Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"К Б" ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00878/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “К Б”  ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХК-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 207.537.032,93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Т.Тамирболд, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “К Б”  ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10/112 тоот Зээлийн гэрээ байгуулж 290.000.000,00 төгрөгийн зээлийг жилийн 8,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай, JBIC-ийн /Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын/ төслийн зориулалттай зээлийг авсан.

Зээлийн хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд:

1. “Х-” ХК-ийн өмч, Дархан-Уул аймаг, Орхон суманд байрлах, 952,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2004000193 дугаартай, 0036484 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний барилга, Усжуулалтын систем /нэгж талбарын 080250033 дугаартай, 0.36 га газрын хамт/,

2. “Х-” ХК-ийн эзэмшлийн 10.000 м.кв талбайтай, нэгж талбарын 080250033 дугаартай, 0174497 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалж, 10/112 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт ногдох төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх ...талуудын байгуулсан зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийг нэг удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, гэрээг цуцлахаар заасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн хуулийн заалтын агуулгад нийцээгүй байна... гээд ...талуудын №10/112 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан боловч Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн.

Улмаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр бүрэн дуусгавар болоод байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч “Х-” ХК-аас өнөөдрийн буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 173.144.370,45 төгрөг, зээлийн үндсэн хүү 31.374.102,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.982.059,49 төгрөг, нотариатын зардал 36.500,00 төгрөг, нийт 207.537.032,93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хоорондын байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №10/112 дугаартай зээлийн гэрээнд 290.000.000 төгрөгийг жилийн 8,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцсон байдаг.

Зээлийн гэрээний дагуу банк нь “Х-” ХК-ийн зээлийн дансанд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 290.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч тэр даруйдаа уг зээлийн дансыг битүүмжилсэн нь дипозит дансны хуулгаар тогтоогддог ба ийнхүү битүүмжлэхдээ ХМ Зоригтын шийдвэрээр битүүмжлэв. Бүхэлд нь битүүмжилсэн гэх тэмдэглэл хийгдсэн байдаг. ХМ Зоригт гэсэн тэмдэглэл нь харилцагчийн менежер буюу тухайн зээлийг олгосон банкны ажилтан Д.З- болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогддог. JBIC төслийн хямд эх үүсвэрийг “Х-” ХК-ний нэр дээр зээл хэлбэрээр гаргангуутаа, тухайн зээлийн хүүтэй тэнцүү хүүтэй, зээлдэгчид ямар ч ашиггүй хадгаламж болгон хувиргаж байгаагаас үзэхэд банк уг зээлийг төслийн зориулалтаар олгох хүсэл зорилго анхнаасаа байгаагүй, харин уг зээлийн мөнгийг банк эргэлтэд оруулж ашиг болох зорилготой байсныг нотлогддог. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй байтал банкны зүгээс зээлийг хадгаламж болгон хувиргаж, уг хадгаламжаа битүүмжилсний үр дүнд зээлдэгч зээлийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй болгож байгаа нь уг мөнгийг өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь захиран зарцуулах эрхгүй өмчлөх эрх гэж байх боломжгүй юм.

Түүнчлэн “Х-” ХК нь хадгаламж болгож хувиргасан зээлээс 145.300.000 төгрөгийг бодитойгоор хүлээн авсан байхад үндсэн зээлийн үлдэгдэл 173.144.970 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан ба уг хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал бодитойгоор хүлээж аван захиран зарцуулсан 145.300.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх, нэхэмжлэгч зээлийн хүүнд суутгаж авсан 120.008.569 төгрөгийг хариуцагчид буцааж өгөх үр дагавар гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч “Х-” ХК-иас 145.530.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К Бинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 62.007.032,93 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.195.700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 885.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс тухайн зээл нь харилцан тохиролцсон хүүтэй, эргэн төлөлтийн хуваарьтай байгааг анхаарч үзэлгүй буруу дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ түүний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүг зөрчил үүссэн нөхцөлд нэмэгдүүлсэн хүүг тооцох эрхтэй байхад анхан шатны шүүхээс тухайн хэрэгт хамаарал бүхий баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж дүгнээгүй байна. хадгаламжийн доод үлдэгдлийг ямар хэмжээнд байлгах асуудал нь мөн харилцан тохиролцсон гэрээний дагуу зохицуулагдсан асуудал байхад хүчээр тулган хийсэн мэтээр дүгнэлт гаргасан байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд  нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шүүхийн шийдлийн  агуулгыг хэвээр үлдээх нь  зүйтэй.

Анхан шатны шүүх  зохигчдын хооронд  хийгдсэн  зээлийн гэрээг  хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхэд хууль зүйн  үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс, хуулийг буруу  хэрэглэсэн  алдаа, зөрчил  гаргасан байх тул  давж заалдах шатны шүүхээс    шүүхийн  шийдвэрт  өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой  гэж үзэв.

            Нэхэмжлэгч “К Б” ХХК, хариуцагч “Х-” ХК-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэг  үндсэн зээлийн үлдэгдэл 173.144.371 төгрөг,  хүүгийн үлдэгдэл  31.374.102 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  2.982.059  төгрөг, нотариатын зардал 36.500  төгрөг нийт  207.537.032  төгрөг  гаргуулах  нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “К Б”  2010 оны 6 сарын 11-ний өдөр 290.000.000 төгрөгийн зээлийг, жилийн 8.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай  олгохоор гэрээ байгуулжээ.

            Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зориулалттай буюу Монгол улсын Сангийн яам, “К Б”-ны хооронд байгуулсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах үе шаттай зээлийн төслийн дагуу “К Б” нь дамжуулан зээлдэгчээр тус  гэрээнд оролцсон байна.

Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэхэд “К Б” нь гэрээний зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд хамтран ажиллах  үүрэг хүлээжээ.

            Банк гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй болох нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдож байна .

290.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  зээл  олгохдоо  1.450.000 төгрөгийг шимтгэл гэж  суутган авч  288.550.000 төгрөгийг  байгууллагын мөнгөн хадгаламжийн гэрээ гэгчийг байгуулан уг дансанд хийжээ.

Ингэхдээ дансны доод үлдэгдэл нь 143.550.000 төгрөг байхаар гэрээнд заажээ.  Зээлийн гэрээг 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан,  9 дүгээр сарын 30-ны өдөр хадгаламжийн гэрээнд мөнгө шилжүүлсэн атлаа 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр дансыг битүүмжилсэн байна.

            Талуудын дунд үүссэн маргаантай харилцаа нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээнээс үүсэн маргаан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө  буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.

Зээлийн гэрээний энэ агуулгыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд “Банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох”  гэж мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж , төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа,эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан, бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ”  гэж  нарийвчлан тодорхойлсон.

            Энэ хуульд зааснаар зээл олгох ажиллагаа нь “зээлдүүлэгч нь хүү, хугацаа бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж зээл олгоно. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас зээлдэгч тал зээл хүсэж, шаардагдах баримт материалыг банкинд гаргаж өгсөн, банк зээлийн судалгаа явуулж, зээлийн хороогоор хэлэлцэж зээл олгох асуудлыг 100 хувийн саналаар шийдвэрлэж байсан болон бичгийн хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээний стандартад нийцсэн гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд иргэний эрх зүйн үр дагавар бий болгох хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй байна гэж үзлээ.

Энэ нь дээрх хуулийн заалтуудаар тайлбарлагдаж байна. Зээл нь зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр  олгосонд тооцно.

            Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу хадгаламж нээгээгүй  энэ талаар хэрэгт баримт материал байхгүй, зээлийн мөнгө шилжүүлсэн өдрөө хадгаламжийн гэрээнд харилцагчаар гарын үсэг зуруулж, бүтээгдэхүүн хувиргав  гэж мөнгийг тухайн хадгаламжийн дансанд зээлийн гэрээний хүүтэйгээр байршуулсан мөн 2010 оны 6 дугаар  сарын 22-ны өдөр уг дансыг битүүмжилсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг зээл олгох зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн банкны буюу зээлдүүлэгчийн үйлдэл Иргэний хууль болон Банкны хууль,  Банк ,эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцэж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар , нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй байна.

             Банк нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцүүлэн иргэн хуулийн этгээдтэй хадгаламжийн гэрээ байгуулсан нөхцөлд түүний эдлэх эрх үүргийг тус хуулиудаар зохицуулсан бөгөөд банкны үйл ажиллагаанд тодорхой төрлийн хориглолт хязгаарлалт байх ёстой.

Тухайлбал:  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2.2-т хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх эрхтэй байна банк энэ хуулийн заалтыг зөрчиж зээлдэгчийн хадгаламжийн данснаас  зээлийн төлбөрийг хийж байсан байдал тогтоогдож байна .

            Иргэний эрх зүйн аливаа гэрээ хэлцэл талуудын хүсэл зоригийн үндсэн дээр иргэний эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэх зорилгоор хийгдсэн байх учиртай.

            Харилцагч банкинд хадгаламжийн гэрээ байгуулахын тулд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн  хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2,3 дугаар зүйлд зааснаар банк нь хадгаламжийн хүү хугацааг нийтэд зарлах бөгөөд үг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хадгалуулагч мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж мөнгөө хадгалуулах бөгөөд энэ харилцааг уг хуулиар зохицуулна . Харин зээлийн гэрээний дагуу олгох мөнгийг харилцагчид шилжүүлэхдээ хадгаламжийн данс нээж үг дансны доод үлдэгдэл гэгчийг банк тогтоож , дансыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг хязгаарлаж , харилцагчийн зөвшөөрөлгүйгээр уг данснаас зээлийн хүүг шилжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэсэн иргэний эрх зүйн зарчим болон 189 дүгээр зүйлийн гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй гэсэн гэрээний чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй байна.

Зээлдэгч зээлийн хэрэгцээгээ тодорхойлж зээл хүссэн хүсэлтийн дагуу банк зээлийн хороогоор зээл олгохыг шийдвэрлэж гаргасан зээл нь зээлдэгчийн зээлийн дансанд орж мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах бодит боломжийг олгоогүй банкны шахалтаар хадгаламжийн гэрээ байгуулан уг данснаас банк харилцагчийн зөвшөөрөлгүй зээлийн хүүг төлж байсан зэрэг банкны үйл ажиллагааг хууль болон хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр явуулсан талаар нэхэмжлэгч шүүхэд үндэслэл бүхий баримт гарган мэтгэлцээгүй бөгөөд хариуцагчийн энэ талаарх тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагч  хадгаламжийн данснаас  145.300.000 төгрөгийг авч зарцуулсан үйл баримтын талаар  талууд маргаагүй. Энэ  мөнгөнд  оногдох хүүг  нэхэмжилсэн банк банкны хүүг ямар хугацаанд  хэчнээн хувиар нэхэмжилж байгаа  энэ мөнгөнд оногдох  хүүг  буцааж төлсөн эсэхийг  баримт гаргаж  тооцоолон ирүүлээгүйг  нэхэмжлэлийн шаардлагаа  нотлоогүй гэж  үзнэ.

“Х-” ХК нь зээлийн зарцуулалтыг агуулахын барилгад 85,9 сая, тоног төхөөрөмжид 60,0 сая, услалтын систем, усалгааны тоног төхөөрөмжид 103,0 сая,  газар боловсруулалт, эргэлтийн хөрөнгөд  41,1 сая төгрөг  нийт  290.000.000 төгрөг гэж  тооцоолсон байхад үйл ажиллагаанд хүрэхгүй мөнгийг өгч байгаа нь зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь  зээлийн хөрөнгө зориулагдсан үйл ажиллагаанаас  олсон ашгаас  эргэн төлөгдөх зарчимд нийцээгүй ба хадгаламжийн доод хязгаарыг нийтэд зарлагдаагүй  хязгаараар тогтоож,  ингэхдээ зээлийн гэрээний  үнийн дүнгийн 50 хувийг олгохгүй байхаар  хязгаарласан, битүүмжилсэн  үйл ажиллагаа нь зээлийн гэрээг тодорхой үр дүнд  хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр,  хэлцэл хийсэн зөвхөн  гадаад илэрхийллийг  бий болгохын тулд дүр үзүүлэн  хийсэн хэлцэлд тооцох үндэслэлтэй  байна.

Иймд  талуудын  байгуулсан  2010 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 10\112 тоот гэрээ  дүр үзүүлэн хийсэн  хэлцэл гэж дүгнэн гэрээгээр өгсөн авсан  зүйлийг  буцаан олгохоор шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1 дүгээр заалтад,  Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1.2, 56.5 гэсэн заалтыг нэмж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467.985 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

         

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ 

                                                                 ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ