Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/1308

 

 

 

 

 

 

      2020         10            08                                        2020/ДШМ/1308

 

Ц.Д-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, Ө.Оргил,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, Ө.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 1906 01467 1250 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Д нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны орцонд Д.Ц-ыг “хаалга оролдсон” гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д-д 6 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Д-д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Д гаргасан давж заалдсан гомдолдоо: “...20:00 цагийн үед амарч байхад гэрийн хаалгыг гаднаас түлхүүр тааруулж орж ирэх гэж байсан тул босч хаалгаа онгойлгон, айл андуурсан тухай хэлж тайлбарлахад нилээд согтуу эрэгтэй хүн хувийн эзэмшилрүү минь хүчээр дайрч орох гэж байсан болохоор айж сандарсандаа цааш жийн холдуулж, хаалгаа хааж байх үед шатаар уруудан гүйж харагдсан. Тухайн үед уг этгээдийг орон байрны хулгайч гэж бодсон. ...Мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.Ц нь тухайн хэрэг гардаг өдөр “18:00-20:00 цагийн хооронд хаана, хэнтэй байснаа огт санадаггүй” гэсэн байдаг. Үүнийг мөрдөгч олж тогтоогоогүй. Мөн тухайн өдрөөс өмнө 3-4 хоног архидан согтуурсныг хадам эцэг нь нотолсон байдаг. Прокурорын шатанд хүртэл мөрдөн байцаалтыг дутуу хийлгэж хэтэрхий нэг талын барьж намайг яллан уг хэрэгт яллагдагчаар татсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оноос хойш 4 удаа хэргийг нотлох баримт дутуу, зүйлчлэл буруу гэсэн үндэслэлээр прокурорт буцааж, 1 удаа мөрдөн байцаалтын шатанд буцаасан боловч мөрдөгч үнэнг огт тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Уг хэрэгт холбогдсоноос хойш 1 жил гаруй хугацаанд гэр бүлийн хүн минь надад санаа сэтгэл нь зовж, улмаар өвчин нь хүндэрч 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш одоог хүртэл би сэтгэл санааны гүн дарамтад орж, даралт ихсэх өвчтэй болсон. Иймд уг хэргийг үйлдээгүй болохыг нотолж, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1485, 1221 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүйгээр 2 хоногийн дараа хураагдсан учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэсэн хийсвэр дүгнэлт гаргасан мөртлөө Шүүх эмнэлгийн шинжээчийн “Д.Ц-ын биед учирсан дээрх шархыг 8 дугаартай хутгаар үүсгэсэн байх боломж илүү байна” гэсэн харьцангуй эргэлзээтэй дүгнэлтээр шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. ...Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшил нэрийн дор хэрэг учрал болсноос хойш 2 сарын дараа дахин хураан авч үүссэн шархны мөртэй ойролцоо иртэй хутгаар үүсгэсэн байх магадлалтай гэсэн хийсвэр дүгнэлтийг шууд нотлох баримт болгосныг хүлээн зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч боломж илүү байна, магадлал өндөр байна гэсэн таамаглалд тулгуурлан дүгнэлт гаргаж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. ...хохирогчийн эхнэр болох М.Түмэнжаргал “...хадам аав орж ирээд нөхрийн цамцыг сөхөж үзээд энэ хутганы зүсэлт биш байх аа, согтуудаа унаад хашлаганы төмөр дээр унасан байж магадгүй...Туул эгч, хадам дүү Отгонбаатартай ирсэн. ...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн мөрдөгчөөс шинжээчид тавьсан асуултандаа “хохирогч Д.Ц-т мэс засал хийсэн эмч Т.Сүхбаатар нь 3 см урттай язарсан шарх байсан гэж мэдүүлсэн, анх шархыг харсан Дашзэвэг хутганы шарх биш байсан” гэж дурдсан байдаг. Гэтэл одоог хүртэл шархыг анх харсан Дашзэвэг болон Туул нарыг хэрэгт гэрчээр асуугаагүй байдаг. Мөн өвлийн цагт -20-оос дээш хэмийн хүйтэнд футболк, ноосон цамц, гадуур куртик өмссөн хүнийг шүүгдэгч Ц.Д ямар байдлаар нэг удаагийн үйлдлээр хувцсыг нь сөхөж эсхүл нэвт хутгалсан эсэхийг тогтоогоогүй. Эхнэр нь “шархыг үзэхдээ футболкыг сөхөж үзсэн” гэж мэдүүлсэн. Шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцүүлэгт хохирогч “дээрх хувцаснууд байгаа” гэж мэдүүлдэг. Мөн 18 цагт гэрээсээ гараад 20 цаг өнгөрч байхад хохирогч гэртээ орж ирсэн. Энэ хугацаанд хаагуур явж, хэнтэй уулзсаныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүйгээс гадна 20 цагт хутгалуулсан хүнд ар гэрийхэн нь яаралтай түргэн тусламжийг яагаад 6 цагийн дараа дуудах болов зэрэг хэрэгт өндөр ач холбогдол бүхий байдлуудыг шалган тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй байх тул нэгдүгээрт хохирогч Д.Ц-ын эхнэр, түүний аав Дашзэвэг, төрсөн эгч Туул нараас гэрчийн мэдүүлэг авах,

Хоёрдугаарт, Цэргийн төв эмнэлэг дээр очиход хохирогч Д.Ц ямар хувцастай байсан, хувцас нь ямар байдалтай, урагдсан эсэх, цоорсон эсэхийг тухайн үед гарч байсан эмнэлгийн ажилчдаас асууж тодруулах, хувцсыг хохирогчоос гаргуулан авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулах,

Гуравдугаарт, хохирогч нь анх хутгалуулсан гэж орж ирээд шөнө эмнэлэгт очтол 5 цаг 30 минут орчим гэртээ байгаад байсан байна. Энэ үед учирсан гэмтэл амь насанд аюултай байсан эсэх, яагаад удаан хугацаагаар эмнэлгийн тусламж үзүүлээгүй талаар тодруулах, хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж авсан тохиолдолд гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэх талаар тусгай мэдлэгтэй шинжээчээр дүгнэлт гаргуулах,

Дөрөвдүгээрт, хохирогч нь 18-20 цагийн үед Д.Ц хаагуур, хэнтэй уулзаж явсан маршрутыг олж тогтоох зэрэг ажиллагааг зайлшгүй хийсний дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ц.Д-д холбогдох хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Ө.Оргил давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”.

Нэгдүгээрт, хохирогч Д.Ц-ын удаа дараагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тодорхой зүйлгүй. “...Тэрнээс хойш сайн санахгүй байна. 20:00 цагийн орчим гэртээ орох гэж явж байгаад 2 давхрын манай харалдаа доор байдаг айлын хаалгыг цохисон юм шиг байгаа”, “...өглөө авсан архи уугаад орж гараад явсан. ...Нэг санахад хаалга нээгдээд буурал үстэй надаас өндөр хүн гарч ирээд гэдэсний зүүн хэсэгт цохих шиг болсон. ...Миний санаж байгаагаар 2, 3 давхрын зүүн талын минийх шиг хаалганы айлаас уг өндөр биетэй буурал толгойтой хүн гарч ирсэн.”, “...би архи уусан байсан учир хаалгаа андуураад тухайн айлын хаалгыг түлхүүрээрээ нээх гэж оролдоод тэр айлын хүн гарч ирээд энэ асуудал үүссэн гэж бодож байна...” гэх зэргээр таамаглал шинжтэй байдаг.

Хоёрдугаарт, Шийтгэх тогтоолын 8 дугаар талд “...Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Ц-ын цээжин тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. ...” гэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №1221 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг хутга, 2 ширхэг заазуур, 2 ширхэг хайч, 1 ширхэг түлхүүрээс гарын мөр илрээгүй. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №1485 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, шар өнгийн наалддаг туузаар ороосон иштэй заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон наалддаг туузаар ороосон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй хутга, гэртэйгээ 1 ширхэг, хөх өнгийн иштэй хайч 1 ширхэг, улаан өнгийн иштэй хайч 1 ширхэг, хар оосортой 2 ширхэг түлхүүр дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэд шархыг 1-8 тоотой хайч, заазуур, хутга зэргийн хэмжээтэй нэг бүрчлэн харьцуулан үзэхэд Д.Ц-ын биед учирсан дээрх шархыг 8 дугаартай хутгаар үүсгэсэн байх боломж илүү байна.” зэрэг дүгнэлтүүдээр Ц.Д нь хохирогч Д.Ц-ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл тогтоогдохгүй, түүнчлэн Ц.Д-ын гэрт нь байгаа хэдэн хутганаас нь хохирогч Д.Ц-ын шарханд таарах диаметртэй ойролцоо зузаантай өргөн хутгаар үүсгэсэн байх боломжтой гэж яллах хууль зүйн үндэслэлгүй.

Гуравдугаарт, хохирогч Д.Ц 20:00 цагийн орчимд хутгалуулсан гээд орж ирсэн буюу 18:00-20:00 цагийн хооронд хохирогч хаагуур, хэнтэй уулзаж явсан маршрутыг олж тогтоогоогүй. Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх хангалттай үндэслэлтэй. Энэ хугацаанд хохирогч бусад хүний үйлдлийн улмаас гэмтэл авсан байх ч магадлалтай. Иймд дээрх нөхцөл байдлуудыг сайтар анхааран үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг удирдлага болгон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хувцсыг нь сөхөөд харсан гэх асуудлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч яриад байдаг. Хохирогч анхнаасаа өөрийг нь хутгалсан хүнийг тодорхой дүрсэлж заадаг. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хохирогчийн явсан маршрутыг тогтоох ажиллагаа хийгдсэн. Мэдүүлгийг газар дээр нь шалгах, хэргийн газарт нөхөн үзлэг хийх зэргээр маршрутыг тогтоох ажиллагааг боломжоор нь хийсэн. Бусад байдлаар гэмтэл авах нөхцөл байдал тогтоогдоогүй. Хашаан дээр унасан гэх асуудлыг ярьдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хашаан дээр унахад учирсан гэмтэл биш, өөрөөр хэлбэл ир үзүүртэй зүйлээр үүссэн учраас зүсэгдсэн шарх байна гэсэн байдаг. Ир үзүүртэй зүйл дээр унахгүй бол язарсан шарх үүснэ гэх дүгнэлт гарсан. Тусгай мэдлэггүй хүмүүсийн өгсөн мэдүүлгийг тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлттэй харьцуулаад дүгнээд байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Тодорхой хугацаа алдаж эмнэлэгт хүргэгдсэн байдлыг гэрч, хохирогч нар бүгд л тодорхой мэдүүлсэн. Гадагшаа шууд цус алдсан шарх биш байсан учраас гайгүй байх гэж бодож байсан. Сүүлдээ хохирогчийн бусадтай харилцах харилцаа нь улам хүндрээд байсан учраас эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутга, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны орцонд буюу өөрийн гэрийн үүдэнд хохирогч Д.Ц-ыг “Гэрийн хаалга оролдсон” гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ц-ын: “...20 цагийн үед гэртээ орох гэж явж байгаад 2 давхрын манай харалдаа доор байдаг айлын хаалгыг цохьсон юм шиг байгаа. 40 орчим насны өндөр, буурал толгойтой, туранхай залуу гарч гэдэс рүү цохих шиг болоод эргээд гэртээ яваад орсон. Тэгээд хэвлийгээ үзтэл зүсэгдсэн байхаар нь гэртээ ороод тухайн болсон зүйлсийг хэлээд яаралтай түргэн тусламжаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирж хагалгаанд орсон. ...нэг санахад хаалга нээгдээд буурал үстэй, надаас өндөр хүн гарч ирээд гэдэсний зүүн хэсэгт цохих шиг болсон. Тэгээд би дээшээ шатаар гараад гэртээ ороод зүүн гэдэс орчим халуун оргиод, дараад үзтэл цус гарсан байдалтай байхаар нь эхнэртээ хэлсэн. ...Миний санаж байгаагаар 2, 3 давхрын зүүн гар талын манайх шиг хаалганы айлаас уг өндөр биетэй, буурал толгойтой хүн гарч ирсэн. Миний санахад хаалга нээгдээд дотор айлын гэрэлд уг хүний төрх харагдсан. Намайг юугаар хатгаж цохисон талаар мэдэхгүй, далийж цохиогүй, доогуур орчих шиг болсон. Намайг тэр хүн зодож цохиогүй нэг л удаа гэдэсний зүүн хэсэгт цохиод авсан. ...Тэр буурал үстэй хүнтэй маргаагүй, зүүн талын гэдэс хавьд нэг цохихоор нь би дээшээ шатаар гарсан. Би тухайн айлын хаалгыг давхар андуураад, гэр ээ гэж санаад орох гэж оролдоод ийм асуудал үүссэн байх.  ...андуурч түлхүүрдсэн байх. ...3 давхрын буурал толгойтой хөгшин хаалгаа нээгээд шууд хатгасан. Би дээшээ шатаар өгсөөд гэртээ ороход зүүн хэвлий орчмоос цус гарч байсан. ...би тухайн 10 дугаар байрны 5 давхрын 41 тоотод амьдардаг. Тэр айл 3 давхарт манайх шиг хаалга юм байна лээ. Би архи уусан байсан учир хаалгаа андуураад тухайн айлын хаалгыг түлхүүрээ нээх гэж оролдоод тэр айлын хүн гарч ирээд энэ асуудал үүссэн. ...” /1 хх 16, 18-19, 21/

гэрч Т.Сүхбаатарын: “...01:50 цагт яаралтай тусламжийн 103-аар Д.Ц гэх хүн хутгалуулсан гэх өгүүлэмжтэй хүргэгдэн ирсэн ба хүнээ үзтэл хэвлийн зүүн хажууд, хавирганы доогуур 1,5 см орчим өргөнтэй, дээрээсээ доош, гаднаас дотогш чиглэлтэй шархтай, ЭХО-д шалгахад хэвлийн хөндий сул шингэнтэй байсан тул амь насны заалтаар яаралтай журмаар хагалгаа хийгдээд одоо хэвтэн эмчлүүлж байна. ...хэвлийг шалгахад зүүн хавирганы нум доогуур хэвлий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн урдуур нэвтэрч, хэвлийн гялтангийн арын ханан дээр 1,5 см орчим босоо байрлалтай шарх байсныг томруулан шалгахад хэвлийд болон гялтангийн арын зайд 600-700 мл орчим шингэн цус бүлэн байсныг соруулан үзэхэд бөөрний өмнөд гадарга, үүдэвч босоо тэнхлэгийн дагуу байрлалтай 3 см орчим урттай урагдаж язарсан шарх байсанд эрхтэн хадгалах зангилаат оёдлуудыг тавьсан. ...” /1 хх 23-24/,

гэрч М.Түмэнжаргалын: “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн үед манай нөхөр Д.Ц Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 дугаар байрны 41 тоот гэртээ согтуу орж ирсэн ба орж ирэхдээ “Намайг доод давхрын айлын хүн хутгалчихлаа, би айл андуураад хаалгыг нь тогшсон болохоор” гэхээр нь би гараад харахад орцонд хүн байгаагүй болохоор би 1 давхар хүртэл үзчихээд эргээд гэртээ орж ирсэн чинь манай охин Нямжаргал надад хандан “аавын зүүн талын хавирганы доод хэсгээс цус гарч байна” гэхээр нь нөхрийхөө футболкыг сөхөж үзтэл хавирганы доод хэсэг зүсэгдсэн, цус бага зэрэг шүүрэлттэй гарч байхаар нь би сандраад дүү Туулын ... дугаарын утас руу залгаж учир байдлыг хэлсэн. ...би нөхрийн араас 00 ортол цусаар бөөлжиж байхаар нь дахиад Туул руу ярихад түргэн дууд гэсэн. Тэгээд түргэн нэлээн орой 01 цагийн үед ирсэн. ...” /1 хх 26, 29/,

шинжээч С.Наранцэцэгийн: “...Өөрт бол шархандаа зовиур илэрнэ, тухайн гэмтлийн үед идэвхтэй хөдөлгөөн хийгээд яваад байх боломжтой, цусан хураа үүсч байгаа нь өөрт нь мэдэгдэхгүй. Хэрэв мэдэгдэх тохиолдолд их хэмжээгээр цус алдахад толгой эргэх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэвийн ЭХО-оор харах үед цусан хураа үүссэн байгаа эсэх нь мэдэгдэх боломжтой. Д.Ц гэх хүний дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсэг, бөөрний урд хэсгийг гэмтээсэн. Мэс заслын эмчийн тэмдэглэлд 600 мл цус байсныг авсан байсан. Энэ нь хурц цус алдалтад хүрэх хэмжээнд байгаагүй. ...” /1 хх 87-88/ гэх мэдүүлгүүд,

Батлан хамгаалахын Эмгэг судлалын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №41 дугаартай: “Д.Ц-т цээжний хөндий рүү нэвтэрч, цусан хураа, хэвлийн арын зайн цусан хураагаар хүндэрч, зүүн бөөрийг гэмтээж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, учрах үедээ амь насанд аюултай, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан хүнд зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” /1 хх 46/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1244 дугаартай: “Хохирогч Д.Ц-ын биед учирсан хэвлийн зүүн хэсгийн хөндий рүү нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн талын гялтангийн арын зайн цусан хураа зэрэг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хутга нь гэмтэл үүсгэгч ир үзүүртэй зүйлд хамаарагддаг бөгөөд хутгаар зүсэгдсэн, хатгагдсан, хатгагдаж зүсэгдсэн шарх үүсдэг, урагдсан шарх үүсдэггүй болно. Д.Ц-ын хэвлийн зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархыг эгц урдаас нь харж байгаа хүн учруулж болох ба баруун гараар үүсгэх магадлал өндөр байна” /1 хх 195/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-9, 200-204/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 63-71/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 72-80/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Д-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хутга хэрэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 жил хорих ялаар шийтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар Ц.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоосон, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал үүсээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд шүүгдэгч Ц.Д-ын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг прокурорт буцаах талаар гомдолдоо дурдсан нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан бусад ажиллагааны үр дүнгээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, Ө.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1395 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1395 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч  Г.Баяржаргал, Ө.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ