Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/1309

 

 

 

 

 

 

      2020         10            08                                        2020/ДШМ/1309

 

Ц.Ц-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатарын давж заалдсан гомдолд үндэслэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн 1906 00156 1463 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.М-тай маргалдан улмаар толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно”...Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасныг Үндсэн хуулийн цэц хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 69 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх нь хуульд нийцнэ. Шүүгдэгч Ц.Ц нь “...хохирогч эмэгтэйг би цохиогүй, хазаагүй. Зөвхөн гэрээсээ явахыг шаардсан. Гэтэл гэрт агсам согтуу тавьж, хамаг юм гаргаж шидээд байсан тул би өөрөө цагдаа дуудаж өгсөн. ...мөрдөн байцаалтад буцаахад бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг цагдаагийн байгууллагаас хийгээгүй, хохирогч нар нь шүүх хуралдаанд ирдэггүй, нүүрэлдүүлэн байцаах гэхээр тадгалзаад байгааг гайхаж байна...”, гэрч Н.Ууганбаярын “...Ч.М нь агсам согтуу тавьсан, зодоон цохион болоогүй”, хохирогч Ч.М, гэрч Б.Цэрэнноров нарын мэдүүлгүүд зэргээс үзэхэд Ц.Ц нь Ч.М-ыг зодсон, цохисон зүйл байхгүй байх ба Ч.М нь харин айлд орж агсам согтуу тавьж эд зүйлийг нь эвдэж гэмтээсэн байна. Мөн Ч.М нь “миний цээжрүү хөлөөрөө өшиглөсөн” гэж мэдүүлсэн ба Ч.М сууж байсан ширээний араас цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтэд Ч.М цээжин тус газар гэмтэл тогтоогдоогүй, харин дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь цохих, цохигдох хүчний үед үүсэх боломжтой гэмтэл гэж үзсэн байхад Ч.М нь Ц.Ц нь намайг үсдэж чирсэн гэж худал мэдүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогоогүй байна. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, нүүрэлдүүлэн байцаах, Ц.Ц-ы гэрт хохирогчийн мэдүүлгийн үнэн зөвийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагааг хийх нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Ч.М-ыг цохисон, гэмтээсэн зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийгээгүй. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч нар биелүүлэх үүрэгтэй. Өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг дурдахгүй байна. Урьд нь уг хэргийг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хянасан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хазагдах явцад уг гэмтэл үүсэхгүй гэх дүгнэлт гараагүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байдаг. Хазагдах явцад үүсэх боломжтой, мөн цохих явцад ч үүсэх боломжтой гэх мэдүүлэг л байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар байрны ... тоот өөрийн гэртээ хохирогч Ч.М-тай “Муу сайн эмэгтэйчүүд, та нар ийм шүү дээ. Зайлцгаа” гэх зэргээр маргалдан улмаар толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.М-ын: “...Цэрэнноровын найз эмэгтэй нь сүүлд орж ирсэн халамцуу залуутай унтлагын өрөөнд ороод хоорондоо юунаас гэдгийг нь сайн мэдэхгүй байна, маргалдаад байсан. Тэгээд өрөөнөөс гарч ирээд Цэрэнноров бид хоёрт хандан “муу, сайн эмэгтэйчүүд та нар ийм байдаг шүү дээ, зайлцгаа” гэж хэлснээ намайг үсдээд газар чирээд байсан ба миний баруун чихнээс хазсан. Мөн тухайн үед намайг сууж байхад цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн. ...“ /хх 10/,

гэрч Б.Цэрэнноровын: “...Ууганбаяр, Ч.М бид гурав нийлээд нэг шил архи ууж байгаад би тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд сэрэхэд Ууганбаяр надад “Ч.М манай нөхөр Ц.Ц нар зодолдоод, Ч.М-ыг дүү нь аваад явсан” гэсэн. ...” /хх 16/,

шинжээч М.Золжаргалын: “...Ч.М-ын биед баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.М-ын биед үүссэн гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой. ...баруун чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазах үед үүсэх боломжтой, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт нь цохих, цохигдох хүчний үед үүсэх боломжтой. ...” /хх 22-23, 72/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №658 дугаартай: “Ч.М-ын биед баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт, /хх 19/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц нь “Би Ч.М-ыг зодож, өшиглөөгүй. Өөрөө манай гэрт агсам тавиад би цагдаа дуудсан” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч Ч.М-ын өөрийг нь шүүгдэгч Ц.Ц зодсон талаар шууд нэрлэн зааж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг өөр байдлаар тайлбарлаж, дүгнэх хууль зүйн боломжгүй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Аливаа этгээд эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөөр хангагдах эрхээр бүрэн хангагдсан байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит байдлыг тогтоох зарчмыг хангах чухал баталгаа болдог учиртай.

Энэ ч утгаараа шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар нь “...Ч.М-ыг цохиж зодоогүй, ... дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, нүүрэлдүүлэн байцаах, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай...” гэх зэргээр шүүгдэгчийн гэм буруутай эсэх болон хэргийн нотолгооны байдалтай холбогдуулан мэтгэлцсэн боловч дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй тухай зохицуулалт Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд үйлчилж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Ц-ы үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1504 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ