Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 123

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00291/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.А-,

Хариуцагч Б.Б-,

Хариуцагч “Б-” ХХК нарт холбогдох 

          “Тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 7.999.700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч “Б-” ХХК-ний төлөөлөгч С.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч “Б-” ХХК-ний төлөөлөгч С.Батжаргал, хариуцагч Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л-гаас:

Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хот руу орж яваад өглөөний 08 цагийн орчим замын хажууд зогсож байтал 91-96 ДАР улсын дугаартай county маркийн автобус ирж баруун урдаас мөргөж машинд их хэмжээний хохирол учруулсан. Учирсан хохирлыг “М-” ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээгээр 7.999.700 төгрөгийн бодит хохирол учруулсныг тогтоосон. Хариуцагч нар Архангай аймгийн Замын Цагдаагийн газарт байхдаа тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүгдийг төлнө гэсэн боловч өнөөдрийн байдлаар төлөлт хийгдээгүй байна. Иймд тээврийн хэрэгсэлд учирсан 7.999.700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлээс:

Нэхэмжлэгч Н.Л- нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цагийн орчим өөрийн эзэмшлийн клугер маркийн 26-22 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын гулгаанд халтирч, машиныхаа баруун хойд талаар хашлага мөргөж, ослын байдалтай зогсож байсан. Н.Л- замаас тээврийн хэрэгслээ зайлуулахын тулд засварчин дуудахаар явсан. Засварчин дуудаад буцаад ирэхэд 9196 ДАР хьюндай маркийн дунд оврын автобус Н.Л-гийн тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөсөн байсан. Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж, тухайн үед зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, “Зөрчлийн тухай хууль”-д зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн тухайн 91-96 ДАР хьюндай маркийн дунд оврын автобусыг жолоодож явсан Б.Б-д 200.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байдаг. 91-96 ДАР тээврийн хэрэгсэл нь “Б-” ХХК-ний нэр дээр байдаг бөгөөд Ш.А-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Ш.А- нь тухайн үед өөрийн зөвшөөрлөөр Б.Б-д жолоогоо шилжүүлсэн байдаг. Үүний улмаас Б.Б- зам тээврийн осол гаргаж, хохирлын үнэлгээний компаниас зам тээврийн ослын улмаас Н.Л-д 7.999.700 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Н.Л-д учирсан гэм хорын хохирол 7.999.700 төгрөгийг хариуцагч болох Ш.А-, Б.Б-, “Б-” ХХК нараас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Н.Л- зам тээврийн ослын улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаар Цагдаагийн газарт гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгахад Б.Б- гэм хорын хохирлыг төлөхөөр тохирсон. Тухайн үед Н.Л-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь Сарангэрэлийн Э-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Н.Л- нь С.Э-ээс 2017 онд уг тээврийн хэрэгслийг 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар хэлэлцэн тохирч, С.Э-т бэлнээр 6.000.000 төгрөг өгч, үлдэх 3.000.000 төгрөгийг шилжүүлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Л-гийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон байсан гэжээ.

Хариуцагч Ш.А-аас:

Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод өөрийн эзэмшлийн county маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчийн суудалд сууж явсан ба тухайн үед миний эзэмшлийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан хүн нь Б.Б- юм. Миний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гараагүй учир би хариуцаж төлөх үндэслэлгүй, надаас 7.999.700 төгрөг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаагаас:

            Нэхэмжлэгч Н.Л- нь С.Э-ээс тухайн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан. Тиймээс Н.Л-гийн өмчлөлд тээврийн хэрэгсэл шилжүүлээгүй учир гэм хорын хохирлыг нэхэмжлэх шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан зөрчил гаргасан гэж үзэж Б.Б-д хариуцлага ногдуулсан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ш.А-, С.Батжаргал нар Б.Б-гийн хамт явсан. Тухайн осол болсон өдөр хьюндай маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Б-” ХХК болох нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл нэр дээр шилжсэн хөдөлгөөний лавлагаанаас харагддаг. Тиймээс Ш.А- тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг төлөх үүрэг хүлээгдэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хариуцагч “Б-” ХХК-ний өмчлөлийн тээврийн хэрэгсэл осол болоход Б.Б- жолоодож явсан. Иймд гэм хорын хохирлыг Ш.А-аас шаардах эрх байхгүй гэжээ.

            Хариуцагч Б.Б-гээс:

            Дархан-Уул аймгаас Увс аймгийн чиглэлд Анагаахын оюутнуудыг бага оврын автобусаар авч явсан. Би Ш.А-ийн туслах жолоочоор хамт явсан. Тухайн үед С.Батжаргал, Ш.А- нарын хамт явж байсан. Увс аймгаас гараад Архангай аймгаас 150-160 километрийн цаана Ш.А- надад жолоог шилжүүлсэн. Би жолоог барьж яваад Архангай аймгийн Даваа орж ирээд петровис шатахуун түгээх газарт бичиг баримт өгсөн. Тэгээд би Ш.А-ид хандаж Та жолоогоо барих уу, зам халтиргаатай байна гэж хэлсэн. Тэгсэн Ш.А- зүгээр ээ, чи бариад явчих гэж хэлсэн. Н.Л-гийн тээврийн хэрэгсэл зам хөндлөн зогсож байсан. Би Н.Л-гийн тээврийн хэрэгслийг хажуу талаас нь мөргөсөн. Миний хувьд тээврийн хэрэгслийг ачих, үзлэг оношилгоо хийх зэрэг нийт 1.002.500 төгрөгийг зарцуулсан. Тухайн үед “Б-” ХХК-ний хариуцаж явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан учраас С.Батжаргал, Ш.А- бид 3 хувааж төлнө гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс өөрийн төлсөн 1.002.500 төгрөгийг хасаж тооцуулна. Нэхэмжлэгч Н.Л- нь тээврийн хэрэгслээ нарийн зам дээр хөндлөн байдалтай ослын тэмдгээ тавиагүй байсан. Тухайн үед өвлийн улирал байсан учраас 19.00 цаг өнгөрөөд харанхуй болсон гэжээ.

            Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хэнээс ямар хэмжээний нэхэмжлэл гаргуулах талаар дурдаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Осол болсон үед нэхэмжлэгч Н.Л-гийн тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн байдалтай зам дээр хөндлөн зогссон байсан бөгөөд жолооч замаа чөлөөлж зогсоогүй байсан. Мөн машин нь эвдрээд засварчин дуудах гээд явсан гээд эзгүй байсан ба автобус мөргөхөөс өмнөх гэмтэл, мөргөсний дараах гэмтлийг ялгаж тодорхойлоогүй нь ойлгомжгүй байна. Миний хувьд ослын дараа клугер маркийн машиныг хот руу ачиж оруулах, хот доторх ачилт, үнэлгээ, оношилгоо хийлгэх зэрэг зардлыг өөрөөсөө гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

            Хариуцагч Б.Б-гийн өмгөөлөгч И.Атарбямбаас:

Н.Л- нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй ч авто машины зам дээр тээврийн хэрэгслээ зам хөндлөн тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл Н.Л-гийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, ослын байдалтай зогсохдоо Н.Л- нь ослын тэмдгээ тавиагүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгах үндэслэл болно гэж бодож байна. Зам тээврийн осол гарсан талаар Цагдаагийн байгууллага дүгнэлт гаргах болохоос гэм буруугийн хохирлын асуудлыг Цагдаагийн байгууллага шийдвэрлэхгүй. Б.Б-г автобус жолоод гэж Ш.А- болон С.Батжаргал нар хэлцэл хийсэн зүйл байхгүй. Тиймээс Б.Б-гийн гэм хорын хохирлыг хувааж төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас Б.Б-г нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлж байна. Н.Л-гийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Э- байдаг. Гэтэл Н.Л- тээврийн хэрэгслийн эзэмшигч биш атлаа өөр хүнд итгэмжлэл олгоод байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн энэ хэргийг Хөвсгөл аймгийн шүүхийн харьяаллаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Б-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

County маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.А-ийн хүсэлтээр манай компанийн нэр дээр шилжүүлсэн нь Ш.А- хувиараа аж ахуй нэгж болон иргэдийн захиалгаар зөвшөөрлийн бичиг авах юм. Иймээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад манай компаниас нэг ч төгрөгийн хөрөнгө гараагүй Ш.А- өөрийн хөрөнгөөр авсан бөгөөд эзэмшигч нь Ш.А- мөн болно. Н.Л- нь дээрх тээврийн хэрэгслийг манай компаний хөрөнгө гэж ойлгож,  манай компанийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан байна. Иймд county маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш тул хамтран хариуцагчаар татагдах нь боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

            Хариуцагч “Б-” ХХК-ний төлөөлөгч С.Батжаргалаас:

            Ш.А- нь манай компанитай зорчигч тээврийн гэрээтэй жолооч юм. 2018 оны 01 дүгээр сарын оюутны амралтаар Ш.А-ид зөвшөөрлийг өгч оюутнуудыг ачиж, Увс аймгийн авто замынхантай гэрээ хэлцэл хийхээр хамт явсан. Тэгээд оюутнуудыг буулгаад эргэж ирэх замдаа Архангай аймгийн төв дээр зам тээврийн осол гарсан байдаг. Б.Б- тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Зам халтиргаатай байсан учраас хурд сааруулагч дээр тоормос гишгэж, халтирч Н.Л-гийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь авто зам дээр буруу байрлан зогссон байсан. Н.Л-гийн тээврийн хэрэгсэл эвдэрч, буруу хараад хөндлөн зогсож байсныг Б.Б- харалгүй, тэр чигээрээ гишгэж, мөргөсөн. Тээврийн хэрэгслийн хурдыг тухайн зам дээр үүссэн тоормосны мөрөөр тодорхойлно. Ш.А- надад би Улан-Үд рүү хүмүүс ачиж явах гэсэн юм, та миний тээврийн хэрэгслийг компаний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хэлсэн.  Хэрэв компаний нэр дээр миний тээврийн хэрэгсэл шилжих тохиолдолд надад Улан-Үд рүү гарах цэнхэр эрхийн бичиг олдоно гэж хүсэлт тавьсан. Би Ш.А-ийн тавьсан хүсэлтийн дагуу 2018 оны 07 дугаар сард түүний тээврийн хэрэгслийг “Б-” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийг буцаан Ш.А-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Дахин аялал, амралтын улирал болж, Ш.А- дахин гуйсан учраас би түүний тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сард компаний нэр дээр шилжүүлсэн. Ш.А- энэ автобусыг авахад миний зүгээс нэг ч төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, Ш.А-ид тусалсан зүйл байхгүй. Б.Б-гийн хувьд Ш.А- бид хоёрын хоорондох асуудлыг мэдэхгүй. Энэ үйл явдлыг ойлгоогүй байна. Тэгэхээр манай компани гэм хорын хохирлыг хариуцах үндэслэл байхгүй. Тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх гэдэг талаар Ш.А- өөрөө нотлох болно. Ш.А- Улан-Үд рүү хүмүүс авч явсан ашиг орлогоос миний хувьд нэг ч төгрөг авдаггүй. Миний хувьд Ш.А-ийн өрхийн орлогыг дээшлүүлэх, амьдралыг нь сайжруулахын тулд түүний гаргаж байгаа хүсэлтийг нь дэмжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хувааж төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл 565.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хариуцагч Бат Энх Хөлөг ХХК-иас 7.434.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, хариуцагч Ш.А-, Б.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 143.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 133.905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б-” ХХК-ний төлөөлөгч С.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болсон зам тээврийн ослыг жолооч Б.Б- county маркийн 91-96 Дар улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тогтоогдсон. Хариуцагч Б.Б- зөрчил хянан шийдвэрлэсэн Архангай аймгийн Цагдаагийн газрын зөрчил хянан шийдвэрлэсэн зөрчлийн шийдвэртэй маргаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний буруутай үйлдэл байсан гэдэг боловч гэм хорын төлбөрийг хариуцагч нар хувааж төлнө гэдгээс өөрөөр гэм буруугүй үйл баримтад маргаагүй. Тээврийн хэрэгсэл хэний өмчлөлд байснаар ганцхан компанид хариуцлага хүлээлгэж хариуцагч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Б-” ХХК-аас 7.434.700 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож хариуцагч Б.Б-гээс 7.434.700 төгрөгийг гаргуулахаар өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.Л- хариуцагч Ш.А-, Б.Б-, “Б-” ХХК-нд холбогдуулж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 7.999.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ш.А- миний үйлдлийн улмаас зам тээврийн осол гараагүй, осол болох үед осол гаргасан тээврийн хэрэгсэл нь “Б-” ХХК-ийy өмчлөлд байсан тул төлбөрийг хариуцахгүй гэж, хариуцагч Б.Б- нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг би дангаараа хариуцахгүй, осол болох үед тус тээврийн хэрэгсэл нь Ш.А-, “Б-” ХХК нарын эзэмшил, өмчлөлд байсан тул төлбөрийг хувааж төлнө гэж, хариуцагч “Б-” ХХК осол гаргасан тус тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй байх гэсэн шаардлагын үүднээс  манай дээр бүртгэлтэй байсан учир манай компани хохирлыг хариуцахгүй гэж тус тус маргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 565.000 төгрөгөөр багасгаж 7.434.700 төгрөг нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэснээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон бол буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хорын төлбөрийг хариуцагч “Б-” ХХК хариуцах үүрэгтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх болсон үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Б-гийн жолоодож явсан Коунти маркийн 91-96 ДАР улсын дугаартай машин замын хөдөлгөөнд оролцож яваад зам дээр зргсож байсан Тоёото Клугер маркийн 26-22 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол зөрчил гаргасан байна.

Хэргийн зохигчид осол зөрчил гаргасан болон ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэмтэл, үнэлгээний талаар хэн аль нь маргаагүй, харин хохирлыг хэн хариуцан арилгах талаар харилцан маргацгаажээ.

Нэхэмжлэгч Н.Л- анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар 2 этгээдийг тодорхойлж нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 дахь этгээдийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр 3 хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжилсэн нийт төлбөрийг хэн хэдий хэмжээгээр хариуцах, хариуцагч нар хамтран хариуцах үүрэг үүсэх нь тодорхойгүй, энэ талаарх шаардлага тус бүрийг гаргаж, шаардлагын үндэслэлээ тайлбарлах шаардлагатай байна.

Хохирогч тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хуульд заасан үндэслэлээр хохирол шаардаж байгаа эсэх, аль эсхүл гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирол шаардаж байгаагийн аль нь болохыг тодорхой болгох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн байна.

Хэргийн 61, 70, 71 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл зам тээврийн осолд өртсөн гэх тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Н.Л- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн Ц.Э-ээс худалдаж авсан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаар уг тээврийн хэрэгсэл нь Ц.Э-ийн өмчлөлийн машин болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Л- уг хохирлыг шаардах эрх бүхий этгээд гэдгээ шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт байгаа баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Н.Л- энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй байхад энэ байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд эдгээр байдлыг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргалын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133.905 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Б-” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                 С.ЭНХЖАРГАЛ                   

                                                                                                                   Л.АМАРСАНАА