Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2019/00976

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/00291/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймаг, ..сум, .. баг, .. оршин суух хаягтай, Улаанбаатар хот, ..дүүрэг, .. хороо,  .. гудамж, .. тоотод түр оршин суух Н.Л-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, .. сум, .. баг, ..хэсэг, .. гудамж, .. тоотод оршин суух Ш.А,

 

Хариуцагч: Хөвсгөл аймаг, ..сум, .. баг, ..гудамж, .. тоотод оршин суух Б.Б,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ..сум, .. баг, . хэсэг, .. тоотод байрлах “Б.э.х” ХХК /РД: ../ нарт холбогдох

“Тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 7,434,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч “Б.э.х” ХХК-ийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие .. оны ..-р сарын ..-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хот руу орж яваад өглөөний 8 цагийн орчим замын хажууд зогсож байтал .. ДАР улсын дугаартай .. маркийн автобус ирж баруун урдаас мөргөж машинд их хэмжээний хохирол учруулсан. Учирсан хохирлыг “М.ү” ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд баруун урдаас мөргөж машинд их хэмжээний хохирол учруулсан. Учирсан хохирлыг “М.ү” ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд баруун урд, хойд хаалга, копут, салхины шил, урд гупер, хойд гупер, баруун урд, хойд явах эд ангиуд болон үндсэн кузов далийсан зэрэг эвдрэлийг .. оны ..-р сарын ..-ны өдрийн .. тоот үнэлгээний тайлангаар 7,999,700 төгрөгийн бодит хохирол учруулсныг тогтоосон. Хариуцагч нар Архангай аймгийн Замын Цагдаагийн газарт байхдаа тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүгдийг төлнө гэж байсан боловч өнөөдрийн байдлаар төлөөгүйгээс гадна утсаа авахгүй байна. Иймд .. маркийн ..БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 7,999,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“...Нийт 465,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нийт 7,434,700 төгрөгийн хэмжээнд нэхэмжилнэ. Нэхэмжлэгч .. ДАР дугаартай тээврийн хэрэгслийн ашиглалтаас .. БНА дугаартай тээврийн хэрэгсэл гэмтэж эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлүүлж, арилгуулахаар энэ хэрэгт анх Ш.А, Б.Б нарыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто тээврийн Үндэсний төвөөс шүүхийн журмаар гаргуулан авсан нотлох баримтыг үндэслэн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа Б.э.х ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Үндэслэл нь .. ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь осол гарах үед буюу 2018 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар Б.э.х ХХК, эзэмшигч нь Ш.А байсан. Энэ хугацаанаас өмнө болон хойно Ш.А өмчлөгчөөр бүртгэлтэй байсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад мөн Б.э.х ХХК-ийн нэр дээр дахин бүртгэгдсэн, осол гарах үед эзэмшигч Ш.А, өмчлөгч Б.э.х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал С.Б нар жолооч Б.Бд өөрсдөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлж жолоодуулсан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. 2018 оны 01 сарын 11-ний өдөр буюу осол гарах өдөр .. ДАР дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч В ангиллын жолоодох эрхтэй Б.Б жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөнөөс осол гарч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн байдаг. Иймд хариуцагч нараас гэм буруугийн хэмжээ, оролцоогоос нь шалтгаалж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг үндэслэн Б.Бгээс 2,500,000 төгрөг, Ш.А, Б.э.х ХХК-иас тус бүр 2,467,350 төгрөг гаргуулахаар шаардаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Н.Л учирсан хохирол 7,434,700 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч Б.Бгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирлоо нэхэмжлээд, нэхэмжлэлээ багасгаж, тохиролцоод 2,000,000 төгрөг дээр эвлэрсэн. Хариуцагч нар өөрсдийн зөвшөөрлөөр Б.Бд тээврийн хэрэгслийг шилжүүлэн бариулсан байдаг. Тэгэхээр ганц Б.Б хариуцах ёсгүй. Ш.А, “Б.э.х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч адилхан хариуцах ёстой. Учир нь хариуцагч Ш.А болон “Б.э.х” ХХК-ийн захирал С.Б нар тухайн осол гарах үед тээврийн хэрэгсэл дотор байсан, тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд хамт байсан, ямар нэг хориг тавиагүй, шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Ийм учраас хохирлоо 50, 50 хувиар хуваан нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Бгээс нэхэмжилж байгаа хохирлоос 500,000 төгрөгөөс нь татгалзаж 2,000,000 төгрөгт нь эвлэрсэн.” гэв.

Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч н.Б оюутан хүн. Тэгээд Архангай аймгийн Сайхан суманд явж байтал Ш.А, “Б.э.х” ХХК-ийн захирал С.Б нар гуйгаад машин бариулсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нь зам дээр зогссон, ослын тэмдэг тавиагүй байсан. Түүнийг нь харалгүй машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2,000,000 төгрөг дээр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.Б жолоо барьж, гэхдээ түүнд уг тээврийн хэрэгслийг жолоодох ангилал байгаагүй. “Б.э.х” ХХК-ийн захирал, автобусны жолооч автобус дотор явж байсан, хориглох үүрэг тэдэнд бий, гэтэл ангилалгүй хүнд өөрсдөө зөвшөөрөл олгож бариулсан. Ийм учраас учирсан хохирлоо хуваах ёстой. Хариуцагч Б.Б эвлэрлийн гэрээнд дурдсан 45 хоногийн дотор хохирлоо төлж барагдуулна. Одоо хичээл сургуульдаа явахгүй хөдөө ажил хийгээд явж байгаа. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү.” гэв

Хариуцагч Ш.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би өөрийнхөө машиныг бариагүй, өөр хүн барьж яваад осол гаргасан болохоор хэцүү байна. Б.Б намайг бие засчихаад ирэхэд автобусыг гуйгаад барьсан. Даваан дээр гараад ах нь өөрөө барья гэхэд “за яахав яахав, би бариад явъя” гэсэн. Тухайн үед Увс аймагт .. нээх гээд туршилтын шугамаар явсан. Жолооч хийх оюутнаа би өөрөө олсон. Архангайн цаад Цахир сумын тэнд осол болсон. Би үндсэн машины эзэн, жолооч мөн. Тэр үед зам муу, мөстсөн байсан. Гэтэл зам дээр нэхэмжлэгч өөрөө эсрэг урсгал буюу миний талын урсгалд хөндлөн зогссон байснаас гадна ослын тэмдэггүй байсан. Даваа уруудаж яваад гулгаад тоормос дээр гишгэсэн боловч гулгасаар байгаад зам дээр зогсож байсан машины урд талын хаалганы хэсэгт мөргөсөн. Нэхэмжлэгчийн машины эвдэрсэн хохирол бол ихэнх нь буюу 50 хувь нь өөрийнх нь учруулсан хохирол байсан. Хот ороод янзлаад өгье гэхэд нэхэмжлэгч “үгүй би шинэ машин авна” гэсэн. Хохирлоо багасгаад 1 сая төгрөг болвол төлнө, 2,467,350 төгрөг бол төлөхгүй. Нэхэмжлэгчийн өөрөө эвдэлсэн зүйл ихэнх нь байсан.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар нотлох баримтаар тогтоогдсон. Б.э.х ХХК хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдгийг зөв гэж үзэж байна. Дарханаас гарахдаа машиныг шилжүүлсэн. Машин муу байсан бол анхнаасаа Дарханаас гарахад жолоо шилжүүлэхэд хяналт тавиад зохицуулаад явах ёстой байсан. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн санамсар, болгоомжгүй үйлдэл байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Л анхнаасаа эсрэг урсгалд, хөдлөх боломжгүй, эвдрээд, ослын тэмдэггүй зогсож байсан. Үүн дээр нэхэмжлэгч өөртөө бага хариуцлага аваад ихэнхийг бусдад нялзааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Ш.Аийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага 2,467,350 төгрөгөөс 1 сая төгрөгт л эвлэрэх боломжтой.” гэв.

Хариуцагч “Б.э.х” ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ш.Аийн барьж байгаа .. маркийн .. ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.Аийн хүсэлтээр манай компанийн нэр дээр шилжүүлсэн нь Ш.А хувиараа аж ахуй нэгж болон иргэдийн захиалгаар ОХУ-ын Улаан-Үд, Байгал далайн аялалаар явдаг учир явах зөвшөөрлийн бичиг авахын тулд байсан юм. Иймээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад манай компаниас нэг ч төгрөгийн хөрөнгө гараагүй Ш.А өөрийн хөрөнгөөр авсан бөгөөд эзэмшигч нь Ш.А мөн болно. Манай байгууллага 2,467,350 төгрөгийг төлөхгүй. Ослоос өмнө би Б.Б жолоочийг тээврийн хэрэгсэл барих ур чадвар муу байна, Ш.Аийг бариад яв гэж хэлж байсан. “..” маркийн автобус бол манай компанийн өмч биш, хариуцагч Ш.А тээврийн хэрэгслийн эзэмшигч, бид түүнтэй гэрээгээр хамтарч ажилладаг. Орлого багатай байна, надаас тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлээд өгөөд Улаан-Үд явах гэсэн юм гэж гуйж байсан. Энэ талаар нотлох баримтыг бид гаргаж өгсөн.” гэв.

Хариуцагч “Б.э.х” ХХК-ийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Үнэлгээ болон хохирол учирсан талаар маргахгүй. Харин Б.э.х ХХК ямар үйлдлээр татагдаад байна вэ гэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ тухайн компанийн нэр дээр байсан. Шилжих болсон шалтгаан Увс, Завхан чиглэлийн тендерээс болоод тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлсэн. Тухайн тендерт явахын тулд компани өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэлтэй байх ёстой байдаг. Ш.А хувьдаа тээврийн хэрэгсэлтэй байсан учраас хамтдаа тендерт яваад 4 хувийн шимтгэл авах нийтлэг байдлаар тохиролцож шилжүүлсэн. Түүнээс тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Б.э.х” ХХК биш юм. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар нэхэмжлээд Б.Б зөвшөөрөөд эвлэрсэн юм байна. Тэгэхээр осол аваар гарахад өөрийн буруутай үйлдэл байсан гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна. Өөрийнхөө гэм бурууг тодорхой хэмжээгээр Ш.А бас сая хүлээн зөвшөөрлөө. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн гэж Ш.А зөвшөөрсөн. Тэгэхээр манай “Б.э.х” ХХК хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ш.А, Б.Б, “Б.э.х” ХХК-д холбогдуулан, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол нийт 7,999,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 465,000 төгрөгөөр багасгажээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, .. маркийн ..БНА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд Б.Бгээс 2,500,000 төгрөг, Ш.Ааас 2,467,350 төгрөг, “Б.э.х” ХХК-иас 2,467,350 төгрөг тус тус гаргуулахаар хохирлын хэмжээг хуваарилан нэхэмжилж байна.

            2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Спорт сургуулийн зүүн талын замд .. маркийн автомашиныг Автобус  мөргөсөн байдалтай байна гэх мэдээллийг Архангай аймаг дахь Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгаас шалгасан байна.

Мэдээллийг шалгах явцад Б.Б нь .. маркийн .. ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зогсож байсан .. маркийн ..БНА дугаарын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол зөрчил гаргасан нь зохицуулагчийн тэмдэглэл, зөрчил гаргагч Б.Б нь хялбаршуулсан журмаар зөрчил шалгуулах хүсэлт, эд зүйл, бичиг баримт зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэн тэмдэглэл үйлдэн Б.Б-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасан хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, шийтгэл биелэгдсэн, мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “М.ү” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн .. тоот үнэлгээний тайлангаар шууд зардал 7,085,000 төгрөг, шууд бус зардал 852,600 төгрөгөөр тогтоосон бөгөөд эдгээр үйл баримт, хохирлын хэмжээний талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч нар нь дээрх хохирол гарахад хэний буруутай үйлдэл нөлөөлсөн, хэн хэрхэн хариуцах талаар маргаж байгаа бөгөөд хариуцагч Баасанцэрэн нь “хохирлыг  тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцагч Ш.А, Б.э.х ХХК-тай хуваан төлнө, зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч Н.Л ч буруутай...” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...осол гарах үед жолоо барьсан буруутай боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нар өөрсдөө явж байсан, тэдний ажил үүргийн дагуу явж байсан. Тэд нар ч буруутай боловч нэхэмжлэлийн шаардлагын 2,500,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж байгаа. Б.Бг дангаараа буруутай гэж үзэхгүй...” гэж,

Хариуцагч Ш.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа  “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод өөрийн эзэмшлийн .. маркийн .. ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчийн суудалд сууж явсан, миний үйлдлийн улмаас зам тээврийн осол гараагүй, осол болох үед тээврийн хэрэгсэл Б.э.х ХХК-ийн хөрөнгө байсан, төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлнө...” гэж,

Хариуцагч “Б.э.х” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Н.Лд хохирол учруулсан .. маркийн .. ДАР улсын дугаартай дунд оврын автобус нь манай компанийн эзэмшил өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.Аийн өмчлөлийн хувийн тээврийн хэрэгсэл. Ш.А манай компанид гэрээгээр Дархан-Хөвсгөлийн чиглэлд зорчигч  тээврийн үйлчилгээ эрхэлдэг, Улан-Үд-Байгаль далай-Дархан чиглэлийн олон улсын жуулчин тээврийн үйлчилгээг хувиараа үзүүлдэг бөгөөд тавигдах шаардлагад тээврийн хэрэгсэл нь аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр байх ёстой байх шаардлагын үүднээс манай дээр бүртгэлтэй, тухайн үед Увс-Дарханы чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ  нэвтрүүлэхээр явж байсан, хохирлыг төлөхгүй...” гэж тус тус тайлбарладаг болно.  

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар зам тээврийн осол гарахад хэний буруутай үйлдэл нөлөөлсөн талаар маргаж байна.

 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т: “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нийт учирсан хохирлыг хариуцагч нарт тодорхой хэмжээгээр хуваан хариуцуулахаар шаардлага гаргасан байгаа хэдий ч дээрх хуульд зааснаар учирсан гэм хорын хэмжээг тодорхойлж хуваарилах асуудлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нийт 7,434,700 төгрөгийн хохиролын 2,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар Б.Бгээс, мөн зүйлийн 499.4-д зааснаар осол гарах үед тээврийн хэрэгслийг Б.Бд шилжүүлсэн, ашиглах боломж олгосон эзэмшигч, өмчлөгч Ш.А, Б.э.х ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын 4,934,700 төгрөгийг адил тэнцүү буюу тус бүрээс 2,467,350 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж гэм бурууг өөрөө тодорхойлон, хохирол хуваан хариуцуулан  нэхэмжилж байгаа байдлаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гэм буруугийн талаар маргаж байгаа тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулах боломжгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1-т: “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т: “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар осол гарах үед замын хөдөлгөөнд оролцож байсан .. маркийн .. ДАР улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “Б.э.х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2018 оны 06 дугаар сарын 18-наас шинэчлэн бүртгүүлжээ.

Хариуцагч “Б.э.х” ХХК нь худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан аж ахуй нэгж ба улс хоорондын тээвэрлэлт эрхлэх үйл ажиллагааг болон аялал жуулчлал, жуулчин тээвэр эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн, Авто тээврийн тухай хуульд заасан тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа тээвэрлэгч этгээд байна.

 Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар  Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх үүргийн дагуу .. маркийн .. ДАР улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг бүртгүүлсэн.

Тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэх үедээ бүртгүүлэхээр журамлажээ.

Хариуцагч Б.Б нь .. маркийн .. ДАР улсын дугаартай  автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зогсож байсан .. маркийн ..БНА дугаарын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол зөрчил гаргасан  буруутай, энэ талаар ... аймгийн Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актаар ..... маркийн .. ДАР дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан буруутай... гэж үзсэн байна.

Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар хуульчилсан тул Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа, цахим лавлагаагаар .. маркийн .. ДАР улсын дугаартай автомашины эзэмшигч нь Б.э.х ХХК байна.

 Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7 автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 10.2.21 тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх; 10.2.11 зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч  байна  гэснээр мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон бол буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... аймгийн ... сумын 4 дүгээр баг Спорт сургуулийн зүүн талын замд .. маркийн автомашиныг Автобус  мөргөсөн байдалтай байна гэх мэдээллийг ... аймаг дахь Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгаас шалган, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгах явцад хариуцагч  Ш.А ...Увсаас Тариат сум руу орж ирээд хамт явсан Б.Б өөрийн эзэмшлийн .. маркийн .. ДАР дугаарын машиныхаа жолоог шилжүүлээд унтсан /Д ангиллын тээврийн хэрэгсэл/, Баасанцэрэнг ангилалтай гэж бодсон... гэж мэдүүлж байсан, мөн шүүх хуралдаанд ...Би үндсэн машины эзэн, жолооч мөн. Тэр үед зам муу, мөстсөн байсан. Б.Б намайг бие засчихаад ирэхэд автобусыг гуйгаад барьсан. Даваан дээр гараад ах нь өөрөө барья гэхэд за яахав яахав, би бариад явъя гэсэн... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл бусдад жолоогоо шилжүүлэх боломжийг олгосон буруутай байна.

Хариуцагч Б.э.х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... Би Б.Бг ангилалгүй байсныг одоо л мэдлээ. Замын хуудас дээр Ш.Аийн нэр дээр байгаа. Би тэр үед Увс аймгийн Автотээврийн газарт хаягласан албан бичигтэй явсан. Манай компани, Хөвсгөлийн автотээврийн төв, Дарханы автотээврийн төв гээд гурвалсан гэрээ байгуулахаар явсан, гэрээний үндсэн дээр Ш.Атай гэрээ хийх байсан. Ослоос өмнө би Б.Б жолоочийг тээврийн хэрэгсэл барих ур чадвар муу байна, Ш.Аийг бариад яв гэж хэлж байсан... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл тухайн үедээ Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар хуульчилснаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн буруутай байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагч Б.Б шууд гэм хор учруулсан нь тогтоогдож байх тул хохирлын 40 хувийг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасны дагуу хариуцагч Ш.А, Б.э.х ХХК нь шууд бус гэм хор учруулсан гэж үзэн хохирлын үлдэх 60 хувийг тэнцүү хуваарилж хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн нэхэмжлэлийн шаардлага болох 7,434,700 төгрөгийн 2,973,880 төгрөгийг хариуцагч Б.Бгээс, 2,230,410 төгрөгийг хариуцагч “Б.э.х” ХХК-иас, 2,230,410 төгрөгийг хариуцагч Ш.Ааас гаргуулж нэхэмжлэгч Н.Лд олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.А ...хариуцагч Ш.А өөрийн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалгүй гэдгийг мэдсээр байж жолоо шилжүүлсэн буруутай, жолоо барихыг болиулах ёстой байсан. Хохирлыг Ш.А, Б.Б, Б.э.х ХХК нараас хувааж гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар 2,973,880 төгрөгийг хариуцагч Б.Бгээс, 2,230,410 төгрөгийг  хариуцагч “Б.э.х” ХХК-иас, 2,230,410 төгрөгийг хариуцагч Ш.Ааас тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ХААН банк, Төрийн сан .. тоот дансанд төлсөн 143,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамжид  50,637 төгрөгийг хариуцагч “Б.э.х” ХХК-иас, 50,637 төгрөгийг хариуцагч Ш.Ааас, 62,532 төгрөгийг хариуцагч Б.Бгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ

 

 

 

                               ШҮҮГЧИД                                                  Д.АЛТАНТУЯА

 

 

 

    М.ОЮУНЦЭЦЭГ