Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00584

 

Ш.Баатаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар магадлалтай,

Ш.Баатаржавын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулаар 2013.02.01-ний өдөр ажилд орсон. Тасралтгүй 6 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний дарга Д.Жаргалтай 2016.01.04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.6 Төрийн албаны хууль тогтоомж, хамтын гэрээнд заагдсан нэмэгдэл хөлс, ТҮ-1-1-ийн шатлалаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар 371,016 төгрөгөөр цалинжуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 264 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 418,120 төгрөг болсон. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 432,754 төгрөг болж нэмэгдсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын сахиул Ш.Баатаржавын 2016 оны 03 сараас 2019 оны 03 сар хүртэлх олгогдоогүй дундаж цалин хөлсний зөрүү 8,553,843.642 төгрөгийг гаргуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан ...цалин хөлс авах... эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Иргэн Ш.Баатаржав нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний даргын 2013.02.01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн складын сахиулаар томилогдон ажилласан. Ш.Баатаржав нь тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-1-ийн 1 дэх шатлал 322,623 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар томилсон тушаалд заагдсан байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах гэсэн байна. Сахиул Ш.Баатаржавын нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад тус ажилтан нь томилогдсон өдрөөс эхлэн одоог хүртэл ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжиж хуулийн дагуу цалин, нэмэгдэл цалин, илүү цагаар ажилласан хөлс, урамшуулал, хоолны мөнгө зэргийг тухай бүр авч байсан нь харагдаж байна. Тус ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж цалин, нэмэгдэл зэргийг хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх дундаж цалингийн зөрүү болох 8,553,843 төгрөг гаргуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 9,015,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Баатаржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 144,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 18 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Ш.Баатаржав нь урьд гаргасан гомдлын шаардлагаа өөрчилж, эцсийн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасны дагуу 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Баатаржавт олгуулах гомдлын шаардлага гаргасан. Уг гомдлын шаардлагаа бүрэн дэмжиж анхан шатны шүүх хуралдаанд оролцож, урьд гаргасан гомдлын бусад шаардлагаа татан авсан талаараа анхан шатны шүүхийн хуралдаанд удаа дараа тайлбарласан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэргийн материалтай бүрэн танилцалгүйгээр урьд гаргасан гомдлын зарим шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл болон уг шүүх хуралдааны бичлэгт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 9,015,575 төгрөгийг гаргуулж, Ш.Баатаржавт олгохоор шийдвэрлэсэн талаар тодорхой тусгажээ. Иргэний хэргийн материалд авагдсан болох нэхэмжлэгч талд гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан нэхэмжлэлийн дүн хариуцагч талд гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан нэхэмжлэлийн дүн зөрүүтэй эсэх асуудлыг анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны видео бичлэгт үндэслэн зөвтгөх боломжтой. Үүнийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, шийдвэрийн удирдлага болгосон хуулийн заалтыг өөрчлөх боломжтой байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Гурав. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.17-ны өдрийн 1403 дугаар шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь 2019.11.18-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг гаргасан. Шинжээчээс дүгнэлт гаргахдаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, нягтлан бодогч Б.Энхмандал нарыг оролцуулж, нэхэмжлэгчийн 2016-2019 онуудын цалин хөлсний баримтад үндэслэж, 9,015,575 төгрөгийн нэмэгдэл хөлс олгогдоогүй талаар дүгнэлт гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, маргаагүй. Иймээс анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилтны нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг ханган шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй юм. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжийг харгалзахгүйгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч талыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 18 дугаар магадлалыг хүчингүй болгохыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Ш.Баатаржав нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах, 2016.03 сараас 2019.03 сар хүртэлх дундаж цалингийн зөрүү 8,553,843 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016.01 сараас эхлэн 2019.05 сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 9,015,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухай дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй буюу нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах тухай шаардлагаас татгалзсан эсэх, мөн 2016 оны 01 сараас 2019 оны 05 сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргаж хариуцагчийг сольсон байхад энэ талаар тодруулж асуугаагүй байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах тухай шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардаж буй цалин хөлсийг хэрхэн, ямар аргачлалаар тооцсон задаргаа байхгүй байхад хариуцагчаас 9,015,575 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 9,015,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатаржавд олгож шийдвэрлэсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хуралдааны бичлэгт хадгалагдсан байх бөгөөд ийм дүн бүхий шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулан өгсөн, хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан шийдвэрт 8,553,843 төгрөг гэсэн зөрүүтэй дүнтэй бичигдсэн нь хуульд нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Монгол Улсын шүүхийн цахим сан, Иргэн-1 мэдээллийн санд 8,553,843 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон шийдвэрийг байршуулсан, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 2 өөрөөр тогтоосон шийдвэрийг талуудад гардуулсныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж дүгнэсэн нь зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон тогтоох хэсэгт хэрэглэсэн нь буруу байна.

Хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны талаар шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 159,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД