Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1282

 

 

 

 

     2020           10             01                                         2020/ДШМ/1282

 

Б.Н-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч, Б.Бат-Ерөөлт, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1397 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Бат-Ерөөлт нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн Б.Н-т холбогдох эрүүгийн 2006 0055 20881 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Нийслэлийн Амгалан амаржих газар”-т иргэн Г.Б-ийн төрөлтийг удирдахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрөхийн хүндрэл үүсч улмаар нярай эмчлэгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-ийн эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн төлбөрт 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 269 тоот шинжээчийн дүгнэлтэд “2019 оны 11 сарын 27-ны өдөр Г.Б-ийн төрөлтийн 1, 2 дугаар үе эхэлсэн байсан тул зайлшгүй төрүүлэх шаардлагатай байжээ” гэж дүгнэсэн боловч Г.Б-ийн төрөлтийн явцад ургийн толгойд вакум таталт хийснээс тархины бүрхүүл дор цус харвалт гэмтэл учирсан байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн боловч нярай энэ гэмтлийн улмаас нас барсан эсэх талаар эргэлзээтэй дүгнэсэн байдаг. Г.Б-ийн төрөлтийг удирдах, кесеров хагалгаа хийх зайлшгүй шаардлага байсан эсэх, төрөлтийн үед нярайн толгойд вакум таталт хийх эмнэлгийн гарцаагүй нөхцөл байдал шаардсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй үндэслэл бүхий эргэлзээтэй дүгнэлт байдаг. Б.Н нь нярайн толгойд вакум таталт хийсэн үйлдэл нь эмнэлэг, эмчилгээний явцад дагаж мөрдөгдөж байгаа Монгол Улсын эмчилгээний стандарт, журмын ямар шаардлага, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй нь шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл нь “мэргэжлийн алдаа” байсан эсэхэд дүгнэлт өгөх хууль зүйн болон тусгай мэдлэгийн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ байдлыг тогтоолгохоор мөрдөн шалгах, прокурорын шатанд хэргийн оролцогч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлтийг гаргасан боловч хангаагүй байна. Иймээс Б.Н-ийн үйлдэл нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Монгол Улсын эмчилгээний стандарт, журам”-д заасны дагуу явагдсан эсэхийг тогтоолгохоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн зөвлөл”-ийг шинжээчээр томилж шинжилгээ явуулж дүгнэлт гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзнэ. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Ганбат нар хамтарч гаргасан давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг мөрдөн шалгах явцад Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 269 дугаартай дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлтээр төрөлтийг удирдахыг зохицуулсан ямар стандарт, удирдамжийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, уг зөрчил нь хор уршигтай шалтгаант холбоотой эсэхийг бүрэн дүүрэн эргэлзээгүй тогтоогоогүй, шүүх зөв үнэлж чадаагүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайлбал, 269 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3, 6 дугаартай хэсэгт: “...ургийн усны хэмжээ бага, толгой буруу тавилт, том ураг байсан нь кесеров мэс заслаар төрүүлэх заалттай байжээ...” гэсэн атлаа уг дүгнэлтийн 4 дэх хэсэгт “аарцгийн хэмжээнээс хамаарч кесеров мэс заслын заалтгүй байна” гэж кесеров мэс засал хийх асуудлаар 2 өөр утга бүхий дүгнэлт гаргасан. ...Кесеров хагалгаа хийх харьцангуй ба үнэмлэхүй заалт гэж стандартад заасан байдаг ба ямар ямар шинжээр аль заалт нь байсан эсэхийг тогтоогоогүй, шинжээчийн дутуу, бүрэн гүйцэд биш дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй шийдвэр болохыг харуулж байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 269 дугаартай дүгнэлтийн 7 дахь хэсэгт: “...төрлөгийн явцад ургийн толгойд вакум таталт хийснээс тархины хатуу бүрхүүл дор цус харвалт гэмтэл учирсан байна” гэжээ. Үүнийг эмчийн ямар буруутай ажиллагаатай холбоотой эсэх, эсхүл вакум таталт хийх шаардлага үүссэн үед уг ажилбарыг хийсэн нь зөв эсэх зэрэг асуудлыг тогтоогоогүй байхад эмчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн, эргэлзээгүй нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна. Вакум таталт хийх ажилбарыг “Жирэмслэлт, төрөлтийг удирдах арга зүй” удирдамжид вакум таталт хийх заалт, түүнээс гарах эрсдэл гэх мэт анагаах ухааны асуудлыг тусгасан байдаг. Гэтэл шинжээч нар дүгнэлт гаргахдаа уг удирдамжийн болон вакум таталт хийх тухай ямар заалтыг хэрхэн зөрчиж ажилласныг тогтоогоогүй бөгөөд прокурор хэрэгт уг удирдамжийг нотлох баримтаар цуглуулаагүй тул шинжээчийн дүгнэлтийг зөв үнэлж чадаагүй байна. Эрүүл мэндийн сайдын 42 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн Р-30 дугаарт “Вакум таталт хийх заалт болон вакум таталт амжилтгүй болох тохиолдол” зэргийг тусгасан байдаг. Энэ эрсдэл нь эмчээс биш ургийн болон эхийн анатоми-физиологийн онцлогоос хамаарах тухай ойлголт юм. Шинжээч эмч Б.Ариунзул мэдүүлэхдээ “аарцгийн нарийн хэсэг рүү ураг орж ирсэн үед вакум таталт хийж төрүүлж болно” гэж мэдүүлсэн нь вакум таталт хийснийг зөв гэсэн утгатай ойлгогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэй, эргэлзээгүй тогтоохын тулд Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүд судлалын нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулах шаардлагатай төдийгүй жирэмслэлт, төрөлттэй холбоотой стандарт, удирдамжийг цуглуулж, үнэлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн прокурорт буцааж өгнө үү. Хохирогч анх цагдаад гомдол гаргахдаа эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд нас барсан гэсэн байдаг. Яваандаа нярайн толгойн буруу тавилтаас болж хүндрэл гарсан болохыг ойлгоод “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж өгсөн байсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, өнөөдрийн шүүх хуралд ч ирээгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тусламж үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлсэн. Стандарт, удирдамж мөрддөг учраас мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргаж байна” гэв.         

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “төрөлтийг буруу удирдсан” гэж дурдсан. Төрөлт удирдсан эмч нь шийдвэр гаргах байсан. Кесеров хагалгааны заалттай үед вакум таталт хийж байгаа нь төрөлтийг буруу удирдсантай холбоотой юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын тусгай мэдлэгээс давсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасныг хэрэглэхээр заасан зохицуулалт гэж харж байна.  Хуульд заавал гэж заагаагүй болно. Энэ нь агуулгын хувьд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн тусгай мэдлэгээс давсан тохиолдолд прокуророос өмгөөлөгч нарын яриад буй асуудлыг шинжээч томилоод шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нар нь авагдсан баримтын хүрээнд шинжилгээгээ хийгээд дүгнэлтээ гаргасан. Үүнийг үгүйсгэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын мэдлэгийг давсан гэдгийг нотлох баримтаар нотолж, асуудлаа тавих ёстой. Бүх л зүйлийг эргэлзээтэй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Дахин шинжээч томилох, нэмэлт шинжээч томилох хуулийн зохицуулалтыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо хүүхэд нас барсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж анхан шатны шүүх дүгнээд тэнсэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-ийг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Нийслэлийн Амгалан амаржих газар”-т иргэн Г.Б-ийн төрөлтийг удирдахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрөхийн хүндрэл үүсч улмаар нярай эмчлэгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Н-ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-ийн эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Эрүүгийн хуулийн энэхүү зүйл, хэсгийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохыг хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Н нь хэдийгээр хохирлоо нөхөн төлсөн гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх нөхцөл хангагдаагүй, шүүгдэгч өөрөө, мөн түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хуулийн дээрх зүйл хэсгийг хэрэглэж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, мөн дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заахгүйгээр” хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Н-ийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөхдөө “...хохирогч Г.Б, гэрч Ё.Ганболд нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. ...” гэж дүгнэснээс өөрөөр нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгч хэрэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, аль нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, алийг нь няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой зааж байх учиртай.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгчийг төрөлтийг удирдахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрөхийн хүндрэл үүсч улмаар нярай эмчлэгдэж байгаад эндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогч Г.Б-ийн мэдүүлэг, гэрч Ё.Ганболд нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шийдвэр гаргасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 хх 19-30/, Эмгэг судлалын шинжилгээний протокол /1 хх 36-40/, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг /1хх 31/ зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн болох, тэдгээрийг шийдвэрийн үндэслэл болгоогүй бол нэг бүрчлэн үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж байгаа хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талууд хуульд зааснаар мэтгэлцэх, шаардлагатай гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, шинжээчид асуулт тавих замаар тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах, түүнчлэн, шинжээчийг оролцуулаад тухайн асуудлыг тодорхой болохгүй бол дахин шинжилгээ хийлгэх зэрэг боломж хуулиар зөвшөөрөгдсөн болохыг энэхүү магадлалд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1397 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-т холбогдох 2006 0055 20881 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ