Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00715

 

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар магадлалтай,

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Х”ХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 207 537 032,93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “К Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10/112 тоот Зээлийн гэрээ байгуулж 290 000 000,00 төгрөгийн зээлийг жилийн 8,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай, JBIC-ийн /Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын/ төслийн зориулалттай зээлийг авсан. Зээлийн хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд: 1. “Х”ХК-ийн өмч, Дархан-Уул аймаг, Орхон суманд байрлах, 952,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 0036484 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний барилга, Усжуулалтын систем /нэгж талбарын 080250033 дугаартай, 0.36 га газрын хамт/ 2. “Х”ХК-ийн эзэмшлийн 10.000 м.кв талбайтай, нэгж талбарын 080250033 дугаартай, 0174497 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалж, 10/112 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт ногдох төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх ...талуудын байгуулсан зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийг нэг удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, гэрээг цуцлахаар заасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн хуулийн заалтын агуулгад нийцээгүй байна... гээд ...талуудын №10/112 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан боловч Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн. Улмаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр бүрэн дуусгавар болоод байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч “Х”ХК-аас өнөөдрийн буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 173.144.370,45 төгрөг, зээлийн үндсэн хүү 31.374.102,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.982.059,49 төгрөг, нотариатын зардал 36.500,00 төгрөг, нийт 207.537.032,93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хоорондын байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №10/112 дугаартай зээлийн гэрээнд 290.000.000 төгрөгийг жилийн 8,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцсон байдаг. Зээлийн гэрээний дагуу банк нь “Х”ХК-ийн зээлийн дансанд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 290.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч тэр даруйдаа уг зээлийн дансыг битүүмжилсэн нь дипозит дансны хуулгаар тогтоогддог ба ийнхүү битүүмжлэхдээ ХМ Зоригтын шийдвэрээр битүүмжлэв. Бүхэлд нь битүүмжилсэн гэх тэмдэглэл хийгдсэн байдаг. ХМ Зоригт гэсэн тэмдэглэл нь харилцагчийн менежер буюу тухайн зээлийг олгосон банкны ажилтан Д.Зоригт болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогддог. JBIC төслийн хямд эх үүсвэрийг “Х”ХК-ний нэр дээр зээл хэлбэрээр гаргангуутаа, тухайн зээлийн хүүтэй тэнцүү хүүтэй, зээлдэгчид ямар ч ашиггүй хадгаламж болгон хувиргаж байгаагаас үзэхэд банк уг зээлийг төслийн зориулалтаар олгох хүсэл зорилго анхнаасаа байгаагүй, харин уг зээлийн мөнгийг банк эргэлтэд оруулж ашиг болох зорилготой байсныг нотлогддог. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй байтал банкны зүгээс зээлийг хадгаламж болгон хувиргаж, уг хадгаламжаа битүүмжилсний үр дүнд зээлдэгч зээлийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй болгож байгаа нь уг мөнгийг өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь захиран зарцуулах эрхгүй өмчлөх эрх гэж байх боломжгүй юм. Түүнчлэн “Х”ХК нь хадгаламж болгож хувиргасан зээлээс 145.300.000 төгрөгийг бодитойгоор хүлээн авсан байхад үндсэн зээлийн үлдэгдэл 173.144.970 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан ба уг хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал бодитойгоор хүлээж аван захиран зарцуулсан 145.300.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх, нэхэмжлэгч зээлийн хүүнд суутгаж авсан 120.008.569 төгрөгийг хариуцагчид буцааж өгөх үр дагавар гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч “Х”ХК-иас 145.530.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 62.007.032,93 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.195.700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х”ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 885.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К Б”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар магадлалаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтад, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 гэсэн заалтыг нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467.985 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд хяналтын гомдолдоо: Магадлалыг нэхэмжлэгч Капитрон банкны зүгээс хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хууль болох иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах заалтыг хэрэглэж, нэхэмжлэлээс 62 007 032.93 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхдээ хэрэгт авагдсан үйл баримтыг хэтэрхий нэг талд буюу хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах заалтыг тус тус зөрчсөн болно. Тодруулбал, Зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгөөс харилцагчийн хүсэлтээр гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хадгаламжийн харилцааг үүссэн байгааг “мөнгөн хадгаламжийн гэрээг банк хүчээр байгуулж, хадгаламжийн данс нээн банк мөнгөн хадгаламжийн доод үлдэгдлийг дангаараа тогтоож, битүүмжилсэн” мэтээр дүгнэсэн байна. Мөнгөн хадгаламж, түүний доод үлдэгдлийн талаар талууд харилцан тохиролцож байгуулсан үндсэн болон нэмэлт гэрээнүүд хэрэгт авагдсан байхад “хадгаламжийн гэрээнд харилцагчаар гарын үсэг зуруулсан” гэж хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлтүүдийг хийсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас ингэж дүгнэх үндэслэл байхгүй юм. “Банк гарын үсэг зуруулсан” “Банк доод үлдэгдлийг тогтоосон” “Банк гэрээ байгуулсан” зэргээр дүгнэсэн байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлтүүд юм. Эдгээр дүгнэлтүүдийг хийхийн тулд заавал банкны зүгээс зээлдэгчид дарамт шахалт үзүүлсэн, гэрээнд хүчээр зуруулсан, эсхүл гэрээ хэлцэлгүйгээр хадгаламжийн доод үлдэгдлийг тогтоосон зэрэг үйл баримтууд байх ёстой бөгөөд эдгээрийг шүүх нэг бүрчлэн олж тогтоосон байх ёстой юм. Гэтэл банкны зүгээс шахсан дарамталсан, гэрээ хэлцэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зүйл огт байхгүй юм. “Мөнгөн хадгаламжийн гэрээ, түүний нэмэлт гэрээ”-г үзээд давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “банкийг харилцагчаар зуруулсан” гэж дүгнэсэн байх юм. Гарын үсэг бүхий гэрээг үзээд харилцагч өөрөө хүсэл зоригийн үндсэн дээр зурсан гэхээсээ илүүтэйгээр банкны шахалтаар харилцагч зурсан гэж дүгнэсэн байгаа нь давж заалдах шатны шүүх аль хэдийнээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасан зарчмуудыг үл ойшоож, мөнгөн хадгаламжийн харилцааг банкны заавар, зохион байгуулалтын дор хийсэн гэсэн “урьдаас хөдөлбөргүй” баримтад хөтлөгдөх болсныг нотолж байгаа юм. Ямар ч энгийн нөхцөлд гарын үсэг бүхий гэрээг хөндлөнгийн этгээд үзээд харилцан тохиролцож байгуулсан гэж үздэг байдаг давж заалдах шатны шүүх ингэж үзээгүйд хамгийн гол учир байгаа юм. Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, мөнгөн хадгаламжийн данс нээх болон дансны доод үлдэгдлийг тодорхойлох асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн нөхцөл байдлыг банк дангаараа хийсэн мэтээр дүгнэсэн байгаа нь өөрөө үндэслэл муутай, нотолгоогүй буюу хавтаст хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдохгүй үйл баримтууд юм. Мөнгөн хадгаламжийн гэрээний харилцааг зээлийн гэрээний харилцаатай хамаатуулж, мөнгөн хадгаламжийн гэрээгээр тохиролцсон тусдаа тохиролцоог зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлээ болгосон байна. Мөнгөн хадгаламжийн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй юм. Зээлийн гэрээ байгуулах, зээл олгох, зээлийн данс нээх үйл явц, процесс хуулийн дагуу явагдсан байтал гагцхүү мөнгөн хадгаламжийн гэрээнээс үүдэлтэй харилцаагаар зээлийн гэрээг “дүр үзүүлсэн” гэж үзсэн байна. Гэтэл зээлийн хөрөнгөөс зээлдэгч “Х” ХК 145 530 000 төгрөгийг авч ашигласан байдаг бөгөөд үүнийгээ ч хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Үлдэгдэл 143 550 000 төгрөгийг харилцагчийн хүсэлтийн дагуу хадгаламжийн гэрээг хожим байгуулж, доод үлдэгдлийг 143 550 000 төгрөг байхаар тохиролцсон. Энэхүү ажиллагааг банк өөрийн санаачлагаар хийх боломжгүй. Гагцхүү харилцагчийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хийх боломжтой байсан. Үүний дагуу гэрээ байгуулсан байдаг. Энэхүү нөхцөл байдлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Дүр үзүүлсэн хэлцэл” гэж үзсэн байгаа нь үндэслэл муутай байна. Банкны зүгээс ямар нэг хүсэлт, гэрээ хэлцэлгүйгээр мөнгөн хадгаламжийн дансыг дур мэдэн нээж, битүүмжилсэн нөхцөлд банкинд анхнаасаа зээл олгох хүсэл зориг байгаагүй асуудал яригдах үндэслэлтэй бий болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. Хариуцагч “Х” ХК-ийн зүгээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх талаар сөрөг нэхэмжлэл гаргаж оролцоогүй. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргасан нөхцөлд энэ талаар үндсэн нэхэмжлэлтэй тооцож шийдвэрлэх асуудлыг шүүх дүгнэх байсан. Мөн Мөнгөн хадгаламжийн гэрээ хууль зөрчсөн гэдэг нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй болно. Өөрөөр хэлбэл, хүч хэрэглэж буюу шахалт дарамтаар мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан гэдгийг хариуцагч тал огт нотлоогүй. Ийнхүү нотлоогүй байхад банк дангаараа, гэрээ хэлцэлгүйгээр хийсэн мэтээр дүгнэсэн байгаа нь үндэслэл муутай байна. Шахсан дарамталсан талаарх нотлох баримт байж энэ талаар дүгнэлт өгөх боломжтой. Гагцхүү гэрээг хараад энэ нэг талын заавар, чиглэлээр шахалт дарамтаар хийсэн гэрээ байна гэж үзэх үндэслэл болохгүй болно. Иймд, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, хариуцагчаас 145 530 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон байна.

Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “К Б”ХХК, хариуцагч “Х”ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 173.144.371 төгрөг, хүү 31.374.102 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 982 059 төгрөг, нотариатын зардал 36 500 төгрөг нийт 207 537 032 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, гэрээний дагуу авсан 145 300 000 төгрөгийг буцааж өгнө гэж маргажээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Монгол улсын Сангийн яам, Капитрон банкны хооронд байгуулсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах үе шаттай зээлийн төслийн хүрээнд “К Б”нь дамжуулан зээлдэгчээр оролцож, 2010 оны 6 сарын 11-ний өдөр 290 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 8.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай олгохоор “Х”ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

“К Б”гэрээний дагуу зээл олгохдоо 1 450 000 төгрөгийг шимтгэлд суутган,  145 530 000 төгрөгийг “Х”ХК-д шилжүүлж, 143 550 000 төгрөгийг “Х”ХК-тай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгаламжийн дансанд шилжүүлсэн, уг данснаас зээлийн төлөлтийг суутган авч байсан байна.

Зохигчийн хооронд хэлбэрийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан боловч “К Б”нь зориулалтын дагуу, гэрээгээр тохирсон зээлийг “Х”ХК-д бүрэн олгоогүйгээс гадна зээлийн үнийн дүнгийн хэмжээгээр хадгаламжийн гэрээ байгуулсан нь зээлийн гэрээний үр дагаврыг үүсгэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэжээ.

“Х”ХК нь төсөл хэрэгжүүлэх зорилгоор нийт 290 000 000 төгрөгийн хөрөнгийн хэрэгцээг тооцоолж зээл хүссэн, уг хэмжээнд зээл олгохоор гэрээ байгуулсан атлаа зээлийн гэрээний үнийн дүнгийн 50 хувийг олгохгүй байхаар хязгаарлаж, 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хадгаламжийн гэрээ байгуулсан, улмаар уг данснаас зээлийн эргэн төлөлтийг хийж байсан үйл баримтаас үзэхэд зээлийг бүхэлд нь олгоогүйгээр гэрээний зорилго биелэгдээгүй, зээлийн гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дүр үзүүлэн байгуулсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзэв.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн бол талууд өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй бөгөөд “Х”ХК нь 145 530 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна. Гэрээ хүчин төгөлдөр бус учир “К Б”нь гэрээний үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагч “Х”ХК нь нэхэмжлэлийг татгалзахдаа хадгаламжийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэснээс гадна зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, авсан мөнгийг буцаан өгөх үндэслэлийг зааж, маргасан. Хэрэгт байгаа баримтаас үзвэл зээлийн гэрээний дагуу олгох ёстой мөнгөн хөрөнгийг хадгаламж болгох нь Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй бөгөөд зохигчийн хооронд байгуулсан хадгаламжийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Харин “Х”ХК нь хадгаламжид мөнгө шилжүүлээгүй тул мөнгө, хүү шаардах эрхгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467 985 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА