Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 18

 

 

Ш.Баатаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 02-17 тоотод оршин суух, ПЙ58010910 дугаарын регистртэй, Хүрд овогт Шагдарын Баатаржавын нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат түүний  өмгөөлөгч Ж.Энхжаргал,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9.015.575 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн скпадын сахиулаар 2013 оны 02 сарын 01-ны өдөр ажилд орсон. Тасралтгүй 6 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний дарга Д.Жаргалтай 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.6 Төрийн албаны хууль тогтоомж, хамтын гэрээнд заагдсан нэмэгдэл хөлс, ТҮ-1-1-ийн шатлалаар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар 371016 төгрөгөөр цалинжуулсан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 264 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 418,120 төгрөг болсон. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 432754 төгрөг болж нэмэгдсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын сахиул Ш.Баатаржавын 2016 оны 03 сараас 03 сараас 2019 оны 03 сар хүртэлх олгогдоогүй дундаж цалин хөлсний зөрүү 8,553,843.642 төгрөгийг гаргуулж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан ...цалин хөлс авах... эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн хариу тайлбар: Иргэн Ш.Баатаржав нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн складын сахиулаар томилогдон ажилласан. Ш.Баатаржав нь тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-1-ийн 1 дэх шатлал 322623 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар томилсон тушаалд заагдсан байна. Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах гэсэн байна.Сахиул Ш.Баатаржавын нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад тус ажилтан нь томилогдсон өдрөөс эхлэн одоог хүртэл ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжиж хуулийн дагуу цалин, нэмэгдэл цалин, илүү цагаар ажилласан хөлс, урамшуулал, хоолны мөнгө зэргийг тухай бүр авч байсан нь харагдаж байна. 

Тус ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж цалин, нэмэгдэл зэргийг хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртлэх дундаж цалингийн зөрүү болох 8.553.843 төгрөг гаргуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110 дугаар шийдвэрээр:”1. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 9.015.575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Баатаржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 144.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгосугай” гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Ажил олгогчийн зүгээс ажилтныхаа хууль ёсны эрх ашиг, цалин хөлсний асуудлыг хууль, журмаас дээгүүр тавин заагдсан цалингийн сүлжээнээс илүү нөхцлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгож ирсэн болох нь тогтоогддог. Энэ асуудлыг анхан шатны шүүх үнэлсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт хүчингүй болсон хуулийг дурдсан мөн хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт, Засгийн газрын ямар тогтоол шийдвэрийн заалтыг үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй. Тус шүүхийн шийдвэр утга агуулга, хууль зүйн алдаатай гарсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлсон мөнгөн дүн 9,015,575 төгрөг гэж тогтоох хэсэгт 8,553,843 төгрөг гэж зөрүүтэй, шийдвэрийн удирдлага болгосон хуулийн заалтанд хэрэгт хамааралгүй хуулийн заалт баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана гэх заалтыг барьсан нь шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч Ш.Баатаржав нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах, 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртлэх дундаж цалингийн зөрүү 8.553.843 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газарт холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугааар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9.015.575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан байна.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн  байна.

Үүнд 1.Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагын  үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь  “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах” тухай шаардлагаасаа татгалзсан эсэх, мөн 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугааар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9.015.575  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газарт холбогдуулан гаргаж хариуцагчийг сольсон байхад энэ талаар тодруулж асуугаагүй байна. Шүүх шаардлага бүрийг нэг бүрчлэн тодруулж асуух байжээ.

Мөн түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах” тухай шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх энэ шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

2. Хэрэгт авагдсан баритмаар шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас 9.015.575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгож шийдвэрлэж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, мөн шүүх хуралдаан хийсэн дүрс /CD/ бичлэгт хадгалагдсан байна.  Уг шийдвэрийг шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулан өгсөн байна. Харин хариуцагчийн төлөөлөгчид 8.553.843 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гардуулжээ.

Түүнчлэн Монгол улсын “шүүхийн цахим сан”, “Иргэн-1” мэдээлэлийн санд 8.553.843 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон шийдвэрийг байршуулсан байна. Өөрөөр хэлбэл Ш.Баатаржавын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газарт холбогдох 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9.015.575 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн мөнгөн дүн зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.Түүнчлэн шүүх шийдвэрийг зохигчдод гардуулахдаа   шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын мөнгөн дүн зөрүүтэй байдлаар гардуулан өгч хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчжээ.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргаан байна.

Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь  заалтыг удирдлага болгон тогтоох хэсэгт хэрэглэсэн  нь буруу болжээ. Энэ талаар хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн   шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь заалтад нийцээгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар анхан шатны  шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэгслэсэн,  хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн нь  шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

   Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэл үг үсэг найруулага зүйн алдаатай байгааг цаашид анхаарвал зохино.                                                                                                                                                                                                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгаар  сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг  хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                                  Б.ДАМБА

 

                                                                                                            Н.ТУЯА