаар ажиллаж байсан. 1976 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан. 1979 оны 7 дугаар сараас эхлэн 2010 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх багт хонь, ямаа, адуу бог, бод мал маллаж малчинаар ажиллаж байсан. 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөст сумд малчнаар ажиллаж байсныг нөхөн тооцуулсан. Миний бие 2011 онд Ховд аймагт шилжин ирсэн. 2011 оноос 2012 оны хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс дунд сургуулийн манаачаар ажиллаж байсан. 2013 оны 02 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон.

...Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн №03 дугаартай дүгнэлтээр *******ыг 2016 оны оноос 2019 оны 6 дугаар сар хүртэл хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг авах ёстой, уг цалин хөлсийг аваагүй гэх дүгнэлт гарсан.

Гэтэл миний бие 2016 оноос 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 /есөн сая арван мянга таван зуун далан таван/ төгрөгийг авах ёстой байсан боловч уг илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг одоог хүртэл аваагүй байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан цалин хөлс олгох, ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй, Монгол улсын Үндсэн уулийн 16 дугаар зүйлийн 4-т цалин хөлс авах эрх, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажилтны цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оноос 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 /есөн сая арван мянга таван зуун далан таван/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1, ТҮ-1-4-өөр цалинжуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын 1-р баг, Алагтолгой багийн 2-17 тоотод оршин суух ******* нь 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсан үндэслэл нь нэхэмжлэгч ******* 1973 оны 07 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх багт малчнаар, 1976 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд Дорнод аймгийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж, 1979 оны 07 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Мөст суманд малчнаар, 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсныг нөхөн тооцуулсан. Улмаар 2011 онд аймгийн төв рүү шилжиж, 2011 оноос 2012 онд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс сургуульд манаачаар, 2013 оны 02 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт аж ахуйн складын сахиулаар ажиллах хугацаандаа ямар нэгэн дутагдал гаргаагүй. Ийнхүү 2013 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ТҮ-1-1 шатлалаар цалинжиж байсныг ТҮ-1-4 шатлалаар цалинжуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байсан. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан, одоо зөвхөн 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэл хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлсөө Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, Улсын дээд шүүхэд хэрэг хянагдахад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгчид ихээхэн чирэгдэлтэй байсан. Мөн энэ хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч н.Хишигт гэх хүнээр дүгнэлт гаргуулсан. Учир нь энэ асуудал нэхэмжлэгч, хариуцагчийн мэдлэгээс хэтэрсэн асуудал байсан. Шинжээч нь хөндлөнгийн байр сууринаас оролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *******, нягтлан бодогч нарыг байлцуулан дүгнэлт гаргасан. Ийнхүү тэдгээр хүмүүсийг байлцуулсан шалтгаан нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийж дүгнэлт гаргаснаар ач холбогдолтой. Засгийн газраас тогтоосон шатлалын дагуу эхний 4 жилийн хугацаанд буюу 2013 оноос 2016 оны хүртэл хугацаанд ТҮ-1-1 шатлалаар, 2017 оноос 2019 оныг хүртэл хугацаанд ТҮ-1-2 шатлалаар цалинжих ёстой гэсэн дүгнэлт гаргасан. 2013 оноос 2016 он хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс, 2016 оноос ур чадварын нэмэгдэл авч байсан. Цалингийн шатлалаас шалтгаалсан, авч чадаагүй цалингийн зөрүүг тооцуулъя гэхэд шатлалын зөрүүнээс шалтгаалсан хохирол байхгүй гэсэн. Харин илүү цагийн хөлс авч байсан эсэхийг тодруулъя гэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2016 оноос 2019 оныг хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 9,015,575 төгрөг авах ёстой бөгөөд уг хөлсийг аваагүй байна, тус нэмэгдэл хөлсийг цаашид ажил олгогч, ажилтан Хөдөлмөрийн хамтын гэрээнд тусган тооцож байх нь зүйтэй байна гэх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу 2016 оноос 2019 оныг хүртэлх хугацааны илүү цагийн хөлсний тооцоог гаргасан байна. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оноос 2019 оныг хүртэл ажиллаж байх хугацаандаа илүү цагийн нэмэгдэл хөлс буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар 9,015,575 төгрөгийн хөлс аваагүй. Учир нь, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж, илүү цагаар ажиллаж байсан. Манаачийн ажил нь 24 цагаар ажилладаг онцлогтой. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ, 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 53 дугаар зүйлийн 53.1-д Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж тус тус заасан. Хэрэгт шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар бүрдүүлэх ёстой. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан. ...Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийн нэг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлээгүй гэх үндэслэлээр буцаасан. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн нь нэхэмжлэлийн шаардлагаа ТҮ-1-4 дэх шатлалаар цалинжуулахыг даалгах гэж өөрчилж байсан. Нэгэнт Улсын дээд шүүхийн тогтоол дээр заагдсан ажиллагаа байсан тул бидний зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, шинжээчийн дүгнэлтийн дагуу 9,015,575 төгрөгийг нэхэмжилсэн. ....2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбарыг тус тус хавсаргасан. Илүү цагаар ажиллуулсан хөлсөө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан. Мөн шинжээчийн дүгнэлтээс давсан, үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч тэтгэвэрт гарсан. Илүү цагаар ажиллахад нь илүү цагийн хөлсийг нь өгөөгүй байж нэхэмжлэлийн шаардлага дээр маргах шаардлагагүй гэж үзэж байна. ....Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нотлох баримт хангалттай авагдсан. Урьд нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Улсын дээд шүүхэд удаашралтай явагдсанаас болж нэхэмжлэгч тэтгэвэртээ гарсан. Иймд даалгах гэх нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ач холбогдолгүй болсон. ...Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хөдөлмөрлөх, цалин хөлсөө эрх нь байгаа тул уг эрхийг нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцан эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Иргэн ******* нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн складын сахиулаар томилогдон ажилласан. ******* нь тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-1-ийн 1 дэх шатлал 322,623 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар томилсон тушаалд заагдсан байдаг.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад томилогдсон өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны турш ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтныхаа хууль ёсны эрх ашиг, цалин хөлсний асуудлыг хууль, журмаас дээгүүр тавин заагдсан цалингийн сүлжээнээс илүү нөхцлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгож ирсэн байна.

Хуулийн дагуу цалин, нэмэгдэл цалин, илүү цагаар ажилласан хөлс, урамшуулал, хоолны мөнгө зэргийг тухай бүр авч байсан нь дээрх баримтуудаар нотлогддог.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж заасан. Тухайн сахиулын ажил нь өдөр бүр цаг бүртгүүлдэггүй онцлогтой ажил байдаг.

Иймд илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэл бүрдэхгүй юм. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ч энэ талаар тусгаагүй тул илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй, илүү цагийн цалин нэхэмжлэх эрхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

... Нэхэмжлэгч нь анх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн складын сахиулын албан тушаалд томилогдсон. Тухайн үед нэхэмжлэгчийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан цалингийн сүлжээний дагуу ТҮ-1-1 шатлал буюу 322,623 төгрөгөөр цалинжуулж ажиллахаар тушаал үйлдэгдсэн. Манай байгууллагын санхүүгийн албанаас уг хэрэгтэй холбоотой цалингийн цэс болон холбогдох нотлох баримтыг гаргуулахад нягтлангууд нэхэмжлэгчийг ажилд аваад 1 сарын хугацаанд ТҮ-1-1 шатлалаар цалинжуулсан. Дараагийн сараас нь эхлэн ТҮ-1-3 шатлалаар цалинжуулсан нь харагддаг. Өөрөөр хэлбэл 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ТҮ-1-1 шатлалаар цалин авсан. Үүнээс хойш ТҮ-1-3 шатлалын дагуу ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилласан. Энэ нь цалингийн цэснээс тодорхой харагдаж байна гэж ойлгож байна. Анх нэхэмжлэл гаргахдаа ТҮ-1-1 шатлалаар цалинжуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Тус нэхэмжлэлийн шаардлагаа ТҮ-1-3 шатлалаар цалинжуулахыг даалгахаар тодруулсан. Цалингийн шатлалын хувьд ТҮ-1-3 шатлалаар цалинжиж явсан. Үүнийг шүүгч анхаарч үзэх нь зүйтэй. Мэргэжлийн хяналтын газрын 03 дугаар дүгнэлт нь ямар хууль, журмыг үндэслэж гаргасан нь мэдэгдэхгүй, үндэслэлгүй байсан. Харин ажилтан 4 жилийн хугацаанд ажилласны дараа цалингийн шатлалыг нэмэх ёстой гэх утгатай дүгнэлт гарсан байсан. Тус дүгнэлтийг хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр акт гэж үзэхгүй байна. Дээрх дүгнэлтийг шүүхийн нотлох баримт гэж үзэх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн аж ахуйн складны сахиулын ажил нь онцлогтой ажил, байнгын ажилладаггүй. Жилд 2 удаа буюу нөөцийн өвс буулгахад, түүнийг хүлээлгэж өгөх, хаврын улиралд тараадаг. Харин эд хөрөнгө байгаа складны түлхүүр нь няравын мэдэлд байдаг. Сахиул нь ерөнхий байдлаар хашааг нь харж байдаг. Өдөр тутмын шинж чанартай биш, байнгын олон төрлийн зүйл харж ханддаг ажил биш. Цалингийн цэснээс харахад нэхэмжлэгчийн үндсэн цалингаар нь цалинжуулаад зогсохгүй илүү цагаар ажилласан хөлс, сар бүр урамшуулал, ур чадварын нэмэгдэл, хоолны мөнгө зэргийг өгч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж заасан. Уг заалт нь хэвийн 8 цагийн ажил хийдэг этгээдүүдэд хандсан заалт юм. Өдрийн 8 цагаар ажилладаг хүнийг ажил олгогчийн санаачилгаар, ажлын шаардлагаар хэтрүүлэн ажиллуулсан, амралтын өдрүүдэд ажиллуулсан бол илүү цагаар ажилласанд тооцохоор ойлгоно. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Сахиулын ажил нь ажлын цаг бүртгүүлдэггүй хэдий боловч ажлын онцлогоос шалтгаалан шөнө ажлаа хийгээд обьектуудаа харж хонодог байх. Өдрийн цагт нь амрах боломжтой. 24 цагийн хугацаанд тасралтгүй 3 складыг харж байна гэж байхгүй. Ажлын онцлогийг анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийн хувьд нэхэмжлэгчээс шаардлага хүргүүлж, нэхэмжлэгчийг цалин бодох асуудлаар хандсан байсан. Тус дүгнэлт нь албан ёсоор манай байгууллагад ирсэн эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан дүгнэлт гэж хэлэхэд хэцүү акт байсан. Ямар нэгэн хуулийн үндэслэлгүй байсан. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтанг тодорхой хугацаанд ажилласны дараа тухайн ажилтны цалингийн шатлалыг нэмэгдүүлнэ гэх зохицуулалт байхгүй. Өмнө практикт 4, 5 жилийн хугацаанд ажилласан тохиолдолд шатлалтай холбоотой асуудлыг анхаардаг байсан. Хариуцагч талаас ажилтны эрх ашгийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийг хохироогоогүй. Учир нь нэхэмжлэгчийг ТҮ-1-1 шатлалаар цалинжуулахаар тушаал нь гарсан. Харин ТҮ-1-3 шатлалаар 6 жилийн хугацаанд цалинжуулсан тул ажилтныхаа эрх ашгийг дээгүүрт тавьсан, эрх зүйн байдлыг нь дордуулаагүй, цалинг нь хасаагүй, шатлалыг нь нэмсэн. Мөн холбогдох нэмэгдлийг нь тухай бүрт нь өгч явсан баримт хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг илүү нөхцлөөр ажиллаж байгаа олгоно гэж харилцан тохиролцоогүй, ердийн байдлаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хамтын гэрээн дээр ч мөн адил сахиулын ажилтай холбоотой нэмэгдэл хөлсийг тооцно гэсэн тодорхой зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж заасан. Уг заалт нь ажлын ердийн цагаар ажилладаг ажилтанд чиглэсэн заалт. Дээрх заалт нь нэхэмжлэгчийн буюу сахиулын ажлын байранд хамаарахгүй. Жишээлбэл, 8 цагаар ажилладаг байхад илүү цагаар 2 хоног ажилласан бол нөхөн амруулах эсхүл нэмж олох тухай зохицуулалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасныг шүүхээс анхаарч үзнэ үү. Ажилтан хөдөлмөрийн гэрээний талаарх маргаан, цалин хөлстэй холбоотой маргаан гаргах бол мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор холбогдох байгууллага болон шүүхэд хандан гэх зохицуулалт байдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд анх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1 шатлалаар цалинжуулахыг даалгах, 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх дундаж цалингийн зөрүү 8,553,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хариуцагчийг солих тухай 153/ШЗ2019/00933 дугаартай шүүгчийн захирамжаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татан оролцуулжээ.

Улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-4 шатлалаар цалинжуулахыг даалгах, 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх дундаж цалингийн зөрүү 9,687,813 төгрөг гаргуулах тухай гэж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд уг хэрэг нь анхан шатны журмаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэгдэж байжээ. Хариуцагч талаас энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Ховд аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Ингээд анхан шатны шүүхээс дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ******* нь хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1, ТҮ-1-4 шатлалаар цалинжуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хүсэлтээ ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан татгалзал болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодруулсан шаардлагыг дэмжиж оролцлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй тул нэхэмжлэгч *******ын Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1, ТҮ-1-4 дэх шатлалаар цалинжуулахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад томилогдсон өдрөөс эхлэн чөлөөлөх хүртэлх хугацааны турш ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжуулсан тул... ...цалингийн сүлжээнээс илүү нөхцлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгож ирсэн байна. Мөн сахиулын ажил нь өдөр бүр цаг бүртгүүлдэггүй онцлогтой ажил тул илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэл бүрдэхгүй юм. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ч энэ талаар тусгаагүй учраас илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ...цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх... бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын ажил үүргийг 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж байх үед илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг авах ёстой, уг илүү цагийн нэмэгдэл хөлсийг одоог хүртэл аваагүй, хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана..., 129.1-д ...хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй... гэж тус тус заасан ба энэхүү хуулийн заалтуудаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн талаарх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх ба энэ хугацаа нь гурван сар байна.

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлаж байснаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сард буюу 2016 оны 01 сарын цалин хөлс авахад нэмэгдэл хөлс олгогдоогүй үеэс эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан бөгөөд уг өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байтал 2 жил 10 сарын дараа буюу /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс/ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдол гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацааны дотор буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болон одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож буй ******* нар нь ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Хишигтийн шинжээчийн дүгнэлт гарсаны дараа илүү цагийн нэмэгдэл хөлс авах эрх нь зөрчигдсөнийг мэдсэнээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тайлбарласныг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг эрх бүхий байгууллагын хариуг хүлээн авснаар тоолох эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь эрхээ зөрчигдсөнөө мэдэх буюу мэдэх ёстой байсан, мэдсэн тухайд:

1. Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаартай Ажилд томилох тухай тушаал, уг тушаалын Нийтлэг үйлчилгээний албаны орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан хавсралт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог баталсан 1 дүгээр хавсралт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог баталсан 2 дугаар хавсралт тус бүрээр нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан нөөцийн складны сахиулын орон тоо нь 1 орон тоогоор батлагдаж байжээ.

Мөн нэхэмжлэгч *******, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Жаргал нарын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.8 дахь хэсэгт нэг өдрийн буюу 7 хоногийн ажлын цаг 40-56 цаг гэж тусгагдсан байна.

Нэхэмжлэгч талаас илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь 2016 оноос 2019 оны 06 дугаар хүртэлх хугацаанд долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс авах эрхтэй... гэж тодорхойлсон.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Бүтэц, орон тоо батлах тухай тушаалуудаар нөөцийн складны сахиулын орон тоо 1 болох нь, хөдөлмөрийн гэрээний 1.8 дахь хэсэгт 7 хоногийн ажлын цагийг 40-56 цаг гэж тусгагдсанаас харахад, нэхэмжлэгч ******* Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн складны сахиулын албан үүргийг ээлжгүйгээр, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байсан нь тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд анх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн цалин хөлсний зөрүүг харуулсан хүснэгт, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулах тухай хүсэлтийн 2 дахь хуудасны цалин хөлсний зөрүүг харуулсан хүснэгт болон хүснэгтийн доорх тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч шүүхэд анх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ болон 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтдээ илүү цагийн нэмэгдэл хөлс авч чадаагүй гэж маргах боловч шүүхэд илүү цагаар ажиллуулсаны нэмэгдэл хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин нэхэмжлэгч буюу ажилтан *******ыг ажил олгогч буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас ТҮ-1-4 дэх шатлалаар цалинжуулаагүйтэй холбоотой цалингийн зөрүүг нэхэмжилсэн болохыг дурдвал зохино.

Тэрээр, дээрх хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд авч үзвэл, нэхэмжлэгч өөрийнхөө илүү цагийн нэмэгдэл хөлс авах эрх нь зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан цаг хугацаа нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Бүтэц, орон тоо батлах тухай тушаалууд, тэдгээрийн хавсралт тус бүрээр нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан нөөцийн складны сахиулын орон тоо 1-ээр батлагдсан үе, мөн хөдөлмөрийн гэрээнд долоо хоногийн 40-56 цаг ажиллахаар тусгагдаж гэрээ байгуулсан үеэс 7 хоногийн амралтгүй, ээлжгүйгээр ажиллаж байсны хувьд нэхэмжлэгч ******* нь илүү цагаар ажилласан, илүү цагийн нэмэгдэл хөлс олгоогүй гэдгээ мэдэх ёстой байсан гэж дүгнэлээ.

Энэ талаар шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад, ...Хөдөлмөрийн гэрээнд 7 хоногийн ажлын цаг нь 40-өөс 56 цаг байна гэж заасан, тус заалтын дагуу өдрийн 8 цагаар ажилласан гэж үзэхэд амралтын өдрүүд орсон, нэхэмжлэгчийг ажлын цагаар ажиллана гэж заасан. Тухайн ажилтан нь өдрийн 24 цагаар ажилласан гэж үзэхэд 3 өдөрт 56 цаг ажилласан гэж, ...нэхэмжлэгч нь мэдээж нягтландаа илүү цагийн хөлсөө авмаар байна гэж 2016 оноос хойш амаар хандаж байсан... гэж, ...2016 оны 03 дугаар сараас илүү цагийн буюу нэмэгдэл хөлсөө авч чадаагүй гэдгээ мэдэж байсан гэж, ...нэгэнт хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн хөлс олгоно гэж заасан нь хэрэгжихгүй байсан гэдгийг мэдэж байсан гэж ойлгож байна. Гэхдээ энэ нь 2016 оноос 2019 оны хүртэл хугацаанд үргэлжилж явсаар байгаад бид цалин хөлсийг дутуу авч байна гэсэн үндэслэлээр марган таслах комисст хандаж, дараа нь шүүхэд хандсан. 2016, 2017 онуудад тэтгэвэртээ гарчихаад шүүхэд хандаж байгаа асуудал биш... гэж тайлбарласныг тэмдэглэж байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй юм.

Харин шинжээчийн дүгнэлт гарсаны дараа илүү цагийн нэмэгдэл хөлс авах ёстой гэдгээ мэдсэн, нэмэгдэл хөлсөө авах ёстой, нэмэгдэл хөлсийг 2016 оноос хойш нэхэмжлэгч тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд олгоогүй явж ирсэн нь ажил олгогч ажилтанд илүү цагийн хөлс олгоогүй зөрчил нь үргэлжилсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаад байгаа боловч энэ тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй, мөн хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй учир дээрх шинжээчийн дүгнэлт бүхий нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэгч нэмэгдэл хөлс авах ёстой хэмээн шууд дүгнэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргах тул нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сараас илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй байсныг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1, ТҮ-1-4 дэх шатлалаар цалинжуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН