Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00580

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаар магадлалтай,

Н.Л-гийн нэхэмжлэлтэй,

Ш.А, Б.Б, “Б” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохирол 7.999.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал, Ө.Өлзиймаа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 8 цагийн орчим өөрийн Тоёота Клугер маркийн 26-22 БНА дугаартай машинаар  Архангай аймгийн Цэцэрлэг хот руу орж яваад замын хажууд зогсож байтал 91-96 ДАР улсын дугаартай county маркийн автобус ирж баруун урдаас мөргөж машинд их хэмжээний хохирол учруулсан. Учирсан хохирлыг Мастер үнэлгээ ХХК-аар үнэлүүлэхэд 7.999.700 төгрөгийн бодит хохирол учирсныг тогтоосон. Хариуцагч нар Архангай аймгийн Замын Цагдаагийн газарт тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүгдийг төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймд тээврийн хэрэгсэлд учирсан 7.999.700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Ш.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод өөрийн эзэмшлийн county маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчийн суудалд сууж явсан ба тухайн үед миний эзэмшлийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан хүн нь Б.Б юм. Миний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гараагүй учир би хариуцаж төлөх үндэслэлгүй, надаас 7.999.700 төгрөг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгаас Увс аймгийн чиглэлд Анагаахын оюутнуудыг бага оврын автобусаар авч явсан. Би Ш.Аийн туслах жолоочоор хамт явсан. Тухайн үед С.Батжаргал, Ш.А нарын хамт явж байсан. Увс аймгаас гараад Архангай аймгаас 150-160 километрийн цаана Ш.А надад жолоог шилжүүлсэн. Н.Л-гийн тээврийн хэрэгсэл зам хөндлөн зогсож байсан. Би Н.Л-гийн тээврийн хэрэгслийг хажуу талаас нь мөргөсөн. Миний хувьд тээврийн хэрэгслийг ачих, үзлэг оношилгоо хийх зэрэг нийт 1.002.500 төгрөгийг зарцуулсан. Тухайн үед Б ХХК-ний хариуцаж явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан учраас С.Батжаргал, Ш.А бид 3 хувааж төлнө гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс өөрийн төлсөн 1.002.500 төгрөгийг хасаж тооцуулна. Нэхэмжлэгч Н.Л- нь тээврийн хэрэгслээ нарийн зам дээр хөндлөн байдалтай ослын тэмдгээ тавиагүй байсан. Тухайн үед өвлийн улирал байсан учраас 19.00 цаг өнгөрөөд харанхуй болсон байсан гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: County маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.Аийн хүсэлтээр манай компанийн нэр дээр шилжүүлсэн нь Ш.А хувиараа аж ахуй нэгж болон иргэдийн захиалгаар зөвшөөрлийн бичиг авах юм. Иймээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад манай компаниас нэг ч төгрөгийн хөрөнгө гараагүй Ш.А өөрийн хөрөнгөөр авсан бөгөөд эзэмшигч нь Ш.А мөн болно. Н.Л- нь дээрх тээврийн хэрэгслийг манай компаний хөрөнгө гэж ойлгож, манай компанийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан байна. Иймд county маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш тул хамтран хариуцагчаар татагдах нь боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл 565.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хариуцагч Бат Энх Хөлөг ХХК-иас 7.434.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, хариуцагч Ш.А, Б.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 143.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 133.905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргалын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133.905 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 123 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах явдал нь гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл бөгөөд хууль тогтоогч гэм хор үүссэн объектоос нь хамаарч хуулиар тусгайлан зохицуулсан тул энэ утгаараа нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа үйл явдал нь 2018 оны 01 дүгээр сарын 18-нЫ өдөр 9196ДАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа жолооч Замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчин 2622БНА дугаартай тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан үйл баримт нэгэнт тогтоогдсон, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирол болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар тов тодорхой байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 юмуу, 497 юмуу тодорхой болгох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхийн гаргаж байгаа дүгнэлт харин учир дутагдалтай, ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг үндэслэх нь тодорхой гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд өөрийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.З дах хэсэг гэж тайлбарласнаас өөрөөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх боломжгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Н.Л- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2622БНА дугаартай тээврийн хэрэгсэл өөрийнх нь өмчлөлийн тээврийн хэрэгсэл болохыг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж Авто тээврийн үндэсний төвд өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа Ц.Эрдэнэчимэгийг гэрчээр асуулгах ажиллагааг хуульд нийцүүлэн шүүхээс явуулсан бөгөөд гэрчид хууль сануулан үнэн зөв мэдүүлэг өгөх тухай баталгаа гаргуулж өгсөн мэдүүлэгт “2622БНА дугаартай автомашиныг Н.Л-д худалдсан, төлбөр дутуу, өөрөө Солонгос явсан байсан учир нэр шилжүүлээгүй”, шүүх хуралдаанд гаргаж өгсөн гарын үсгийг нотариатаар гэрчлүүлэн энэ талаар тайлбар тодорхойлолт гарган өгсөөр байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргаснаас хойш хийгдсэн ажиллагааг, гаргаж өгсөн баримтыг ямар үндэслэлээр няцааж, үгүйсгэж байгаагаа заалгүй буруу үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохоо хангалттай нотолсон гэж дүгнэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул залруулж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хариуцагч Ш.А, Б.Б болон “Б” ХХК нараас гэм хорын хохиролд 7.999.700 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Ш.А “...осол гаргаагүй”, Б.Б “...хохирлыг дангаар хариуцахгүй”, “Б” ХХК “...зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхийн тулд машиныг компанийн нэр дээр бүртгэгдсэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ш.А нь өөрийн өмчлөлийн Коунти маркийн 91-96 ДАР улсын дугаартай автобусыг “Б” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байсан, Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр уг автобусыг жолоодон явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэлд дурдсан Клугер маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан байх ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг уг ослын улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Н.Л- нь 2017 оны 11 сард С.Эрдэнэчимэгээс 26-22 БНА дугаартай Клугер маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсны дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Эрдэнэчимэгийн мэдүүлгээр тогтоогджээ /хэргийн 4, 70-71, 125, 144-145 дугаар тал/.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба  өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.-т зохицуулсан.

Нэхэмжлэгч Н.Л- нь С.Э-гээс автомашин худалдан авч, эзэмшиж ашиглаж байсан нь тогтоогдсон тул түүнийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх тул давж заалдах шатны шүүхийн “...Н.Л- нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй” гэсэн дүгнэлт буруу. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй явдал нь нэхэмжлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хуулийг  зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь 3 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх “Б” ХХК-с 7.434.700 төгрөг гаргуулж, хариуцагч Ш.А, Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагч нараас ямар хэмжээгээр шаардаж буй нь тодорхой бус байхад шүүх тодруулаагүйгээс гадна зарим хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг шийдвэрт тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 133.906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ