Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00546

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар магадлалтай,

Г.М-ийн нэхэмжлэлтэй,

“Ш” ХК-д холбогдох,

14.375.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.М-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш ХК-д 2010 оноос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын жолоочоор ажилд орж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дугаар тушаалаар орон тооны цомхтголоор ажлаас халагдсан. Ажлаас халагдахад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж гэж 2.875.000 төгрөгийг өгсөн. Ш ХК-ийн хамтын гэрээний 6.2.2 дахь заалтад үйлдвэрийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэлт хийж ажлын байр цөөлөх, цомхтголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа компаниас олгоно гэж тус тус зааснаар надад 6 сарын тэтгэмж олгох байтал 1 сарын цалинтай тэнцэх мөнгийг олгосон. Хамтын гэрээний заалтад уурхайн гүнд нүүрс олборлодог хүмүүст гэж онцгойлж заагаагүй байгаа. Тухайн үед хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас би уурхайн ажилтан гэж үлдэх 5 сар буюу 14.375.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

Хариуцагч “Ш” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хамтын гэрээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Г.М-ийн хувьд компани өөрийн бүрэн эрхийн хүрээнд цомхтгол хийгээд Хөдөлмөрийн хуульд заасан үүргээ биелүүлж ажилтанд сарын өмнө мэдэгдээд, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмж өгсөн. Учир нь Хамтын гэрээний энэ заалт нь яг уурхай дээр байрлаж уурхайн гүнд ажилладаг, хортой хүнд нөхцөлд ажилладаг үйлдвэрийн ажилчидтай холбоотой цомхтголд 6.2.2 гэдэг заалт хамааралтай юм. Г.М-э нь уурхайн хүнд хортой нөхцөлд ажиллаагүй, хортой нөхцөлд ажилласан хүмүүст 6.2.2 гэдэг заалт үйлчилнэ. Г.М-э уурхайн хүнд нөхцөлд ажилладаггүй, компанийн ТУЗ-ийн дарга жолоочийн шаардлагагүй өөрөө машиныг хэрэгцээтэй үедээ жолоодох боломжтой гэж үзсэний үндсэн дээр удирдлагууд ТУЗ-ийн даргын жолоочийн албан тушаалыг цомхтгосон байдаг. Г.М-ийн албан тушаалын хувьд ТУЗ-ийн даргад үйлчилдэг компанид бол үйлчилдэггүй албан тушаал. Тэгэхээр энэ 6.2.2 гэдэг заалт нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа хүнд хамаарахгүй. Г.М-эд холбогдох тэтгэлэг цалин хөлсийг Ш ХК-ийн зүгээс өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ш ХК-аас 12.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-эд олгож, 1.875.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М-э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш ХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 214.950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“Ш” ХК-аас 12,500,000 төгрөг гаргуулан Г.М-эд олгож...” дүгнэн. нэхэмжлэлийн шаардлагыг уг хэмжээгээр хангасан шийдвэр гаргасан. Шүүх хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлчхээд байхад,тодорхой өөр үндэслэл шалтгаанаар ажлын байр цөөлж цомхтгон, тухайн шалтгаанаар цомхтголд орж буй ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй тохиолдолд олгодог тэтгэмжийг олгох ёстой байсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан.  Хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-д “Үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхтгох тохиолдолд оөр ажилд шилжүүлэх боломжгүй бол цомхтголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно” гэж заасан байдаг. Энэхүү заалтаас ямар үндэслэлээр ажлын байрыг нь байхгүй болгож, цомхтголд оруулж байгаа, мөн өөр ажилд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд олгох ёстой тэтгэмж гэдэг нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч Г.М-ийг дээрх гэрээний заалтын 6.2.2 дахь хэсэгт зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд ТУЗ-ийн үйл ажиллагаанд өдөр тутам тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ шаардлага байхгүй, хэрэгцээ гарсан тохиолдолд жолоочгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн ТУЗ-ийн даргын санал хүсэлтийн дагуу ТУЗ-ийн даргын жолооч гэсэн ажлын байрыг байхгүй болгож, ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Г.М-э ажлаас чөлөөлсөн үндэслэл дээр маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг тул хамтын гэрээнд юу гэж заасан байна, тэрхүү утгаар уг заалтыг ойлгож хэрэглэх ёстой.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэл бүхий  болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Тэтгэмжид 14.375.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.М-ий нэхэмжлэлийг хариуцагч “Ш” ХК эс зөвшөөрч,  маргажээ.

Нэхэмжлэгч нь “Ш” ХК-ийн ТУЗ-ийн даргын жолоочоор 8 жил ажилласан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн Б/140 дүгээр тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин хамтын гэрээнд заасан тэтгэмж олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэх ба тэтгэмжийн хэмжээг  хамтын гэрээгээр зохицуулахаар мөн хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан.

“Ш” ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2016 онд хамтын гэрээ байгуулагдаж, Дархан-Уул аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Уг Хамтын гэрээний 6.2.2-т  зааснаар үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж, ажлын байр цөөлөх, цомхтгох тохиолдолд өөр ажилд  шилжүүлэх боломжгүй бол цомхтголд орж халагдаж буй  ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш ажилласан бол 24 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгохоор зохицуулжээ.

Түүнчлэн Хамтын гэрээний 2.6-т “ажилтан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т заасан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно” гэж заасан, нэхэмжлэгч уг заалтад хамаарч байгаа тул  6 сарын тэтгэмж  шаардах эрхтэй, тэрээр нэг сарын тэтгэмжийг авсан тул хариуцагч 5 сарын цалинтай тэнцэх 12.500.000 төгрөгийн тэтгэмж олгох үүрэгтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хамтын гэрээ болон  хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1140 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 214.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ