Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 132

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01123/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын  гол сум, 17 дугаар цэцэрлэгт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.О-ээс:

...Миний бие 17 дугаар цэцэрлэгт багшилж улсад нийт 28 жил ажилласан. 2017 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл зүрх, даралт, бөөрний өвчнөөр эмнэлгээр явж байна. Намайг өвчтэй байгааг мэдсээр байж ажлаас халсан байсан. Би ажил таслаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халсан тушаалаа аваагүй. Ажлаас халсан тушаалаа авах гэтэл миний төрсөн эгч Б.Н-т өгсөн гэж хэлээд өгдөггүй. Б.Н-ээс халагдсан тушаалаа асуухад мөн байхгүй алга болсон гэдэг. ...Иймд Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунцэцэгээс:

            ...Багш Б.О- нь 2017 оны 12 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд бүтэн ажил тасалж 21-ний өглөө ажилд ирээд хүүхдийн өглөөний цайны дараа 09.30 минутын үед гараад дахин ажилд ирээгүй. Нийтдээ 4 хоногийн ажил тасалсныг байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн сануулах арга хэмжээ авч ажлыг нь үнэлж дүгнэхэд 6 оноо авч хангалтгүй үнэлгээ авсан. ...Багш Б.О- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног ажил тасалсны дараа ажилчдын хурлыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрхлэгчийн тушаал гарсныг төрсөн эгч Б.Н- нь танилцаж, тушаалыг авч явсан... Багш Б.О- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, сургалтын үйл ажиллагааг 14 хоногоор тасалдуулан, хүүхдийн сурах, суралцах эрхийг ноцтой зөрчсөн, багшийн ажлын байрны тодорхойлолтын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрийн сангийн 100190000958 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.О- надад хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 17 дугаар цэцэрлэгийн зүгээс ажлаас халах тухай тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоох тухай иргэний хэрэгт албан ёсоор ажлаас халах тухай тушаалыг надад гардуулж өгсөн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажлаас буруу халагдсан тухай гомдлоо гаргаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасантай нийцээгүй гэж үзэн гомдолтой байна.

Хариуцагч тал надад ажлаас халах тушаалыг надад биш өөр хүнд өгснөөс болж би ажлаас халсан тухай тушаалыг одоо хэр нь албан ёсоор хүлээн авч ажлаа хүлээлгэж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч төлөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

.           Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. 1. ...6 дугаар сарын сүүлчээр цэцэрлэг дээр ирж өөрөө тушаалаа авсныг няравын албан тушаалтай бичиг хэргийг хавсран гүйцэтгэж байгаа Л.Энхжаргал нотолдог.

            2. Халагдсан тушаал гарснаас хойш 5 сарын хугацаанд ирээгүй. Ажил хүлээлцэх боломжийг өөрөө олгоогүй. Ажил хүлээлцэх шаардлага байхгүй байсан Б.О- нь сүүлийн 3 жилийн турш байнга өвдөж байсан учир байгууллагын хагас бүтэн жилийн тооллогоор хөрөнгөө тоолуулдаггүй байсан тул туслах багш Г.Баянжаргалын нэр дээр ангийн эд хогшлыг бүртгэж бүртгэлийг шилжүүлсэн тул ажил хүлээлцэх шаардлага байхгүй байсан.

            3. Б.О- нь холбогдох бичиг баримтандаа сумын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Хишигсүрэнгийн гарын үсэгтэй 2018.01.01-ний өдрөөс 2018.01.16-ны өдрийг хүртэл магадалгаа өгсөн байсан. Энэ магадалгаа хүчин төгөлдөр биш гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.О- хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасантай нийцээгүй хариуцагч  ажлаас халсан тушаалыг надад биш өөр хүнд өгснөөс би ажлаас халсан тушаалыг албан ёсоор аваагүйд гомдолтой гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуульд зааснаар хэргийг бүхэлд нь болон давж заалдах гомдолд дурдсанаар хянахад дараах үйл баримт тогтоогдсон байна.

- Нэхэмжлэгч Б.О- нь 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилласан байна.

- Урьд нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1, Хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.1, 4.2 дахь заалтыг үндэслэн Б.О-ийг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж түүнд сануулах сахилгын арга хэмжээ авч байжээ.

- 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, хамт олны хурлын тэмдэглэл зэргийг үндэслэл болгож, Б.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас халах тухай шийдвэрийг гаргасан байна.

- Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хэдэн оны ямар тушаалыг хүчингүйд болгуулах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,

- Дараа нь Д.О- тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

- Нэхэмжлэгч Б.О- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд дахин Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хамааралтай, ач холбогдолтой талаас нь  үнэлж дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч Б.О-ийг ажлаас халсан тушаалын хувийг түүний эгч  Б.Н-т  хүлээлгэн өгснийг хариуцагч тал нь хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгчид тушаалыг  гардуулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь Б.Н- нэхэмжлэгчийг хуульд зааснаар бүрэн төлөөлөх эрхгүй этгээд болно.

Нэхэмжлэгч Б.О- ажлаас халсан тушаалын хувийг хариуцагч тал надад албан ёсоор өгөөгүй гэх гомдлын хувьд, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ... ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр ...-ийг халагдсан өдөрт нь ажилтанд өгөх үүргээ биелүүлсэн эсэхээ шүүхэд нотлоогүй.       

Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулжээ.

Харин хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж өвчтэй байхад ажлаас халсан гэх гомдлын хувьд,  нэхэмжлэгч тухайн үед  өвчтэй байсан гэж тайлбарласан байх боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч  тухайн үед өвчтэй байсан гэж тайлбар гаргаж байгаа боловч нэгд, нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хоёрт, шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн магадалгааг /хх-20/ судлан үзэхэд Б.О- нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд өвчний учир чөлөөлсөн гэх эмчийн магадалгааг нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргаснаас хойш 10 сарын дараа буюу 2018 оны 09 сарын 16-ны өдөр олгосон байна.

Энэ нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын хавсралт “Эмнэлгийн хуудас олгох заавар”-ын 3.6-д “Эмчлэгч их эмч амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмнэлгийн хуудсыг нэг удаад 5 хүртэл хоног, нийтдээ 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно”, 3.7-д “Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид 14-өөс дээш хоногоор эмнэлгийн хуудас олгох шаардлага гарвал тухайн эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Энэ нөхцөлд уг өвчтөний биеийн байдал түүнд хийсэн шинжилгээний дүнг эмчилгээ чанарын алба 7 хоног тутамд хэлэлцэж эмнэлгийн хуудас бичих хугацааг сунгуулж болох боловч нийтдээ ердийн өвчнөөр өвчлөхөд 30 хоног, ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчлөхөд 90 хоногоос хэтрэхгүй байна” гэсэн журманд нийцээгүй байна.

Магадалгааг нөхөж бичсэн байх тул шүүх энэхүү баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр ажил олгогч Б.О-ийн ажил тасалсан асуудлыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрийн туршид ажилдаа ирээгүй ажил тасалж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчилд тооцно гэснийг зөрчөөгүй.

Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан “ажлын нэг өдөр нийлбэрээрээ 3 ба түүнээс дээш цаг, мөн дараалан 2  ба түүнээс дээш цаг тасалсан” бол мөн ноцтой зөрчилд тооцно гэсэнтэй нийцсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан түүнчлэн хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журманд дурдсан ноцтой зөрчил  гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ  

                                                             ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ