Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 127

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01031/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

“Тэтгэмж 14.375.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч Г.М-эс:

Миний бие “Шарын гол” ХК-д 2010 оноос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын жолоочоор ажилд орж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дугаар тушаалаар ...орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн даргын жолоочоор нийт 8 жил ажилласан. Ажлаас халагдахад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж гэж 2.875.000 төгрөгийг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан, “Шарын гол” ХК-ийн хамтын гэрээний 6.2.2 дахь заалтад үйлдвэрийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэлт хийж ажлын байр цөөлөх, цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа компаниас олгоно гэж тус тус зааснаар надад 6 сарын тэтгэмж олгох байтал 1 сарын цалинтай тэнцэх мөнгийг олгосон. Хамтын гэрээний заалтад уурхайн гүнд нүүрс олборлодог хүмүүст гэж онцгойлж заагаагүй байгаа. Тухайн үед хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас би уурхайн ажилтан гэж үлдэх 5 сар буюу 14.375.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:

Энэ хамтын гэрээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Гэрээний 6.2.2 дахь заалтыг үндэслэж Г.М- 14.375.000 төгрөг нэхэмжилж байна. Компани ер нь бол мэдээж ажилтанд тэтгэмж олгох ямар нөхцөл боломж байна, түүнийг харж боломжоороо ажилтнаа дэмжихийг эрмэлздэг. Г.М-ийн хувьд компани өөрийн бүрэн эрхийн хүрээнд цомхотгол хийгээд Хөдөлмөрийн хуульд заасан үүргээ биелүүлж ажилтанд сарын өмнө мэдэгдээд, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч хамтын гэрээний дагуу би 6 сарын тэтгэмж авах ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Хамтын гэрээний энэ заалт нь яг уурхай дээр байрлаж уурхайн гүнд ажилладаг, хортой хүнд нөхцөлд ажилладаг үйлдвэрийн ажилчидтай холбоотой цомхотголд 6.2.2 гэдэг заалт хамааралтай юм. Г.М- нь уурхайн хүнд хортой нөхцөлд ажиллаагүй, хортой нөхцөлд ажилласан хүмүүст 6.2.2 гэдэг заалт үйлчилнэ. Г.М- уурхайн хүнд нөхцөлд ажилладаггүй, компанийн ТУЗ-ийн дарга жолоочийн шаардлагагүй өөрөө машиныг хэрэгцээтэй үедээ жолоодох боломжтой гэж үзсэний үндсэн дээр удирдлагууд ТУЗ-ийн даргын жолоочийн албан тушаалыг цомхотгосон байдаг. Г.М-ийн албан тушаалын хувьд ТУЗ-ийн даргад үйлчилдэг компанид бол үйлчилдэггүй албан тушаал. Тэгэхээр энэ 6.2.2 гэдэг заалт нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа хүнд хамаарахгүй. Г.М-д холбогдох тэтгэлэг цалин хөлсийг “Шарын гол” ХК-ийн зүгээс өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “Шарын гол” ХК-аас 12.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, 1.875.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Шарын гол” ХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 214.950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогож шийдвэрлэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан. “Шарын гол” ХК Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6. 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан тул хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон. Гэтэл шүүх хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлчхээд байхад, тодорхой өөр үндэслэл шалтгаанаар ажлын байр цөөлж цомхотгон тухайн шалтгаанаар цомхотголд орж буй ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй тохиолдолд олгодог Хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан байдаг. Энэхүү заалтаас ямар үндэслэлээр ажлын байрыг нь байхгүй болгож, цомхотголд оруулж байгаа, мөн өөр ажилд шилжүүлэх боломжгүй урьдач нөхцөл байдал үүссэн тохиолдолд олгох ёстой тэтгэмж гэдэг нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч Г.М-ийг дээрх гэрээний заалтын 6.2.2 дахь хэсэгт зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд ТУЗ-ийн үйл ажиллагаанд өдөр тутам тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ шаардлага байхгүй, хэрэгцээ гарсан тохиолдолд жолоочгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн ТУЗ-ийн даргын санал хүсэлтийн дагуу ТУЗ-ийн даргын жолооч гэсэн ажлын байрыг байхгүй болгож, ажлаас чөлөөлсөн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг тул хамтын гэрээнд юу гэж заасан байна, тэрхүү утгаар уг заалтыг ойлгож хэрэглэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдуулан өөрийнх нь эрхэлж байсан ажлын орон тоог цомхотгосны улмаас халагдсаны тэтгэмж 14.375.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Г.М- нь нүүрсний ил уурхайд буюу нүүрс олборлох процесст шууд оролцдоггүй, ТУЗ-ийн даргад л үйлчилж байсан албан тушаал гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь хянаж үзэхэд нэхэмжлэгч Г.М- “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн даргын жолоочийн албан үүргийг 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 жил гүйцэтгэсэн ба 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь Г.М-ийг чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэл болгож ТУЗ-ийн даргын жолоочийн ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас нь халжээ.

Талууд нэг сарын тэтгэмж өгсөн авсан талаар маргаагүй бөгөөд холбогдох баримт хэрэгт авагдсан болно.

Хариуцагч Төлөөлөн удирдах зөвлөлийн хүсэлтээр ажлын байрыг хасаж байгаа явдал нь хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь тэтгэмж хэсгийн 6.2.2-т үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхотгох гэсэнд агуулгын хувьд хамааралгүй гэж гомдол гаргасан байна.

“Шарын гол” ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар Г.М- тус ХК-ийн ажилтан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэгчийг тус уурхайд хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм.

Ажил олгогч, ажилтан Г.М-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ...нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулжээ.

Дээрх хуульд зохицуулсныг үндэслэн “Шарын гол” ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний  6 дугаар зүйлийн 6.2.2-т... 5-10 жил ажилласан бол 6 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно... гэж заасны дагуу нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ  

                                                                ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ