Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1140

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -  тоотод оршин суух Г.М--ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт багт байрлах “Шарын гол” ХК /РД: 2050374, утас: 7037-2235, 8802-6677/-д холбогдох

“Тэтгэмж 14,375,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Шарын гол ХК-д 2010 оноос ТУЗ-ын даргын жолоочоор ажилд орж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дугаар тушаалаар Төлөөлөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд өдөр тутам тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ шаардлага байхгүй, ТУЗ-ын дарга өөрөө тээврийн хэрэгслээ жолоодох болсон гэсэн төлөвлөлтийн дагуу орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Шарын гол ХК-д ТУЗ-ийн даргын жолоочоор нийт 8 жил ажилласан. Ажлаас халагдахад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж гэж 2,875,000 төгрөгийг өгсөн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан, Шарын гол ХК-ийн хамтын гэрээний 6.2.2 дахь заалтад үйлдвэрийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэлт хийж ажлын байр цөөлөх, цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа компаниас олгоно гэж тус тус зааснаар надад 6 сарын тэтгэмж олгох байтал 1 сарын тэтгэмж олгож хохироогоод байна. Иймд 5 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 14,375,000 төгрөгийг олгуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Г.М-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний өөрийн тухайн үед авч байсан цалингаар тооцоолсон 1 сарын цалинтай тэнцэх мөнгийг авсан одоо үлдэх 5 сар буюу 14,375,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Би 2,500,000 төгрөг 375,000 төгрөг удаан жил ажилласан нэмэгдэл авдаг байсан. Одоо эхнэр маань төрсөн өрхийн орлого муутай орон сууцны зээл машины зээлд давхар хамрагдсан тул санхүү маш хүнд байгаа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 14,375,000 төгрөгийг Шарын гол ХК-наас гаргуулж өгнө үү. Гэрээнд бичихдээ ерөнхий зүйл бичсэн байна, би тухайн компанийн ажилтан гэж өөрийгөө үзэж байсан. Гэтэл намайг Улаанбаатар хотод ажилладаг учир хамааралгүй гэж байгаа нь буруу юм. Би хөдөө орон нутгаар явдаг, ажлын цагт баригдаж ажилладаггүй байсан надад орой үдэш, хоногоор хүртэл явж ажиллах шаардлага гардаг байсан. Хамтын гэрээний заалтад уурхайн гүнд нүүрс олборлодог хүмүүст гэж онцгойлж заагаагүй байгаа. Тухайн үед хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас би ч мөн адил уурхайн ажилтан юм.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хамтын гэрээ 2016.05.01-ний өдөр байгуулагдсан энэ гэрээний 6.2.2 дахь заалтыг үндэслэж Г.М-14,375,000 төгрөг нэхэмжилж байна. Компани ер нь бол мэдээж ажилтанд тэтгэмж олгох ямар нөхцөл боломж байна, түүнийг харж боломжоороо ажилтнаа дэмжихийг эрмэлздэг. Г.Мөнх-Эрдэнийн хувьд компани өөрийн бүрэн эрхийн хүрээнд цомхотгол хийгээд сарын өмнө мэдэгдээд, Хөдөлмөрийн хуульд заасан үүргээ биелүүлж ажилтанд мэдэгдсэн, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмж олгож өгсөн. Гэтэл нэхэмжлэгч хамтын гэрээний дагуу би 6 сарын тэтгэлэг авах ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Хамтын гэрээний энэ заалт нь яг уурхай дээр байрлаж уурхайн гүнд ажилладаг, хортой хүнд нөхцөлд ажилладаг үйлдвэрийн ажилчидтай холбоотой цомхотгол 6.2.2 гэдэг заалт хамааралтай юм. Г.М-нь уурхайн хүнд хортой нөхцөлд ажиллаагүй, хортой нөхцөлд ажилласан хүмүүст 6.2.2 гэдэг заалт үйлчлэх юм. Гэрээг тайлбарлахдаа тухайн текстийг тайлбарлахдаа мөн уурхайн нөхцөлийг харгалзаж байж гэрээний нөхцөлийг тодорхойлох юм. Энэ заалтыг баримталж үйлдвэрт ажилладаггүй хүмүүст өгч байсан тохиолдол байхгүй юм. Г.М-уурхайн хүнд нөхцөлд ажилладаггүй, компанийн ТУЗ-ийн дарга жолоочийн шаардлагагүй өөрөө машиныг хэрэгцээтэй үедээ жолоодох боломжтой гэж үзсэний үндсэн дээр удирдлагууд ТУЗ-ийн даргын жолоочийн албан тушаалыг цомхотгосон байдаг. Г.Мөнх-Эрдэнийн албан тушаалын хувьд ТУЗ-ийн даргад үйлчилдэг компанид бол үйлчилдэггүй албан тушаал юм. Тэгэхээр энэ 6.2.2 гэдэг заалт нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа хүнд хамаарахгүй юм. Г.Мөнх-Эрдэнэд холбогдох тэтгэлэг цалин хөлсийг Шарын гол ХК-ийн зүгээс өгсөн байтал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зохисгүй юм. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М-нь хариуцагч Шарын гол ХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас цомхотголоор халагдсаны тэтгэмж 14,375,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Г.М-Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн даргын жолоочийн албан үүргээс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дугаартай тушаалаар орон тооны цомхотголоор халах үед 1 сарын  тэтгэмж олгосон нь Хамтын гэрээний 6.2.2 заалтыг зөрчсөн тул 5 сарын тэтгэмж 14,375,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нүүрсний ил уурхайд буюу нүүрс олборлдох процесст шууд оролцдог үйлдвэрт ажилладаг ажилтнуудад хамааралтай нь гэрээний үг үсгээс харагдана, ТУЗ-ийн даргад л үйлчилж байсан албан тушаал гэж маргаж байна.

Шарын Гол ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ 2016 оны 05 дугаар сарын 04-ноос 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хүчинтэй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар гаргуулсан энэ гэрээнээс өөр гэрээ ХК-д үйлчлээгүй гэж тайлбарлаж байна.

Шарын Гол ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар Г.М-тус ХК-ийнн ажилтан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлдэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй байна.

Ажил олгогч Шарын гол ХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ...2018 оны 5-р сарын 30-ны өдөр ТУЗ-ийн даргаар Г.Хулан томилогдсон бөгөөд, ТУЗ-ийн үйл ажиллагаанд өдөр тутам тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ шаардлага байдаггүй, хэрэгцээ шаардлага гарсан тохиолдолд өөрөө тээврийн хэрэгслийг жолоодох тул жолоочгүйгээр өөрийн ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүсэлтээ ирүүлсэн. ТУЗ-ийн даргын жолоочийн ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан тул гэрээг цуцлахаа нэг сарын өмнө мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хүргүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр үүрэгт ажлаас Г.Мөнх-Эрдэнийг чөлөөлсөн байна.

ТУЗ-ийн даргын хүсэлтээр ажлын байрыг хасаж байгаа явдал нь хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 Тэтгэмж хэсгийн 6.2.2 үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхотгох гэсэнд агуулгын хувьд хамааралгүй гэсэн тайлбараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлохгүй байна.

Хамтын гэрээний 6.2.2-ын үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхотголд хамаарах ажлын байрны жагсаалтыг хамтын гэрээнд тодотгоогүй мөн гэрээний 9 дүгээр бүлэг /хамтын ажиллагаа/ 9.4-т Компанийн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйл, компанийн дотоод журмыг үндэслэнэ гэжээ.

Ажил олгогч ажилтан Г.Мөнх-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөстэй тэнцэх   тэтгэмж олгохоор хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг ажил олгогчид хуулиар үүрэгжүүлсэн, ажил олгогч Шарын гол ХК хууль зөрчөөгүй, энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Харин нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар ажилтан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээндээ компанийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож, тухайн ажил олгогч нийгмийн хамгааллын бодлого /хамтын гэрээний 6 дугаар бүлэг. Нийгмийн хамгаалал/ зохицуулалт буюу урамшуулал, хөнгөлөлт, тэтгэмж, тусламжаа бие даан, эдийн засгийн боломждоо тулгуурлан хамтын гэрээгээр шийдвэрлэх боломжийг хууль нээлттэй олгосон.

Ажил олгогчийн одоо мөрдөж байгаа гэх хамтын гэрээний 6 дугаар бүлэг Нийгмийн хамгаалал хэсэгт Компанийг ажилтнуудад цалин хөлсний нэмэгдэл олгох үед газрын дор, газрын дээр гэж, ажилласан жилээр хамааран ялгамжтай хувь хэмжээгээр тогтоосноос бусад бүлэгт албан тушаалыг ялгаагүй байна.

Санхүүгийн чадавхиас хамаарч 1 сарын тэтгэмж олгосон гэх үндэслэлээ бусад байдлаар хариуцагч нотлоогүй энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Г.М-Хөдөлмөрийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй тул хамтын гэрээний 6.2.2-д заасан 5-10 жил ажилласан бол 6 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэснийг шаардах эрхийн үндэслэл болгож байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Шарын гол ХК-аас /үндсэн цалин 2,500,000 төгрөг х 5 сар / 12,500,000 төгрөг гаргуулан Г.Мөнх-Эрдэнэд олгож, илүү нэхэмжилсэн 1,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 14,375,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Шарын гол ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 214,950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Шарын гол ХК-иас 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэд олгож, 1,875,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М-нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шарын гол ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 214,950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ