Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2018/01090

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2018/01090

Дархан-Уул аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/0878/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........ аймаг, .........сум, .....-р баг, ........д байрлах "К" банкны /байгууллагын регистрийн дугаар ............/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. аймаг, ........... сум, ............ баг, өөрийн байранд байрлах "Х" ХК /байгууллагын регистрийн дугаар ......./-д холбогдох,

 

207,537,032.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "К" банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..."Х" ХК нь тус банктай 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ........ тоот Зээлийн гэрээ байгуулж 290,000,000.00 /хоёрзуун ерэн сая/ төгрөгийн зээлийг жилийн 8,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай, .....-байгууллагын төслийн зориулалттай зээлийг авсан.

Зээлийн хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд:

1.                "Х" ХК-ний өмч, ......... аймаг, ............ суманд байрлах, 952,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, .......... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний барилга, Усжуулатын систем /нэгж талбарын ........ дугаартай, 0.36 га газрын хамт/,

2.                "Х" ХК-ний эзэмшлийн 10,000 мкв талбайтай, нэгж талбарын ........ дугаартай, ........... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт тус тус барьцаалж, .......... тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт ногдох төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх ...талуудын байгуулсан зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийг нэг удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, гэрээг цуцлахаар заасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн хуулийн заалтын агуулгад нийцээгүй байна... гээд ...талуудын ......... дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан боловч Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн болно.

Улмаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр бүрэн дуусгавар болоод байна.

Иймд Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч "Х" ХК-аас өнөөдрийн буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 173,144,370,45 төгрөг, зээлийн үндсэн хүү 31,374,102,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,982,059,49 төгрөг, нотариатын зардал 36,500,00 төгрөг, нийт 207,537,032,93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"К" банкны нэхэмжлэлтэй "Х" ХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 207,537,032 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч талаас дараах тайлбарыг гаргаж байна.

Талуудын хоорондын байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ........ дугаартай зээлийн гэрээнд 290,000,000 төгрөгийг жилийн 8,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай олгохоор харилцан тохиролцсон байдаг.

Зээлийн гэрээний дагуу банк нь "Х" ХК-ний зээлийн дансанд 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 290,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тэр даруйдаа уг зээлийн дансыг битүүмжилсэн нь дипозит дансны хуулгаар тогтоогддог ба ийнхүү битүүмжлэхдээ ХМ Зоригтын шийдвэрээр битүүмжлэв. Бүхэлд нь битүүмжилсэн гэх тэмдэглэл хийгдсэн байдаг. ХМ Зоригт гэсэн тэмдэглэл нь харилцагчийн менежер буюу тухайн зээлийг олгосон банкны ажилтан Д.Зоригт болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогддог. Ийнхүү зээлийг зээлдэгчийн дансанд хийнгүүтээ битүүмжилж "Х" ХК уг зээлийг захиран зарцуулах боломжгүй болгож, уг зээлийг хадгаламж болгон өөрчлүүлж байгаа банкны эдийн засагчийн дээрх үйлдэл нь бичгээр хийгдсэн зээлийн гэрээний цаана өөр хэлцэл, өөр хүсэл зориг байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл JBIC төслийн хямд эх үүсвэрийг "Х" ХК-ний нэр дээр зээл хэлбэрээр гаргангуутаа, тухайн зээлийн хүүтэй тэнцүү хүүтэй, зээлдэгчид ямар ч ашиггүй хадгаламж болгон хувиргаж байгаагаас үзэхэд банк уг зээлийг төслийн зориулалтаар олгох хүсэл зорилго анхнаасаа байгаагүй, харин уг зээлийн мөнгийг банк эргэлтэнд оруулж ашиг болох зорилготой байсныг нотлогддог. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй байтал банкны зүгээс зээлийг хадгаламж болгон хувиргаж, уг хадгаламжаа битүүмжилсэний үр дүнд зээлдэгч зээлийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй болгож байгаа нь уг мөнгийг өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь захиран зарцуулах эрхгүй өмчлөх эрх гэж байх боломжгүй юм.

Түүнчлэн "Х" ХК нь хадгаламж болгож хувиргасан зээлээс 145,300,000 төгрөгийг бодитойгоор хүлээн авсан байхад үндсэн зээлийн үлдэгдэл 173,144,970 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан ба уг хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал бодитойгоор хүлээж аван захиран зарцуулсан 145,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх, нэхэмжлэгч зээлийн хүүнд суутгаж авсан 120,008,569 төгрөгийг хариуцагчид буцааж өгөх үр дагавар гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "К" банк нь хариуцагч "Х" ХК-д холбогдуулан үндсэн зээл 173,144,370.45 төгрөг, зээлийн хүү 31,374,102.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,982,059.49 төгрөг, нийт 207,537,032.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч "Х" ХК-ийн төлөөлөгч Ц.Л болон түүний өмгөөлөгч П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... зээлийн гэрээгээр 290,000,000 төгрөг олгохоор тохирсон байгаа боловч "К" банк зээлийн гэрээний зүйлийг бүрэн шилжүүлээгүй, шилжүүлэхээсээ өмнө дансыг битүүмжилж, нэг талын давуу хүсэл зоригоор манай компанитай хадгаламжийн гэрээ байгуулж, 145,000,000 төгрөгийг өөрийн банкинд өндөр хүүтэй хадгалж, манайд зээлийг бүрэн олгоогүйгээс манай төслийн үйл ажиллагаа бүрэн хийгдээгүй бид хохирсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Талуудын хооронд 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ........ дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч "Х" ХХК-нд 290,000,000 төгрөгийг жилийн 8,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, JBIC-ийн төслийн зориулалтаар олгохоор тохиролцож, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, гэрээнд заасан нэр бүхий хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 12-44 дугаар хуудас/

 

Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч "К" банк нь "Х" ХК-ийн нэр дээрх зээлийн дансанд 2010 оны 06 сарын 22-ны өдөр 290,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан тус банкны дипозит дансны хуулгаар тухайн өдрөө 1,450,000 төгрөгийн шимтгэлийн зарлага гаргаж, үлдэх 288,550,000 төгрөгийг ХМ Зоригтын шийдвэрээр битүүмжлэв. Бүхэлд нь битүүмжилсэн гэсэн тэмдэглэгээ хийсэн атлаа мөн өдрөө бүтээгдэхүүн өөрчлөхөөр битүүмжлэлээс чөлөөлсөн, 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Байгууллагын мөнгөн хадгаламжийн гэрээ-г "К" банк нь "Х" ХК-тай байгуулж, гэрээнд 288,550,000 төгрөгийг жилийн 8,8 хувийн хүүтэй хадгалахаар, дансны доод үлдэгдэл нь 143,550,000 төгрөг байхаар гэрээнд заасан бөгөөд 2010 оны 09 сарын 30-ны өдөр 288,550,000 төгрөгийг 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Хадгаламжийн гэрээний дагуу битүүмжилсэн зэрэг нь хэрэгт авагдсан "К" банкны зээлийн дансны болон дипозит дансны хуулга, 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Байгууллагын мөнгөн хадгаламжийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч "Х" ХК нь 2010 оны 10 сарын 15-нд 39,360,000 төгрөг, 2010 оны 11 сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг, 2011 оны 01 сарын 14-ний өдөр 66,170,000 төгрөг, нийт 145,530,000 төгрөгийг 290,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүлээн авсан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү мөнгөн шилжүүлгүүд нь "К" банкин дахь "Х" ХК-ийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн хадгаламжийн гэрээнд заасан хадгаламжийн данснаас олгогдсон болох нь "К" банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигчдын хэн алины шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин хадгаламжид үлдсэн 143,020,000 төгрөгийг тус хадгаламжаас нэхэмжлэгч "К" банк үл маргах журмаар талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 06 сарын 11-ний өдрийн ..............дугаартай зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан зээл, хүү төлөх хуваарийн дагуу шууд данс хооронд шилжүүлэх байдлаар хангуулж байсан болох нь шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар болон "К" банкин дахь ...............тоот деспозит дансны хуулга, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн зориулалт нь JBIC-ийн төслийн зориулалттай буюу Монгол улсын сангийн яам, "К" банкны хооронд байгуулсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн дагуу "К" банк нь дамжуулан зээлдүүлэгчээр гэрээнд оролцсон байх бөгөөд хэрэгт авагдсан Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ........... дугаартай зээлийн зохих хэсгийг ашиглах тухай Сангийн Яам, "К" банк хоорондын дамжуулан зээлдүүлэх гэрээ-ний гуравдугаар бүлгийн 3.01 дүгээр зүйлд "К" банк нь энэхүү гэрээний зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10/112 тоот зээлийн гэрээний 6.2.2-т Зээлдэгч зээлийн гэрээний 3.1.7-д заасан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, 7.2-т Банк зээлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй, 10.2-т Зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлана гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч "Х" ХХК нь зээлийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд нөгөө талаас зориулалтын дагуу ашиглах боломжоор банк хангах, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд зээлдүүлэгч банк хяналт тавих, хэрэв зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргээ зөрчсөн бол банк гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч "К" банк зээлийн гэрээний зүйл болох 290,000,000 төгрөгийг өөрийн банкинд "Х" ХК-тай байгуулсан хадгаламжийн гэрээний дагуу хадгаламжийн данс нээн, байршуулан, уг хадгаламж дахь 143,020,000 төгрөг болон хадгаламжийн хүүг зээлийн хүү, үндсэн төлбөрт авсан нь банкны зүгээс дээр дурьдсан зээлдэгч "Х" ХК-ний эзэмшил, ашиглалтанд бүрэн шилжүүлэх, зээлийг зориулалтын дагуу ашиглуулах зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч "К" банк нь 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10/112 тоот зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагчаас шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн 145,530,000 төгрөгийг хариуцагч "Х" ХК-иас гаргуулан нэхэмжлэгч "К" банкинд олгож, үлдэх 62,007,032.93 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч "Х" ХК-иас 145,530,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "К" банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 62,007,032.93 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,195,700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Х" ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 885,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "К" банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА